| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2024/03324/И |
| Дугаар | 210/МА2025/01781 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01781
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“*******” СӨХ-д холбогдох
Барилгын гадна цонх, фасад цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах алдангид 11,375,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн төлөөлөгч Н.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь *******нд байрлах ******* *******ы Сууц Өмчлөгчдийн Холбоо болон ******* СӨХ-той 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Барилгын гадна цонх, фасад цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ"-г байгуулсан.
1.2. Тус гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж 7951 m2 талбайг цэвэрлэж, засахыг нь засан сэлбэж ажиллан СӨХ-ны даргад нь хүлээлгэн өгсөн.
1.3. “*******” СӨХ-оос гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээгээр тохиролцсон 22,750,000 төгрөгийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн цувуулж хийсээр 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сүүлийн 700,000 төгрөгийн төлбөрийг төлсөн.
1.4. Гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 0.5 хувиар алдангийг тооцоход 12,412,750 төгрөг болж байгаагаас хуульд заасны дагуу алдангийн хэмжээг 50 хувиар тооцож 11,375,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Маргаан бүхий гэрээг ашиг сонирхлын зөрчилтэй байгуулсан эсэх талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* СӨХ /РД:*******/-оос алданги 11,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ бол Иргэний хуулийн 359 зүйлд заасан хөлсөөр хөлсөөр ажиллах гэрээ биш, харин мөн хуулийн 343 зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд багтаж байна. Тус 2 харилцааны ялгаа бол ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь тухайн гүйцэтгэж ажлын үр дүн байдаг бол хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ажил үйлчилгээ байдаг. Үүгээрээ тухайн гэрээг ялгаж болно. Гэрээг үзвэл захиалагч ажлын үр дүнг хүлээж авах үүргийг гэрээгээр хүлээсэн байх боловч шүүх үүнийг нэг бол анзаараагүй, эсвэл албаар ингэж хууль хэрэглээний алдаа гаргаж байгаа юу, яагаад илт үйл баримт байсаар байтал хууль бус шийдвэр гаргасан гэдгийг ойлгохгүй байна.
4.2. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар гүйцэтгэгч ажлыг хэзээ гүйцэтгэж дууссан, талууд маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Мөн талууд 2023 оны 07 сарын 17-ны өдөр байгуулсан Барилгын гадна цонх, фасад цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ үзүүлэх гэрээг хийхдээ гэрээний хугацааны хувьд гэрээ нь батлагдсан хугацаанаас хойш ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног байхаар тохиролцож хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэ талаар хариуцагч талаас огт маргадаггүй бөгөөд, харин хариуцагч буюу ******* Сөх нь гэрээний төлбөр болох 22,750,000 төгрөгийг төлөлгүй удааж 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сүүлийн төлбөрийн үлдэгдлийг хийсэн.
Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаандаа мөнгөө төлсөнгүй, энэнээс болж манай компанийн үйл ажиллагаа доголдсон, тиймээс гэрээнд заасны дагуу алданги шаардах агуулга байхад, шүүх төлбөрөө хоцроосон талаар үндэслэлтэй нотлох баримтууд болох санхүүгийн баримтаар тогтоогдоод байхад дээрх байдлаар буруу дүгнэсэнд гомдолтой байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэх шаардлагыг хангахгүй байна.
4.3. Шийдвэр гарахдаа хууль хэрэглээний алдаа хийсэн тул анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ ажил гүйцэтгэх гэрээ болоод хөлсөөр ажиллах гэрээний зүйлүүд өөр өөр учир гэрээний зүйлээ дагаад шаардах эрхийг тодорхойлохдоо манай компанийн ажлын үр дүнг авч хэлэлцэлгүй зөвхөн хийсэн ажил үйлчилгээний талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны өгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа юм.
