| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00050/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч Г.Мөнхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т холбогдох эрүүгийн 201523010022 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А.Т
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Т нь 2015 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Ногоон талбайн задгай тоотод оршин суух Ч.Н гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 365.000 төгрөгийн,
Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн ногоон талбайн задгай тоотод оршин суух иргэн С.Б гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 400.000 төгрөгийн буюу бусдад нийт 765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би олон жилийн өмнө болсон асуудал болохоор сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2015 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт байх 3-4 айлд О Т нартай нийлж хулгай хийсэн нь үнэн. Би тухайн үед хэн хэн гэдэг айл байсан эсэхийг мэдээгүй. Ямар ч байсан О Т нартай айлын цонхыг эвдэлж цонхоор нь орж байгалийн өнгөт чулуу, 5000 төгрөг, алтан бөгж хулгайлж байсан. Харин нэг айлаас нь юм хулгайлаагүй гэр рүү нь орчихоод гараад явсан. Би хэн гэдэг айл гэдгийг мэдэхгүй байна. Би тухайн хийсэн хэргээ сайн санахгүй байгаа учир мэдүүлэг өгөх боломжгүй байна. Миний санаж байгаагаар тухайн үед бөгжийг нь Улаанбаатар хотод очиж 120.000 төгрөгөөр зарж байсан шиг санагдаж байна. Гэхдээ би хэдэн төгрөг авсан эсэхээ сайн санахгүй байна. Тухайн үед олсон мөнгөөрөө чихэр боов авч идээд дуусгаж байсан. Тухайн үед энэ хэрэгт шалгагдаж Улаанбаатар хотод байхдаа хохирлын мөнгө гэж 430.000 төгрөгийг шүүхийн нэг дансанд манай ээж хийсэн. Тэрнээс хохирогч нарт гарт нь хохирлын мөнгө төгрөг өгч барагдуулаагүй ... Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2-р хх-н 173-174-р хуу/
Хохирогч С.Б 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ногоон талбайн задгайд байдаг юм, тэгээд би 2015 оны 09-р сарын 25-нд Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт 10 хоног хэвтээд гэртээ ирсэн юм, тухайн үед манай гэрт хүн байхгүй эзэнгүй байсан юм. Тэгээд гэртээ ирсэн чинь алтан бөгж хайрцагтайгаа алга болчихсон байсан юм. Тэгээд би тухайн үед хулгай орсон гэдгийг мэдэхгүй гэртээ л хайгаад байсан юм. Тэгсэн нилээд хэд хоногийн дараа хоёр жаахан хүүхэд дагуулчихсан хоёр цагдаа ирээд танай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан уу гэж асуухаар нь би алтан бөгж хулгайд алдагдсан гэж хэлсэн чинь энэ хоёр хүүхэд хулгайлсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 101 хуу/
Хохирогч С.Б 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2015 онд өөрийн төрсөн хүү Амарын хамтаар Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Ногоон талбай гэх гэр хороолол байшинд амьдардаг байсан юм. Манай хүү Амар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу байшин сав барьж захиалгаар бусад аймаг сумд руу явдаг байсан юм. Харин би гэртээ ганцаараа гэрээ сахиж үлддэг байсан юм. Би тухайн өдрийн асуудлын он сарыг сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр миний бие өвдөж эмнэлэгт хэвтсэн юм. Би эмнэлэгт хэвтэхдээ Улаанбаатар хотоос том хүү З дуудаж гэрээ сахиулсан юм. Тэгсэн З гэр сахиж байх үед хөдөө Дархан сумаас унага тамгалахад дуудсан байсан. Энэ хойгуур нь манай гэрт хэдэн хүүхдүүд цонхыг нь эвдэж гэрт орж унтлагын өрөөнд байсан авдар дотор байсан манай талийгаач нөхрийн алтан бөгжийг аваад явчихсан байсан. Ингээд тухайн үед цагдаа нар очиж шалгалтын ажил хийсэн. Миний санаж байгаагаар ийм л зүйл болсон. Би хэдэн грамм байсан эсэхийг мэдэхгүй, эрэгтэй хүний гарын бөгж байсан. Тухайн үед сум орон нутгийн захиргаанаас 400.