Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01481

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн туха

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00932 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1524 дугаар магадлалтай,

Г.Агийн нэхэмжлэлтэй

“У У Г”ХХК, Х.Т нарт холбогдох

Ажлын хөлс, барилгын материалын зардалд нийт 559 539 174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “У У Г”ХХК-ний өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Х.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, хариуцагч “У У Г”ХХК-ний өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Х.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах, хариуцагч Х.Тын өмгөөлөгч Ж.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Т нь 2010 оны 09 дүгээр сард надад хаус бариулах ажил санал болгосон. Адууны зүчээндээ хаус бариулах санал тавихад би зөвшөөрч эхлээд зураг үзүүлсэн. Энэ дагуу 2010 оны 11 дүгээр сараас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7х10 хэмжээтэй торх угсарсан. Үүний дараа 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.Оргил гэдэг хүний машинаар угсарсан торхыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Х.Т аваачсан. Дараа нь Х.Т 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр энэ байшингаа энд бариулахаа болилоо Өмнөговь аймгийн Даланзадгадын төвөөс 35 км-ын зайтай газар жуулчны баазад аваачиж бариулъя гээд тийшээ зөөж барьсан. Х.Т захирал надад жуулчны баазад яг ийм торхоор ресторан бариулмаар байна гэж дахин ажлын санал хэлсэн. Үүний дагуу би зураг төсөл гаргаад танилцуулсан. Түүнийг хүлээн зөвшөөрөөд 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр бид барилгуудынхаа суурийг цутгаж эхэлсэн. 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос эхний дүнзэн моднуудаа зөөж эхэлсэн. Эхний машинаар Цогтцэций суманд байсан 7х10 хэмжээтэй байшингаа задалж авчирсан. 2011 оны 09 дүгээр сарын дундуур рестораны барилгаа эхэлсэн. 2012 оны 04 дүгээр сарын сүүлээр намайг “У У Г”ХХК-ийн байранд дуудаж уулзсан. Намайг очиход гүйцэтгэх захирал н.Сэлэнгэ, одоо гэрчээр асуугдах гэж байгаа н.Батцэцэг, “У У Г”ХХК-ийн нягтлан бодогч н.Анхбаяр, Х.Т нар байсан. Хонгор-2 баазын ресторан гологдоод байна. Үүнийг бас өөрчлөх саналтай байна гэсэн. Тэгэхээр нь би мөнгөний асуудалтай байгаа гэсэн чинь эхлүүлж бай би бага багаар төлөөд явна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд зургаа гаргаад үзүүлсэн. Сэлэнгэ захирал гоё болсон байна наад зураг төслөөрөө эхлүүлчих гэж хэлсэн. Тэгээд би тэр барилгыг барьж эхэлсэн. 2012 оны 07 дугаар сарын сүүлээр санхүүгийн ямар ч үүсгэвэргүй болоод 7х10, 22х8 харьцаатай урагшаа хойшоо 4х4 харьцаатай өргөтгөлтэй 20х16 харьцаатай барилга зэргийг дуусгах ямар ч боломжгүй болсон. Үүний талаар хэлээд санхүүгийн боломжгүй болчихлоо гэхэд тэгвэл өөр хүнээр бариулъя орхичих гэж хэлсэн. 7х10 хэмжээтэй байшин болон дүнзэн ресторан зэргийг бол 08 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусгаад Улаанбаатар хот руу ирсэн. Ингээд дуусгаад Х.Т захиралтай уулзах гэхэд утсаа авахаа больж, зайлсхийсэн. Хэсэг хүлээсэн тэгээд 2013 оны 11 дүгээр сараас шүүхэд гомдол гаргасан. Иргэн Г.А миний бие Х.Ттай харилцан тохиролцсоноор түүний захиалгаар амаар хэлцэл байгуулж нийтдээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мандах багт 7х10 харьцаатай нийт 98 м.кв талбайтай, саравч нь 24 м.кв талбайтай 2 давхар мансардтай орон сууц үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж, өөрийн ажилчдаар бариулсан. Мөн Ханхонгор сумын нутаг Мандах багт 22х8 метр урттай, урагшаа хойшоо 4 метр, 4 метр сунасан нийт 280 м.кв талбайтай, гадагшаагаа гарсан 68 м.кв саравчтай мансардтай 2 давхар үйлчилгээний зориулалттай дүнзэн барилгыг өөрөө материалаа гаргаж өөрийн ажилчдаар бариулсан. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Мандах багт 2 ширхэг дүнзээр хийсэн сүүдрэвч, дүнзэн хаалга, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элсний хойно орших жуулчны бааз дээр үйлчилгээний зориулалттай 20х16 метр харьцаатай гадагшаа гарсан 108.5 м.кв саравчтай модон краказан бүтэцтэй рестораныг ажлын 80 хувийн гүйцэтгэлтэй барьж, материалыг бүрэн бэлдсэн. Эдгээр барилгуудын дүнзэн мод, бусад материалуудыг худалдан авч, тээврийн хөлсийг төлж, ажилчид хөлсөлж, зарим ажлыг мэргэжлийн хүмүүсээр гүйцэтгүүлэн цалин хөлс болон бусад зардлуудыг өөрөөсөө гаргасан болно. Хэдийгээр хоорондоо гэрээ байгуулаагүй ч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар тухайн хэлцэл маань энэ шинжийг агуулж байна. Одоогийн байдлаар тухайн гүйцэтгэсэн ажлын үр дүн нь эд хөрөнгийг ашиглаад ашиг орлого олж байгаа. Тиймээс Г.А шүүхэд хүсэлт гаргаад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт тавьсан. Тэгэхэд хариуцагч нар энэ арга хэмжээгээ зогсоогоод өгөөч манайх ашиг орлогоо олохгүй байна гэж тайлбарласан байдаг. Гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрх нь Г.Ад байгаа. Х.Ттай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу Х.Т нь ажил гүйцэтгэх явцад тухай бүрд нь мөнгийг өгч байсан байдаг. Мөн “У У Г”ХХК-иас 12 500 000 төгрөгийг авсан байдаг. Энэ нь ажлыг гүйцэтгэх явцад төлбөрийг тухай бүрд төлөөд явна гэдгийг илэрхийлж байна. “У У Г”ХХК-тай яагаад холбогдоод байна вэ гэхээр анх Г.Атай энэ хэлцлийг хийхдээ өөрийгөө “У У Г”ХХК-ийн ерөнхий захирал гэж танилцуулсан байдаг. Мөн Х.Тын ажлыг гүйцэтгэж байх үед “У У Г”ХХК-иас Х.Тын төлбөрийг хийж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа барилгын материалын зардал 238 459 670 төгрөг, барилгын ажлын хөлс үйлчилгээний зардал 238 578 424 төгрөг, нийт 477 038 094 төгрөгөөс Х.Тын өгсөн 62 000 000 төгрөгийг хасч, үлдэх 415 038 094 төгрөгийг Х.Таас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар “У У Г”ХХК-ийг татан оролцуулсан. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нийт хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлыг 691 763 933 төгрөг гэж тогтоосон бөгөөд Х.Тт барьж өгсөн 7*10 м.кв хэмжээтэй байшинг 157 892 938 төгрөгөөр үнэлсэн тул уг төлбөрөөс түүнээс авсан 49 500 000 төгрөг, н.Даваазагдад өгсөн 7 000 000 төгрөгийг хасаад нийт 101 392 938 төгрөгийг Х.Таас нэхэмжилж байна. “Говь-1” жуулчны баазад барьсан 22*8 м.кв хэмжээтэй ресторан, 2 ширхэг сүүдрэвч, 1 ширхэг хашааны хаалга, Хонгор-2 баазад барьсан 20*16 м.кв хэмжээтэй карказан байшин зэрэг нь шинжээчийн дүгнэлтээр 533 870 995 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс “У У Г”ХХК-иас 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд нягтлан н.Анхбаяраас авсан 12 5000 000 төгрөг, дүнзэн рестораны дээврийн ажлын хөлсний үлдэгдэл 1 710 000 төгрөг, барилга барьж байхад “У У Г”ХХК машинаараа материал зөөсөн тээврийн хөлс 18 560 800 төгрөг, Хонгор-2 жуулчны баазын рестораны ажлын үлдэгдэл 20 000 000 төгрөг, Хонгор-2 баазын рестораны гадна пасатны үлдэгдэл замаскны үнэ 1 134 000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул зочид буудлын няраваас бэлнээр авсан 3 550 000 төгрөг, “У У Г”ХХК нь “Макс өргөө” ХХК-иас худалдаж авсан модны 5 741 500 төгрөг, “У У Г”ХХК нь “Макс өргөө” ХХК-иас худалдаж модон хаалгануудын үнэ 12 528 459 төгрөг зэргийг хасаад 458 146 236 төгрөгийг “У У Г”ХХК-иас нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Х.Т шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.А нь хамгийн анх 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлд дурьдсан барилгуудыг барихад нийт 477 038 094 төгрөгийн зардал гаргаж барьсан гэж нэхэмжилдэг ба хариуцагчаас авсан мөнгийг хасч тооцоход үлдэгдэл 415 038 094 төгрөгийг хариуцагч надаас гаргуулахаар нэхэмжилдэг. Гэтэл 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дахин шүүхэд 153 501 080 төгрөгөөр нэхэмжлэлээ нэмэгдүүлэн нийт 568 539 174 төгрөгийг нэхэмжилж байгаа юм шиг боловч нэхэмжлэлд дурдсан зүйл нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Г.