| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00287/И |
| Дугаар | 103/ШШ2016/00287 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2016/00287
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2016/00287 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-гүний 15 дугаар гудамжны 14 тоотод оршин суух, Дэрх овогт Очирваанийн, Болор-Эрдэнэ, Ламын гэгээ овогт Бямбаагийн Алтансувд нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,473,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Болор-Эрдэнэ, Б.Алтансувд нар нь тус банкны Багануур салбараас 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ201542310451 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах хүртэлх хугацааны цалингийн орлогыг барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар №ЗГ201542310451 тоот дугаартай зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1,042,943 төгрөг, зээлийн хүүд 586,143.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,127.74 төгрөг, нийт 1,623,214.83 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж 2016 оны 3 дугаар сараас хойш огт төлөлт хийлгүй 36 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд үндсэн зээл 2,457,056.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,900,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 243.40 төгрөг нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 2,473,201 төгрөг гаргуулах, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ201542310451 тоот дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч О.Болор-Эрдэнэ, Б.Алтансувд нар нь Хаан банктай байгуулсан гэрээний дагуу цалингийн зээлийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөх боломжгүй байгаа учир сар бүрийн төлбөрийг тухайн сарын 30-ны өдөр төлөх саналыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав,. Хугацаа хэтэрсэн зээлийг төлсөн болно гэжээ.
Шүүхээс хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь хариуцагч О.Болор-Эрдэнэ, Б.Алтансувд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,473,201 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. Учир нь :
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, цалингийн зээлийг хариуцагч зээлийн гэрээний хуваарийн дагуу хугацаа хэтрүүлэхгүй төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрэн, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.7 дахь зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Болор-Эрдэнэ, Б.Алтансувд нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,473,201 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Зээлдэгч О.Болор-Эрдэнэ, Б.Алтансувд нар нь Хаан банктай байгуулсан гэрээний дагуу цалингийн зээлийн төлбөрийг хуваарьт хугацаанд төлөх боломжгүй байгаа учир сар бүрийн төлбөрийг тухайн сарын 30-ны өдөр төлөх саналыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав гэж харилцан тохиролцож зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 27,260.5 төгрөгийг, хариуцагч О.Болор-Эрдэнээс 13,630.25 төгрөг, Б.Алтансувдаас 13,63.25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