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрсөн. Одоо ч энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна Манай гэрийн авдаранд байсан талийгаач нөхрийн маань алтан бөгжийг авсан хэдэн хүүхдүүд одоо болтол хохирлыг маань барагдуулаагүй байгаа. Учирсан хохирлыг барагдуулчихвал надад цаашид гомдол санал байхгүй. Миний хувьд одоо хохирлын мөнгө болох 400.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /2-р хх-н 148-р хуу/
Хохирогч Ч.Н 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ногоон талбайн задгайд оршин суудаг юм. Ингээд 2015 оны 09-р сарын 20-нд гэрээ түгжээд 2015 оны 10-р сарын 10-нд гэртээ ирсэн чинь баруун талын вакум цонхыг хүчтэй түлхэж ороод манай гэрийн хамаг эд зүйлийг онгичоод шүүгээ, түмбүүшик зэрэг зүйлсийг онгойлгож үзсэн бололтой байсан, тэгээд гэрийнхээ эд зүйлсийг бүртгэж үзэхэд ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, энгийн эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүс хулгайд алдагдсан байсан юм, тэгээд цагдаад хэлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 97 хуу/
Хохирогч Ч.Н 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би аавын гэрт хэзээ хулгай орсныг одоо сайн санахгүй байна. Аавын гэрээс ээж Ж.Ж ягаан шигтгээтэй монетон хос ээмэг болон энгийн эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүс зэрэг алдагдаж байсан. Тухайн үед ягаан шигтгээтэй монетон хос ээмгийг 345.000 төгрөгөөр, эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүсийг 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байсан. Манай аавын гэрт хулгай хийж гинж болон бүс авсан хүүхдүүд нь манайд учирсан нийт 365.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй. Миний зүгээс энэ хохирлыг маань барагдуулчихвал надад цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг / 2-р хх-н 149-р хуу/
Гэрч Б.Т гийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний мэдэж байгаагаар Т нь О бид хоёртой 4 удаа бусдын орон байр руу нэвтрэн орж эд зүйл хулгайлж байсан. Би одоо яг он сарыг нь нарийн сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар тухайн үед нэг намын шоу болсны хэд хоногийн дараагаар О гэрт бид Төрбаяр, О бид гурав уулзсан юм. Тэгсэн О “Хэдүүлээ хамт гарч эзэнгүй айл байвал орж хулгай хийе” гэхээр нь Т бид хоёр зөвшөөрөөд хамт гэрээс нь өдөр гэгээтэйд гарсан. Цаг хэд болж байсныг хэлж мэдэхгүй байна. Ингээд бид гурав гараад Бор-Өндөр сумын 3 дугаар баг “Ногоон талбай” гэх хороолол руу очсон. Ингээд Ногоон талбайн гудамжаар явж байтал Т “Энэ aйл хүнгүй байгаа, энэ айл руу орж хулгай хийе” гэж хэлэхээр нь Төрбаярын заасан айлын хашааны завсраар харахад вакум цонхтой ногоон өнгийн байшин байсан. Тэгэхээр нь бид хоёр уг хашааг тойрч байшингийн хойд талаас нь хашаа давж ороод уг байшингийн хойд талд байх вакум цонхыг О нь автёркаар хөшиж онгойлгоод дотогш гурвуулаа хамт орсон. Ингээд уг байшин дотор орж мөнгө болохоор эд зүйл хайхад Т 10-н уутанд хийсэн өнгөт чулуу олсон байсан. Би тухайн үед уг байшин руу ороод ямар нэгэн эд зүйл аваагүй. Ингээд бид 3 эргэж цонхоор гарахад Т “Энд бас нэг эзгүй айл байгаа” гээд анх орсон ногоон байшингаас нилээн хойшоо байх улаан дээвэртэй вакум цонхтой байшин руу очиж мөн л хашааны завсраар харахад эзгүй байх шиг байсан. Тэгэхээр нь мөн л уг хашааг тойрч хойноос нь ороод байшингийн баруун