А нь анхны нэхэмжлэлдээ хариуцагчаас барилгыг барихад нэг ч төгрөг авалгүйгээр барилгаа барьсан гэж тайлбарладаг боловч сүүлийн нэхэмжлэлдээ хариуцагчаас нилээдгүй хэдэн төгрөгийг авсан гэж тайлбарласан. Г.Агийн хүсэлтээр шүүх хөрөнгийн үнэлгээг “Дамно” ХХК-иар үнэлүүлсэн үнэлгээг хариуцагч би хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл “Дамно” ХХК-ний үнэлгээ нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан үнэлгээ болж чадаагүй. Би Г.А гэх иргэнтэй зах зээлийн үнэлгээний дагуу ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж барилга бариулахаар тохиролцоогүй байхад хөрөнгийн үнэлгээний дагуу мөнгө нэхэмжлээд байгаа нь хуульд хэр нийцсэн, иргэд хоорондын хийгээгүй хэлцэлд хэр холбогдолтой вэ гэдэг асуулт урган гарах нь тодорхой тул ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн нь үүгээр тодорхойлогдох юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ болон тохиролцсон тохиролцоо байдаггүй. Х.Т руу 2009 оны 10 дугаар сард Г.А яриад торх байна үүнийг зармаар байна та авах уу гэж асуусан байдаг. Үүний дагуу Х.Т нь дүнзийг 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2011 оны 04 дүгээр сарын үед Цогтцэций суманд аваачиж өгсөн байдаг. Ингэхдээ зүгээр л аваачаад буулгачихсан. 2011 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн говь-1 жуулчны баазад хүргэж өгсөн. Эгч нь бас ажлын санал тавьсан байдаг. Х.Т нь нэхэмжлэгчээс худалдаж аваад өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч “У У Г”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунжаргал, өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг хуульд дэлгэрэнгүй заасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг. Гэтэл нэхэмжлэгч Г.А хариуцагч “У У Г”ХХК, Х.Т нараас "Дамно" Хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа "“У У Г”" ХХК-иас хэдэн төгрөг, Х.Таас хэдэн төгрөг, юун тухай, ямар шаардлага гаргасан нь тодорхой бус байна. Мөн "Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт №10 "Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн тухай" баримт хэрэгт авагдаагүй, шинжээч урьдчилж дээрх хуультай танилцаагүй байна. Түүнчлэн шинжээч томилох тухай шүүгчийн захирамж 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байхад тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн хөрөнгийн үнэлгээний тооцоог тухайн өдөрт нь хийсэн гэж “Дамно” ХХК тайландаа тусгасан нь үндэслэлгүйгээс гадна уг тайланд бичсэнээр "захиалагч талын төлөөлөгч Г.Атай уулзаж, түүнээс өгсөн материалд үндэслэж дүгнэлт гаргалаа" гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмуудыг зөрчжээ. Шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлтээ дутуу, эсхүл эргэлзээтэй гаргасан тохиолдолд шүүх нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог. Иймд хууль зөрчиж үндэслэлгүйгээр гаргасан "Дамно" хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн 2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээ болох 691 763 933 төгрөгт үндэслэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, хариу тайлбар өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хавтаст хэргийн 6-50 хуудсанд авагдсан анхан шатны нотлох баримтуудаас аль хэсэг нь Х.Т, “У У Г”ХХК нарт холбогдох хэсэг гэдэг нь тодорхойгүй байна. Зөвхөн үнэлгээний байгууллагын үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжилж байна. Гэрээний талууд гэрээний нөхцлийг тодорхой тохиролцсон байх ёстой. Хэрвээ тохиролцоогүй бол гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж заасан байдаг. Хэрвээ гэрээ хэлцэл хийсэн бол үнийн дүн нэг байх ёстой. “У У Г”ХХК-тай ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй. Хэрвээ энэ харилцаа үүссэн гэж үзвэл түүнийг тогтоох хэрэгтэй. “У У Г”ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй н.Сэлэнгэ, Г.А нарын хооронд аман болон бичгээр тохиролцоо хийгдээгүй. Мөн Х.Ттай тохиролцсон гэх зүйл ч нотлогддоггүй. Х.Ттай тохиролцсон яриаг “У У Г”ХХК-тай тохиролцсон болгож болохгүй. Г.А нь “У У Г”ХХК-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. ”“У У Г”ХХК нь Г.Агийн өмнө ямар хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй байна. Г.А нь Х.Ттай тохиролцсон бол Х.Т нь “У У Г”ХХК-ийг компанийн тухай хуульд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Агийн хариуцагч Х.Т, “У У Г”ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд Х.Таас 101 392 938 төгрөг гаргуулах тухай, “У У Г”ХХК-иас 458 146 236 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн 5585042119 тоот дансанд төлсөн 3 223 596 төгрөгөөс илүү төлсөн 222 951 төгрөгийг буцаан олгож, үлдэх 3 000 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Агаас шүүхийн зардалд 11 880 000 төгрөг гаргуулж, “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1524 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2017/00932 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд хариуцагч Х.Таас 10 862 459 төгрөгийг, хариуцагч “У У Г”ХХК-иас 250 001 607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, Х.Тт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 90 530 479 төгрөгийг, “У У Г”ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 208 144 636 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...үлдээсүгэй...” гэснийг “үлдээж, хариуцагч Х.Таас 188 749 төгрөгийг, хариуцагч “У У Г”ХХК-иас 1 407 958 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд нэхэмжлэгч Г.Агаас 6 332 040 төгрөг, хариуцагч Х.Таас 225 720 төгрөг, “У У Г”ХХК-иас 5 322 240 төгрөгийг тус тус гаргуулж “Лэндс” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Агийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 955 645 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1524 дугаар магадлал үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Магадлалд: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт талуудын тайлбар нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан тул талуудын тайлбарыг үнэлэх боломжтой гээд гэрч Д.Энхцэцэг, И.Болдбаатар, А.Амаржаргал, Д.Гончиг, Б.Нямзаяа, Д.Даваазагд, Г.Оргил, Н.Лхагвасүрэн нарын мэдүүлгээр Х.Т нь нэхэмжлэгч Г.Агаар ажил гүйцэтгүүлж байшин бариулсан, “У У Г”ХХК нь байшин болон бусад зүйлийг “Говьдисковери” ХХК-ийн жуулчны баазад бариулсан гэдэг үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ" гэжээ. Дээрх гэрч нар мэдүүлэхдээ ”...Г.Агийн удирдлага дор ажиллаж байсан, мод бэлтгэсэн, түүнийг зөөсөн, Х.Т 1-2 удаа ирдэг байсан, “У У Г”ХХК-ийн хашаанд зарим модыг буулгаж байсан” гэдэг нь Г.А болон “У У Г”ХХК-ийн хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэдгийг нотлохгүй юм. Гэрч Х.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт маргаан бүхий обьектуудыг дүү Х.Таар төлөөлүүлж өөрөө бариулсан, “У У Г”ХХК-ийн хашаанд зарим барилгын материалыг буулгуулж зөөлгөдөг байсан талаар мэдүүлсээр байхад заавал “У У Г”ХХК-ийг Х.Тын хувийн компани гэдэг үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. Хувь хүн болон хуулийн этгээд нь тусдаа ойлголт бөгөөд үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь бие даасан хуулиар тодорхойлогддог. Хэрвээ Х.Т “У У Г”ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн байгаад, улмаар бие даан Х.Оюунцэцэгийг төлөөлөхгүйгээр Г.Атай харилцан тохиролцсон бол “У У Г”ХХК-д үүрэг үүсч болох юм. Компанийн тухай хуульд 1 хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд компанийг төлөөлж гэрээ хэлцэл амаар болон бичгээр байгуулах эрх хэмжээгүй байна. Энэхүү эрх гагцхүү итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх удирдлагад л хамааралтай юм. Гэтэл Г.А болон гүйцэтгэх захирал Сэлэнгэ нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Эндээс харахад Х.Т нь өөрийн эгч Х.Оюунцэцэгийг төлөөлж Г.Атай харилцан тохиролцсон байх бөгөөд эрх, үүрэг нь Х.Оюунцэцэгт үүсэхээр байхад түүний хувь эзэмшдэг хуулийн этгээдэд халдааж, “У У Г”ХХК-ийг төлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна талуудын хооронд иргэний эрх зүй дэх үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Гэрээ байгуулагдаагүй бол эрх зүйн ямар нэг үр дагавар үүсэх боломжгүй юм. Гэрээ байгуулагдсан эсэхээс зарим шаардах эрх үүсэх үгүй нь шууд хамаарна. Талууд гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохирсон буюу гэрээний нэг талын гэрээ байгуулах саналыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрснөөр тэднийг харилцан тохиролцсон гэж үзэх ба энэ тухай ИХ-ийн ерөнхий ангид бүх төрлийн гэрээнд хамаарах нийтлэг байдлаар тодорхой заасан байдаг. /ИХ 39, 195,40.1/ Түүнчлэн эрүүгийн хэрэгт гэрчээр байцаагдсан Л.Бэгзсүрэн, Х.Т, гэрч С.Баасанжав, Д.Гончиг, Д.Батзориг нарын мэдүүлэг болон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1475 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, жинхэнэ эх бус хуулбар баримтуудыг нотариатч хуулбарын үнэн зөвийг гэрчлээгүй байхад давж заалдах шатны шүүх үнэлсэн нь буруу байна. Энэхүү баримт нь шүүхээс цуглуулсан баримт биш болно. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Г.Агийн гаргаж өгсөн баримтуудыг уг байшингуудыг барихад зарцуулагдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэж үзсэн нь зөв хэдий ч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг Х.Т болон “У У Г”ХХК-ийн эзэмшилд буй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байхаас гадна үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй этгээдээс Лэндс ХХК-ийн үнэлгээгээр гарсан зардлыг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батмандах хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1524 дугаар магадлал үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлс, материал, үйлчилгээний зардалд хариуцагч Х.Таас 10 862 459 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.А нь анх нэхэмжлэл гаргахдаа шаардлагаасаа 62 000 000 төгрөг хасдаг, дараа нь Дамно ХХК-ийн үнэлгээ гарсны дараа 132 223 459 төгрөг нийт 194 224 756 төгрөг Х.Оюунцэцэгийн мөнгийг Х.Таас авснаа хүлээн зөвшөөрдөг боловч дээрх авсан мөнгөөрөө юу хийсэн нь тодорхойгүй, хийсвэр шинжээчийн дүгнэлтээс хасаад үлдсэнийг нэхэмжлээд байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн Г.А нь Х.Тын эгч Х.Оюунцэцэгийн амралтын газар түүний өмчлөлд үл хөлдөх хөрөнгийн материал авч ирж угсарсныг өөрөө ч хэлдэг, бусад гэрч нар мэдүүлдэг. Мөн Х.Оюунцэцэгээс бэлнээр мөнгө авч, Х.Оюунцэцэг бусад хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулж бусад ажлыг гүйцэтгэжээ. Гэтэл Х.Тыг АТГ-д гомдол гарган хориулсны дараа түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан нь Говь дисковери ХХК болон Х.Оюунцэцэг нарын өмчлөлд үл хөдлөх хөрөнгө бий болгосон нөхцөл байдлыг мэдээгүй гэх үндэслэл биш юм. Х.Оюунцэцэг “Би өөрийн зардлаар тухайн объектуудыг өөрийн газартаа бариулсан. Төлбөр тооцооны асуудал байвал би хариуцна” гэсээр байхад заавал Х.Т болон түүний ХХК-аас төлбөр гаргуулна гээд байгааг нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий объектуудын мод, түүнийг зөөх, угсрах ажлыг Г.А хийсэн талаар талууд маргадаггүй бөгөөд эдгээр ажлыг хийхэд нэхэмжлэлийн шаардлагаас хассан 194 сая төгрөгөөс хэдийг нь зарцуулсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлохоор байхад шүүх хуралдаан дээр ямар баримт гаргаж байгаа талаар асуухаар баримтаар биш шинжээчийн дүгнэлтээр шаардлагаа тодорхойлж байна гэдэг. Шинжээчийн дүгнэлтээс нь тодруулахаар шинжээч л ингэж бичсэн би мэдэхгүй гэсэн тайлбар тавьж байхад анхан шатны шүүх зөв дүгнэснийг давж заалдах шатны шүүх гэнэт шинжээчийн дүгнэлтийг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох болохоос шинжээчээр нотлуулах зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлт байхгүй бол нэхэмжлэх зүйл байхгүй болох юм уу. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан зарим эрх зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч Г.А нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрөөсөө гаргасан материалын үнэ, ажлын хөлс 458 146 236 төгрөгийг хариуцагч “У У Г”ХХКомпаниас, 101 392 938 төгрөгийг хариуцагч Х.Таас гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Х.Таас 10 862 459 төгрөгийг, хариуцагч “У У Г”ХХКомпаниас 250 001 607 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч “У У Г”ХХКомпанийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй, зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй эрүүгийн хэргийн баримтыг үнэлсэн...” гэж,

Хариуцагч Х.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлээсээ 62 000 000 төгрөгийг хасдаг, Дамно ХХКомпанийн үнэлгээ гарсны дараа 132 223 459 төгрөг нийт 194 224 756 төгрөгийг хасдаг, шинжээчийн дүгнэлтийг хараад хийсвэр тоо хасаад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ, ...нэхэмжлэгч нь Х.Тын эгч Х.Оюунцэцэгийн амралтын газар материалаа авчирч, угсарсан, түүний өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлсэн, түүнээс мөнгө авч байсан байхад Х.Т болон түүний компаниас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй...” гэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг тус тус хүсчээ.   

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч нартай амаар, харилцан тохирсны үндсэн дээр Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, 24 м.кв талбай бүхий дүнзэн орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байрлах “Хонгор” жуулчны баазад “20х16” метрийн хэмжээтэй, 108.5 м.кв талбай бүхий саравчтай, рестораны зориулалттай дүнзэн барилгыг өөрийн зардлаар барьж бий болгосон, эдгээр хөрөнгийг хариуцагч нар эзэмшилдээ авсан үйл баримтыг давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж, нотлох баримтын үнэлгээг магадлалд тодорхой тусгаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Х.Т болон “У У Г”ХХКомпаниас нэхэмжлэгчид мөнгө хүлээлгэн өгсөн, мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, фото зураг, материал худалдан авсан баримт, ажлын хөлс төлсөн зэрэг баримтуудаар зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон байх тул “үүрэг үүсээгүй, нэхэмжлэлийг хариуцахгүй” гэх хариуцагч нарын гомдол үндэслэлгүй гэж үзэв. Хариуцагч нарын шүүхэд гаргасан баримтууд нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй байна. “У У Г”ХХКомпанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Х.Т болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон, хариуцагч нар тус тусын үүргийг хариуцах ёстой байна.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн материалаар гэрээгээр тохирсон ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хариуцагч нар хөлсийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй бол захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнийн жагсаал байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлөх үүрэгтэйг заасан байна.

Нэхэмжлэгч Г.Агийн гаргасан материал, хийсэн ажлын хөлсийг “Дамно” ХХКомпани 470 358 805 төгрөг /хх-1-242/ гэж, “Итгэлт-Эстимэйт” ХХКомпани дүнзэн торхийг 25 000 000 сая төгрөгийн үнэтэй гэж /хх-2-183/, “Тэгш сонголт эстимент” ХХКомпани 422 969 902 төгрөгийн ажил /хх-3-33/ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байх ба эдгээр дүгнэлтийг гаргуулахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн тул давж заалдах шүүх уг дүгнэлтийг бус хуульд нийцсэн, шинжээч “Лэндс” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хууль зөрчөөгүй байна.

“Лэндс” ХХК-ийн үнэлгээгээр нэхэмжлэгч Г.Агийн гүйцэтгэсэн ажлын зардлыг 393 088 818 төгрөг гэж тодорхойлжээ. /хх-6-10/. Хариуцагч Х.Тын захиалсан Өмнөговь аймгийн Хонгор сумын нутагт байрлах “Говь” жуулчны баазад бариулсан 7х10 метрийн хэмжээтэй, монсардтай 2 давхар, дүнзэн орон сууц 67 362 459 төгрөгийн өртөгтэй, “У У Г”ХХК-ийн захиалсан 2 давхар дүнзэн байшин, 2 ширхэг дүнзэн сүүдрэвч, хашааны дүнзэн хаалга, сауны зориулалттай дүнзэн байшин, “Хонгор” жуулчны баазад барьсан үйлчилгээний зориулалттай рестораны барилга 325 726 359 төгрөгөөр тус тус баригдсан болохыг уг дүгнэлтээр тогтоожээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Х.Т 56 500 000 төгрөгийг, “У У Г”ХХКомпани 75 724 759 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэлээс хасна гэж нотлох баримтын агуулгаас өөр дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл нэхэмжлэлд тусгасан “...хариуцагчийн төлсөн 62 000 000 сая төгрөгийг хасна...”/хх-1/, хариуцагч Х.Тын төлсөн 56 500 000 төгрөг, хариуцагч “У У Г”ХХКомпанийн 75 724 759 төгрөг нийт 132 224 475 төгрөгийг хасна...”/хх-132/ гэх тайлбар нь хариуцагч нарын зүгээс уг мөнгийг шилжүүлсэн гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна. Нэхэмжлэгч нь “У У Г”ХХКомпаниас 12 500 000 төгрөгийг, Х.Таас 49 500 000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. /V-хх-59-62, 245-251/. Харин 132 224 475 төгрөгийг хариуцагч нараас авсан гэх тайлбарыг хяналтын шатны шүүх хуралдаан дээр тодруулахад “...шинжээчийн дүгнэлтээр ажлын үр дүнг бүрэн ашиглалтад орсон байдлаар үнэлсэн тул өөрийн хийгээгүй ажлын хөлс, материалын үнийг хасч, мөн авсан 62 000 000 төгрөгийг тооцоход нийт 132 224 475 төгрөг болсон тул хасна...” гэж тайлбарласан байх тул 62 000 000 төгрөгөөс бусад нь хариуцагч нарын ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгө гэж үзэх агуулгагүй байна.  

Иймд “...нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй, шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлаа тодорхойлсон нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 184/ШЗ2016/06005 дугаар захирамжаар “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилохдоо маргааны зүйл болох обьектыг газар дээр нь очиж үзэх, уг обьектод хариуцагч нарын зүгээс өөр этгээдээр ажил гүйцэтгүүлж, нэмж материал гаргасан тул эдгээр ажил, материалыг нэрлэж зааж, холбогдох үнэлгээг хасч, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээг гаргахыг даалгасан ба   шинжээч энэ хүрээнд нэхэмжлэгчийн хийсэн ажлын үнэлгээг гаргасан байна. Нэхэмжлэгч нь нийт 393 088 818 төгрөгийн ажил хийсэн тул үүнээс хариуцагч нарын төлсөн нийт 62 000 000 төгрөгийг хасч үлдэх хөлсийг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрсөн байх тул магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэгт гэрчээр оролцсон Л.Бэгзсүрэн, Х.Оюунцэцэг, Д.Гончиг, С.Баасанжав нарын мэдүүлгийг үнэлж, магадлалд тусгасан байна. Эдгээр баримт нь хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.4-д заасан шаардлагыг зөрчөөгүй, бичгийн нотлох баримт болно.

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1524 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “У У Г”ХХКомпанийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч “У У Г”ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 408 000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Х.Т хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА