Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 214

 

 

   2019             07           18                                            2019/ШЦТ/214

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

Улсын яллагчаар И.Мөнхцэцэг

Хохирогч, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Энхбуйр

Хохирогч, шүүгдэгч О.У, түүний өмгөөлөгч Д.Хишигням нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Х.Б, Б овгийн О.У нарт холбогдох 1934002690208 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1980 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо Дээд салхит 9 дүгээр гудамж 1746 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Н овогт Х.Б /РД:__80011862/

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд “Мак” ХХК-д үйлчлэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамтаар Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг Үйлдвэрлэлийн 1-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх Б овогт О_У /РД:___84031968/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн н.Батбаатарын гэрт 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.У-ийг зодож эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан

Шүүгдэгч О.У нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн н.Батбаатарын гэрт 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь дух, баруун шанаа, хацар, хамар, эрүү, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч О.У “Миний хувьд Гэрэлтуяаг тэр үед анх удаа харсан. Өмнө нь танил байгаагүй. Тэр өдөр манайд ирснээсээ хойш  айлын гэрт биеэ зөв авч явахгүй айл хүндлэхгүй байсан. Орж ирээд намайг гутал тайл гэж хүртэл дургүй хүргэсэн. Янз бүрээр хэлж байсан. Айлыг ерөөсөө хүндлэхгүй, гэрт би 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Юм хэлхээр гичий чинь гэж харьцсан. Миний гутлыг тайл гэж хэлсэн. Тэрийг бүгд мэдэж байгаа. Бааранд орход бармен нь хүртэл тэр ямар айхтар хүүхэн авчираа вэ, айлын нөхөртэй гадаа гарч тамхи татаад, ямар янзын хүүхэн та нар авчираа вэ гэж хэлсэн. Бид нарын хувьд үгсэн нийлсэн юм байхгүй. Би тэр хүмүүстэй нийлээд байдаггүй. Тэр өдөр найзууд нь манайд ирсэн болохоор хамт байсан. Гэрэлтуяа, Байгальмаа хоёрыг тэр өдөр анх удаа харсан” гэв.

Шүүгдэгч Х.Б: “2019 оны 3-р сарын 31-нд танил Гэрэлтуяагийн хамт Төв аймгийн Батсүмбэр суманд ирсэн. Тэндээ бүжгэнд ороод дараа нь Батка гэдэг айлынд очоод тэгээд сумын төвийн бааранд орсон. Тэгээд тэр бааранд байж байгаад Баткагийн гэрт очсон. Тэнд  дандаа Гэрлээгийн ангийн олон найзууд байсан. Гэр нь халуун байсан болохоор би Баткагаас зөвшөөрөл аваад морийг нь унасан. Тэгсэн О.У нөхөртэйгээ гэртээ хэрэлдээд баахан бөөн юм болоод байсан. Би морь унаад байж байсан чинь чи хэний морийг унаад байгаа юм бэ, хэнд эрхлээд байгаа юм бэ гээд гарнаас татаж буулгаад үсдээд чирээд багалзуурдахад нөхөр нь хажууд нь байсан. Тэгээд би Гэрэлтуяад энэ хүн чинь намайг яагаад ингээд дарамтлаад зодоод байгаа юм бэ, би гэр рүүгээ явья гэсэн чинь Гэрэлтуяад өгсөн байсан миний цүнх утсыг өгөхгүй байсан. Тэгээд би эргээд гэртээ орсон чинь нөхрөө хардсан бололтой байн байн үсчээд над руу хумсаараа майжаад ална гээд намайг янхан, чи яах гэж миний нөхрийн толгойг эргүүлээд байгаа юм бэ гээд байн байн дайраад байсан. Миний ойлголтоор нөхөртэйгээ бааранд сууж байхад сандал нь нэг хүн босож явахад шахагдаж суудаг тавчуу сандал дээр сууж байсан. Тэгсэн нөхөртэйгээ хардах шалтгааныг найзууд нь “энэ чиний нөхрийн хажууд суугаад байна” гээд хэлсэн байсан. Олон удаа миний нүүрэнд хүрч, байн байн агсарч байсан. Би хүн танихгүй газар байсан болохоор яах ч аргагүй байсан. Дээр нь цүнх утас, машин маань тэдэнд байсан. Эд нар үгсэн нийлж миний машин, цүнх, утсыг маань өгөөгүй. Би энийг бол санаатай зохион байгуулалттай, анги хамт олон нийлж намайг ийм байдалд хүргэсэн гэж бодож байгаа” гэв.

