Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж,  шүүгч Б.Баттулга, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

Улсын яллагч Б.Ичинхорол

Иргэдийн төлөөлөгч Ж.Түвшинжаргал, Б.Ганцэцэг

Хохирогч Г.Г

Гэрч Б.А  Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох эрүүгийн 1939000000109 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ц.Б нь 2019 оны 03 сарын 29-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Батширээт сумын Ч.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр хоёр, түүнээс олон хүнийг буюу Ч.Б ыг дайрч алсан, Г.Г ыг дайрч алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б  ахтай нэг шил архи уусан. Б  ах надад 40.000 төгрөг байна төв яваад ирэх үү гэсэн, тэр үед машинаа аваад приустэйгээ охиноо аваад Б  ахыг аваад Батширээт сумын төв рүү орж Х дэлгүүрээс нэг шил 75 граммын архи яваад наашаа явж байгаа замдаа будлиад төөрчихсөн. Уг нь Б  ахынх зүүн гар талын замаар нь явдаг байсныг би шууд явдагаар нь явчихсан байсан. Тэгээд нэг машин явж байхаар нь уг машиныг зогсоосон. Тэгтэл уг машинаас хохирогч Б  бууж ирсэн. Тэгээд бид нарыг “аль орох гэж явж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “гэр рүүгээ явах гэсэн төөрчөөд явж байна” гэж хариулсан. Тэгтэл намайг нутагтаа байж төөрөөд байхдаа яахав дээ гэсэн. Тэгээд үүнээс болоод маргаан үүссэн. Тэгээд талийгаач намайг машинд сууж байхад миний дээлнээс татаад буугаад ир гээд байсан. Миний баруун хөл хэвийн тул уг хөлөөрөө машин налаад зогсож байтал Б хүрч ирээд ямар ч үгийн зөрөөгүй, чи бие муутай хүн дээрэлхлээ гээд шууд цохисон. Надад талийгаачийг унагаасан зүйл огт байхгүй. Тэгээд би унахдаа Б үснээс бариад унасан. Тэгтэл охин минь гарч ирээд салгах гээд чадаагүй. Тэгтэл удалгүй эхнэр нь ирээд миний нуруун дээр цохиод, чихнээс зулгаагаад, хувцсыг минь ураад бүгдээрээ элбэж намайг зодсон. Би тухайн үед ноцолдож байгаад дийлэхгүй болохоор нь охиндоо утсаа өгөөд “ах дүү нараа дууд, О  ахаа дууд” гэсэн. Тэгээд би охиныгоо утсаар яриад хаашаа явсныг нь мэдээгүй. Б охиныхон нь утсыг булаагаад ав, хүн дуудах гээд байна гээд араас нь гүйгээд явсан. Нэг мэдсэн намайг үлдээгээд талийгаачаас авахуулаад бүгд алга болсон байсан. Тэгээд миний машин урагшаа хараад зогсож байсан. Б машин миний хажууд байсан. Тэгээд машиндаа ороод хартал охин байхгүй байсан. Надад тэр хооронд элдвийн юм бодогдсон. Тэгээд би охиноо олох санаатай эргэтэл Б-г мөргөсөн /уйлав/. Би цааш эргээд шилэн дээр хүн унахын мэдсэн. Тэгээд би ухрахад охин минь ирээд суусан. Намайг урагшаа эргэхэд хохирогч Г.Г  байсан. Би хохирогч Г.Г ын хажуугаар өнгөрсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г   “Энэ хүний эхнэр нь ирээд надаас уучлалт гуйгаад, таны бие, хаа яаж байна гэж асуусан. Тухайн үед би айгаад, цочирдоод, балмагдсан байсан, зарим нь ямар ч юм ярьснаа учраа олоогүй. Энэ хүн яг намайг санаатай алъя, дайрчихъя гэсэн бодолтой ирсэн бол  голлоод дайрах байсан байх. Хот руу явж үзүүлэхэд миний хөлний шагайны баруун талын гадуур их хүчтэй шүргэсэн байна яс чинь бол зүгээр байна гэсэн. Энэ хүн хар хурдаараа ирээд намайг дайрсан бол би өдийд байхгүй байх байсан. Миний хувьд энэ хүнд санал, гомдол, хүсэл байхгүй” гэв.

Гэрч Д.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г.Г  машинд дайрагдах үед би Б  машины ард сууж явсан. Бид гурав хөдлөөд явсан чинь гэрэлд Г  орж ирсэн тэгсэн манай Б  огцом дараад хажуугаар нь гараад явсан. Би бол Г ыг дайраагүй гэж бодож байдаг даа” гэв.

Гэрч Б.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2019 оны 03 дугаар сарын 30-ны орой аав бид хоёр Батширээтээс хөдөө гэрлүүгээ харих замд төөрөөд аав бид хоёр замын унаанаас зам асуусан чинь аавыг маань хэл амаар доромжилсны улмаас маргаан гараад аавыг маань тал талаас нь зодсон. Намайг машинаас буухад аав тусламж хүс гээд надад утсаа өгсөн. Тэгсэн намайг Б гэдэг ах хөөхөөр нь би машин тойроод зугтаасан. Би их айсан байсан тул утсандаа дугаараа хийж чадахгүй байсан. Би О  ах руу хоёр удаа залгасан боловч утсаа аваагүй, намайг буцаад очиход бүрлээч Б  гэдэг хүн газар хэвтэж байсан. Тэгээд би ааваа гэж хашгираад машиныхаа арын суудалд үсэрч суусан, би айсан байсан тул аавыгаа хүргээд өгчих гэж хэлсэн, аав намайг хүргэж өгөх гэж хөдөлсөн тэр үед машины гэрэлд Г.Г  гэж хүн орж ирсэн, аав бид хоёр “хүн” гэж хашгираад аав тэр Г.Г  гэж хүнээс зайлуулж руль ээ дарсан. Миний хувьд Г.Г  гэдэг хүнийг дайраагүй гэдгийг мэдэж байгаа” гэв.

 

Эрүүгийн  1939000000109 дугаартай хэргээс

Хохирогч Б.Х 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр хэрэг болох үед аавтай хамт явж байсан Б Д  нарын яриагаар бол Батширээт сумаас гараад Бархын гол өнгөрөөд явж байтал урдаас нэг машин ирээд зогсоогоод Б гэдэг айл асуугаад маргаан үүсгэсэн гэсэн, тэгээд аавтай маргалдаад байхаар нь салгаад машиндаа суулгах гээд явж байтал нөгөө машинд хөдлөөд урагшаа явж байгаад гэнэт эргээд аавыг дайрсан гэсэн, тэгээд буцаж эргээд ахиад бас нэг хүн дайрсан гэж ярьсан, тэр сүүлд нь дайруулсан хүнийг нь бол би мэдэхгүй хүн байна лээ. Өөр бол тодорхой зүйл мэдэхгүй ээ. Тэр манай аавыг дайрч алсан Б гэдэг хүнийг бол зүс мэднэ, Батширээт суманд сурдаг байхад манайх ойролцоо нутаглаж байсан юм, тэгээд ганц нэг удаа унаа тэргэнд нь дайгдаж явж байсан, өөрөөр бол энэ хүнийг мэдэхгүй. Харин энэ хэрэг явдлын дараа манай нутгийн бараг таарсан хүн болгон л Б  ингэх гээд байсан юм аа, сүүлийн үед их эвдрээд байсан, хүн алчихаад төлөөд гарчих  чадалтай хүн  гэж ярьдаг байсан гэцгээж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 54-55 хуу/

Хохирогч Г.Г ын 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг унтаж байхад гэнэт шуугилдаад эхлэхээр нь цочоод сэрсэн. Сэрээд машины урд талын цонхоор харахад нэг машин өөдөөс давхиж ирээд Б  гэх хүнийг дайрсан. Дайрахад нь тэр хүн үсрээд унаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би машинаас буугаад юу болж байна аа та нар гэж хэлээд Б  гэх хүнд туслах санаатай очиж явтал ч Б г дайрсан машин буцаж эргээд намайг дайрах гээд давхиад ирэхээр нь холдох гээд нэг хөлөө хойшлуулаад нөгөө хөлөө татаж амжаагүй байтал миний зүүн хөл дээгүүр дайраад гараад явчихсан. Тэгээд тэр машин зогсохгүй чигээрээ яваад өгсөн бөгөөд дотор нь ямар хүн байсан, яагаад Б  бид хоёрыг дайрсан болохыг мэдээгүй. Тэр машин явсны дараа Б миний утсаар эмнэлэг дуудаад хүмүүстэй ярьж байсан. Удалгүй эмнэлгийн машин ирэхээр нь би суугаад Батширээт сумын төвд ирсэн. ... Миний зүүн хөл дээгүүр хар өнгийн Приус машин дайрч гарснаас болоод зүүн хөлийн шагай дээд хэсгээрээ хавдсан. Гишгэхээр өвдөөд байна. Эмч үзээд яс хугараагүй байх, рентген зураг авахуулах шаардлагатай гэсэн. Одоогоор надад ямар гэмтэл учирсныг нарийн сайн мэдэхгүй байна. Дайруулаад унахад нуруу, гуяны ар хэсгээр газарт цохигдож хөхөрсөн байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 59-60 хуу/

Хохирогч Г.Г ын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би архи уугаад согтсон байсан болохоор унтаж явсан гэдгээ урьд хэлсэн байх, тэгээд гэнэт л шуугилдаад би сэрсэн, тэгэхэд миний сууж явсан машины гэрэл асаалттай байсан, тэгтэл машины гэрэл тусаад нэг хүн үсрээд л явчихсан. Би тэр үед хүүе та нар яаж байна аа гээд машины зүүн гар талын арын хаалгаар нь буугаад талийгаачийг хартал нэг машин гэрэл нь хойшоо тусаад цаашаа явж байгаа харагдсан, би талийгаач руу очих санаатай алхаж явтал нөгөө машины гэрэл өөдөөс чиглээд ирсэн, тэгээд холдож амжаагүй байтал хүүе хаая гэхийн завдалгүй миний өөдөөс тулаад ирсэн, би холдох гээд эргэтэл араас миний гуя, бөгс хавьцаа мөргөж би машины хажуу тал руу унасан, тэгтэл миний зүүн хөлийн шагай, шилбэний дээгүүр дугуйгаараа дайраад гарсан, чухам нэг дугуйгаараа гарсан уу, хоёр дугуйгаараа гарсан уу, гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэр мэдүүлэг өгдөг өдөр бол би айж балмагдсан байсан, айгаад ер нь учраа олохгүй байсан. Ямар ч гэсэн зүүн хөл дээгүүр гарсан гэдгийг нь мэдэж байсан болохоор тэрийгээ л ярьсан нь тэр байх. Яах аргагүй тэр машин өөдөөс тулаад ирэхээр нь холдох гээд эргэсэн тэгтэл араас ирж мөргөөд газар унасан, тэгээд зүүн хөл дээгүүр гарсан, яаж баруун хөлөө азаар татаж авсан гэдгээ мэдэхгүй байна. Би сууж явсан машиныхаа зүүн талын арын хаалгаар буугаад талийгаач руу алхсан. Зам дээр эсхүл замын гадна мөргүүлсэн үү гэдгээ мэдэхгүй байна, талийгаачийг мөн зам дээр унасан уу, замын гадна унасан байсан уу гэдгийг би тухан үед ялгаагүй. Цус нөж гарсан зүйл байхгүй ээ, зүүн хөл л шагайгаараа эвгүй болчихсон, алхаж болохгүй хөндүүрлээд байсан. Батширээт сумын эмнэлэгт ирсэн хойно миний баруун гуяны дотор хэсэгт алга дарам хэмжээтэй газар хөхөрсөн байгаа болохыг мэдсэн. Мөн нуруу хөхөрсөн байсан газар унаснаас болоод нуруу хөхөрсөн байх гэж бодож байна. Гуяны хөхрөлт бол яаж ч бодсон газар унаад үүсэхгүй байх гэж бодож байна, мөргүүлснээс болж хөхөрсөн байх” гэх мэдүүлэг /1-р хх-н 62-63 хуу/   

Гэрч О.Д гийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд хөдлөөд нэг их хол яваагүй байж байтал нөгөө машин араас гэрлээрээ дохисон, тэгээд манай нөхөр яг явж байсан зам дээрээ урагшаа хараад зогссон, нөгөө машин болохоор замын зүүн талд гараад зогссон. Машины жолооч талын хаалганаас нөгөө түрүүнд зам асуусан хүн ганцаараа бууж ирээд манай машин дээр ирсэн, би сууж явсан талынхаа цонхыг доошлуулсан чинь 2 гарынхаа тохойг өөр цонхон дээр тулаад “намайг сая хэн ногоон, цагаанаар нь хэн хэлсэн бэ” гээд ууртай хэлсэн, нөхөр бид хоёр юу ч хэлж амжаагүй байтал ард сууж явсан талийгаач Б  “Хэн бэ” гээд согтуу хүн болохоор том дуугаар асуусан, тэгтэл нөгөө хүн “Б байна” гэж өөдөөс хэлсэн чинь талийгаач “Б юу” гэсэн чинь нөгөө хүн “Чи намайг ногоон цагаанаар дуудлаа” гэж уурласан, тэгтэл талийгаач машинаас буугаад нөгөө хүнтэй барьцалдаад авсан. Тэгээд барьцалдаж зууралдаад хэн хэнийгээ гараараа цохилцоод авсан, ингэж зууралдаж яваад замын зүүн талд бараг машиныхаа тэнд очсон, тэгж байтал нөгөө хүн талийгаачийг газар унагаачихсан. Тэгсэн манай нөхөр машинаас буугаад тэр хоёр руу очсон, миний өвөр дээр сууж байсан манай 3 настай хүү А  хүмүүс зодолдохыг хараад уйлчихсан. Тэгтэл манай нөхөр очоод салгах гээд тэр хоёртой зууралдсан, тэгсэн нэг харсан манай нөхрийг нөгөө хүн үсдээд доошоо дарчихсан байсан, талийгаач болохоор хажуунас мөн нөгөө хүнтэй зууралдаж байсан. Би нөхрийгөө үсдүүлчихсэн байхыг хараад манай хүү ааваа гээд уйлсан, би хүүдээ аавыг нь аваад ирье гэж хэлээд суудал дээр нь суулгаж үлдээгээд машинаас бууж очсон. Тэгээд мөн очиж зууралдаж байгаад нөгөө хүнийг нэг гараараа үстээд атгачихсан байсан, бас нэг охин ирчихсэн манай нөхрийн цамцных нь юүдэнгээс арагш нь зулгаагаад “ааваа ааваа боль л доо” гээд салгах гээд байж байсан. Би очоод эхлээд нөгөө охиныг тавиулсан, тэгээд нөгөө хүнийг гарыг нэг нэг хуруугаар нь татаж байгаад тавиулсан, намайг ингэж салгах гэж оролдож байхад хаанаас авсан юм мэдэхгүй нэг архины шил барьчихсан би олимпын аварга, барилддаг хүн шүү" гээд надад уурлаж хэлсэн, тэгэхээр нь би “чиний аварга чинь хамаагүй, намайг цохих гээд байгаа юм уу? ямар ч гэсэн аавыгаа аваадах” гэж охинд нь хэлсэн. Тэгээд нөхрийгөө салгаж аваад тэр хоёрын дунд ороод нөгөө охинд аавыгаа аваад яв гэж хэлсэн, тэгсэн нөгөө охин аавыгаа сугадаад “ааваа явъя аа, явъя аа” гээд чирээд машинд нь суулгасан, би нөхрийгөө “машинаа очиж асаа явъя” гэж хэлээд манай нөхөр машиндаа очиж суугаад машинаа асаагаад цонхоор “хурдлаарай явъя” гэж дуудсан, тэгээд нөгөө охин өөрөө бас арынх нь хаалгаар суусан. Тэгээд тэр доороо хөдлөөд урагшаа чиглээд явсан. Би талийгаачийн араас нь “хурдан машиндаа очиж суу” гэж хэлээд явж байтал нөгөө машин урагшаа явж байснаа хойшоо эргээд бид нарыг чиглээд хүчтэй хаазлаад ирсэн, би яг дайруулах нь гэж бодоод айсандаа машин руугаа гүйж ороод хаалгаа хаатал, нөгөө машин яг замын голд явж байсан талийгаачийг маш хүчтэй мөргөсөн, талийгаач нилээн хол шидэгдэж унасан, тэр машин ямар ч зогсох үйлдэл хийгээгүй, тэр мөргөсөн чигтээ хойшоогоо явчихсан, тэгтэл ард сууж байсан Г  ах “хүүеээ хүн дайрчихлаа ш дээ” гээд машинаас буусан. Тэгтэл нөгөө машин хойшоо жоохон яваад буцаж эргээд хүчтэй хаазлаад давхиад ирээд талийгаач руу очиж явсан Г  ахыг мөн дайрч унагаагаад тэр чигтээ урагшаа замаараа зугтаачихсан. Талийгаач манай машины зүүн талдаа замын зүүн хэсэгт бараг замын гадаа шахуу доошоо хараад унчихсан байсан, харин Г  ах болохоор яг хаана унасан байсныг мэдэхгүй байна, өөрөө “би яах вэ наад хүн рүүгээ оч” гэхээр нь талийгаач руу очсон. Тэгээд манай нөхөр талийгаачийг дээш нь харуулсан, тэгээд айж сандраад түргэн тусламж хүн амьтанд хэл дуудлгах гэсэн утсаа олоогүй, тэгээд Г  ахын утсаар хамгийн түрүүнд Батширээт суманд байдаг талийгаачийн эгч Чимэдээ рүү залгасан, хэд хэд залгасан боловч утас нь холбогдохгүй байхаар нь аймгийн төвд байдаг бэр дүү Хишигээ рүү залгаж болсон асуудлын талаар мэдэгдсэн, Хишигээ Батширээт сум руу эмнэлэг рүү мэдэгдье гэж хэлсэн, төд удалгүй Хишигээ эгч залгаад хэл дамжуулчихлаа гэсэн, яг залгаад Чимэдээ эгч залгаад сумаас түргэн явлаа гэж хэлсэн. Талийгаач бол ямар ч хөдөлгөөн, амьсгалгүй байсан. Би ч дотроо үхчихлээ гэж бодоод маш их айж сандраад байж сууж чадахгүй уйлж бахирсан, харин манай нөхөр машинаа хөдөлгөөд замын зүүн талд зүүн хойшоо харуулж машинаа байрлуулж гэрэл тусгаад Г  ахыг машинд суулгаад өөрсдөө талийгаачийн хажууд түргэн иртэл хүлээсэн. Хэсэг хугацааны дараа манай сумын эмч машинтай ирсэн, талийгаачийг үзээд нас барсан байна гэсэн, харин Г  ахыг хугарал бэртэлтэй байж магадгүй гээд сумын төв рүү авч явсан, би мөн эмнэлгийн машинд хоёр хүүхдээ аваад Батширээт cyмын төв рүү явсан. ... Энэ үед нөгөө талийгаачийг мөргөсөн машин эргээд ирчихсэн байсан, тэгээд манай нөхрийг нөгөө хүн цонхоороо дуудаад юм яриад байсан, би зайтай зогсож байсан болохоор яг юу ярьсан гэдгийг нь сонсоогүй. Сүүлд нь тэр машин хөдлөөд явахаар нь нөхрөөсөө асуухад манай нөхөр “Би аймагт очоод өчигөө өгөөд гараад ирнэ, харин чамайг яаж өчиг өгөхийг чинь харна аа” гэж байна гэж хэлсэн. Тэр үедээ би хүн дайрч алчихаад ямар ч айж ичсэн шинжгүй ямар аймар хүн бэ гэж бодсон ...Машиных нь гэрэл асаалттай байсан, тэгээд охин гэрлийн урдуур гараад жолоочийнх нь хаалгаар суулгасан. Анх 2 машины голд маргалдаж зодолдож эхлээд зууралдсаар байгаад нөгөө машины зүүн урд талд нь гарчихсан байсан. ... 30-40 орчим метр яваад эргэсэн. Би хөдлөөд явахаар нь явчихлаа гэж бодсон. Машин хаазаа гишгэхээр дуу нь өндөрсдөг биз дээ. Тэрэн шиг машин дуу нь өндөрсөж ирээд их хурдтай ирж талийгаачийг мөргөсөн. Би бараг жоохон удсан бол талийгаачтай хамт мөргүүлэх байсан байх.... Тэр харин нөгөө талийгаачийг маргалдаж байхдаа “Би та нарыг алчихсан байхад хөрөнгөтэй мөнгөтэй хүн шүү” гэж заналхийлж байсан. Талийгаачийг мөн “чамайг алчихсан байхад би арыг нь даах хөрөнгө мөнгөтэй хүн шүү” гэж бас хэлсэн. Талийгаач “чиний мөнгөтэй төгрөгтэй надад хамаагүй шүү” гэж хэлж байсан, нөгөө хүн нь “чиний 15 жил шорон оронд суусан надад хмаагүй шүү” гэж бас хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 64-72 хуу/

Гэрч С.Б-ийн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бархын гүүрны цаана Суунаг Цэвээний урд талд Приус-20 маркын машинтай таарсан юм тэгээд энэ хаа хүрдэг зам бэ? гэж жолооч нь асуусан тэгэхээр нь би Батширээт явдаг зам гэсэн чинь Батширээт нь хамаагүй би айлд очих гээд явсан чинь төөрөөд балраад явж байна гэсэн тэгэхээр нь би та нар хэнийд очих гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь Б гэдэг айлд очно гэсэн тэгэхээр нь ямар айл юм бэ? гэсэн чинь Б гэсэн тэгэхээр нь бид хэд хажуугаар нь гарна шүү дээ та хэд дагаад явахгүй юу даа гэсэн тэгээд за за араас чинь дагаад явья гээд намайг дагаад явсан тэгээд нэг их удалгүй гэрлээрээ дохихоор нь би зогссон юм тэгсэн миний хажуугаар орж ирж зогсоод жолооч нь пиздаануудаа юу гээд байгаа юм бэ? Б маска гээд юу гээд байгаа юм бэ? пиздануудаа гэсэн. Тэгсэн талийгаач арын хаалганы цонх онгойлгоод чи хэн юм бэ? гэсэн. Тэгсэн Б байна гэсэн тэгсэн ямар Б ногоон Баска юу гээд машинаасаа буусан тэгсэн Б нь машинаасаа буугаад талийгаачийг газар унагаад нүүр хавьд нь 2 удаа цохихоор нь би машинаасаа буугаад талийгаач тэр хоёрыг салгасан тэгсэн Б нь намайг заамдаад үсдээд үснээс зулгаагаад базаад тавихгүй байсан тэгсэн талийгаач босож ирээд намайг арай хийж салгасан тэгээд талийгаачийг аваад машин руугаа явж байсан чинь Б араас нь ирээд машин руугаа талийгаачийг чирээд байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан тэгээд талийгаачийг аваад явах гээд би руль дээрээ суугаад явья машиндаа суу гээд талийгаачийг суулгах гээд байж байсан чинь хар өнгийн Приус урагшаагаа хөдлөөд буцаж эргээд талийгаачийг зам дээр зогсож байхад хүчтэй хаазлаж ирээд мөргөж унагасан тэгээд буцаад хойшоогоо яваад буцаж эргээд Гамбаа ахыг хажуу тийшээ унахад нь хөл дээгүүр нь машинтайгаа гараад зогсолгүй чигээрээ урагшаа гараад давхиад явчихсан юм талийгаач доошоо хараад хэвтэж байхаар нь би хажуу тийш нь дээш нь харуулаад чагнасан чинь амьсгаатай байсан тэгээд би машин руугаа очоод эмнэлэг дуудаад буцаад ирсэн чинь Б  ах нас барсан байсан. Өөрөө элэг муутай байсан юм мөргүүлээд хүчтэй хол үсэрсний улмаас нас барсан гэж бодож байна 3 метр хэртэй хол шидэгдсэн юм. Мөргөсөн машины баруун гар тал руу шидэгдэж унасан Приус-20 маркын машин урдаасаа хойшоо явж машиныхаа яг голоор мөргөж унагасан юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас /

Гэрч Д.Б гийн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд Б  охинтой нь гурвуулаа Батширээтийн төвд Приус-20 маркын машинтай 18 цагийн үед орж ирсэн ирэнгүүтээ баруун хорооллын Х “Баярмөнгөн бум” дэлгүүрээс би 0.75-ийн хар “Экс” гэх архи аваад шууд урагшаагаа гэрлүүгээ буцаад явсан буцаж явах замд Бархын гүүрнээс урагш Марк-2 маркын машинтай улсуудтай таараад тэр хүмүүстэй Б  маргаад зодолдсон тэр машины дугаарыг мэдэхгүй байна Б  тэр хүмүүстэй зодолдоод урагшаагаа нэлээн ууртай машиндаа орж ирээд огцом хөдлөж давхиад буцаж эргээд Марк-2 машины зүүн талд зогсож байсан хүнийг урд хамраараа мөргөж унагаад буцаж эргээд машины хажууд байсан нэг хүнийг мөргөөд цаашаа явсан тэгсэн охин нь та хүн дайрчлаа гээд орилж хашгараад байсан тэгээд урагшаа гэрлүүгээ давхиад гэрээ олохгүй давхиж байгаад О-ынд очоод намайг буулгаад Б  зугтаагаад явсан. ... Б  зам асуусан тэгээд Б  машинаас буусан би машин дотроо байсан би яг юунаас болж маргаан үүссэнийг мэдээгүй гэнэтхэн машины гадаа Б  хоёр гурван хүнтэй хэрэлдэж маргалдаад ноцолдож зодолдсон юм. Би урд талын жолоочийн эсрэг талын суудал дээр зорчиж явсан арын суудал дээр Б  охин нь зорчиж явсан...” гэх мэдүүлэг  /1-р хх-н 84-85 хуу/

Гэрч Д.Б гийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл Б г охин нь машинд нь суулгаад, өөрөө ард суусан. Ердөө машиндаа суугаад л нилээн огцом хөдлөөд явсан, би ч тэр үед ингээд харих нь дээ гэж бодтол буцаж эргээд урд зогсож байсан машины гэрэлд харагдсан хүн бололтой нэг бараан юмыг очиж мөргөөд түс тас гээд явчихсан, тэгтэл ард сууж байсан охин нь та хүн дайрчихлаа гээд орилж бахирсан, үүнийг сонсож хараад миний хамаг бие зарс гээд явчихсан, тэгээд бас буцаж эргээд ахиад бас түс гээд нэг юм мөргөсөн, тэрийг нь юу мөргөсөн гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /1-р хх-н 86-89 хуу/

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд Барх голын гүүр дөхөөд гүүр арай орж амжаагүй наад талд нь явж байтал баруун гар талаас ирж нийлсэн замаар хар өнгийн приус маркын машин ирж зам нийлээд миний урд талд гараад гүүрээр гарч явсан, би яг тухайн үедээ Б г явж байгааг мэдээгүй. Тэгээд гүүрний урд талын нугачаанд дунд явж байхад замаа чөлөөлөөд зогссон, эмч бид хоёр тэр машины хажуугаар өнгөрөхдөө зогсоод цонхоо онгойлгоод хартал Б , Данзан Б  нар тэр хар машинтай явж байсан, урд салхиных нь шил хагарчихсан байсан, жолооч талаас нь Б  бууж ирээд “ах нь одоо бөөн юм болоод” гээд учир битүүлэг юм ярьсан, тэр үед харахад согтуу болох нь илт мэдэгдэж байсан, хараад би урд гарсан аваартай холбоотой юм байна гэж таамаглаж байсан. Д Б  нь бол машинаас бууж ирээгүй, эмч бид хоёр аваар болсон газар хурдан очих хэрэгтэй байна гэж хэлээд нэг их олон юм ярилгүй хальт уулзалдаад л хөдөлсөн, араас Б  дагаад явсан. Тэгээд хэргийн газар дээр очсон, зам дээр зүүн хэсэгт хөндлөн байрлалтай нэг эрэгтэй хүн хэвтэж байсан, замын зүүн талаас зам дээр хэвтэж байсан хүн рүү суудлын автомашин гэрэл тусгаад зогсож байсан, тухайн машины хажууд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан, эмэгтэй нь жирэмсэн том гэдэстэй байсан, машин дотор нь мөргүүлсэн гэх хөл нь хөдөлж болохгүй байна гээд нэг өвгөн, за тэгээд 3-5 орчим 2 эрэгтэй эмэгтэй хүүхэд сууцгааж байсан. Эмч машинаас буугаад хэвтэж байсан хүн рүү очсон, би эмчийг дагаад тэр хүний хажууд очсон, эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Ингээд эмч үзлэг хийж байхад Б  араас хажуугаар орж ирээд “архи ийм хар мөртэй байдаг юм даа” гэх ухааны утгатай зүйлийг хэнд хандаж хэлж байгаа тодорхойгүй юм ярьсан, би хэргийн газар руу машинтай нь хамаагүй ойртуулахгүй байх зорилгоор холд гэж хэлсэн, тэгсэн гэртээ очоод байж байя гээд хөдлөөд явсан” гэх мэдүүлэг. /1-р хх-н 94-95-р хуу/

Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэрэг болсон газар Бархын гүүрнээс урагшаа Номгон гэдэг газар байсан, тэнд очиход орлогч дарга өөдөөс амдаад хол зогсоосон, би замын зүүн талд нилээн хол зайтай зогссон, тэгээд орлогч дарга  “их эмчтэй цуг гэмтсэн хүн, хүүхдүүдийг аваад яв” гэсэн,  тэгээд машинаа замын зүүгээр орлогч даргын  машины зүүн талаар тойроод тэнд зам руу гэрэл тусгаад зогсож байсан саарал машины зүүн талаар дөхөөд зогссон. Сумын хүмүүсийг машинд суулгаад сумын төв рүү явсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 103-104 хуу/

Гэрч Л.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдрийн оройхон харанхуй болчихсан байх үед Б  хар машинтайгаа Данзангийн Б  болон охиныхоо хамт гүүрээр хойшоо сумын төв рүү яваад хэсэг хугацааны дараа буцаад урагшаа гарсан. Үүний дараа мөн хэсэг хугацааны дараа Б машинтайгаа талийгаач Б , мөн эхнэр хүүхдээ суулгачихсан урагшаа гарсан, талийгаач гүүрэн дээр машинаасаа бууж над руу ирсэн, архи жаахан уучихсан байсан, тэгээд надад тэврүүлээд үнсүүлсэн, би машиных нь арын суудалд суулгаж өгсөн. Тэгээд 22 цаг өнгөрөөгөөд гүүрний хаалтыг онгорхой орхиод унтчихдаг юм, унтаж байтал шөнийн 00 цагийн өнгөрч байх үед Г  тамгын газрын машинтай ирээд “урд нэг асуудал гарсан байна, дарга дуудаж байна аа” гээд намайг суулгаад урагшаа явсан. Гүүрнээс урагшаа жоохон явж байтал зам дээр машин тэрэг харагдсан, дөхөж байтал өөдөөс А  дарга жижиг гар чийдэнгээр дохиж Г  жолооч тэр хэдээс нилээн хол багцаагаар 50-60 орчим метрийн зайтай замын зүүн талд зогссон. Г  бол машинаас буугаагүй, би харин машинаас бууж А  даргатай очиж уулзахад дарга надад “талийгаачийн ойролцоо 50 метр машин тэрэг оруулж болохгүй шүү” гэж хэлсэн. Талийгаачийн цогцсыг харахад замын хэсэгт хөндлөн байгаа харагдсан, мөн зүүн урдхан талаас нь нэг машин цогцос руу гэрэл тусгаад зогсож байсан. Тэр машинд бас нэг дайруулсан хүн байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 105-107 хуу/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Үргэлжлүүлээд ойр хавиар нь харж байтал айлын байшингийн амбаарын дээр уур гарч байгаа харагдсан, шалгахаар очиход Б  нь би хөл муутай шүү, та бүхний өөдөөс эсэргүүцэл үзүүлэхгүй өөрөө буугаад очъё гээд бууж ирсэн. Бид аюулгүй байдлаа хангах үүднээс биед нь үзлэг хийхэд ямар нэгэн эд зүйл гараагүй, гарыг нь гавлаад авч явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 108-110 хуу/

Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би хэргийн газар дээр 08 цагийн үед очсон, хэргийн газар дээр очиход талийгаачийн цогцос тухайн замын  зүүн хэсэгт  дээшээ харсан байдалтай, дээгүүр нь юм бүтээж орхисон, хойд талд машины тольны хүрээ, саравчтай малгай, мөн газрын хөрс цус болсон байсан. Мөн талийгаачийн цогцосны зүүн талд замын гадна хэсэгт огцом хөдөлсөн бололтой дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр байсан. Тухайн мөр нь замын зүүн талаар зүүн урагшаа чигтэй 40 орчим метр яваад баруун тийшээ эргэж замдаа ороод хойшоо чиглэн талийгаачийн цогцос байсан газрын яг зүүн талаар гарч тэндээсээ баруун хойшоо даялаад мөн 30 орчим яваад эргэж зүүн тийшээ эргэж тойроод урагшаа чиглэн зам руугаа орсон байсан. Яг энэ мөр нь өглөө 08 цагийн үед хэргийн газар дээр ирэхэд маш тодорхой харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 111-112 хуу/

Гэрч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр орой Бархын гүүрний урдхан талд Улаанбаатар хотоос ирж байтал эрэгтэй эмэгтэй 2 залуу гар өргөөд машин зогсоосон, тэр уйлж бахираад сүйд байсан, цагдаа дуудаж өгөөч гээд л байсан, Б 2 хүн мөргөөд алчихлаа гээд байсан. Тэгээд манай хөгшин утсаараас сумын цагдаад мэдэгдсэн. Ямар ч гэсэн зам дээр нэг хүн хэвтэж байсан, бас нэг настай хүн байх шиг харагдсан....” гэх мэдүүлэг /1-р хх-н 119-120 хуу/

Гэрч Т.А-ийн 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд унтаж байтал гаднаас О гийн хамт орж ирсэн, тэр үед цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна, нөхөр орж ирээд уйлаад хүүхдүүдээ үнсээд ханиа, би өнгөосөн гээд байсан, би яг юу болсон гэдгийг нь мэдээгүй явчихсан. Удалгүй араас цагдаа ирсэн, нөхөр орж ирэхдээ нүүр нь цус болсон байсан. Би тэр үед ямар ч гэсэн муу л зүйл болсон байна гэдгийг ойлгосон. Миний мэдэж байгаа зүйл гэвэл энэ л байна. Нөхөр бид хоёр аравдугаар ангидаа танилцаж байсан юм, тэгээд 1999 оны зунаас хамт амьдардсан, ер нь бол хурим энэ тэр болж байгаагүй, гэхдээ гэрлэлтээ бол батлуулсан. Одоо нөхөр бид хоёр 4 хүүхэдтэй, том охин Д  одоо МУИС-ийн 1-р курсийн оюутан, дараагийн охин А  одоо Өмнөдэлгэр сумын ЕБС-д 10-р ангид сурдаг, дараагийн охин А  одоо 5 настай, бага хүү А  1 настай. 2 бага маань нөхөр бид 2-той хамт хөдөө гэртээ байдаг. Амьдрал ахуйн хувьд бол бид 2 гэр бүл болж байхдаа 10-20 богтой, 3 тугалтай үнээтэй л байсан. Уг нь 2015 онд мянгат малчин болж байсан, 2012 онд нөхөр бид 2 Улаанбаатар хот руу явж байгаад автоосолд ороод нөхрийн маань 2 хөлөө айхтар гэмтээсэн, одоо бол хиймэл түнхтэй, хөл муутай, морь мал унах чадваргүй хүн байгаа юм. Тэгээд эмчилгээ энэ тэр гээд амьдрал ахуйдаа өсгөж үржүүлсэн малаа зарж борлуулж одоо 200 орчим бог, 100 гаран үхэртэй. Манай нөхрийн хувь бол өөрөө айлын том хүү, доороо 3 дүүтэй. Дүү нар нь өөр өөрсдийн амьдралтай тийм хүмүүс байгаа. Зан байдлын хувьд эхнэрийнх нь хувьд хэлэхэд их гэр амьтай хүн. Ер нь бол тэр осолд орсноосоо хойш 1 жил хэртэй хэвтэрт байсан, тэгээд архи их уух болсон, эр хүн чинь сэтгэлийн хатгүй байдаг юм билээ, тэр үедээ бол байгаад ч яах юм бэ гээд их л сэтгэлээр унасан. Хүүхдүүддээ бол их хайртай, гэр бүлдээ халамжтай зөөлөн хүн, яахав өнгөн дээрээ бол түргэн боловч цаанаа бол их уян, хааяа кино үзээд уйлж байгаа харагддаг” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-132 хуу/

Гэрч Т.А-ийн 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ер нь хэрэг явдал гарснаас хойш талийгаачийн ар гэрийнхэнтэй байнга холбоотой байгаа, ажил  явдлынх нь үеэр чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Оршуулгын зардалд ар гэрийнх нь зүгээс 5.6 сая төгрөг нэхэмжилсэн, үүнийг бол төлж барагдуулсан байгаа, төлж барагдуулахдаа өгсөн хязаалан үхрээ 1 сая төгрөгөөр үнэлээд бэлэн 4.625.000 төгрөг өгсөн. Мөн хонь, түлээ гээд чадах чинээгээрээ л туслахыг хичээж байгаа. Талийгаачийн охинтой нь холбоо барьсан, өөрийнхөө бас байгаа байдлыг хэлж цаашдаа чадах чинээгээр тусалж дэмжих талаараа хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-н 133-134 хуу/

Гэрч Т.А-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийн нөхөр Б  эрүүл мэндийн байдалтай холбоотой мэдүүлэг өгье гэж хүсэлт гаргасан юм. 2011 оны 11 сарын 25-ны өдөр Жаргалтхаан сум Цэнхэрмандал сум хоёрын дунд хөдөө замд Сүхбаатар аймгийн нэг Истана маркийн автомшин бид нарын сууж явсан машины эгц урдаас мөргөж манай нөхөр машины кабиндаа хавчуулагдсан, энэ ослын улмаас Б  зүүн хөл  нь шилбээрээ хугарсан, баруун хөл мөн шилбээрээ бутарч, баруун хөлийн тавхай, хөлийн хуруу зэрэг нь хугарч, баруун хөлийн түнхний үе нь хүнд гэмтсэн. Ослын дараа Жаргалтхаан сумын эмнэлэгт анхны тусламж үзүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэгт зүүн хөлд нь гибс тавьж өгөөд эмнэлгийн автомашинаар Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж баруун хөлөндөө төмөр суулгасан, түнхний үеийг нь хадсан. Үүнээс хойш 2012 оны 06 дугаар cap хүртэл хэвтэрт байсан. Тэгээд 2012 оны 06 сард 2 суга таягтай өндийсөн боловч түнхний гэмтэл сайн эдгэрэлгүй баруун хөл нь богиносоод хатингиршсан байсан, тэгээд 2013 оны 06 дугаар сард энэ гэмтсэн түнхний үеэ солих хагалгаанд орж, баруун хөлд урьд бэхлүүлсэн төмрөө авахуулсан. Энэ хагалгаанаас хойш бол бие засахдаа бүтэн сууж чадахгүй болохоор өндөр сандал энэ тэр байрлуулж бие засдаг байсан. Одоо ч гэсэн баруун хөлийн тавхайгаараа бүтэн гишгэж чадахгүй, өндийж явдаг, бас хажуугаар нь сүүлийн үед зүүн хөлдөө гол ачааллаа өгч явдаг болохоор нуруу нь их өвдөх болсон. Энэ гэмтлээс бол  урьд нь олгой нь дотроо хагараад хүнд хагалгаанд орж байсан, дараа энэ гэмтлээс болж 2 удаа, мөн хамгийн сүүлд эвэрхийн хагалгаанд орж нийтдээ 4 удаа хагалгаанд орсон. Хагалгаанд олон удаа орсноосоо болоод тэр үү мартамхай болсон, заримдаа ярих гэсэн юмаа мартчихдаг, сандрах юм бол юу ярих гэж байснаа ч мартчихдаг болчихсон доо” гэх мэдүүлэг /1-р хх-н 135-136 хуу/

Насанд хүрээгүй гэрч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Тэгээд гэр лүү явж байх замдаа Б  ах “танайд очиж авсан архиа ууя” гэж хэлсэн, гэхдээ Б  ах өөрөө архиа задлаад замдаа уугаад яваад байсан, аав бол жолоо барьж байгаа гээд уугаагүй, би арынх нь суудал дээр нойр хүрээд нойрмоглох маягтай явж байсан. Тэгээд явж байтал нэг мэдсэн аав “юун модтой уул вэ? Б  ахаа хаана яваад байна” гэж асуусан, би аавыг гайгүй байсан болохоор Б  ах бид хоёроор тоглоод байна гэж бодсон, тэгээд замаар нилээн явж байтал бид нарын араас машины гэрэл гарсан, Б  ах “тэнд гэрэл гарлаа, машин явж байна” гэсэн, аав “Ашгүй дээ” гэх утгатай зүйл ярьсан, би сайн санахгүй байна. Тэгээд аав машинаа зогсоосон, араас явж байсан манай машины баруун талд зэргэлдээ ирээд зогссон. Аав машиныхаа цонхыг онгойлгоод нөгөө машины хүмүүстэй “Ахынх нь толгой эргээд байна, хаана явж байна, ах нь энд нэг дүүгийндээ очих гэсэн юм” гэж хэлсэн, тэгсэн нөгөө машинаас нэг бууж ирээд /миний бодож байгаа ард талынх баруун хаалганаас бууж ирсэн байх гэж бодож байна/ манай машины хажууд ирээд аавыг Б гээд баахан юм яриад байсан, би нойрмог байсан болохоор яг юу яриад байгааг нь санахгүй байна, тэгтэл аав машинаас буусан, тэгсэн манай машин түг түг гээд хүн налаад байгаа юм шиг дуу гарахаар нь би машинаас буусан. Тэгтэл нөгөө нас барсан ах аавыг заамдчихсан түлхэж мүлхээд байсан, аав хөл муутай болохоор шууд сөгдөөд унасан. Би очоод аавыг босгосон, энэ үед нөгөө машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр бууж ирсэн. Эрэгтэй нь болохоор аймар ууртай гүйж ирээд аавыг гараараа зүүн шанаа руу нь хэд хэдэн удаа цохисон, би энэ үед яг аавын хажууд байсан. Нөгөө нас барсан ах мөн аав руу дайраад байсан, ааваас ерөөсөө холдоогүй. Тэр сүүлд машинаас бууж ирж аавыг цохисон ах нь гартаа архи шил барьчихсан байсан, дотроо архитай байсан эсэхийг мэдэхгүй байна, аав толгойг нь дараад тонгойлгосон чинь тэр ах “ална аа чамайг” гээд салтаандаа архины шилээ барьчихсан харагдсан, би араас нь шилийг нь булаагаад авъя гэсэн боловч авч чадаагүй, би нэг л удаа шилийг нь авах гэж оролдсон. Тэгээд би айсандаа чихээ дараад зөндөө бахирсан, би тэр 2 ахад “Та нар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэж хүртэл хэлсэн, мөн машинаас сүүлд бууж ирсэн эмэгтэй нөхрийгөө авахын оронд аав руу дайраад аавын шилэн хүзүүнээс 2 гараараа зулгаагаад байсан. Би тэр эгчид хандаж нөхрийгөө аваач ээ гэж зөндөө бахирсан, харин нөгөө эгч болохоор “энд тэгвэл насгүй хүн явж байна, чи яах юм бэ пизда минь” гэж надад хэлсэн, намайг өөрөөр зөндөө муухай хараасан. Б  ах болохоор энэ бүх үйл явдал болж байхад машинаас гараад ирчихсэн гадаа байсан, тэгсэн мөртлөө ерөөсөө салгах гэж оролдоогүй, архиндаа согтоод бараг тасарчихсан байсан, замдаа ганцаараа архи шилээр нь уугаад яваад байсан. Би тэр хэдээс айгаад аав руу ойртож чадахгүй байсан, тэгтэл аав “миний охин” гэж намайг дуудсан, тэгээд “О  ахыгаа дууд” гээд хүмүүсийн хөлөн завсраар гар утсаа над руу шидсэн. Би утсыг нь аваад О  ахын ...........  гэсэн дугаар луу залгасан, харин О  ах утсаа аваагүй. Аав утсандаа миний ........... дугаартай сим картыг хийчихсэн байсан, би энэ дугаараас О  ах руу залгасан. Тэгтэл нас барсан ахын нөгөө нэг ах нь намайг хараад “Ална аа чамайг” гээд намайг хөөсөн, би айгаад хашгирсан, тэгтэл манай машин асаад урагшаа хөдөлсөн, би машиныхаа араас гүйсэн бахираад гүйсэн, тэгтэл тэр дороо зогссон, би арын хаалгаар нь машиндаа үсрээд л суусан, тэгээд тэрнээс хойш яг юу болсон гэдгийг тодорхой сайн санахгүй байна. Ямар ч гэсэн түс гээд нэг юм дайрчих шиг болсон, би хүн дайрсан гэж яг тэр үед мэдээгүй. Тэр газраас хөдлөөд явж байхад аав уйлаад “миний охин дүү нараа сайн хараарай, ээжийнхээ үгэнд сайн ороорой, аавыгаа тэврээд яв” гээд байсан, тэгээд би аавыг хүн дайрчихсан юм байна гэж ойлгосон. Тэндээс яг хаагуур яваад байгаагаа мэдээгүй, нэг явсан газраа эргэлдээд байх шиг байсан, хэсэг хугацааны дараа аав машинаа зогсоогоод гадаа гараад “Хүүхдүүдээ л үнсэх юмсан, миний ганцхан хүсэл” гэж хэлсэн. Тэгээд замаа олсон бололтой эхлээд О  ахынхаар орсон, би аавыг дагаад гэр рүү орсон. О  ахынд ороод аав минии өмнө сөгдөж суугаад аавыгаа уучлаарай гээд намайг үнссэн, аав машинаа О  ахын гадаа үлдээгээд О  ахаар гэрлүүгээ хүргүүлсэн, харин Б  ах О  ахын хажуугийн айлд үлдсэн, би мөн О  ахын эхнэртэй нь гэрт нь үлдсэн. Хэсэг хугацааны дараа аав О  ахтай эргэж ирээд Оюу эгчдээ үнсүүлмээр байна гэж хэлсэн, тэгээд тийшээ явсан. Би Оюу эгчийнд үлдсэн, аав О  ах гараад явсан. ... Аавыг салгах гээд зууралдаж байхад намайг түлхэж холдуулаад байсан, хэн нь түлхсэн гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ биед учирсан гэмтэл шарх байхгүй. ...Би хараагүй, аавыг тэвэрч байхдаа нүүрийг нь тэмтэрхэд гар нойтон оргиж байсан, цус л болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-н 138-139 хуу/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...тэгээд Бархын гүүр гараад зүүн гар тийшээ эргэх гээд баруун гар тийшээ эргэсэн юм шиг байгаа юм тэгж яваад нэг машинтай таараад зам асуугаад би ногоон Б гийнд очих гэсэн юм гээд асуусан тэгсэн арын суудал дээр зорчиж явсан хүн ногоон Б  чинь чи биш үү? гэсэн чинь чи намаиг ногоон Б  гэдэг хэн бэ? гээд түүнээс болоод муудалцаад хоорондоо барьцалдаж аваад ноцолдсон тэгээд талийгаач, Б нэг эмэгтэй хүн байсан тэр хэд нийлээд намайг зулгаагаад би ноцолдоод байсан тэгээд би машинаа асаагаад буцаж зүүн гар тийшээ эргээд хойшоо эргээд давхиж байгаад миний шар хөдлөөд би буцаж ирээд Б ыг дайрсан юм би тухайн үед 2-оос 3-н хүнтэй ноцолдоод дийлээгүй юм тэгээд шар хөдөлсөн байх тэгээд буцаж эргээд нөгөө хүнийх нь хөл хавиар нь дайрсан тухайн үед их сандраад баруун гар талаар нь гараад шууд гэрлүүгээ явсан тэгээд төөрөөд Дамбын Б гийнд очоод зам асуугаад давхисан чинь дүү Очирбатынд очсон тэгээд тэнд охин А г орхиод гэртээ очоод хань хүүхдээ үнсээд эхнэртээ би хүн дайрчлаа гэж хэлээд буцаж дүүгийндээ Очирбаттай очоод байж байсан юм. Зам асуусан чинь миний машины толийг шүргээд түүнээс болж хоорондоо маргалдсан юм. Би зугтаагаад нэлээн ширүүн эргэсэн юм тэгээд эргэтэл л тас няс буугаад явчихсан юм. ...Намайг машинтайгаа эргэтэл урд шилэн дээгүүр хүн цохигдоод унсан юм тэрийг бол мэдэж байгаа юм тэгэхээр нь би охиныгоо л дайрчихлаа гэж бодсон сүүлд хүний хөл дайрсныг мэдэхгүй байгаа юм би тухайн үед их балмагдсан байсан байх. Тухайн үед би кабиндаа гурвуулаа явсан манай охин, Данзан Баяр гуай бид хэд явсан тэр машинд лав гурван эрэгтэй 1 эмэгтэй хүн байх шиг байсан. Талийгаачийг би урьд нь танина манай нутгийн хүүхэд урьд нь бид хоёр сайдаж муудаж байгаагүй би дайрья гэж дайраагүй санамсаргүй юм боллоо. Данзан Баяр ах миний хажуу талын урд суудал манай охин арын суудал дээр зорчиж явсан. Тухайн үед харанхуй байсан дөнгөж эргэтэл тас няс хийгээд явчихсан зогсоох ямар ч арга хэмжээ авч чадаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-н 140-141 хуу/

Гэрч О.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчим байх манай гэрийн хаалгыг маш хүчтэй татаж цохисон. Би босоод  хаалгаа онгойлгож өгөхөд Б  ах охин А тай хамт манайд орж ирсэн. Б  ах  би хүнтэй муудсан, хүн мөргөчих шиг боллоо. Би гэртээ очиж хүүгээ үнсмээр байна намайг хүргэж өг гэсэн. Охин А  нь уйлаад байсан би тэгээд хувцасаа өмсөөд гэрээс гарахад манай гадаа Б  ахын Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би өөрийнхөө тээврийн хэрэгслийг асаагаад Б г суулгаад Б  ахын гэрт очсон. А  манайд үлдсэн. ... Б  ах эхнэр хүүхдүүдээ үнсээд би явлаа Оюун эгчид үнсүүлнэ гэсэн. Эхнэртээ Б  ах хүн дайрчихлаа гэж хэлсэн эхнэр нь  согтуу битгий тэнэгтээд бай гэж байсан. Тэгээд бид  хоёр буцаад манайд ирж А г аваад Үүрцайхын гэрт очсон. ... Үүрцайхын гэрт ороод манай ээж Оюунд үнсүүлсэн бас хүн дайрсан тухайгаа хэлсэн ” гэх мэдүүлэг /1-р хх-н 143-144 хуу/

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Өчигдөр орой буюу 2019.03.29-ний орой би 21 цаг өнгөрөөгөөд унтаж амарсан юм. Намайг унтаж байтал шөнө Б , эгчээ эгчээ гээд гүйгээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь цочиж сэрээд юу болов, яачихав аа гэсэн чинь дүү нь хэрэг хийчихлээ, хүн дайрчихлаа гэсэн. Тэгснээ тандаа үнсүүлэх гээд дүү нь хүрээд ирлээ гэхээр нь хацар дээр нь үнссэн чинь гүйгээд гараад явчихсан. Тэгээд удалгүй цагдаа ирчихсэн байна, Б  баригдчихлаа гэсэн. Би энэнээс өөр зүйл мэдэхгүй. ... Б  өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Иймэрхүү хэрэг хийхээр хүн гэж бодохгүй байна. Би Б г гайгүй томоотой, тохитой залуу гэж боддог. Хааяа нэг архи уучихдаг, уухаараа агсам согтуу тавиад байдаггүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-н 152-153 хуу/

Гэрч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний хүүгийн хувьд уг нь ийм хэрэг хийхээргүй хүн дээ, тэр зам тээврийн осолд орсноос хойш сэтгэл санаагаар унах болсон, их хөдөлмөрч ажилч хүн, үүнийхээ үр дүнд өдий зэрэгтэй амьдарч хүнээс дутахгүй амьдарч байгаа, багаасаа ийм мал хуйтай байгаагүй, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрээд байгааг нь нутгийн хүмүүс бүгд мэднэ дээ. Яг л сайхан амьдрал тогтож түвшин сайхан болж ирээд ийм асуудалд холбогдчихлоо. Одоо ард эхнэр хүүхдүүд нь үнэхээр их хэцүү байдалтай байна, одоохондоо бол ах дүү нар тусалж дэмжээд болж байна, яваандаа яах юм гэдгийг ёстой хэлж мэдэхгүй байна, хорвоо хатуу юм чинь яаж хийгээд үлдсэн хэд нь амьдрах л байх, арай ч ийм хэрэг хийх хүн биш дээ, тэр өдрийнх нь гай л байдаг байх даа” гэх мэдүүлэг /1-р хх-н 164-165 хуу/

Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Бид хоёр эх нэгтэй эцэг өөр төрсөн ах дүүс байгаа юм. Миний ахын хувьд нэг их айхтар элдэв муу зангүй, гэр бүл эхнэр хүүхдүүдээ хайр халамж сайтай тийм л хүн. Бидний хувьд багадаа бол бас л хэцүү амьдрал туулсан, ах маань ёстой өөрийнхөа хөдөлмөрөөр өдий зэрэгтэй гэр бүл ах дүү нар авч яваа хүн байгаа юм. Ямар учраас ийм хэрэгт холбогдсон талаар ёстой мэдэхгүй байна аа, ард нь үлдэж байгаа эхнэр хүүхдүүд нь одоо бол маш хүнд байдалд байна, 2 том сургуульд соёлд сурдаг, 2 бага нь гараас гараагүй жоохон хүүхдүүд байгаа, мал хуйгаа харах хүн хүч ч байхгүй хэцүү байна даа” гэх мэдүүлэг /1-р хх-н 166-167 хуу/

Гэрч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б  нь өөрийнхөө хөдөлмөрөөр малжсан залуу байгаа юм, ядуу зүдүү амьдралтай байсан, тэгээд эхнэрийн хамт хөдөө гарч жинхэнэ өөрийнхөө хөдөлмөрөөр 1000-т болтлоо малжсан. Хэдэн онд билээ осолд орж хоёр хөлөө хугалаад түүнээс хойш малчин их авч ажиллуулдаг байсан. Уг хүний хувьд бол хаяа архи уудаг, гэхдээ бол цайлган цагаахан, юманд их итгэмтгий. Хурх багийн тэр хавийн айлуудыг хамруулсан ойн нөхөрлөлийн ахлагчаар би ажиллаж байлаа, тэр үед манай нөхөрлөлд байдаг байсан, тэр үед ажиглаж байхад жоохон зожигдуу, олон нийтийн ажилд тэр болгон оролцоод байдаггүй хүн байна гэж бодогдсон. Нутаг усныхан нь айхтар ам сайтай байдаггүй, ямар учраас гэдгийг нь би мэдэхгүй. Миний бодлоор бол мал багатай байхад нь тэр хавийн мал ихтэй айлууддаа шахагддаг байсан юм шиг байгаа юм, тэгээд өөрөө малжаад ирэхээр тэр хүмүүстэйгээ мөчөөрхөөд байдаг байх гэж боддог. Эхнэр хүүхдүүддээ бол их сайн хүн, хүүхдээ л байнга ярьдаг даа” гэх мэдүүлэг /1-р хх-н 168-169 хуу/

Гэрч Д.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Энэ хүнийг багаас нь би бол сайн мэднэ, сургуульд байхын төлөв даруу хүүхэд байсан, хүнд тусархаг сайхан сэтгэлтэй, янз бүрийн хэл, хэрэгт холбогдлоо гэж сонсож байгаагүй, нутаг усандаа ч нэртэй, хүнээс асуухад ч хэлнэ дээ. Ер нь багын их хөдөлмөрч их ажилсан хүүхэд байсан, сайхан сэтгэлтэй хүн байгаа даа. 2 том охин нь манай сургуулийн 9-р анги төгссөн, хүүхдүүдээ бол маш сайхан хүмүүжүүлдэг, сургуулиас зохион байгуулсан уралдаан тэмцээнд хаяа нэг хандив туслалцаа үзүүлдэг, хүүхдүүдийнхээ төлөө бас хөрөнгө оруулалт хаяа хийнээ бас, том охин нь12 дугаар ангиа онц төгсөөд урилгаар МУИС-д орсон, дараагийн охин нь одоо Өмнөдэлгэр "сумын сургуульд сурдаг, чөлөөт билүү самбо бөхөөр хичээллэдэг, аймгийн аварга болж байсан, ер нь их амжилттай байгаа гэж манай багш нар ярилцаж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 170-171 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай

1. Талийгаачийн цогцост цээжний зүүн талын II, III, IV, V, VI, VII, VIII, IX-p хавиргануудын шууд хугарал, зүүн IV, V, VI, Vll-p хавиргануудын 2-лсон, цээжний баруун талын II, III, IV, V, VI, VII, VIII, IX, X, Xl-p хавиргануудын 2-лсон хугарлууд, бүсэлхүйн нугаламын их бие хэсгийн бүрэн салсан хугарал, нугасны бүрэн тасрал, зүүн бугалга яс болон баруун шилбэний яснуудын шууд хугарал, баруун, зүүн уушигны эдийн язрал, урагдал, элэгний дэлбэн хэсгийн язрал, зүүн бөөрний өөхөн эдийн цус хуралт, духны зүүн дээд хэсэг, зүүн хацарын төвгөр хэсгүүдийн зулгарсан шарх, зүүн хөмсөгний дотор доод хэсгийн язарсан шарх, духны зүүн дээд хэсэг, хамарын нуруу хэсэг, хамарын баруун угалз хэсэг, зүүн хацарын төвгөр хэсэг, хамарын баруун угалз хэсгүүдийн цус хуралт, духны дунд хэсэг, баруун хөмсөгний гадна хажуу хэсэг, дээд уруулын баруун дээд хэсэг, баруун хацарын төвгөрийн доод хэсэг, доод эрүүний баруун хажуу хэсэг, баруун мөрний дотор хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсэг буюу 3-р хурууны хэсэг, баруун гарын шууны гадна доод хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, цээжний урд дунд доод хэсэг, баруун хөлийн гуяны дотор доод хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Автомашинд дайруулах болон мөргүүлэх үед үүсэх боломжтой.

4. Талийгаачийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтын хэмжээ болно.

5. Талийгаач нь элэгний хатуурал, хавдар архаг өвчтэй байх ба үхэлд нөлөөлөөгүй болно.

  6. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

  7. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх-н 185-186 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2259 дугаартай

  1. ......улсын дугаартай автомашинд үзлэг хийж авсан гэх автомашины урд гупер дээрээс авсан арчдас, шороо дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна.
  2. ......улсын дугаартай автомашинд үзлэг хийж авсан гэх автомашины жолооч талын под криллоо дээрээс авсан арчдас дээр цус илрээгүй гэх дүгнэлт /1-р хх-н 202 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 153 дугаартай

  1. Г.Г ын биед зүүн хөлийн шагайн үе болон тавхай хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал, зүүн гуяны дотор дээд хэсэг болон зүүн хөлийн шагайн үений дотор хэсгүүдийн  цус хуралт  бүхий гэмтлүүд тогтоогдсон.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 205 хуу/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл /1-р хх-н 4 хуу/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 5-13 хуу/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургий үзүүлэлт /1-р хх-н 14-18 хуу/,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 19-25 хуу/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-н 38-39 хуу/, эд хөрөнгийн үнэлгээ /1-р хх-н 40-41 хуу/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 105 хуу/, тухайн үед шүүгдэгч Ц.Б  өмсөж авсан хувцасны гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 220-222 хуу/, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 034 дугаартай  Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 218  хуу/, Ц.Б  4 хүүхдийн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхний хуулбар /2-р хх-н 8-9 хуу/, Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргын тодорхойлолт, 4 дүгээр хуудсанд Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-н 3 хуу/,  Ц.Б нь 2011 онд зам тээврийн осолд орж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан баримтууд /2-р хх-н 108-115 хуу/,  хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /2-р хх-н 116 хуу/,  Ц.Б  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /2-р хх-н 12 хуу/, хохирогч Б.Хонгорзул, Ч.Хадцэрэн нарын хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлсан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, тухайн нотлох баримтууд нь хэрэг хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Ц.Б д хоёр буюу түүнээс олон хүнийг алахыг завдсан санаа, зорилго байгаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх талаарх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүхээс улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугаларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн хохирогч Г.Г ыг алахыг завдсан гэх сэдэлт, зорилго тогтоогдохгүй байна гэж үзлээ. Тухайн үед шүүгдэгчийн зүгээс хохирогч руу шууд чиглэсэн бодит заналхийлэл бий болоогүй байна. Энэ нь шүүгдэгч гэрийн зүг явахын тулд машинаа эргүүлсэн, хохирогч замын голд зогсож байсан, түүнийг машинаар шүргэж унагаасан, тэдний хооронд урьд нь ямар нэгэн таарамжгүй харилцаа, заналхийлэл үүсэж байгаагүй, шүүгдэгч хүссэн тохиолдолд гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрэн хангагдсан байсан зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Завдалт гэдэг нь урьдаас төлөвлөсөн үр дагаврыг бий болгоход чиглэсэн тодорхой зорилго бүхий идэвхитэй ажиллагааг ойлгодог тул энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хохирогчийн автомашинд шүргүүлсний улмаас учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогч Г.Г ыг алахыг завдсан талаарх сэдэлт, зорилго нь тогтоогдоогүй тул түүний энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.    

