Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/257

 

 

 

   2019              08              29                                                     2019/ШЦТ/257                                                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баттөр,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж. О-д холбогдох 1934006340315 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ж.О  Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймаг Тэс суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг 41 дүгээр байр 21 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эхнэр С.Аюурзанатай хардалтын улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Ж.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

 С.Аюурзаны Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол/хх-07 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-08-09 тал/, Төв аймаг Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт/хх04/-ыг хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-11-14 тал/, хохирогч С.Аюурзанаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-22 тал/, гэрч Л.Баттөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №543 дугаар дүгнэлт /хх-30 тал/, Ж.Ооос яллагдагчаар авсан мэдүүлэг /хх-35-36 тал/, Ж.О-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37 тал/, хохирогч С.Аюурзана, шүүгдэгч Ж.О нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-52 тал/, шүүгдэгч Ж.Оын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Ж.О нь 2019 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эхнэр С.Аюурзанатай хардалтын улмаас маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч С.Аюурзаны: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед нөхрийн ажил болох шинэ баригдаж байгаа авто вогзалын байранд очтол нөхөр архи уучихсан байсан тэгээд над руу агсам тавиад түлхэж унагаагаад нэг, хоёр алгадсан тэгээд би гэртээ очоод унтаж байсан шөнийн 02 цагийн үед манай нөхөр гэртээ ирсэн тэгээд ямар ч үг дуугүй орон дээр түлхэж унагаад намайг зодсон тэгээд би зугтааж гараад орцонд 1 цаг орчим сууж буцаад гэртээ орсон чинь нөхөр унтаагүй байсан тэгээд намайг ахиад хэд хэд өшиглөөд хагархай шил байсныг шидсэн тэгээд 6 цагийн үед унтсан. ... Ажил дээр байхад цохиж өшиглөсөн. Гэрт зодоход бас гараараа цохиод хөлөөрөө өшиглөж зодсон. Ямар нэг зүйл ашиглаж зодоогүй. Яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-019-20 тал/,

Гэрч Л.Баттөмөрийн: “...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн 1 дүгээр багт баригдаж байгаа шинэ авто вогзалын барилгын харуул хамгаалалтанд ажиллаж байтал 22 цагийн үед захирал Ж.Оын эхнэр С.Аюурзана нь барилга дээр ирсэн тэгээд би зоорийн давхарт юм хийж байтал маргалдаж байгаа бололтой орилолдоод байхаар нь би дээшээ гарч очоод одоо боль гэсэн эхнэр С.Аюурзана 23 цагийн үед гараад яваад өгсөн захирал үлдээд тэр хавиар байж байгаад 2019 оны 08 сарын 02-ны үүрийн 01-02 цагийн үед ажлаас явсан” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №543 дугаар 1.С.Аюурзана-н биед дух, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, умдаг, баруун зүүн гуяны цус хуралт, баруун бугалга, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-30 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-47 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд” гэж,

Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж,

Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч Ж.О нь эхнэр С.Аюурзаны/гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа хх-47/ бие махбодид халдаж, түүнийг биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.О-ын эхнэр С.Аюурзаныг зодож биед дух, дагзны зөөлөн эдийн няцрал, баруун хацар, баруун зүүн бугалга, зүүн тохой, баруун зүүн шуу, зүүн бугуй, зүүн сарвуу, умдаг, баруун зүүн гуяны цус хуралт, баруун бугалга, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Ж.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч Ж.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О-д сануулав.

 

            Шүүгдэгч Ж.Од холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ж.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ыг 650/зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.О-д оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.О-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