Хохирогч Х.Байгальмаа: “Тухайн өдөр адилхан эмэгтэй хүн О.Уг миний нүүр рүү удаа дараалан майжсан. Тэгээд би гарч зугтаах гэсэн боловч хүн мэдэхгүй танихгүй газар байсан. Мөн миний цүнх, утсыг аваад өгөхгүй байсан. Тэгээд арга буюу гадаа хонохгүйн тулд эргээд гэрт нь орж ирсэн. “Чи янхан банзал хүүхэн миний нөхөртэй үнсэлцэж байдаг” гээд удаа дараалан байнга л над руу агсраад байсан. Эндээс бол ямар ч гарцгүй гэж бодоод О.У-тэй эвлэрээд тэр шөнөө хоносон. Маргааш нь миний нүүрийг ийм аймар болгосон байхыг харсан мөртлөө Гэрэлтуяа, Жавхлан, Мөнгөнчимэг нар нийлээд архидаад байсан. Тэгээд тэндээс гараад цагдаад очиж мэдүүлэг өгсөн” гэв.

Хохирогч О.У: Миний хувьд нүүрэн дээрээ маш олон шарх сорвитой болсон байгаа. Тэгээд энэ хэргээс болоод би ажилгүй 35 хоног гэртээ суусан. Тэгээд уржигдар 16-нд би ажилдаа явах байсан боловч олон удаа байцаалтанд, шүүх рүү явах гэж чөлөө авсаны улмаас намайг ажлаас халсан. Ажилгүй байсныхаа бүх тэтгэмжийг гаргуулмаар байна. Би ажлаас тойрхоо авчирч байж дахин Иргэний шүүхэд хандана гэж бодож байна. Гомдолтой байна. Би бас өөрөө буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна. Манай гэр бүлийн асуудал хүнд байгаа, шүүх рүү ирэх зардал, нөхөр бид хоёрын хувьд энэ асуудлаас хойш байнгын эвдрэлтэй, хүүхдүүдийн хувьд одоо сургууль орох гээд хичээл номны юмнуудыг би олох ёстой байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Х.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, хохирогч О.У-ийн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/, хохирогч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 14 тал/, гэрч Х.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, гэрч О.У-ийн мэдүүлэг, гэрч О.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн  20-24 тал/, гэрч А.Жавхлангийн мэдүүлэг /хх-ийн 18 тал/, гэрч Б.Өлзийцэцэгийн мэдүүлэг, гэрч З.Гэрэлтуяагийн мэдүүлэг /хх-ийн 23тал/, 214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 тал/, шинжээчийн №4112 дугаартай дүгнэлт /хх-ийн 29 тал/ зэрэг болон хохирогч, шүүгдэгч Х.Б, О.У нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн н.Батбаатарын гэрт 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.У-ийг зодож эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

-шүүгдэгч О.У нь Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт иргэн н.Батбаатарын гэрт 2019 оны 03 дугаар сарын 30-наас 2019 оны 03 дугаар сарын 31-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь дух, баруун шанаа, хацар, хамар, эрүү, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:  

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 39,45 тал/
  • Хохирогч, шүүгдэгч О.У, Х.Б нарын нүүрэндээ шарх авсан талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-65 тал/
  • Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №214 дугаартай шинжээчийн “.1.2. О.Ууганчимэгийн биед дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх- ийн 27-28 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №4112 дугаартай шинжээчийн “1.Х.Б-ийн биед дух, баруун шанаа, хацар, хамар, эрүү, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29 тал/,
  • Хохирогч, шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай найз Гэрэлтуяа, Жавхлан нар нь Төв аймгийн Батсүмбэр суманд очиж бүжгэнд орно гэхээр нь би хамт явхаар болоод Улаанбаатар хотоос 17 цаг өнгөрөөж гараад 20 цагийн үед Батсүмбэр суманд очсон...сумын төвд бүжгэнд ороод орой бүжигнээс гараад бааранд орсон...шөнийн 02 цагийн үед Батнаагийн гэрт очсон...тэгээд гэр нь халуун байхаар нь байн байн орж гараад явж байгаад Батнаагаас зөвшөөрөл авч байгаад хашаанд нь морийг нь унасан. Би морь унаад хашаан дотор явж байтал У гэрээс гарч ирээд наад морьноос буу гээд морьноос буулгаад нүүр рүү маажаад дээрээс дэвссэн. Тэгээд гадаа бид хоёр орилолдож шуугилдахад найзууд нь гэрээс гарч ирж бид хоёрыг салгасан...тэгээд нүүр маажихаар нь би зөрүүлээд нүүрийг нь маажсан...би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, ямар нэг санал хүсэлт байхгүй, би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...Би У-ийн нүүрийг нэг удаа маажсан. Тэр миний нүүрийг олон удаа маажсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10, 50 тал/,
  • Хохирогч, шүүгдэгч О.У-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны орой...22 цагт дахин Гэрлээ Жавхаа, Өлзийцэцэг, Ооноо үл таних нэг хүний хамт гэрт орж ирсэн...бааранд пиво уугаад сууж байтал нөгөө үл таних хүүхэн байн байн л манай нөхрийн хажууд суугаад байсан гэдгийг Ооноо хэлсэн...Баарнаас гараад нөгөө хэд манайд хонохоор болсон...Нөгөө танихгүй хүүхэн байн байн гэрээс гараад морь тэврээд би амьтанд хайртай гэж гарч гүйгээд байсан...би цонхоор хараад зогсож байтал манай нөхөр гадаа Х.Б-тай үнсэлцээд зогсож байгаад тэр хоёр бие засах газар руу явсан...шөнө 2 цагийн үед нөгөө хүүхэн морь унаад хашаан дотор явж байхаар нь уурлаад чи одоо болиоч зан аашыг нь мэдэхгүй морь унаж байж унах гэж байгаа юм гэж хэлтэл намайг харааж загнаад гичий нохойгоор дуудаад хараагаад байсан. Би морьноос буу гээд морины цулбуурнаас бариад автал Х.Б морьноос буусан ба бид хоёр барьцалдаж аваад газарт өнхөрөөд зууралдаж байгаад салсан. Тэгээд гэр рүү ороод би бие засчихаад ирье гээд гутлаа өмсөөд сууж байтал нөгөө хүүхэн миний нүүрийг маажсан. Тэгээд нүүрнээс цус гараад би Жавхаагаас асуусан чинь нүүрийг чинь маажсан байна гэхээр нь миний уур хүрч..нүүрийг нь маажсан...манай гэрт ирчихээд дураараа аашлаад нөхөртэй үнсэлцээд, шөнийн 02 цагт морь мал эмээллэж унаад яваад, өөдөөс янз бүрийн үгээр хараагаад байхаар нь муудалцсан...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