 Хохирогч Ч.Б ыг автомашинаар дайрч алсан гэмт хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 03 сарын 29-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Батширээт сумын Барх багийн нутаг Номгон гэх газар Ч.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар өөрийн өмчлөлийн ......улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ч.Б ыг дайрч алсан үйл баримт нь

Хохирогч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би архи уугаад согтсон байсан болохоор унтаж явсан гэдгээ урьд хэлсэн байх, тэгээд гэнэт л шуугилдаад би сэрсэн, тэгэхэд миний сууж явсан машины гэрэл асаалттай байсан, тэгтэл машины гэрэл тусаад нэг хүн үсрээд л явчихсан...” гэх мэдүүлэг

Гэрч О.Д гийн “...нөхрийгөө салгаж аваад тэр хоёрын дунд ороод нөгөө охинд аавыгаа аваад яв гэж хэлсэн, тэгсэн нөгөө охин аавыгаа сугадаад ааваа явъя аа явъя аа гээд чирээд машинд нь суулгасан, би нөхрийгөө машинаа очиж асаа явъя гэж хэлээд манай нөхөр машиндаа очиж суугаад машинаа асаагаад цонхоор хурдлаарай явъя гэж дуудсан, тэгээд нөгөө охин өөрөө бас арынх нь хаалгаар суусан. Тэгээд тэр доороо хөдлөөд урагшаа чиглээд явсан. Би талийгаачийн араас нь хурдан машиндаа очиж суу гэж хэлээд явж байтал нөгөө машин урагшаа явж байснаа хойшоо эргээд бид нарыг чиглээд хүчтэй хаазлаад ирсэн, би яг дайруулах нь гэж бодоод айсандаа машин руугаа гүйж ороод хаалгаа хаатал, нөгөө машин яг замын голд явж байсан талийгаачийг маш хүчтэй мөргөсөн, талийгаач нилээн хол шидэгдэж унасан, тэр машин ямар ч зогсох үйлдэл хийгээгүй, тэр мөргөсөн чигтээ хойшоогоо явчихсан...” гэх мэдүүлэг

Гэрч С.Б “...талийгаачийг аваад явах гээд би руль дээрээ суугаад явья машиндаа суу гээд талийгаачийг суулгах гээд байж байсан чинь хар өнгийн Приус урагшаагаа хөдлөөд буцаж эргээд талийгаачийг зам дээр зогсож байхад хүчтэй хаазлаж ирээд мөргөж унагасан...” гэх мэдүүлэг

Гэрч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б  тэр хүмүүстэй зодолдоод урагшаагаа нэлээн ууртай машиндаа орж ирээд огцом хөдлөж давхиад буцаж эргээд Марк-2 машины зүүн талд зогсож байсан хүнийг урд хамраараа мөргөж унагаад буцаж эргээд машины хажууд байсан нэг хүнийг мөргөөд цаашаа явсан...” гэх мэдүүлэг

Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Мөн талийгаачийн цогцосны зүүн талд замын гадна хэсэгт огцом хөдөлсөн бололтой дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр байсан. Тухайн мөр нь замын зүүн талаар зүүн урагшаа чигтэй 40 орчим метр яваад баруун тийшээ эргэж замдаа ороод хойшоо чиглэн талийгаачийн цогцос байсан газрын яг зүүн талаар гарч тэндээсээ баруун хойшоо даялаад мөн 30 орчим яваад эргэж зүүн тийшээ эргэж тойроод урагшаа чиглэн зам руугаа орсон байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүнийг алсан гэх дээрх үйл баримтыг эс зөвшөөрч мэтгэлцсэнгүй.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч нь өөрийн өмчлөлийн ......дугаартай Приус маркийн автомашиныг ашиглан хохирогч Ч.Б ыг дайрч алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

          Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, бие биедээ хүндэтгэлгүй харьцсан харилцаанаас үүдэлтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид нь санал нэгтэйгээр шүүгдэгч Ц.Б г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Хадцэрэн нь “Б  нь оршуулгын зардалд 5.630.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 14.000.000 төгрөг болон 5 тугалтай үнээг өгч хохирол барагдуулсан тул  миний зүгээс дахин нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх, Амь хохирогчий хууль ёсны төлөөлөгч Б.Хонгорзул нь “Б гээс оршуулгын зардалд 5.630.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 14.000.000 төгрөг болон 5 тугалтай үнээг 5.000.000  төгрөгөнд бодож авсан тул  миний зүгээс дахин нэхэмжлэх зүйлгүй”  гэх нотариатаар гэрчлүүлсэн баримтуудыг шүүхэд гаргасан мөн хохирогч Г.Г  шүүх хуралдаанд “эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Б д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялуудыг нэмж нэгтгэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 115 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, ялаас хасах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсээс шүүгдэгчийн дээл, майк зэргийг шүүгдэгчид буцаан олгож, бусад эд зүйлийг устгаж, битүүмжлэгдсэн ......улсын дугаартай автомашиныг хурааж улсын орлого болгох дүгнэлтийг

          Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ц.Б г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нараас нэхэмжилсэн хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар 8 жилээс доош ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоногийн буюу нэг сарын хорих ялыг оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоож дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Ц.Б д 8 жилээс доош хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан боловч дээрх гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний биед хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн хор уршиг үлэмж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 48 цаг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан,  2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, нийт цагдан хоригдсон 115 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн никель тольны хүрээ, 3 ширхэг хуванцар хагархай, шар өнгийн тотготой ногоон өнгийн саравчтай малгай,  цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дээж, ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер хэсгээс авсан цус гэж  хаягласан дээж 1 ширхэг, ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн под крило дээрээс авсан дээж 1 ширхэг, талийгаач Ч.Б ы өмсөж явсан гэх шаргал ноосон цамц 1 ширхэг, саарал даавуун дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээтэй хар өнгийн  өмд 1 ширхэг, урд энгэр нь цэнхэр бусад хэсэг нь хар цамц 1 ширхэг, саарал өнгийн  босоо захтай богино ханцуйтай цамц 1 ширхэг,  дотоож 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн куртик  1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал зэргийг устгаж, шүүгдэгчийн өмсөж явсан гэх дээл 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун материал бүхий энгэр нь урагдсан даавуун майк 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэргийн хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн ......дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь тогтоогдсон тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.   

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар  зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгЧ Ц.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгай.
  2. Шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Шүүгдэгч Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хугацааг 8 /найм/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б д оногдуулсан 8 /найм/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б  цагдан хоригдсон 115 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 9.500.000 төгрөгийн үнэ бүхий Приус-20 маркийн ......улсын дугаартай автомашиныг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн никель тольны хүрээ, 3 ширхэг хуванцар хагархай, шар өнгийн тотготой ногоон өнгийн саравчтай малгай,  цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дээж, ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер хэсгээс авсан цус гэж  хаягласан дээж 1 ширхэг, ......улсын дугаартай тээврийн хэрэгслийн под крило дээрээс авсан дээж 1 ширхэг, талийгаач Ч.Б ы өмсөж явсан гэх шаргал ноосон цамц 1 ширхэг, саарал даавуун дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээтэй хар өнгийн  өмд 1 ширхэг, урд энгэр нь цэнхэр бусад хэсэг нь хар цамц 1 ширхэг, саарал өнгийн  босоо захтай богино ханцуйтай цамц 1 ширхэг,  дотоож 1 ширхэг, юүдэнтэй хар өнгийн куртик  1 ширхэг, хар өнгийн түрийтэй 1 хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгчийн өмсөж явсан гэх дээл 1 ширхэг, хар хөх өнгийн даавуун материал бүхий энгэр нь урагдсан даавуун майк  зэргийг шүүгдэгч Ц.Б д буцаан олгосугай.
  9. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.БАТБАЯР