| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/02877/И |
| Дугаар | 210/МА2025/01927 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01927
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* би 2018 оны 06 дугаар сард ******* байрны нутаг дэвсгэрт байрлах ******* хүнсний дэлгүүрийг 750,000,000 төгрөгөөр худалдан авахаар *******, ******* нартай харилцан тохиролцсон.
1.2. Харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *******гийн *******ны дансанд 20,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг *******д бэлнээр өгсөн. Тухайн үед ******* нь 400,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа гэж хэлсэн боловч бодит байдал дээр *******ны 900,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсныг мэдээд намайг залилж авсан байх тул ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан.
Гэвч 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ******* дүүргийн Прокурорын газрын 1705 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
1.3. *******, ******* нар нь үүнээс хойш 30,000,000 төгрөгийг өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагч нарын тухайд дэлгүүрээ *******ны зээлдээ хураалгасан нөхцөл байдлыг би харгалзан үзээд өнөөдрийг хүртэл тэвчээртэй хүлээж ирсэн боловч 2025 он гарснаас хойш утсаа ч авахаа больж, хариу ч бичихээ больсон тул маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.
1.4. *******, ******* нар нь анхнаасаа 900,000,000 төгрөгийн барьцаанд байгаа 750,000,000 төгрөгөөр зарах боломжгүй гэдгээ мэдсээр байж надад худалдан борлуулна хэмээн төөрөгдүүлж урьдчилгаанд 30,000,000 төгрөг авсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Иймд *******гаас 20,000,000 төгрөг, *******гээс 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч бодит байдлыг нуун дарагдуулаагүй, нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байсан гэдгийг мэдэж байсан, урьдчилгаа 30,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохиролцсон байсан ч зээл нь бүтээгүй, банк энэ хөрөнгийг 2024 онд хураан авсан.
Хураах хүртэл нь нэхэмжлэгчийн төрсөн дүү ******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ямар нэг түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад 2019 онд хандсан гэж байна түүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хангалттай хугацаа байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэрээ хэрэгжээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл биш юм гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 20,000,000 төгрөг, *******гээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. “...гэрээг гаргаж өгсөн хариуцагч тал уг гэрээг нотариатын танхимаас авахаар хандахад “ийм гэрээ байхгүй, тийм гэрээ хийгдээгүй гэсэн тодорхойлолт өгсөн, манай үйлчлүүлэгч зуслангийн байшингийнхаа авдрыг ухаж гаргаж өгсөн гэж тайлбарладаг.
Тухайн гэрээ нь 8 жил хадгалагдсан гэхэд шинэхэн хийсэн гэрээ мэт цоо шинэ цаастай, удаан хадгалагдсан гэхээргүй баримт байсны дээр нотариатын танхимаас ийм гэрээ хийгдээгүй талаар нэхэмжлэгч тодорхой дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд одоо гаргаж өгч байгаа баримтыг үйлчлүүлэгчээсээ асуугаагүй учраас энэ гэрээ хийгдсэн эсэх талаар мэдэхгүй гэдгээ тодорхой хэлсэн. Хэдийгээр ******* би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдий ч шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримтыг өөрийн төлөөлүүлэгчид танилцуулах боломж байхгүй, хүчин төгөлдөр байдал, гарын үсэг мөн биш эсэх дээр ч үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм.
Мөн хариуцагч нарын зүгээс гаргаж өгсөн гэрээнд гэрээний бүрдэл дутуу буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авагдаагүй болно. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эсхүл лавлагаагүйгээр нотариат худалдан борлуулах эрх бүхий этгээдийг тогтоож гэрээг нотариатаар гэрчлэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ үнэхээр хийгдсэн эсэх, талууд гарын үсэг зурж, зохих журмын дагуу хийгдсэн гэрээ мөн эсэх нь эргэлзээтэй байна.
4.2. Нэхэмжлэгч талын зүгээс анх нэхэмжлэл гаргахдаа өөрт байсан хариуцагч *******гийн гараар бичиж өгсөн баталгааг хавсарган өгсөн. Уг баталгаанд хариуцагч ******* нь 750,000,000 төгрөгөөр тохиролцон худалдаж байгаа болно гэж тодорхой бичсэн байдаг.