  • Гэрч А.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны 11 цагийн үед 10 жилийн ангийн хүүхэн Гэрэлтуяа Хулан гэх танихгүй хүүхэний хамт хотод байх гэртээ орж ирсэн...Батсүмбэрт 19 цагийн үед ирсэн...бүжгэнд ороод ангийн хүүхэд Батбаатарынд очисон...цонхон дээр Гэрэлтуяа, Ууганаа бид гурав тамхи татаад зогсож байтал Батбаатар нөгөө хүүхэн хоёр машины цаана тэврэлдээд байхаар нь Ууганаа гарсан. Тэгсэн чинь нөгөө хоёр нойл орсон гадаа нь Батбаяр хүлээгээд зогсож байсан. Ууганаа энэ үед юу ч хэлээгүй буцаж орж ирсэн. Нөгөө хүүхэн гаднаас орж ирчихээд бас гармаар байна бие засмаар байна гээд дахиад гарсан, бид нар чи айлыг хүндэл битгий орж гараад бай айлгүүтээд байх юм гэсэн. Тэгээд бас дахиад гарсан, хэсэг байж байгаад цонхоор харсан чинь нөгөө хүүхэн морь унаад хашаан дотор явж байхаар нь У гараад хашаан дотор шуугилдаад байсан, У уурлаад хүний ааш зан мэдэхгүй морь унаад буу гэсэн чинь зайл гичий минь гэж хэлж байна гээд Ууганаа орж ирсэн. Тэгээд орж ирээд жаахан маргалдаж байгаад У гутлаа өмсөх гээд сууж байтал нөгөө хүүхэн У-ийн нүүрийг маажсан. Тэгээд нөгөө хүүхэнд хандан чи айл гэр үймүүлээд байна гэсэн чинь юу энэ айл юм уу гээд хэрүүл гаргаад байсан...Нөхөртэй нь үнсэлцээд айлгүүтээд байхаар нь боль гэж хэлсэн чинь хуцаад бай гэсэн. Тэгээд маргалдсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
  • Гэрч Н.Бат-Оюуны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Батсүмбэрт аавындаа байхад...Жавхлан Гэрэлтуяа хоёр нэг үл таних хүүхэнтэй гурвуулаа ирсэн. Нөгөө танихгүй хүүхэнээ манай найз байгаа юм нэрийг нь Хулан гэж танилцуулсан...нөгөө Хулан гэх хүүхэн Батбаатарт сээтэн хаяад байгаа юм шиг санагдаад байн, байн орж гараад Батбаатарын цаана суугаад байхаар нь найз У энэ хүүхэн танай нөхөрт сээтэн хаяад байгаа юм биш үү гэж хэлтэл У тоогоогүй. Тэгээд баар хаагаад бүгд Батбаатарынд очисон...өглөө 7 цагт сэрэхэд Ууганчимэгтэй унтаж байсан, нүүрийг нь маажсан байхаар нь асуусан чинь нөгөө хүүхэн миний нүүрийг ийм болгосон гэж хэлж байсан. Босоод нөгөө өрөөнд ортол нөгөө Хулан гэх хүүхэн Жавхаа, Гэрлээ, Өлзийцэцэг дөрөв сэрээд босч байсан. Нөгөө Хулан гэх хүүхний нүүрийг бас маажсан байсан...Тэр хүүхнийг Б гэж мэдээгүй, өөрийгөө Хулан гэж танилцуулсан. Би танихгүй урьд өмнө харж байгаагүй. Би бааранд нэг шил архи авсан түүнээсээ нэг татаад бараг согтоод тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
  • Гэрч Б.Өлзийцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ангийн охин Жавхлан, Гэрэлтуяа, Бат-Оюун нэг үл таних хүүхэнтэй дөрвуулээ манайд ирсэн. Нөгөө танихгүй хүүхэнээ Гэрэлтуяа манай найз байгаа юм нэрийг нь Хулан гэж танилцуулсан...тэгээд баар хааж бүгдээрээ Батбаатарынх руу очисон. Би Бат-Оюуныг согтсон болохоор нь гэрт унтуулсан, архинаас нь нэг хоёр татаад унтсан. Өглөө 07 цагт сэрэхэд нөгөө Хулан гэх хүүхэн миний хажууд унтчихсан, нүүрийг нь харсан чинь маажуулсан, нөгөө өрөөнөөс Ууганчимэг гарч ирсэн чинь нүүр нь бас маажуулсан байсан...нөгөө Хулан гэх хүүхэн сэрээд нүүрээ толинд хараад орилоод гарад гүйсэн...манайд нөгөө Хулан гэх хүүхэн унтаж байснаа гараад явсан...цагдаа дагуулаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
