Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01877

 

 

*******ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар 13-ны өдрийн 191/ШШ2025/06843 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох

Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, *******-ийн нийт хувьцааны 50 хувь, 50 ширхэг хувьцааг буцаан гаргуулах, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие *******-ийг 2014 онд үүсгэн байгуулж, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

1.2. *******тай 2012 онд танилцаж, 2014 оноос хамтран амьдрах болсон. Түүнд итгэж 2016 оноос компанийн ажилд оролцуулж, санхүүгийн асуудлуудыг хариуцуулсан. ******* нь 2023 оноос компанийн хувьцаа эзэмшигч болж өөрийн нэрийг улсын бүртгэлд нэмж бүртгүүлэх хүсэлтэй байна гээд өөрөө холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн байсан тул миний бие баримтуудад гарын үсэг зурж, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0745 дугаартай “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, 0746 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, өөрийн 100 хувийн эзэмшлийн *******-ийн 50 хувийн хувьцааг *******д шилжүүлэн өгч, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Үүнээс хойш ******* нь зан ааш нь өөрчлөгдөх болж бидний хувийн харилцаа таарамжгүй болсон. Улмаар ******* нь 2024 оны 04 дүгээр сард автомашин дотроос компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нууцаар хулгайлан авч, 2024 оны 07 дугаар сард миний компанийн нэр дээр бусдаас худалдан авч, өмчлөгчийн нэрийг шилжүүлэн аваагүй байсан автомашин, техникүүдийг өөрийн нэр дээр болон найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлэн авсан.

1.4. Мөн надад хэлэлгүй гарын үсэг хуурамчаар зурж, бусад хувь хүн байгууллагуудыг хуурч ажлын гэрээнүүд хийж бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж өөртөө мөнгийг нь авч, зарим компаниас шилжүүлсэн бараанаасаа илүү мөнгө авч шүүхэд маргаан үүссэн, компанийн тамга, гэрчилгээг ашиглан Голомт банканд данс нээн гүйлгээнүүд хийж намайг болон бусдыг хууран мэхэлсэн үйлдэл хийсэн, одоо компанийн тамга тэмдэг, гэрчилгээг буцаан өгөхийг шаардахаар өгөхгүй намайг болон компанийг хохироосоор байна.

1.5. ******* нь надтай хамтын амьдрал үүсгэн амьдарч байх хугацаандаа намайг хуурч мэхлэн, итгэл эвдэж өөр хүмүүстэй харилцаж, дотно харилцаа үүсгэж байсан. Хэд хэдэн ажилтантайгаа дотно харилцаа үүсгэж байсныг миний бие сүүлд нь мэдсэн.

1.6. ******* нь анхнаасаа тодорхой зорилготойгоор надаас компанийн 50 хувийн хувьцааг өөртөө шилжүүлэн авсан байх бөгөөд хувийн амьдрал болон ажил хэргийн хувьд зүй бус үйлдлүүд хийж намайг хуурч мэхэлсэн тул миний бие 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 0745 дугаартай “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”, 0746 дугаартай “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, *******д бэлэглэсэн өөрийн үүсгэн байгуулсан *******-ийн 50 хувийн хувьцаа болох нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 50 ширхэг хувьцааг буцаан авах, *******гийн надаас нууцаар хулгайлан авч явсан *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******тай 2012 оноос хамтран амьдарч, 2014 онд цугтаа  компанийг байгуулсан. Энэ явцад одоо байгаа бүх өмч үүссэн. Анх компани байгуулах үед миний нөхөр тул нэг нэр орууллаа гэж ойлгосон. Эхнэр нөхөр тул итгэсэн. 13 жил хамтарсан атлаа эцэст нь бүх зүйлийг өөрөө авна гэдэгт гомдолтой байна.

2.2. Машинаас бичиг баримт, тамга хулгайлсан гэсэн зүйл байхгүй. Компанийн бичиг хэргийг би явуулдаг байсан тул угаасаа надад байсан. Нэхэмжлэгч нь техникийн засвар үйлчилгээг хариуцдаг байсан ба бусад бүх гэрээ хэлцэл зэрэг ажлыг би гүйцэтгэдэг байсан. Дундын компани тул би мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Би дансаараа авсан мөнгийг гэр бүл болон ажилдаа зарцуулсан. Би анхнаасаа дундын болон компанийн данснаас гүйлгээ хийдэг байсан.