Харин хариуцагч талаас гаргаж өгсөн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үнийг 550,000,000 төгрөг гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн баримтууд үнийн дүнгийн хувьд бүхэл бүтэн 200,000,000 төгрөгийн зөрүүтэй буюу аль нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна.
4.3. Нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн *******гийн гараар бичиж өгсөн баталгаанд худалдах үл хөдлөх эд хөрөнгийг ******* тоот гэж тодорхойлсон байдаг ба харин хариуцагч талаас гаргаж өгсөн гэрээнд худалдах эд хөрөнгийг ******* тоот гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргаж өгсөн баримтууд нь худалдах эд хөрөнгийн тухайд ч зөрүүтэй, эргэлзээтэй байна.
Үүнээс гадна анхан шатны шүүхээс талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч худалдсан гэх хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хэрэгт огт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл уг үл хөдлөх хөрөнгийг *******, Золзаяа нар нь худалдан борлуулах эрхтэй байсан эсэхийг хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоох боломжгүй юм.
4.4. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг тус тус гардан авсан байдаг.
******* нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ны дотор, хариуцагч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу тайлбараа гаргаж өгөх ёстой байсан.
Хариуцагч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч хариу тайлбар гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан эхлэх хүртэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эвлэрэн хэлэлцэх санал хүсэлтэй байна, хугацаа өг, хариуцагч *******гаас татгалзаад өг гэх саналуудыг гаргаж байсан.
Хэрвээ хариуцагч нарын зүгээс хуульд заасан хугацаандаа хариу тайлбараа гаргаж, хөөн хэлэлцэх хугацаан дээр маргаантай байгаа гэх тайлбараа ирүүлсэн бол нэхэмжлэгч талын зүгээс мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж, холбогдох баримтуудыг гаргаж өгөх боломжтой байсан. Хариуцагч нарын зүгээс ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоод явж байсан. Хариуцагч нарын зүгээс ч 2025 он хүртэл уг мөнгийг буцааж өгнө, ******* хавдартай бие муу байгаа тул боломжгүй байна удахгүй өгнө гэж хүлээн зөвшөөрдөг байсан ба 2025 оноос хариу өгөхөө больсон тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгөх үүрэгтэй ба ингэснээр талууд хэргийн үйл баримт, гэрээ анхнаасаа хэрэгжих боломжтой байсан эсэх, хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцэх учиртай.
Хариуцагч *******, ******* нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гарган маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байх тул анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх асуудлаар тайлбар гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох учиртай.
4.5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.2-т “...үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил;”, гэж заасан байдаг.
Хэрэв талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа тохиолдолд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 /зургаан/ жил бөгөөд уг хөөн хэлэлцэх хугацаа хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоол гарсан 2019/07/30-ны өдрөөс хойш тоолбол 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусах ба уг хугацаанаас өмнө 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4.6. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.1-т “...Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.” гэж заасан байна.
Хариуцагч *******, ******* нар нь анх *******д уг үл хөдлөх хөрөнгө нь *******ны 400,000,000 төгрөгийн барьцаанд байгаа гэж хэлж, итгүүлсний улмаас худалдан авахаар яриа болж, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ******* нь 400,000,000 төгрөгийн барьцаанд байгаа, төлбөрийг нь төлчихвөл өөрийн нэр дээр шилжиж ирэх боломжтой гэж хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар мөн шинж байдлын талаар ноцтой төөрөгдсөн, хуурч мэхлэгдсэний улмаас *******гийн бичиж өгсөн гар бичмэлд итгэн 30,000,000 төгрөгөө шилжүүлэн өгсөн байдаг.
Талуудын хувьд 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээ анхнаасаа хэрэгжих боломжтой байсан эсэх талаар маргаантай байдаг.
Хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг *******ны 400,000,000 төгрөгийн барьцаанд байгаа, зээл хэвийн төлөлттэй гэж нэхэмжлэгчид тайлбарлаж байсан боловч бодит байдал дээр тэрбум гаруй төгрөгийн зээлийн барьцаанд авагдсан, зээлийн төлөлт хугацаа хэтрэлттэй төдийгүй, маргаан нь шүүх дээр очсон байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь *******ны барьцаанд хураагдаж, дуудлага худалдаагаар худалдан борлогдсон талаар тайлбарладаг. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийг хуурч мэхлэн, төөрөгдүүлж анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан хэлцэл хийх саналыг гаргаж, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг шилжүүлж авсан байдаг.
4.7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс www.shuukh.mn шүүхийн шийдвэрийн цахим сангаас хайлт хийж үзэхэд ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 00171 дугаартай шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт 912,547,559.34 төгрөг гаргуулж, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд талуудын маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 560 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа, гэрээ хэрэгжих боломжтой байсан талаар хариу тайлбар ирүүлсэн байсан бол нэхэмжлэгч талаас *******, Золзаяа нарын *******тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шүүхийн шийдвэр, магадлал, зээлийн эргэн төлөлт хэзээнээс эхэлж алдагдсан, барьцаалуулагчаас бусдад худалдан борлуулах зөвшөөрөл авсан эсэх, худалдан борлуулах үед шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан байсан эсэх зэрэг баримтуудыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргах байсан. Дээрх баримтуудгүйгээр талууд байгуулахаар ярилцаж байсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл хэрэгжих боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй юм.
4.8. Хариуцагч *******гийн хувьд 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөр нэхэмжлэгч *******д гараар баталгаа бичиж өгсөн, уг баримт нь үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулах хуульд заасан шаардлага хангахгүй бөгөөд уг баталгааг үндэслэн талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй. Уг баталгааны үндсэн дээр *******д үл хөдлөх хөрөнгийг худалдан авах үнийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй, *******, ******* нарын хувьд үл хөдлөх хөрөнгө шилжүүлэн өгөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Талуудын хувьд үл хөдлөх хөрөнгийг *******д шилжүүлэн өгөөгүй гэдэг дээр маргаан байдаггүй. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.
Дээрх нөхцөл байдлаас харахад хариуцагч талын зүгээс хариу тайлбар гаргаж байгаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр эргэлзээтэй баримт гаргаж өгсөн, шүүх хуралдаан дээр анх удаа хөөн хэлэлцэх хугацаа гэх нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх тайлбарыг гаргасан бөгөөд талуудын хооронд мэтгэлцээн явагдсан, мэтгэлцэх боломжоор хангагдсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад шүүгч уг баримттай холбоотойгоор “энэ талаар тайлбар байна уу, баримттай танилцах уу” гэх мэт асуулт тавьсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “танилцах шаардлагагүй” гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгчид нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нэмэлт нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрхүүдийг хэрэгжүүлэх боломж нь нээлттэй байсан бөгөөд шүүхээс эдгээр эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсээгүй.
Хэрэв нэхэмжлэгчийн зүгээс “худалдах, худалдан авах гэрээний үнэн зөв эсэхэд эргэлзээтэй” гэж үзсэн бол шинжээч томилуулах, нотлох баримтаас хасуулах, нэмэлт баримт гаргуулах зэрэг хүсэлт гаргах бүрэн боломж байсан. Гэвч хүсэлт гаргаагүй, өөрийн хуульд заасан эрх, үүргийг бүрэн хэрэгжүүлээгүй.
5.2. Нэхэмжлэгчийн зүгээс “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх шаардлага гаргасан боловч нэхэмжлэлдээ талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэ хүрээнд 30,000,000 төгрөг шилжүүлсэн гэж өөрөө дурдсан. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчээс “худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй тул 30,000,000 төгрөгийг шаардаж байгаа гэж ойлгох уу” гэж тодруулахад нэхэмжлэгч “тийм” гэж хариулсан байна.Тэгэхээр үндэслэлгүй хөрөнгөжих харилцаа үүсээгүй гэж үзэх нь зүйтэй. Учир нь уг харилцаанд талуудын хооронд үүрэг үүсээгүй, дуусгавар болсон эсвэл хүчин төгөлдөр бус болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.
5.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд энэхүү маргаан нь өмчлөх эрхтэй холбоотой шууд маргаан үүсээгүй.
Өөрөөр хэлбэл, талууд гэрээнээс татгалзсан бөгөөд гэрээний үр дагавартай холбоотой өгсөн мөнгөөр шаардсан байдлаар шүүхэд хандсан тул анхан шатны шүүх тусгай хөөн хэлэлцэх хугацааг баримталсан нь хуульд нийцсэн.