  • Гэрч З.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ангийн охин Жавхлан, Хулан нарын хамт Улаанбаатар хотоос Батсүмбэр сум руу 10 жилийн ангийн хүүхдүүд болох Өлзийцэцэг, Бат-Оюун нар дээр 18 цагийн үед машинтай ирсэн. Тэгээд найз нартайгаа уулзаад Хуланг танилцуулсан...тэгээд баар хааж Батбаатарынх руу очисон...тэгээд Жавхаа, Ууганаа, Батбаатар, Хулан, Өлзийцэцэг бид нар архи уугаад сууж байтал Хулан гарч ороод байсан. Нэг харсан чинь Хулан У-ийн нөхөр Батбаатар хоёр тэврэлдээд үнсэлцээд зогсож байсныг У хараад гарч маргалдсан. Гэрт орж ирээд мөн маргалдаад Жавхлан бид хоёр болиулаад Уболиод гарч бие засах гээд гутлаа өмсөөд зогсож байтал Хулан гэнэт Ууганчимэгийн нүүрийг маажсан. У миний нүүрийг маажчихлаа ш дээ гээд тэр хоёр дахиад хоорондоо маажилдсан. Би Хуланд чи айл гэр үймүүллээ болиоч гэж хэлсэн чинь энэ одоо айл уу гээд У-ийн дургүйг хүргээд дахин дахин зууралцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
  • Гэрч О.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт манай дунд сургуулийн ангийн охидууд болох Өлзийцэцэг, Гэрэлтуяа, Жавхаа, Бат-Оюун, Гэрэлтуяагийн найз гэх хүүхэн тавуулаа 22 цагийн үед ирээд хэдүүлээ бааранд сууя гээд бөөнөөрөө бааранд суухаар болоод гарсан. Манайд ирэхдээ Гэрэлтуяагаас бусад нь архи уусан халмагхан байсан...би дундуур нь баарнаас гарч тамхи татахад Гэрэлтуяагийн найз гэх хүүхэн миний араас гарч ирээд тамхи өгчих гээд надтай хамт цуг тамхи татсан. Энэ үйлдэл 3 удаа болсон. Үүнийг манай эхнэр У харсан юм байна лээ. Тэгээд баар хаагаад тэндээсээ манай гэрт очисон...би гарч тамхи татахад Гэрэлтуяагийн найз гэх хүүхэн намайг дагаж гарч ирээд миний хүзүүгээр тэврээд миний уруул дээр үнсээд би яах гээд байгаа юм бэ цаашаа бай гэж хэлээд байж байхад манай эхнэр гэрээс гараад ирхээр нь би гэр лүүгээ орох гээд явтал манай эхнэр нөгөө хүүхэнд хандаж чи яах гээд айл үймүүлээд байгаа юм бэ гэж хэлтэл яг хаалгаар орох гэж байтал манай эхнэрт хандаж чи юу гээд байгаа гичий вэ гэж хэлээд гараараа нүүрийг нь маажсан. Ингээд нөгөө хоёр барилцаж аваад зууралдаад нэгнийгээ үсдэлцээд маажилцаад салгах гэсэн нэгнийгээ тавихгүй зууралдаад байсан. Ингээд дотор байсан хүмүүс гарч ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/
  • Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч О.У-ийн “...манайд ирснээсээ хойш  айлын гэрт биеэ зөв авч явахгүй айл хүндлэхгүй байсан. Орж ирээд намайг гутал тайл гэж хүртэл дургүй хүргэсэн. Янз бүрээр хэлж байсан. Айлыг ерөөсөө хүндлэхгүй, гэрт би 4 хүүхэдтэйгээ амьдардаг. Юм хэлхээр гичий чинь гэж харьцсан...гомдолтой байна. Би бас өөрөө буруу  зүйл хийсэндээ гэмшиж байна. Уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,
  • Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч Х.Б-гийн: “...Би морь унаад байж байсан чинь чи хэний морийг унаад байгаа юм бэ, хэнд эрхлээд байгаа юм бэ гээд гарнаас татаж буулгаад үсдээд чирээд багалзуурдахад нөхөр нь хажууд нь байсан...би эргээд гэрт орсон чинь нөхрөө хардсан бололтой байн байн үсчээд над руу хумсаараа майжаад ална гээд намайг янхан, чи яах гэж миний нөхрийн толгойг эргүүлээд байгаа юм бэ гээд байн байн дайраад байсан...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