2.3. Нэхэмжлэгч нь хүчирхийлэл үйлдэж намайг гомдоож байсан. Эхлээд цагдаад хэлдэггүй байсан боловч олон удаа давтагдаж эхэлсэн тул арга буюу баримтжуулж эхэлсэн. 2024 оны 05 дугаар сард над уруу хутга бариад дайрч байсан. Би аргагүйн эрхэнд цагдаад гомдол гаргаж, нэхэмжлэгч баривчлагдсан. Ингэж гарч ирээд урдах гүйлгээг мэдээгүй, гэрээний талаар мэдээгүй гэх мэтээр гүтгэж эхэлсэн. Би нэхэмжлэгчийг хуураад гомдоосон асуудал байхгүй. Гэхдээ би нэхэмжлэгчийн хийсэн ажлыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.1.1, 280.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, *******-ийн 50 хувийн 50 ширхэг хувьцаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 101,100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. “…Шүүхээс компанийн мөнгөн мөнгөн хөрөнгийг хувийн зорилгод ашигласан нь гомдох үндэслэл биш” гэх байдлаар тайлбарласан. Хуульд ноцтой гомдоох гэх ойлголт болон ноцтой гомдох үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласан зүйл байхгүй. Иймд бэлэглэгчийг ноцтой гомдоосон эсэхийг талуудын хооронд үүссэн харилцаа, бэлэглэгчийн хүлээлт, бэлэг хүлээн авагчийн үйлдэл тухайн харилцаанд хэрхэн нөлөөлсөн зэргээс дүгнэх нь зүйтэй. ******* нь компанийн орлогыг өөрийн дансаар авч, *******т хэлэлгүй өөрийн хамаатан, хамаарал бүхий хүмүүст шилжүүлэн гувчуулж байсан. Энэ үйлдэл нь зөвхөн компанид хохирол учруулсан үйлдэл биш бөгөөд *******ын цаашид *******тай хамт амьдрах итгэлийг эвдэж, гомдоох шалтгаан болсон. Гэтэл шүүх хэргийн энэхүү үйл баримтад шүүх бэлэг хүлээн авагч компанийн мөнгөн хөрөнгийг хувьдаа ашигласан явдалд гомдох үндэслэлгүй гэх мэргэжлийн бус хувийн байр сууринаас хандаж дүгнэлт өгсөн.

4.2. 2023 онд бэлэглэлийн гэрээ байгуулж, бэлгийг шилжүүлснээс хойш 2023 онд хариуцагчид гомдсон талаар дурдаагүй. Харин нэхэмжлэгч ******* хувьцаа шилжүүлэхээс өмнө 2021, 2022, 2023 онд хариуцагч хувьдаа компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулдаг байсан, хувьцааг бэлэглэснээс хойш 2024 онд хариуцагчид гомдсон гэсэн хариултыг шүүхэд өгсөн. Гэтэл шүүх бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнөх болон хойших үйл баримтыг ялгалгүй дүгнэлт хийсэн.

4.3. *******гийн дансны хуулгуудтай танилцахад өөрийн дансаар *******-ийн үйл ажиллагааны орлогыг авч хувийн хэрэгцээнд зарцуулсан байх боломжтой гүйлгээнүүд байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу тухайн дансанд аудит буюу эдийн засгийн шинжилгээ хийлгэх, *******-ийн шивсэн НӨАТ цахим баримт буюу үзүүлсэн ажил, үйлчилгээг тодорхойлох лавлагаа тодорхойлолт гаргуулах хүсэлт гаргасан. Шүүхээс компанийн орлогыг хариуцагч өөрийн дансаар авсан эсэх талаар болон тухайн мөнгөн хөрөнгийг зарцуулсан зориулалтыг тодорхойлоход мэргэжлийн тусгай мэдлэг шаардлагагүй, шинжээчээр хэрэгт хамааралтай ямар асуудлын талаар дүгнэлт гаргуулах нь ойлгомжгүй байна гэж тайлбарлаад гаргасан хүсэлтийг хангаагүй. Хүсэлтэд тодруулах шаардлагатай асуудал нь ******* *******-ийн үйл ажиллагааны орлогыг хувийн дансаар авсан эсэх, авсан бол хэдэн төгрөгийг авсан, мөнгөн хөрөнгийг хувьдаа зарцуулсан эсэх зэргийг тодруулах болохыг тусгасан. *******гийн дансны хуулга дахь тодорхой бус утгатай зарлагын гүйлгээнүүдийн зориулалтыг санхүүгийн мэргэжлийн мэдлэггүй хэргийн оролцогчид тодорхойлох боломжгүй. Мөн *******гийн дансан дахь “Чулуу, чулууны төлбөр” гэх утгатай орлогын гүйлгээнүүд нь *******-ийн үйл ажиллагааны орлогод хамаарах эсэх, орлогын дүнг компанийн шивсэн НӨАТ-ын баримт дахь дүн болон хуулийн этгээдийн нэрийг гүйлгээтэй харьцуулах замаар мэргэжлийн шинжээч тодорхойлно.

Ийнхүү шүүхээс шинжээч томилуулж, аудит хийлгэх бидний хүсэлтийг хангахаас татгалзсанаар нэхэмжлэгч өөрийн тайлбараа нотлох боломжгүй нөхцөл байдалд хүрсэн.

4.4. Шүүх бидний зүгээс шинээр гаргуулахаар хүсэлт гаргасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Мөн шүүхийн журмаар баримт гаргуулах захирамжид дурдагдсан баримтаас дутуу ирсэн баримт буюу “*******” ХК-аас ирүүлэх албан бичгээр тодруулах үйл баримтыг өөрийн санаачилгаар хариуцагч *******гаар бичүүлэн хэрэгт авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй’’ гэж заасан. Мөн тус хуулийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Гэтэл шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлж, хэргийг шийдвэрлэхэд хангалтгүй нотлох баримттайгаар хэргийг шийдвэрлэсэн учир шүүх хуралдаанаас өмнө хавтаст хэрэг дахь баримтуудыг үнэлж, өөрт урьдаас тогтсон итгэл үнэмшлийн дагуу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, бүрэн бус нотлох баримттайгаар хэргийг шийдвэрлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн бөгөөд тус алдааг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Бид хоёр анх 2012 оноос хамт амьдарч эхэлсэн, 2014 онд *******-ийг хамт байгуулсан. Санхүүгийн үйл ажиллагаа нь голчлон миний дансаар орж гардаг, тухайн мөнгөн гүйлгээнүүдийн талаар “мэдэхгүй” гэж хэлж байгаа нь үнэнд нийцэхгүй. Би нэхэмжлэгчийн тайлбарласан зүйл болох “ноцтой гомдоосон” гэх үндэслэлийг ойлгохгүй байна. Мөн нэхэмжлэгч намайг ажилчидтайгаа холбоотой гэж тайлбарласан боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин нэхэмжлэгч уг асуудал бүрэн шийдэгдээгүй байхад дахин гэр бүлтэй болсон гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч *******г компанийн орлогыг хувийн дансаар авч, нэхэмжлэгчид хэлэлгүй өөрийн хамаатан, хамаарал бүхий хүмүүст шилжүүлэн гувчуулж байсан гэж ямар баримт нотолгоогүй хариуцагчийг үндэслэлгүй гүтгэжээ. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай хүмүүс байсан. Энэ талаар зохигчид огт маргадаггүй. "*******" ХХК-ийн үйл ажиллагаанд хариуцагч ******* байгуулагдсан цагаас анхнаасаа оролцож, гэрээ хэлэлцээр байгуулах, албан бичиг хэрэг хөтлөх, ажилчдын цалин тавих, компанийн орлого зарлагын гүйлгээг компанийн данс болон хувийн дансаараа хийдэг байсан талаар мэдүүлдэг. Үүнийг нэхэмжлэгч ******* үгүйсгээгүй. Мөн нэхэмжлэгч нь компанийн орлого зарлагын гүйлгээ хийх эрхийг анхнаасаа хариуцагчид өгсөн байсан нь түүний мэдүүлгээс нотлогддог. Компанийн үйл ажиллагаанд мөнгөн орлого орж ирж байгаа бол нөгөө талдаа чулууны үйлдвэрлэл явуулж тухайн чулууг бусдад ачиж тээвэрлэн өгч байгаа. Нэхэмжлэгч ******* нь чулууны үйлдвэрлэлээ хариуцаж үйл ажиллагааг нь явуулж байсан хүний хувьд орлого ороогүй байхад хэн нэгэнд чулуу үйлдвэрлэж өгөхгүй нь тодорхой тул ямар хэмжээний орлого орж байсныг тодорхой мэдэж байсан. Гэтэл гэнэт орлого зарлагын гүйлгээг хариуцан хийдэг, гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч хүнээ миний зөвшөөрөлгүй бусдад их хэмжээний мөнгө шилжүүлж хувьдаа завшсан гэж мэдүүлж байгаа нь ямар нэгэн баримтгүй, гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгох, өөртөө ашигтайгаар дундын хөрөнгөө өөртөө авч үлдэх гэсэн санааг агуулж байгаа харагддаг. Энэ талаар нэхэмжлэгч *******ын анхан шатны шүүх хуралдаанд үнэн худал нь мэдэгдэхгүй эргэж буцсан мэдүүлгийг тэмдэглэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно.

6.2. Анхан шатны шүүх "*******" ХХК-ийн 50 хувийн хувьцаа бэлэглэгч нь хувьцаа эзэмшигч иргэн ******* өөрөө бөгөөд харин хувьцааг хариуцагчид бэлэглэж байгаа этгээд нь "*******" ХХК биш гэсэн агуулгаар зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл компани болон хувьцаа эзэмшигч иргэн нь хууль зүйн хувьд тусдаа этгээд гэж зөв дүгнэлт хийсэн.

6.3. Нэхэмжлэгч нь хариуцагчид гомдсон үйлдлээ нотолж чадаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Энэ нь нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хариуцагчийг компанийн хөрөнгийг 2015 оноос эхлэн завшсан гэх боловч яг хэдэн төгрөгийг хэрхэн яаж завшсаныг нотлоогүй, мөн хөрөнгө завшсан гэх хариуцагчид бэлэглэлийн болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн үйл баримт нь 2023 онд үйлдсэн зэргээс үзвэл цаг хугацааны хувьд зөрчилтэй, хариуцагчийг ямар нэгэн байдлаар буруутгах, буруутай харагдуулахаар худал тайлбар, мэдүүлэг өгч байгаа зэрэг үйл баримтаар нотлогдоно.

6.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагчийг 2024 оны 04 дүгээр сард автомашин дотроос компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг нууцаар хулгайлан авч яван компанийн эд хөрөнгүүдийг бусдад шилжүүлсэн, мөн гэр бүлийн харилцаанд хуурч мэхлэн, итгэл эвдэж өөр хүмүүстэй харилцаж, дотно харилцаа үүсгэж байсан, хэд хэдэн ажилтантай дотно харилцаа үүсгэж байсан зэргээр нэхэмжлэгч намайг гомдоосон гэх боловч эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбараар худал гүтгэлэг хэмээн үгүйсгэгдсэнийг нэхэмжлэгч тодорхой үйл баримтаар няцааж эсэргүүцээгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06843 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож, *******-ийн нийт хувьцааны 50 хувь, 50 ширхэг хувьцааг буцаан гаргуулах, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчтай хамтран амьдарч, компанийн үйл ажиллагаанд оролцуулсан боловч бусадтай дотно харилцаа үүсгэсэн, компанийн хөрөнгийг хувьдаа завшиж нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэх агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэлийг  “...хуулийн этгээдийг анхнаасаа хамтдаа байгуулж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу хамтран өмчлөх эд хөрөнгө тул хамтран ажиллаж байсан...” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, тэрээр үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /1-р хх 5-10/

3.2. ******* нь 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 0745 дугаартай “Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ”-ээр *******-ийн 50 хувь, 50 ширхэг хувьцааг *******д бэлэглэж, мөн өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-ээр дээрх хувьцаа бэлэглэлийн гэрээний хувьцаанд ногдох эрх, үүргийг *******д шилжүүлсэн.

Улмаар тус компанийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу ******* нь *******-ийн нийт хувьцааны 50 хувийг, ******* нь үлдэх 50 хувийг тус тус эзэмшихээр 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт орсон. /1хх 5-19/

 

4. Талуудын хувьд хариуцагч нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй ба уг үйлдэл нь баримтаар тогтоогдох ёстой.

 

6. Хэрэгт авагдсан банк дахь дансны хуулга болон тээврийн хэрэгслийн лавлагаа, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар дээрх бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, компанийн болон талуудын хамтран эзэмшдэг данснаас хариуцагч зарлагын гүйлгээ хийсэн үйл баримт нь бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчтэй хамтран эзэмшдэг данснаас өөрийн хамаарал бүхий этгээдэд хувийн зорилгоор их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцсэн байхаас гадна хувьцаа эзэмшигч нарын компанид учруулсан хохирлын асуудал нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6.1 Түүнчлэн, анхан шатны шүүх *******-ийн тамга, гэрчилгээ гаргуулах шаардлагын тухайд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх асуудал гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т нийцсэн байна.

 

7. Шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/33665 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

Учир нь, хүсэлтэд дурдсан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна шинжээч томилуулах хүсэлт нь мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хамаарахгүй.

Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. *******-ийн *******ин дахь ******* дансыг компани үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн ******* ашиглаж гүйлгээ хийх эрхтэй байсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчаар тайлбар бичүүлж авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүх нотлох баримтыг урьдчилан үнэлсэн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/06843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

 ШҮҮГЧИД                                                  Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