Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0246

 

2020 оны 04 сарын 08 өдөр           Дугаар 221/МА2020/0246                          Улаанбаатар хот

“С...” ХХК, “С...” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “С...” ХХК, “С...” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.3.5, 60.3.6, Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 29 дүгээр зүйлийн 29.6, 32, 33 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “С...” ХХК, “С...” ХХК-ийн “1. Төсөл хэрэгжүүлэгч “С...” ХХК болон “С...” ХХК-ний төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлх 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 2. Төсөл хэрэгжүүлэгч “С...” ХХК, “С...” ХХК-д ой тариалах зориулалтаар тус тус 20.000 га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших, төмөр замаар ачаа тээвэрлэх зориулалтаар газар талбай эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах, 3. Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэгдүгээрт:

Шүүх нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг “нэхэмжлэгч нар төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэх нотлох баримтыг холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй”, гуравдугаар шаардлагыг “... тооцон хаах шаардлага нь Төсвийн тухай хуулийн 60.3.5, 60.3.6, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.2. дахь заалтуудыг тус тус зөрчиж байхаас гадна ... хуульд заасан татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх боломжгүй бөгөөд уг төслийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх талаар Төсвийн тухай хуулиар зохицуулаагүй, аймгийн Засаг даргад хуулиар тийм бүрэн эрх олгогдоогүй байна” гэж тус тус шинжлэн үнэлж, үндэслэн тогтоожээ.

Гэвч эдгээр үндэслэл нь доор дурдсан эрх зүйн үндэслэлээр няцаагдана

  1. “нэхэмжлэгч нар төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн гэх нотлох баримтыг холбогдох байгууллагад гаргаж өгөөгүй” гэх үйлдэл нь нутгийн захиргааны байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хүсэлтэд холбогдох ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж бодит нөхцөл байдлыг үнэлэн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бий болгох үүднээс ямар бүрдүүлбэрийг ямар журмаар хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлж, зөвлөсний дараагаар хийгдэх ажиллагаа билээ. Учир нь энэ тухай мэдээллийг selenge.gov.mn албан сайтаас авах боломжгүй болно.

Иймд шийдвэрийн энэ хэсэгт хамаарах үндэслэл болон тогтоох заалт нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гэж үзэх бүрэн үндэстэй юм.

  1. Олон улсын патентын эцсийн үр өгөөжийг дан ганц патент эзэмшигч бус нийтээр, тэр дундаа 2018 оны байдлаар 4.0 сая ам.долларын экспорт хийж буй Сэлэнгэ аймаг шууд давамгай хүртэх онцлогтой олон улсын патентыг орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.28. ““орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгө” заалтад нийцсэн зарцуулалт юм.

Мөн “суутган тооцох” нь татвар төлөх үүргээс нэхэмжлэгч чөлөөлөгдөх бас Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 “Аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах дараах чиг үүргийг бие даан хэрэгжүүлнэ”, 58.2.20 “хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх”-д заагдсан үүргээс хариуцагч чөлөөлөгдөх нөхцөл биш юм.

Яагаад гэвэл “суутган тооцох” болон “олон улсын патентыг санхүүжүүлэх асуудлаар олон нийтийн санал авч орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг авах” асуудлуудыг салбарын холбогдох хууль, журмын хүрээнд хэрхэн зохицуулах талаарх зөвлөмжийг Сангийн сайд 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4-1/4333 дугаартай албан тоотоор өгсөн билээ.

Сангийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйл

18.1, 20 дүгаар зүйлийн 20.5, 20.5.6 дахь заалтад дурдсан эрхтэй.

Гэтэл орон нутгийн удирдлага Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.3, 8.7, Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэсэн заалтуудыг тус тус зөрчин сайдын зөвлөмжийг хангах тухай манай хүсэлтэд хууль зүйн үндэслэлтэй тодорхой хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйд шүүх нотлох ажиллагаа бүрэн хийж тогтоосонгүйгээр үл барам гүйцэтгэх дээд байгууллагынхаа зөвлөмжийг хангах бүү хэл зөвлөмжөөс зөрүүтэй өгч буй хариуцагчийн тайлбар, хэлэлцүүлгийг шүүх хүлээн авч дэмжин үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна.

Зүй нь шүүх сайдын зөвлөмж ямар хууль, журмыг зөрчсөн эсхүл орон нутгийн удирдлага засгийн газар, засгийн газрын бүрэлдэхүүнд харьяалагдахгүй тухайн асуудлаар бие даасан шийдвэр гаргах эрхтэйг эхэлж нотлох ёстой билээ.

Түүнчлэн, нэхэмжлэлийн нэгдүгээр ба гуравдугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгон тогтоосон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь Монгол Улсын олон улсын гэрээ Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц, Дэлхийн оюуны өмчийн байгууллага байгуулах тухай конвенц, Патентын хамтын ажиллагааны гэрээ, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактыг тус тус агуулгын хувьд зөрчсөн шийдвэр болж байгаа юм.

Шинжпэх ухаан, техникийн дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсэж, бүтээлч үйл ажиллагааг дэмжих.оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг дээшлүүлэхийг эрмэлзэж Монгол Улс эдгээр гэрээ, конвенцид нэгдэн орсноор иргэн, аж ахуй нэгжийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг нь дээдлэх, татвар-төсөв-хууль эрх зүйн орчноор дэмжин хамгаалах үүрэг амлалт авсан билээ. Хүлээсэн үүрэг, амлалтаа дотоодын хууль, тогтоомжуудад суулгасан, мөрдүүлсэн, баримталсан заалтаас дурдвал Патентын хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1, 34.1.2 гэх мэт байна.

Иймээс нэхэмжлэлийн нэгдүгээр ба гуравдугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгон тогтоосон Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйл, 60 дугаар зүйлийн 60.3, 60.3.5, 60.3.6, Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтуудыг шийдвэрийн хууль ёсны үндэслэл гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүх нэхэмжлэлд дурдсан төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах газрыг 12-16 жилийн хугацаагаар төлөвлөгдсөн Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусган зохион байгуулах, сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх асуудлаарх Засаг даргын эс үйлдэхүйн асуудлыг бүхэлд нь орхигдуулан алгасаж газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах асуудлын хүрээнд нотлох баримтыг үнэлэн шинжилж, нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагаас хальж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гэтэл төсөлд шаардагдах газар төлөвлөлтийг Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд цогцоор нь тусгаж байж л мод тариалах зориулалтаар эзэмшүүлэх газрууд сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд сая сууж. улмаар тухайн шатны Засаг Дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсны дараа л бид батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод тариалах зориулалтаар суусан газрыг эзэмших хүсэлтийг тухайн шатны Засаг даргад гаргах, хүсэлтийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх процессын дараалал Газрын тухай хууль, хуулийг дагалдах журамд дараах байдлаар заагдсан байна. Үүнд:

... Ийнхүү Газрын тухай хуулиар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлсэн сумдын газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд мод тариалах зориулалтаар аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр заагдсан газарт л ойн тариалангийн зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргах хууль, журам үйлчилж байхад шүүх Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд ой тариалах зориулалтаар хэдэн га газар төлөвлөгдсөн, түүнээс хэдэн га газрыг аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр төпавпөсөн зэрэг нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагад хамааралтай, ач холбогдолтой нотлох ажиллагаа хийлгүйгээр хариуцагчийн тайлбарын хүрээнд л газар шууд олгуулах шаардлага гэж нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг дүгнэн шинжлэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Мөн түүнчлэн, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 “Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно” заалт, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг шинжлэн тайлбарлахдаа нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагын үндэслэл болсон эзэмшүүлэх газрын ашиглалтын зориулалт баганын 1 дэх “Үр тариа, тэжээлийн ургамал тариалах зориулалтаар аймагт 20000 га хүртэл” гэх заалтыг агуулгын хувьд авч үзсэнгүй.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд томоохон эргэлтийн талбай шаардагдах ургамлын хувьд энэ заалт хамаарах агуулгын заалттай юм.

Шүүх энэ хавсралтын эзэмшүүлэх газрын ашиглалтын зориулалт баганын 2 дахь “Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалах зориулалтаар аймагт 200 га хүртэл” заалтыг үндэслэн тогтоохдоо “бусад ургамал” гэдэгт “мод, модны тариалан” хамаарах эрх зүйн үндэслэлийг дурдсангүй.

Иймээс нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгон үндэслэн тогтоосон Газрын тухай хуулийн ... заалтууд нь шийдвэрийн хууль ёсны үндэслэл болж чадахгүй байгаа юм.

Цаашлаад нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь Монгол Улсын олон улсын гэрээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцийн Киотогийн Протокол, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлапцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци, Биологийн олон янз байдлын тухай конвенци, Биологийн олон янз байдлын тухай конвенцийн генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн протокол, Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа африкийн цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийг тус тус зөрчсөн шийдвэр болж байгаа юм.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг үр дагавар нь хүн төрөлхтний нийтээр сэтгэл зовох зүйл болоод байгааг Монгол Улс ухамсарлан эдгээр гэрээ, конвенцид нэгдсэнээр ой зэрэг экологийн тогтолцоог бэхжүүлэх, нэмэгдүүлэх, чанарыг нь сайжруулах, шинэ техник технологи нэвтрэх гэх мэт хүрээлэн буй орчны хамгаалалтын бүх талын ажиллагаанд дотоодын хууль эрх зүй, захиргааны ямарваа нэг саад бэрхшээлгүйгээр төрийн дэмжлэг, үйлчилгээг шуурхай үзүүлэх үүрэг амлалт хүлээсэн билээ.Хүлээсэн үүрэг, амлалтын хүрээнд дотоодын хууль, журмыг агуулгын хувьд олон улсын гэрээ, конвенцийн үзэл баримтлалд бүрэн нийцүүлэн ягштал мөрдөх, тайлбарлан хэрэглэх учиртай билээ.

Ерөнхий агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн ... заалтуудын хэрэгжилтийг хангуулах асуудал юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “С...” ХХК, “С...” ХХК-уудаас “... манай гаргасан нийт санал, хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулах замаар Инновацийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хуульд заагдсан Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс зайлсхийж байгаа ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

1. “Төсөл хэрэгжүүлэгч “С...” ХХК, болон “С...” ХХК-ийн төсөл эхэлсэн 2016 оноос хойш төслийн эхний борлуулалт хийгдэх 2021 оныг хүртэлх 2016-2020 оны хугацааны орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, шимтгэлийн өр болон ногдолтыг болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжтэй хийх ажил үйлчилгээний тооцоог тус тус төсөлд орон нутгийн төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах 2021 оны төсвийн төлөвлөлтийг гүйцэтгэн өргөн мэдүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч талаас уг шаардлагын үндэслэл болгож буй Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д “төслийн нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсгийг инновацийн санхүүжүүлэгч байгууллага болон орон нутгийн төсвөөс буцалтгүй нөхцөлөөр санхүүжүүлэх” гэж инновацийн үйл ажиллагааг төрөөс дэмжих хэлбэрийг зохицуулсан нь инновацийн төслийн нийт өртгийг тооцох боломжтой, өөрийн хөрөнгөөр уг өртгийн дээрх хуульд заасан хувийг санхүүжүүлсэн болох нь холбогдох баримтаар нотлогдсон байхыг ойлгохоор байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хуулийн этгээд уг хуулийн шаардлагыг хангасан болох нь нотлогдохгүй байна.

Нөгөө талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга нь тухайн Засаг даргын бүрэн эрхэд хамааралгүй тусдаа хуулийн этгээд болох орон нутгийн өмчит аж ахуй нэгжтэй хийх аливаа хуулийн этгээдийн ажил, үйлчилгээний тооцоог төсвөөс буцалтгүй үзүүлсэн дэмжлэгээр тооцон хаах шийдвэр гаргах эрх хэмжээгүй. Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.5-д “зээл олгох, санхүүгийн үр дагавар бүхий баталгаа гаргах, хохирлыг нөхөн төлөх үүрэг авах”, 60.3.6-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ”-нд тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагчийн орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий сангийн хөрөнгийг зарцуулахыг хоригложээ.

2. “Төсөл хэрэгжүүлэгч “С...” ХХК, “С...” ХХК-уудад ой тариалах зориулалтаар тус тус 20,000 /хорин мянга/ га газар эзэмших, үйлдвэрийн парк байгуулах зориулалтаар 100 га газар эзэмших асуудлыг тус тус аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгах, сумдын Засаг дарга нарт чиглэл өгч зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-д “сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх” гэж заасан аймгийн Засаг даргын газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрх нь аливаа хуулийн этгээдийн хүсэлт гаргасны дагуу тухайн хуулийн этгээдэд газар ашиглуулж, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг хүлээгээгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Газрын тухай хуульд зааснаар эзэмших хүсэлт гаргасан газрын зориулалт, хэмжээ зэргээс хамаарч газар эзэмшүүлж, ашиглуулах эрх олгох шат дараалал, хугацаа, эрх бүхий этгээд зэрэг нь өөр өөр зохицуулагдсан. Тухайлбал, энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдэд тэдний гаргасан хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан арга журмаас өөрөөр буюу шууд (давуу) эрх олгох зохицуулалт байхгүй байна.

Түүнчлэн, Газрын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргасны дагуу уг хүсэлтийг батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх зохицуулалттай байхад нэхэмжлэгч нараас газар эзэмшиж, ашиглах хүсэлт гаргалгүйгээр эзэмшихийг хүсэж буй газрын хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж, улмаар уг газраа эзэмшүүлэх асуудлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгуулахаар маргаж байгаа нь Газрын тухай хуульд нийцэхгүй байна.

3. “Орон нутгийн хөгжлийн сангаас патент албажуулах, мэргэжилтэй ажилтан бэлтгэх зардлын тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх асуудлаар олон нийтийн санал авах ажиллагааг зохион байгуулахыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд:

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах бие даан хэрэгжүүлэх чиг үүргийг тоочин заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн 4.1.28-д ““орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” гэж орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгохоор дахин хуваарилалт хийх хөрөнгийг” ойлгохоор заасан заалтад “олон улсын патентыг санхүүжүүлэх асуудлаар олон нийтийн санал авч орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг авах” асуудал нь хамаарна гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.20-д “хуульд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх” гэж аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах бие даан хэрэгжүүлэх чиг үүрэг нь мөн зүйлд тоочин заасан чиг үүргүүдийн адил энэ болон бусад хуульд тодорхой заасныг ойлгоно. Гэтэл Инновацийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан аймгийн Засаг даргын инновацийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарахааргүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