4.4. Хэргийн үйл баримтаас харахад талууд гэрээгээр тохирч, шүүх хуралдааны явцад ч тэр, хариуцагчаас өгсөн тайлбараар ч тэр гэрээнд заасан хугацаанд манай компанийг ажлаа дуусгаагүй гэсэн ямар ч тайлбар байхгүй буюу талууд ажил хугацаандаа гүйцэтгээгүй талаар маргаагүй. Мөн манай компани болон хариуцагч СӨХ-ны хооронд байгуулагдсан гэрээг огт үнэлэлгүй, тухайн гэрээгээр тохиролцоод байгаа зүйлсийг огтоос авч хэлэлцэлгүй, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.2-т заасны зөрчсөн нь дээрх хууль бус шийдвэрээс илэрхий харагдаж байна. Тухайн маргаан бүхий гэрээнд тухайн хийх ажлаа тодорхойлоод, тухайн ажлыг хэд хоногт хийх талаар, захиалагч нь тухайн ажлын үр дүнг хүлээж авах үүргийг тохиролцоод байхад шүүхээс нотлох баримтын хэмжээнд уг бичгээр тохиролцсон тохиролцоонуудыг үнэлэхгүй байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөөгүй нь тухайн нотлох баримтуудтай шүүгчийг танилцаж уншсан гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Шүүгч нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой бөгөөд шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан нотлох баримтыг үнэлэхгүй орхисон гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар:
5.1. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан гэрээнд 1 мкв-ын үнэлгээг 2,300 төгрөгөөр тохиролцсон. Тухайн үед “*******” СӨХ-ны группээс фасад, угаалгын цэвэрлэгээний үнийг тодруулж харахад 2017 онд 1 мкв-ыг 1,450 төгрөг, 2019 онд 1,450 төгрөг, 2021 онд 1,600 төгрөгөөр тус тус цэвэрлэж байсан. “*******” СӨХ нь оршин суугчдын төлсөн төлбөрийг шат дараалалтай хувааж 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр 700,000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч талаас алданги тооцно гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” СӨХ-д холбогдуулан алданги 11,375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2023 оны 07 сарын 17-ны өдөр 01 тоот “Барилгын гадна цонх, фасад цэвэрлэгээ болон засвар үйлчилгээ үзүүлэх” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 7,951 мкв талбайг 1 мкв тутмыг нь 23,000 төгрөгийн хөлстэйгөөр цэвэрлэх үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна.
4. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт зөв болжээ.
Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын явцад бий болсон материаллаг үр дүн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцоо агуулга, гэрээний зүйлийг харьцуулан дүгнэхэд гэрээний зүйл нь тодорхой ажил үйлчилгээ гүйцэтгэхэд чиглэсэн байх тул энэ шинжээрээ Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч талын гаргасан “...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.
5. “*******” СӨХ-ны ******* ХК дахь ******* дугаар данснаас 2023.08.08-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023.08.10-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.08.17-ны өдөр 3,100,000 төгрөг, 2023.09.05-ны өдөр 2,500,000 төгрөг, 2023.10.05-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.10.18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023.12.11-ний өдөр 1,800,000 төгрөг, 2023.12.14-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023.12.30-ны өдөр 1,375,000 төгрөгийг тус тус фасад угаалга гэх утгатайгаар шилжүүлсэн, гэрээний үндсэн төлбөрийн маргаангүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
6. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д “…талууд энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө” гэж, 5.3-т “…захиалагч гэрээний 5.2-т заасан хугацаанд зохих төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 4.5-д заасны дагуу алданги төлнө” гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцэж байна.
Анхан шатны шүүх хуульд заасан алдангийн зохицуулалт нь үүргийг хугацаа хожимдуулан гүйцэтгэсэнтэй холбоотой хариуцлагын зохицуулалт бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтаар гүйцэтгэгч ажлыг хэзээ гүйцэтгэж дууссан, гэрээнд заасанчлан ажил хүлээлцэх акт үйлдсэн эсэх нь нотлогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт "Сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж заажээ.
Сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн хөрөнгөгүй, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төвлөрүүлэх хэлбэрээр санхүүждэг тул хариуцагчийн төлөөлөгчийн “…сууц өмчлөгчийн холбооны төлбөрийг төвлөрүүлж, сар сард нь хувааж төлсөн…” гэсэн тайлбар, татгалзал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хөлс төлөх хугацааг тодорхой хугацаагаар хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь хариуцагч байгууллагын гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул анхан шатны шүүх алданги 11,375,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/05597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 196,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