5.4. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хавтаст хэргийн баримтуудад хоёр өөр үл хөдлөх эд хөрөнгийн огноо дурдагдсан. Хавтаст хэргийн 6 дугаар талд ******* өөрийн оршин суугаа газрын хаягийг бичсэн баталгаа. Хавтаст хэргийн 7 дугаар талд *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* тоотод оршин суудаг гэдгийг баталсан. Эдгээр баримтаас харахад нэхэмжлэгчийн “******* тоот, ******* тоот хоёр үл хөдлөх эд хөрөнгө” гэх эргэлзээтэй мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд хэргийн материалд авагдсан баримтаар тодорхой болж байна. ******* өөрийн оршин суугаа хаягаа зөв бичиж баталгаа гаргасан бөгөөд 750,000,000 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээний баталгаа нь баримтаар нотлогдсон. Иймээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах эрхтэй эсэхэд талуудын хоорондын маргаан үүсээгүй.
5.5. Шүүх нь хөндлөнгийн байр суурьтай, хараат бус, бие даасан байдлаар хэрэг хянан шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө хүсэлтээ гаргаагүй тохиолдолд шүүх саналаар нотлох баримт бүрдүүлж, цуглуулж, хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд бүх үйл ажиллагаа хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хийгдсэн. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагавар болох шилжүүлсэн мөнгөөр шаардсан тул анхан шатны шүүх тусгай зохицуулсан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Товчхондоо үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 6 жил гэж зохицуулсан. Түүнчлэн нэхэмжлэгч тал уг гэрээ нь талуудын хүсэл зоригоор байгуулагдсан бөгөөд гэрчилгээ авагдаагүй гэдэг нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тайлбарласан. Мөн нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлд худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдгээ өөрөө дурдсан бөгөөд худалдах эрхтэй эсэхэд талуудын хооронд маргаан үүсээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр, ******* нь ******* дүүргийн *******ны ******* тоот хаягт байрлах 92,4 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг *******д худалдах, ******* нь *******д үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 550,000,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохиролцсон байна. /хх-ийн 51/
3.2. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* нь үл хөдлөх хөрөнгө, тусгай зөвшөөрөл, ажлын байранд үйл ажиллагааны бодит зааварчилгаа, ******* хүнсний дэлгүүрийн бусад бичиг баримтуудыг 750,000,000 төгрөгөөр худалдаж байгаа ба 03-0653 тоот тусгай зөвшөөрлийг 2009 онд сунгуулж өгөх тухай баталгааг бичгээр гаргаж, нэхэмжлэгч, хариуцагч нар 30,000,000 төгрөг хүлээлцсэн тухай баримт үйлдсэн. /хх-ийн 6, 8/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар буруу дүгнэлт хийсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримттай талууд маргаагүй ба гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь хариуцагч *******д залилуулсан үндэслэлээр эрүүгийн журмаар гомдол гарган шалгуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газрын Прокурорын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор иргэд хоорондын гэрээ хэлцлээс үүдэлтэй маргаан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. /хх-9-10/
7. Дээрх прокурорын тогтоолд ******* гэрчээр өгсөн мэдүүлэгт “...Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дэлгүүрээ худалдаж авахаа болилоо гэж хэлсэн тэгээд дэлгүүрийнхээ барааг тоолоод аваад гарсан. Тэр үед надаа 30,000,000 төгрөг байгаагүй өгөх боломж гараагүй. ...” гэжээ.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана“ гэж заасан ба хариуцагч ******* нь 30,000,000 төгрөг төлөх үүрэгтэй талаараа эрүүгийн журмаар шалгах явцад мэдүүлж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарна.
8. Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө байх тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул прокурорын тогтоол гарснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусах ба нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлсэн гэж үзнэ.
9.Зохигч талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнээс талууд татгалзсан тул гэрээний төлбөрт шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэнтэй нийцнэ.
10. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хөөн хэлэлцэх хугацааны талаар хийсэн дүгнэлт буруу болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/06781 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гаас 20,000,000 төгрөг, *******гээс 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 307,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