талын цонхыг О нь хүчтэй түлхэхэд онгойчихсон. Тэгэхээр нь мөн л бид гурав дотогш орж эд зүйл хайгаад бурханы урд тавьсан байсан 5000 төгрөг болон ууттай чулууг олоод байшингаас гарсан. Ингээд уг байшингаас гараад урд зүгт явж байтал О вакум цонхтой улаан тоосгон байшинтай айлыг заагаад энэ айл руу оръё гээд мөн л цонхоор нь хамт орсон. Тэгсэн О уг байшин дотор ороод Т бид хоёрыг хүн харж бай гэж хэлээд өөрөө цааш явж өрөөнүүдээр юм хайгаад байсан. Харин Т бид хоёр цонхоор хараад зогссон. Тэгсэн О удалгүй ирээд “Энэ айлд авах юм байхгүй байна” гээд гарсан. Ингээд ертөнцийн зүгээр зүүн явж байтал О суваргын доод талд байх улаан дээвэртэй, вакум цонхтой байшинг заагаад “Энэ айл эзэнгүй байх шиг байна, гурвуулаа энэ айл руу оръё гэж хэлээд мөн л вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш орж үнэд хүрэх эд зүйл хайж байгаад О авдарыг нь ухаж байгаад бэлнээр 50.000 төгрөг, нэг алтан бөгжний хамтаар олсон. Ингээд бид гурав О гэр рүү очиж айлаас хулгайлсан эд зүйлсээ О гэрийн авдаранд нуугаад Т бид хоёр гэр гэртээ харьсан. Ингээд нилээд хэд хоногийн дараа О айлаас хулгайлж авсан алтан бөгжөө Улаанбаатар хот руу хамт явж зарж борлуулаад мөнгийг нь хувааж авъя гээд Т бид хоёрыг дагуулж хот руу явсан. Ингээд уг бөгжийг авч яваад Улаанбаатар хотод очоод О гэр рүүгээ харин би Т аваад өөрийн хамаатны ах болох Амараа гэдэг айлд очиж хоносон. Ингээд маргааш нь О бид гурав уулзаад 3, 4 дүгээр хороолол руу явсан. Ингээд 3, 4 дүгээр хороололд очоод О нэг ломбард руу ороод нөгөө бөгжийг 125.000 төгрөгт тавьчихлаа гэсээр гарч ирсэн. Тэгсэн О нь Т бид хоёрын дунд 50.000 төгрөг өгсөн. Ингээд уг мөнгийг Улаанбаатар хотод ганц хоёр хоног гадуур хоол унданд зарцуулаад буцаж Бор-Өндөр сумандаа ирсэн. Т нь О бид хоёртой 4 айлаас хулгай хийхэд хамт байсан. Би бусдыг нь яасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед бөгж зарахад нь л хамт Улаанбаатар хот руу явсан. Анх хулгай хийх санааг О гаргаж байсан. Өмнө нь би О хамт хулгай хийж байгаагүй. Би Т нэг байранд байдаг байсан болохоор найзалж нөхөрлөдөг байсан. Харин О хүүхдийн тоглоомын талбай дээр танилцаж байсан юм. Танилцаад удаагүй байж байгаад энэ хулгайн хэргүүдэд хамтран оролцсон” гэх мэдүүлэг /2-р хх-н 151-152 хуу/
Гэрч Б.Т гийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр өгсөн “...Ардын намын шоунаас хэд хоногийн дараа буюу 2015 оны 09-р сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна 14.00 цагийн үед О гэрт нь Т , О бид гурав уулзсан юм. Тэгсэн Т , О бид гурав ногоон талбай буюу баячуудын хороолол тийшээ очсон ...улаан тоосгон байшинтай нэг эзэнгүй айлыг О заагаад энэ айл руу оръё гэж хэлсэн, тэгээд О намайг хүн хараад байж бай гэж хэлээд байшингийн баруун талын цонхыг онгойлгож О Т бид гурав ороод тэр айлын юмыг нь О онгичиж үзэж байсан юм. О Т бид хоёрыг наад орж ирсэн цонхон дээрээ хүн хараад зогсож бай гэж хэлэхээр нь Т бид хоёр хүн хараад зогсож байсан юм. Тэгсэн О тэр айлын юмыг үзэж байснаа энэ айлаас юу ч гарч ирсэнгүй гэж Т бид хоёрт худлаа ярьсан байсан. Тэгсэн сүүлд нь хохирогч нь монетон хос ээмэг, эмэгтэй хүний энгийн бүс хулгайд алдсан гээд байсан юм. Ингээд энэ айлаас гараад гэр рүүгээ харих гээд явж байтал О гэнэт суварганы доод талын айлыг харчихаад энэ айлд хүн байхгүй юм шиг байна гэж хэлээд энэ айл руу гурвуулаа оръё гэж хэлсэн юм. Тэгээд суварганы доод талын айлын хашаа руу ороход улаан дээвэртэй байшингийн баруун талын вакум цонхыг нь О хүчтэй түлхэж онгойлгоод дотогш Т , О бид гурав орсон юм. Тэгээд дотогш ороод бэлнээр 50.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхэгийг хулгайлж авсан. Тэгээд Т , О бид гурав хулгайлсан эд зүйлсээ О гэрт нь хүн байхгүй байсан болохоор аваачиж нуусан юм. Тэгээд гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 119-121 хуу/
