| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2022/0877/З |
| Дугаар | 001/ХТ2026/0038 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2026/0038
нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын
тосны газар, тус газрын Кадастрын хэлтэст
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2026/0022 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/0112 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч “Г у у” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цэрэндагва хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр, гуравдагч этгээд “А ү ш” ХХК-ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал (цахимаар) нарыг оролцуулан гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Нэхэмжлэгч “Г у у” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “С- аймгийн С- сумын нутаг, *** нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г у у” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах”;
1.1.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр албан бичгээр С- аймгийн С- сумын *** нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, С- аймгийн С- сумын *** нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, С- аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Хэргийн нөхцөл байдал:
2.“Г у у” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С- аймгийн С- сумын нутаг, *** нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж С- аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж, “өмнө бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай”, “сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай” талаарх тодорхойлолтыг гаргаж, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай”;
2.1.“Э” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр С- аймгийн С- сумын *** нэртэй газарт 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж С- аймгийн Засаг даргад өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд тус талбай нь шохойн чулуутай давхцалтай үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус гаргажээ.
3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Г у у” ХХК, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох С- аймгийн С- сумын нутаг, *** нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Г у у” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн *** тоот Дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр албан бичгээр С- аймгийн С- сумын *** нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, С- аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
5.Гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2026/0112 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
6.Гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Сайнбаяраас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:
6.1.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7.3-т дахь дүгнэлт үндэслэлгүй. “В-” ХХК-д тусгай зөвшөөрөл анх 3 жилийн хугацаагаар олгосон С- аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжаар тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгасан тухай С- аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дүгээр захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар хэрэгт хавсаргасан. Мөн С- аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр “В-” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дууссан тухай тодруулж өгсөн байна. Түүнчлэн ашигт малтмалын газрын тосны газрын уул, уурхайн кадастрын систем cmcs.mrpam программаас гаргасан баримтад мөн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж тэмдэглэгдсэн нь харагдаж байх бөгөөд харин хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн эцсийн шийдвэрийн огноо нь 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байдаг. Үүнээс үзэхэд “Г у у” ХХК хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлийн талбайд 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргах ёсгүй бөгөөд гаргасан тохиолдолд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хүлээн авах боломжгүй юм. “В-” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
6.2.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7.8-д “... нэхэмжлэлийн шаардлагад дурдагдан маргаж буй ... албан бичгүүдийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг хүчингүй болгуулах ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг нэхэмжлэгч нараас тус тус тодруулж, тайлбар авах шаардлагатай” гэж үзсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгчийн онцгой эрхийг заасан нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ. Энэхүү эрхэд хэн ч халдаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө тодорхойлох эрх юм. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2024/0409 дүгээр магадлал гарсан.
6.3.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 8-д “Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно” гэж тайлбарласан. Үүнээс хойш хэд хэдэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай талаар сануулж асуусан байдаг. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй. 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр ч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан бөгөөд тодруулж хэлснийх нь дагуу гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл дахин тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь шударга бус бөгөөд Улсын дээд шүүхийн хуулийн албан ёсны тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
6.4.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан Шүүхийн өмнө эрх тэгш байх нэг этгээдэд давуу байдал үүсгэхгүй байх зарчим зөрчигдөж байна. Хэрэв тухайн үндэслэлээр хэргийг буцаахаар шийдвэрлээд байвал нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураараа тодруулахаас өөрөөр хэргийг шийдвэрлэж чадахгүйд хүрнэ. Энэ нь гуравдагч этгээдүүд болон хариуцагч нарын хувьд ч ихээхэн хохиролтой тэгш бус нөхцөл болно. Харин нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нөхцөл байдал олгосоор атал тодруулаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой болно. Давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
6.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5-д “... нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа гуравдагч этгээд “Т э” ХХК-д шохойн чулууны илрэлтэй гэх дүгнэлтийг гаргаж тусгай зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас 23 хоногийн зайтай нэг талбайд өөр агуулга бүхий дүгнэлт гарсан талаар бодит нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
6.6.Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар албан бичгээр шохойн чулууны орд илрэлийн талаар баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын ажилтан М.Мөнгөнтуяаг гэрчээр асуусан байдаг. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 8-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэдгийг нэхэмжлэгчээс шүүхэд өөрөө тодорхойлж гаргасан 1) нэхэмжлэл чиглэж буй захиргааны үйл ажиллагаа, 2) түүний үйлчлэлд өртсөн (эсхүл эерэг үйлчлэл хүртэх ёстой) гэх өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, 3) зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй хэмээн маргаж буй эрх, нийтийн ашиг сонирхол, 4) хуульд заасан тохиолдолд захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шаардлага, тэдгээрийн үндэслэлд хамаарахгүй асуудлыг ойлгоно” гэж заасан.
6.7.Нэхэмжлэгч нар нь “Т э” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Тиймээс “Т э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хууль бус эсэх талаар дүгнэх нь шүүх “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” асуудал юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна.
6.8.Давж заалдах шатны шүүхийн магадлалын 8.3-т “...“А ү ш” ХХК-ийн дээрх хүсэлтийг С- аймгийн Засаг дарга хэрхэн шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий газартай давхцалгүй болсон талаарх баримтыг цуглуулсан эсэх, нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр тус компанийг оролцуулах шаардлагатай эсэхийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэжээ.
6.9.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 128/Ш32024/9894 дүгээр захирамжаар “А ү ш” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор “А ү ш” ХХК-ийн тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн талбай “Э” ХХК-ийн өргөдөл гаргасан талбайтай давхцаж байгаа талаар зураглал, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон захирамж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамж, ашиглалтын тусгай зөвшөөрөл нь давхцалгүй болж байгаа талаарх хүсэлт зэрэг баримт хангалттай авагдсан байна.
6.10.Үүнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоод явж байгаа компанийг цаашид оролцуулах эсэх нь хэргийн шийдэлд нөлөөлөлгүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхийн “А ү ш” ХХК-ийн талаарх баримтыг гаргуулах шаардлагатай хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.11.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэв хэмээн шийдвэрлэсэн атлаа гуравдагч этгээд, хариуцагч нараас хариу тайлбар болгон гаргаж буй нэхэмжлэгч нарын нэхэмжлэл гаргах, гомдлын шаардлага гаргах хуулийн хугацааны талаар огт дүгнэлт хийгээгүй байна. “Г у у” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Л- нь С- аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгийг хавсралтын хамт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11:10 минутад хүлээн авсан байдаг.
6.12.Энэ нь “М ш” ХК-ийн баримтаар тодорхой болдог. Тиймээс “Г у у” ХХК эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах байсан. “Г у у” ХХК-аас гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар гаргасан байна. Үүнээс үзэхэд “Г у у” ХХК нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн энэхүү нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдсон бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байна.
6.13.Мөн “Э” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн *** дүгээр албан бичгээр “Э” ХХК-д өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шохойн чулуутай давхцалтай хэмээн татгалзсан. “Э” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын бичгийн дагуу С- аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн тухай тэмдэглэл нь явсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн. Үүнийг “М ш” ХК-ийн С- аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар албан бичиг “М ш” ХК-ийн Хэрэглэгчдийн үйлчилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр *** тоот “Э” ХХК А.Б- гэсэн хаягаар хүргүүлсэн гэдгийг тодорхойлсон. Хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаагүй буюу 1 жил 1 сарын дараа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хууль бус гэж үзэн гомдол гаргасан байдаг.
6.14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж тус тус заасан. Тиймээс “Э” ХХК, “Г у у” ХХК-ууд нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчиж дээд шатны захиргааны байгууллагад гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна.
6.15.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 221/МА2026/0022 дугаар магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр гуравдагч этгээд “Т э” ХХК-ийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
9.Нэхэмжлэгч “Г у у” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан, тухайн компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар С- аймгийн Засаг даргад хүргүүлсэн “Дүгнэлт хүргүүлэх” тухай албан бичгийг хүчингүй болгуулахаар,
10.Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан мөн компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар дүгнэсэн дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, “олгох боломжтой” дүгнэлт гаргаж, С- аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах”-аар тус тус маргасанд анхан шатны шүүх дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаж байгаа зүйлийг тодруулалгүйгээр маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
12.Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар анхан шатны шүүх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг орхигдуулсан, тодруулж, дүгнэхийн тулд зайлшгүй нэмэлт нотлох баримт шаардлагатай тохиолдолд эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны залруулах боломжгүй ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах, бусад тохиолдолд өөрөө үйл баримт, хууль хэрэглээг бүхэлд нь хянаж, шаардлагатай бол залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн оролцогчдын эрх ашиг болон процессын хэмнэлттэй байдалд нийцнэ.
13.Магадлалд дурдсан ““Г у у” ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “***” гэх 226,22 га талбайд өргөдөл гаргах боломжтой байсан эсэх, С- аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар захирамжаар тус газарт 226,21 га газрыг “В-” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон эсэх, уг тусгай зөвшөөрлийн хүчингүй хугацаа хэзээ дуусгавар болсон, “Г у у” ХХК-аас өргөдөл гаргах үед тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байсан” зэрэгт дүгнэлт өгөх шаардлагатай бол хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодруулбал, 4 дүгээр хавтаст хэргийн 93-97, 5 дугаар хавтаст хэргийн 107-110 дахь тал дахь, мөн “Б м” ХХК, “Г у у” ХХК, “Э” ХХК, “Т э” ХХК-д С- аймгийн С- сумын нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой болон тэдгээрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг харьцуулсан талбайн тойм зургууд зэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан бүрэн эрхийн дагуу дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
14.Үүний зэрэгцээ “нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд “шохойн чулуун давхцалтай” үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа 23 хоногийн дараа гуравдагч этгээд “Т э” ХХК-д “шохойн чулууны илрэлтэй” гэх дүгнэлтийг гаргаж, тусгай зөвшөөрлийг олгосон” асуудалд хууль зүйн дүгнэлтийг өгөхөд нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагагүй байна.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах”-ыг шүүхэд хориглосон бөгөөд мөн хуульд зааснаар нэхэмжлэгч захиргааны хууль бус үйл ажиллагаа болон түүний улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн маргааны хүрээ, шаардлага, үндэслэл, цар хүрээ буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах, сэргэж тогтоогдох нөхцөл байдлуудыг өөрөө тодорхойлдог.
16.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаан хугацаагаар явуулж, маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар өмнө нь хэлэлцүүлж шийдвэрлэсэн, тухай бүрд нэхэмжлэгч нарт нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, шаардлагаа тодруулах болон нэмэгдүүлэх эсэх талаар асуусан ч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тохиолдолд “гуравдагч этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар дурдаж маргаагүй”-г “нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас өөр үндэслэлийг маргаж байгаа” гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний эрх зүйн байдал дээрдэх эсэх, уг актыг хүчингүй болгуулах ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг нэхэмжлэгчээс тодруулж, тайлбар авах шаардлагатай гэж үзсэн нь дээрх шаардлагад нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ.
17.Мөн “А ү ш” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан, тухайн этгээдээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь маргагч талуудын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай давхцаагүй үндэслэлээр цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлагагүйгээ илэрхийлсэн байхад “тухайн компанитай холбоотой баримтыг цуглуулсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр тус компанийг оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэх” гэж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болгосон нь буруу байна.
18.Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул гуравдагч этгээдийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 221/МА2026/0022 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээд “Т э” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР