| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 310/2025/00451/И |
| Дугаар | 218/МА2025/00011 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 218/МА2025/00011
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00551 тоот шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга: ... ******* би 1966 оны 10 сарын 17-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй. Би 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан ба 2012 он хүртэл бог мал маллан амьдарсан. Би тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байх тул 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хандаж байна. Дээрхээс бусад жилүүдэд малчнаар ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бичилт, нөхөн тооцолт бүрэн байгаа. Иймд миний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р багийн Засаг дарга, сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Дундговь аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын тогтоол, үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, шагнал, дипломын хуулбар, архивын лавлагаа зэргийг үндэслэн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******/*******/ нь 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож,
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан ба тэтгэвэр тогтоолгох насанд хүрч тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу байсан тул 1982.01.01 -ний өдрөөс 1994.12.31-ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор хандсан юм.
Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2025 оны 10 сарын 02-ны өдөр 310/ШШ2025/00551 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн ТОГТООХ хэсэгт намайг 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай гэжээ.
Ийнхүү тогтоосон нь үндэслэлгүй байх ба би нэхэмжлэлдээ болон шүүх хурал дээр 1982.01.01-ний өдрөөс 1994.12.31 -ний өдрийг хүртэл Адаацаг сумын Амьдралын луг нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгох гэж хандсан юм гэж тайлбарласаар байхад шийдвэртээ 1982 оны 01 сарын 01-ний өдрийг 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс гэж огноог андуурсан байна. Тэтгэврээ тогтоолгоход жил сараар дутаж байгаа тул огноог зөвтгүүлэхээр хандаж байна.
Иймд гомдлыг хүлээн авч Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00551 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж намайг ... 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Адаацаг сумын "Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, шийдвэрийг зөвтгөж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.Очирбат гуайн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч тодорхой ажилласан хугацааных нь хөдөлмөрийн дэвтэр дээрх бичиглэл дутуу учраас шүүхэд хандаж тогтоолгох шаардлага үүссэн. Ингээд Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харахад 1982 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл, Амьдралын туг хувьцаат компанид малчнаар ажиллаж үхэр болон бага мал малладаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж анхан шатны шүүхэд тодорхой мэдүүлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч бичиглэл, техникийн шинжтэй алдаа гарсан гэж үзэхээр зөрүүтэй бичигдсэн байдаг. Шийдвэрт дурдагдсанаар 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс гэж гарсан байсан. Тэгэхээр энэ хүний хувьд ажилласан байдлаа тогтоолгох материал 10 сараар зөрүүтэй байдал үүсч байгаа учир энэ алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тиймээс сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 551 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж огноог зөвтгөж өгнө үү гэх гомдлыг дэмжиж байна гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 1982 оны 10 сарын 01-ний өдөр гэж дүгнэсэн үндэслэл тодорхойгүй байна.
Мөн хэрэгт авагдсан ямар баримтаар нэхэмжлэгч *******ийн 1990-1991, 1993-1994 оны ажилласан байдал нотлогдож байна гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаанд мэтгэлцэх зарчим үйлчлэхгүй тул анхан шатны шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд энэ ажиллагааг зохих ёсоор хийсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүх нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2025.07.09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2025.09.09-ний өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор сунгасан байх бөгөөд уг хэргийн хугацаа сунгасан зөвлөгөөний тогтоолд хэргийн хугацааг сунгах болсон үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хуульд заасан 60 хоногийн хугацааг хэтрүүлж шийдвэрлэсэн атлаа энэ хооронд хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа хийгээгүй /шүүхээс нотлох баримт бүрдүүлэх/, нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлаагүй /2025.09.26-нд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан/ байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарлах хугацааг нарийвчлан заагаагүй боловч иргэний хэрэг үүсгэсний дараа зохигчид эрх үүргийг богино хугацаанд тайлбарлах нь өөрийн шаардлагаа нотлох баримтыг цуглуулах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах, ингэснээр хэргийг хугацаа сунгалгүйгээр шийдвэрлэх зэрэг ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн эсэхийг тодруулалгүйгээр /нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд 1982 оны 01 сарын 01-ээс 1992 оны 12 сарын 31 дуусталх хугацааны ажилласан байдлыг тогтоолгох тайлбар гаргасан/ нэхэмжлэгчийг 1982 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 сарын 04-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд, 1992 оны 11 сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 310/ШШ2025/00551 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Г.БАЯРДАВАА