       Хохирогч О.У-ийн биед “дух, хамар, зүүн нүдний зовхи, эрүү, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн гуяанд цус хуралт” гэмтэл учруулсан Х.Байгальмаагийн үйлдэл,

       Хохирогч Х.Б-ийн биед “дух, баруун шанаа, хацар, хамар, эрүү, зүүн хацар, сарвуунд зулгаралт, зүүн өвдгөнд цус хуралт” гэмтэл учруулсан О.У-ийн үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч О.У, Х.Б нарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж тус тус үзнэ.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч О.У, Х.Б нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, тус тус гэм буруутай байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч А.Энхбуйрын гаргасан “...улсын яллагч болоод өмгөөлөгч нарын дурьдсан гэрч Жавхлан, Батбаатар нарын мэдүүлгүүд хэргийн талаар бодит байдлыг нотлоход хангалттай биш. О.У-ийн үйлдлийн эсрэг Х.Б-ийн хийсэн үйлдэл нь аргаргүй хамгаалалт гэж үзэж байна. О.У-ийн зүй бус үйлдлийн улмаас өөрийгөө хамгаалах үүднээс нэг удаа майжиж цохисон үед хийсэн гэж үзэж байгаа учраас Х.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх хүсэлтийг,  

-шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч О.У-ийн өмгөөлөгч Д.Хишигнямын гаргасан “...О.У нь аятайхан харьцаагүй, нөхөртэй нь байнга гарч тамхилаж, нөхрийг нь үнсээд, тэвэрсэн. Мөн О.У-ийг гэртээ орж ирээд гарах гээд сууж байхад нь Х.Б эхлэж түүнийг маажхад нь зөрүүлээд О.У нь майжсан байдаг... О.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Х.Б-ас уучлалт гуйсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 4 хүүхэдтэй, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа зэргийг харгалзан О.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тус тус хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогч О.У-гийн гэрээс гарч тэдний хашаанд морь унаж байхад хохирогч О.У морь унаж болохгүй талаар хэлдэг бөгөөд хашаан дотор ямар нэгэн маргаан болоогүй гэрт орж ирсэний дараа шүүгдэгч Х.Б нь хохирогч О.У-ийг гутлаа өмсөөд сууж байхад нь шууд майжсан талаар хуульд заасан журмын дагуу хууль сануулж авсан гэрч О.Батбаатар, З.Гэрэлтуяа, А.Жавхлан нарын мэдүүлгүүд болон хохирогч О.У-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд шүүгдэгч Х.Б-д ямар нэгэн халдлага болоогүй, хохирогч О.Ууганчимэг нь шүүгдэгч Х.Б-д хууль зөрчсөн, хохирол учруулахаар ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийгээгүй байсан байна.

Түүнчлэн шүүгдэгч О.У нь хохирогч Х.Б-г биед нь халдсанаас буюу түүнийг маажсаны дараа түүний нүүрэн тус газар нь маажиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, шүүгдэгч О.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 4 хүүхэдтэй, хийсэн үйлдэлдээ харамсаж байгаа зэрэг нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох тул шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын дээрхи хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар хохирогч О.У, Х.Б нарт хохирол, хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхйин хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэл болж байна.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.У, Х.Б нарын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.У, Х.Б нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч, шүүгдэгч О.У, Х.Б нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх тул хохирогч О.У, Х.Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

      

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Б, О.У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр тус тус торгох  ял оногдуулах ялын дүгнэлтийг,

-хохирогч, шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч А.Энхбуйр: “Нэгэнт гэм буруутай гэж тооцогдсон учраас маргах зйүл байхгүй байна. Эрүүгийн хариуцлагын тал дээр Х.Б нь ажил хөдөлмөр эрхлээгүй, өөрөө гэмтэл мөн адил учирсан учраас эрүүгийн хуульд заасан торгуулийн хамгийн бага нэгж болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг,

-хохирогч, шүүгдэгч Х.У-ийн өмгөөлөгч Д.Хишигням: “О.У нь ажлаасаа халагдсан, 4 хүүхэдтэй, нөхөр нь ажил хийдэггүй зэргийг харгалзан үзэж ялын хамгийн бага нэгж болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Х.Б, О.У нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч О.У-ийн “...айлыг ерөөсөө хүндлэхгүй, юм хэлхээр гичий чинь гэж харьцсан...” гэх мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч Х.Б-ийн “...Чи янхан банзал хүүхэн миний нөхөртэй үнсэлцэж байдаг” гээд удаа дараалан байнга л над руу агсраад байсан…” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч  нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн хэдий ч хохирогч, шүүгдэгч О.У, Х.Б нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т заасан хүний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-д халдан бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулж бусдад хохирол учруулж байгаа нь буруутай, энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзсэн болно.

Иймд шүүгдэгч О.У, Х.Б нарт хуульд заасан хариуцлага тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрийг харгалзан тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1934002690208 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б, О.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.Унарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

  1. Шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчН овгийн Х.Б, Б овгийн О.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нар нь эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус  нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Н овгийн Х.Б, Б овгийн О.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.