Гэрч Б.О 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Т нь элдэв муу зуршил байхгүй, даруухан төлөв томоотой хүүхэд байгаа юм. Т одоо 17 настай, аав, ээжийн асрамжид байдаг. Т нь архи дарс уудаггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, шударга зантай, зан харьцааны хувьд эвдэрээгүй хүүхэд зангаараа байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 103 хуу/
Гэрч Ж.Н 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Би Т бага байхаас нь мэднэ, Т-ын ааш зан нь төлөв даруухан дөлгөөхөн хүүхэд байгаа юм. Би харин Т хулгайн хэрэгт холбогдсон гэхээр нь гайхаад байна уг нь хулгай хийх хүүхэд биш юм. Т нь айлын том байгаа юм, доороо 2 дүүтэй. Т гэр орондоо ажилсаг ээж, аавдаа тусархуу хүүхэд байгаа юм. Т Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд хүн машин механизмын ангид сурдаг. Т найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, хүний өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг ...ухаан санаа эрүүл, бие эрхтэнд гажиг согог байхгүй. Т нь хичээл сурлагадаа их сайн сурдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-н 104 хуу/
Гэрч Ч.А-ын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн “Т-ын ухаан санаа эрүүл, бие эрхтэнд нь гажиг согог байхгүй, Т нь их даруухан, янз бүрийн муу зуршил байхгүй хүүхэд байгаа юм. Т нь хүний үгэнд сайн ордог, өрх тусгаарлаагүй болохоор өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Т нь найз нөхдийн дунд нэр хүндтэй, урьд нь эрүүгийн болон захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Т нь хичээл суралгандаа маш сайн онц сурдаг, дуулах, бүжиглэх хоббитой. Т нь архи уудаггүй, тамхи татдаггүй, хар багаасаа ээж, аавын гар дээр өсөж өндийсөн, ямар нэг хорт муу зуршилгүй хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-н 105 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 98, 102 хуу/, эд зүйлийн талаарх шинжээчийн дүгнэлт /2-р хх-н 161-р хуу/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн зохион байгуулагч Э.Р-ын тодорхойлолт /1-р хх-н 148 хуу/, Хөдөлмөрийн яамны харъяа Бор-Өндөр МСҮТ-ийн сургалтын менежер Н.М, анги удирдсан багш Э.Гнарын шүүгдэгч А.Т зан байдлын талаарх тодорхойлолт /1-р хх-н 149 хуу/, Сургууль төгссөн тухай мэдээлэл, суурь боловсролын гэрчилгээ /1-р хх-н 150-152 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 159-р хуу/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1 хуу/, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 105 дугаартай нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт хэргийг буцаах тухай шүүгчийн захирамж /1-р хх-н 248 хуу/, Зарим яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай тогтоол /1-р хх-н 222-223 хуу/, Шүүгдэгч А.Т цэргийн үүрэгтний үнэмлэх /2-р хх-н 180 хуу/, Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол /2-р хх-н 136-137 хуу/, Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /2-р хх-н 182 хуу/, “Т хохирлын төлбөр” гэх утгаар 465.000 төгрөгийг шилжүүлж байсан талаарх орлогын дансны хуулга /2-р хх-н 184 хуу/, яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоол /2-р хх-н 194-198 хуу/, хохирогч С.Балжинням, Ч.Н нарын шүүгдэгч А.Т-т гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо барагдуулж авсан гэх нотариатаар гэрчлүүлсэн баримт /хх-н 236-237 хуу/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүхээс шүүгдэгч А.Т гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр /хохирогч Д.А-ын мэдүүлгээр/ бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах орон байр болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Ногоон талбайн задгай тоотод оршин суух Ч.Н гэрт нэвтрэн орж ягаан шигтгээтэй монетон хос ээмэг, эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүс зэргийг хулгайлж 365.000 төгрөгийн,
Мөн өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Ногоон талбайн задгай тоотод оршин суух иргэн С.Б гэрт нэвтрэн орж алтан бөгж хулгайлж 400.000 төгрөгийн буюу бусдад нийт 765.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч С.Б “...манай гэрт хэдэн хүүхдүүд цонхыг нь эвдэж гэрт орж унтлагын өрөөнд байсан авдар дотор байсан манай талийгаач нөхрийн алтан бөгжийг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Ч.Н “...Аавын гэрээс ээж Ж.Ж ягаан шигтгээтэй монетон хос ээмэг болон энгийн эмэгтэй хүний шаргал өнгийн гинжин бүс зэрэг алдагдаж байсан...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Т гийн “...улаан тоосгон байшинтай нэг эзэнгүй айлыг О заагаад энэ айл руу оръё гэж хэлсэн, тэгээд О намайг хүн хараад байж бай гэж хэлээд байшингийн баруун талын цонхыг онгойлгож О Т бид гурав ороод тэр айлын юмыг нь О онгичиж үзэж байсан юм. О Т бид хоёрыг наад орж ирсэн цонхон дээрээ хүн хараад зогсож бай гэж хэлэхээр нь Т бид хоёр хүн хараад зогсож байсан юм. Тэгсэн О тэр айлын юмыг үзэж байснаа энэ айлаас юу ч гарч ирсэнгүй гэж Т бид хоёрт худлаа ярьсан байсан. Тэгсэн сүүлд нь хохирогч нь монетон хос ээмэг, эмэгтэй хүний энгийн бүс хулгайд алдсан гээд байсан юм. Ингээд энэ айлаас гараад гэр рүүгээ харих гээд явж байтал О гэнэт суваргын доод талын айлыг харчихаад энэ айлд хүн байхгүй юм шиг байна гэж хэлээд энэ айл руу гурвуулаа оръё гэж хэлсэн юм. Тэгээд суваргын доод талын айлын хашаа руу ороход улаан дээвэртэй байшигийн баруун талын вакум цонхыг нь О хүчтэй түлхэж онгойлгоод дотогш Т , О бид гурав орсон юм. Тэгээд дотогш ороод бэлнээр 50.000 төгрөг, эрэгтэй хүний алтан бөгж 1 ширхгийг хулгайлж авсан...” гэх мэдүүлэг
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байх тул түүнийг бүлэглэн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Төрбаярт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Т нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан /бусдын эд хөрөнгийг хулгайлах/ гэмт хэрэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл баривчлах эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт /хулгайлах/ хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өөрчлөн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.Т нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэрэг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагаггүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч нь хохирогч С.Б-д учруулсан 400.000 төгрөгийн, хохирогч Ч.Н д учруулсан 365.000 төгрөгийн хохиролыг тус тус төлж барагдуулсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Төрбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг
тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Прокуророос шүүгдэгч А.Т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Олхонууд овогт А.Т бүлэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т эд хөрөнгө хураах нэмэлт ял хэрэглэхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэлт ял хэрэглэхгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР