| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/00617/И |
| Дугаар | 210/МА2025/01782 |
| Огноо | 2025-10-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01782
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******-ийн нэхэмжлэлтэй
*******-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрэний үүрэгт 18,732,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:
1.1. Манай ******* нь *******-тай 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АГГэрээ №2022/004 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” /ажлын хөлс 2,178,550 төгрөг/, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр АГГэрээ №2022/016 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” /ажлын хөлс 5,813,300 төгрөг/-г тус тус бичгээр байгуулсан.
Харин 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр захиалгын үндсэн дээр 768,000 төгрөгийн хөлс бүхий ажил, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захиалгын үндсэн дээр 5,808,400 төгрөгийн хөлс бүхий ажил, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 168,100 төгрөгийн хөлс бүхий шилэн хийц, хийцлэлийн ажлыг аман гэрээний дагуу тус тус гүйцэтгэсэн.
Дээр дурдсан буюу амаар болон бичгээр байгуулсан гэрээнүүдийн дагуу хийсэн ажлын нийт хөлсний хэмжээ 14,736,350 төгрөг болсон.
Мөн талуудын бичгээр байгуулсан АГГэрээ №2022/004 тоот болон АГГэрээ №2022/016 тоот гэрээнүүдийн 4.2-т “Захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж тодорхой заасан. Ийнхүү тооцоолоход NQ2022/004 тоот гэрээний алданги 1,089,275 төгрөг, №2022/016 тоот гэрээний алданги 2,906,650 төгрөг, нийт 3,995,925 төгрөг болж байна. Бид аман гэрээгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хувьд хуульд заасны дагуу алданги тооцоогүй болно.
Иймд *******-аас ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үндсэн төлбөр 14,736,350 төгрөг, алданги 3,995,925 төгрөг, нийт 18,732,275 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хүсэлтдээ “нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн агуулга тусгасан боловч өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарласан дэлгэрэнгүй үндэслэл бүхий хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-аас 18,732,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,611.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 251,611.40 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дүгээp зүйлийн 42.4 дэх хэсэгт “... хариуцагч тодорхой хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн авахаас татгалзана.” гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүний нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрлэнэ” гэж, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг үндэслэн шийдвэрлэнэ” гэж, энэ хуулийн 100.3-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.” гэсэн нь үндэслэлгүй.
4.2. Хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Мөн хариуцагчийн гүйцэтгэх захирал ******* миний биеийн байдал муу байсан тул хөдөө агаарт эмчлүүлж байсан бөгөөд шүүх хурлын товыг тулгаж мэдэгдсэн бөгөөд хуралд оролцохоор Улаанбаатар хот руу явах замд автомашин эвдэрснээс үүдэн хуралд оролцох боломжгүй болсон тухайгаа шүүхэд мэдэгдсэн боловч, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 72 дугаар зүйл, 100.3 дахь хэсгийн үндэслэлээр хариуцагчийн эзгүйд нэхзмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3. Мөн нэхэмжлэлийн шаардлагын 18,732,275 төгрөгөөс алданги 3,995,925 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06098 тоот шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, зохигч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18,732,275 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр АГГэрээ №2022/004 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” /ажлын хөлс 2,178,550 төгрөг/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр АГГэрээ №2022/016 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” /ажлын хөлс 5,813,300 төгрөг/-г бичгээр, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр захиалгын үндсэн дээр 768,000 төгрөгийн хөлс бүхий ажил, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр захиалгын үндсэн дээр 5,808,400 төгрөгийн хөлс бүхий ажил, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 168,100 төгрөгийн хөлс бүхий ажил шилэн хийц, хийцлэлийн ажлыг тус тус гүйцэтгэх тохиролцоог амаар байгуулж, ******* нь хуанлийн 14 хоногийн дотор гэрээнд заагдсан шилэн хаалт, хатжуулсан шилэн хана, хаалгыг стандартын дагуу суурилуулах графикт ажлыг хийх, дуусгавар болгох бүрийд гүйцэтгэгч талын санаачилгаар талууд ажил хүлээлцэх акт үйлдэх, захиалагч тал нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээ байгуулагдсанаас 2-3 сарын хугацаанд төлж барагдуулах, захиалагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-22/
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4.1. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.2. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №2022/004 тоот гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2022/016 тоот гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 24, 2023 оны 01 дүгээр сарын 05, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрүүдийн тохиролцооны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн болохоо шүүхэд баримтаар нотлоогүй, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №2022/004 тоот гэрээ, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №2022/016 тоот гэрээгээр талууд төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,736,350 төгрөг, алдангид 3,995,925 төгрөг, нийт 18,732,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
5.1 Хариуцагчийн төлөөлөгч нь “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбартаа илэрхийлсэн байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай гомдлыг хангахгүй.
Хариуцагч нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтэд “...нэхэмжлэлийг шууд хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж дурдсаныг хариу тайлбар гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлийг дурдаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь зохицуулалтыг баримтлан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
5.2. Хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал *******ын биеийн байдал муу байсны улмаас, хөдөө агаарт эмчлүүлж байсан бөгөөд шүүх хурлын товыг тулгаж мэдэгдсэн, шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хот руу явах замд автомашин эвдэрснээс үүдэн хуралд оролцох боломжгүй болсон тухайгаа шүүхэд мэдэгдсэн боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 72 дугаар зүйл, 100.3 дахь хэсгийн үндэслэлээр хариуцагчийн эзгүйд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг 2025 оны 07 сарын 29-ний өдөр мэдэгдсэн байх тул шүүх хурлын товыг тулгаж мэдэгдсэн гэж үзэхгүй, анхан шатны шүүхийн явуулсан шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журамд нийцсэн, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, мөн хариуцагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаараа шүүхэд мэдэгдсэн гэх боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.
5.3 Хариуцагч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн шаардлагын 18,732,275 төгрөгөөс алданги 3,995,925 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байх боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ давж заалдах гомдолд тодорхой тусгаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож гомдлын үндэслэлээ тайлбарлаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,885 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