Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 225/МА2025/00037

 

 

 

 

 

 

2025 11 05 225/МА2025/00037

 

Т.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/01084 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Уын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Бд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Д.Бтай 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 0000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.Л, 0000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүү Б.М нар төрсөн. Бид сайхан амьдарч байсан боловч 2020 оноос хойш Д.Бн зан ааш хувирч, хардах өвчтэй болж, худлаа ургуулан бодож, түүндээ бодит мэт итгэж намайг хэвтэрт ортол зодож байсан удаатай. ...2023 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна.

Иймд гэрлэлтээ цуцлуулна. Хүү Б.Мг өөрийн асрамжид авч, эцэг Д.Бгаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг авна. Эд хөрөнгийн хувьд ярилцаад шийднэ, маргаангүй... гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Т.У гэрлэлтээ цуцлуулмаар байгаа бол зөвшөөрч байна. Эсвэл У ажлаасаа гараад гэр бүлээ авч үлдье гээд хүрээд ирвэл хамт амьдрах боломжтой. Хүү Б.Мг ээжийнх нь асрамжид өгье. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Хадгаламжид хийгээд байж болно. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй. Өвөлжөөний хашаа байгаа. Хэдэн цөөн тооны мал байгаа. Авна гэвэл авна биз. Бид хоёр 2 талд ажил хийж байгаа болохоор оюутан хүүхдээ зохицуулаад байж болно. ...Т.У нь миний найзтай хэд хэдэн удаа машинд нь суугаад алга болж байсан болохоор хардаад нэг удаа зодсон нь үнэн. Би зөндөө уучлалт гуйсан. ...20 жил хамт амьдарсан болохоор гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хэрэв гэрлэлт цуцлуулбал хүү Б.Мг ээжийнх нь асрамжид өгнө, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй... гэжээ. 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/01084 дүгээр шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Хар хуулар овогт Тийн У, Боржигон овогт Дын Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 0000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Мг эх Т.Уын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 0000 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Мг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Бгаас гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Ут олгож, нэхэмжлэгч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлээгүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.У нарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Б давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Т.Уын гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг хариуцагч болох би эс зөвшөөрч шүүх хуралдаанд маргах байсан. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа боловч хүүхдийн асрамжид маргаантай байсан. Анхан шатны шүүх оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бага хүү М нь хадам аав ээжтэй хамт амьдардаг. Би бага хүү Мг өөрийн амрамжид авна гэж нэхэмжлэл гаргасан ба би хариу тайлбартаа хүүгээ өөр дээрээ авбал ав гэж бичсэн. Гэтэл ээж нь өдийг хүртэл хүүгээ өөр дээрээ аваагүй би эцэг хүний үүргээ биелүүлж хүүгээ өсгөж, харж хандаж сургуульд нь сургаж байна. Гэтэл анхан шатны шүүх хүүгийн маань саналыг асууж энэ талаар асуусан эсэх нь тодорхойгүй, хэрэгт баримт цугларсан талаар надад огт танилцуулаагүй атал гэнэт шүүхийн шийдвэр надад ирсэн.

...Гэр бүлийн маргаантай хэрэгт гэр бүлийн хүмүүсийн нэг нь байхгүй байхад нөгөөг нь байлгаж байгаад хэргийг шийдвэрлэдэггүй заавал шүүх хуралдаанд оролцуулж шийдвэрлэх ёстой гэж хуульчаас сонссон. Үүнийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч, хариуцагч хэн хэн нь шүүх хуралдаанд оролцож хүүхдийн асрамж болон гэрлэлт цуцлах шалтгаан үнэхээр бий эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хариуцагч миний оролцоог ИХШХША-нд яагаад хангаагүй нөгөө талд шийдсэнийг гайхаж байна. Нэхэмжлэгчийн шаардлагынхаа үндэслэл болгосон нотлох баримт нь гэрлэлт цуцлах шалтгаан биш гэж би үзэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой бичигдсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1. Нэхэмжлэгч Т.У нь Д.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хариуцагч Д.Б нь ...Т.У гэрлэлтээ цуцлуулмаар байгаа бол зөвшөөрч байна. Эсвэл У ажлаасаа гараад гэр бүлээ авч үлдье гээд хүрээд ирвэл хамт амьдрах боломжтой. Хүү Б.Мг ээжийнх нь асрамжид өгье. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Хадгаламжид хийгээд байж болно... гэх агуулгаар тайлбар гаргажээ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Т.У, Д.Б нар нь 2002 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэгчдийн дундаас хүү Б.Л, Б.М нар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан 000 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 4-5, 40-р тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

3.Шүүх ...Т.У, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Мг эх Т.Уын асрамжид үлдээж, хариуцагч Д.Бгаас хүү Б.Мд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхойлон хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй байхаар зохицуулжээ.

Гэтэл шүүгч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №2255 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай, мөн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах тухай 320/ШЗ2025/03899 дугаартай захирамж тус тус гаргасан атлаа хэргийн оролцогч болох хариуцагч Д.Бд хэргийн материал танилцуулаагүй байна.

Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШЗ2025/04034 дүгээр захирамжаар хариуцагч Д.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон түүнтэй холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэл зааж нэхэмжлэгч Т.Уын гаргасан хариуцагчийг оролцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг хангаж хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн талаар Баримт №9 /Шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас/-т тусгасан, мөн уг баримтад 000 утас холбогдохгүй тул хурлын товыг мессеж бичиж явуулав. Ээж гэх 000 дугаарт залгахад утсаа аваагүй гэсэн тэмдэглэл бичсэнээс үзэхэд шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг хуралдаанд хүрэлцэн ирэх боломжит хугацааны өмнө мэдэгдээгүй нь түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэж дүгнэх үндэслэл болно.

4.Шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 131.3-т заасан тусгай зохицуулалтуудыг хэрэгжүүлж шийдвэрлэх боломжтой байжээ.

5.Иймд хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 6.Хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 320/ШШ2025/01084 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

 

ШҮҮГЧИД                              Б.СОСОРБАРАМ

 

Л.ЭРДЭНЭБАТ