| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/02443/И |
| Дугаар | 210/МА2025/01775 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01775
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04965 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд илүү төлсөн 51,650,000 төгрөг, доголдолтой ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн 26,645,688 төгрөг, бараа материалын зардал буюу хохирол 8,937,000 төгрөг, нийт 87,232,688 төгрөг гаргуулах тухай үндсэн,
21 нэр төрлийн 190 ширхэг, нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******" ХХК нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн Е,С тунгаагуурын ажлыг гүйцэтгүүлэхээр ******* ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээгээр ******* ХХК нь хоёрдогч тунгаагуур, хуваарилах байгууламж, насос станцын барилгын ажлыг нэг м.кв-ыг 125,000 төгрөг буюу нийт 4132 м.кв талбайд 516,500,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцон, үүнээс урьдчилгаа төлбөрт гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 51,650,000 төгрөг, явцын төлбөрт 102,350,000 төгрөг, нийт 154,000,000 төгрөгийг авсан.
1.2. Гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэх явцад Е тунгаагуурын суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татсан тул түүнийг технологийн шаардлагад нийцүүлэн богиносгож засахдаа алдаа гаргасны улмаас бүх муфтийг дахиж ашиглах боломжгүй болгож, улмаар арматур мурийж дээрх ажлуудыг дахин шинээр хийх шаардлагатай болсон. Мөн Е, С суурийн бэлтгэл бетоны өндөржилтийн түвшинг зөрүүтэй цутгаж, С суурийн бэлтгэл бетон хайрагдсан тул итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх шаардлагатай болсон.
Манай байгууллагын зүгээс эдгээр буруу гүйцэтгэсэн ажлуудыг түргэн шуурхай засаж янзлахыг ******* ХХК-аас удаа дараа шаардахад 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №04/20 тоот албан бичгээр ...гэрээт ажлыг гүйцэтгэхэд ур чадвар, туршлага хүрэлцэхгүй, цаг хугацаанд нь технологийн шаардлагад нийцүүлэн чанартай гүйцэтгэлтэй ажиллаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, талуудын хоорондын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл ирүүлэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалж, ажлын талбайг орхиж явсан.
1.3. ******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь ажлыг энэ гэрээнд заасны дагуу зохих ёсоор, хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч нь талбайд төсөл дуустал 2 инженер ажиллуулна. Талбайд байнгын 30 хүн ажиллуулна", мөн 3.5-т ...хэрэв дээр дурдсан хугацаанд ямар нэг эвдрэл, алдагдал гарвал гүйцэтгэгч тэдгээрийг гэрээнд заасан шаардлагад бүрэн нийцэх хүртэл засах ажлыг хариуцна гэж заасныг тус тус зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажлын үр дүнг хангалтгүй гүйцэтгэсэн. Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбоотойгоор ******* ХХК-ийн илүү төлсөн ажлын хөлс болох 51,650,000 төгрөгийг гаргуулна.
1.4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагч ******* ХХК нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Е, С тунгаагуурыг холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн бүрэн хийж дуусгах ёстой байсан боловч уг хоёр тунгаагуурын зөвхөн худаг цутгах, ул бетон цутгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү ул бетон цутгах ажлыг гүйцэтгэх явцад хариуцагч ******* ХХК нь Е, С тунгаагуурын суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татаж, түүнийгээ засахдаа алдаа гаргасны улмаас бүх муфтийг дахин ашиглах боломжгүй болгож, улмаар барилгын ажилд ашиглаж байсан арматурууд мурийж мөн адил дахин ашиглах боломжгүй болгосон. Энэ нь талуудын хооронд үйлдсэн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ажлын гүйцэтгэх явцын шалгалтын актаар тогтоогддог. Уг ажлын гүйцэтгэх явцын шалгалтын актын дагуу манай компанид дараах 3 төрлийн бараа материалын зардал нийт 8,937,000 төгрөгийн хохирол учирсан. Тодруулбал, арматур боох нарийн төмөр утас буюу чансааг тухайн үед 10кг нь 44,000 төгрөгөөр худалдан авч байсан ба бид хариуцагчаас НӨАТ тооцоогүй 4,000 төгрөгөөр бодож хохирлоо нэхэмжилж байна.
Мөн манай компанийн хийж гүйцэтгэж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл нь бүхэлдээ БНХАУ-ын барилгын норм, стандартаар хийгдэж байгаа бөгөөд барилгын гол материалуудыг ерөнхий гүйцэтгэгч тал БНХАУ-аас ******* ХХК-ийн барилгын талбайд хэрэглэж байсан арматур нь 18 хэмжээтэй, 12 метр урттай арматур байсан ба нийт 1608 ширхэг 12 метр урттай арматурыг хариуцагч ******* ХХК нь тухайн хийцлэлд дахин ашиглах боломжгүй болгосон. Бид хохирлыг багасгахын тулд өөрийн боломжоор өөр хийцлэлд дахин ашиглах зэргээр шингээн ашигласан боловч мурийж тахийсан, хэмжээндээ хүрэхгүй болсон шалтгаанаар 2,49 тонн арматурын хаягдал гарч, түүнийг ерөнхий гүйцэтгэгч Хятад компани талд буцаан өгч, үнийн дүнг өөрсдийн гүйцэтгэлийн хөлснөөс суутгуулсан. Харин арматур залгах холбоос буюу муфтийг ерөнхий гүйцэтгэгч талаас дахин бидэнд олгоогүй бөгөөд олдоц муутай уг материалыг бид ширхэг бүрийг нь 3,000 төгрөгөөр үнэлэн хувь хүнээс худалдан авсан.
1.5. 2023 оны 09 дүгээр сард Е, С тунгаагуурыг усаар дүүргэж шалгахад хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн нь газар доорх худагнаас ус алдаж байгааг тогтоосон ба уг гэмтлийг холбогдох стандартад нийцүүлэн яаралтай засварлахгүй бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтад орох боломжгүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь гэрээт ажлыг чанаргүй, алдаатай гүйцэтгэснээс шалтгаалж дээрх 2 тунгаагуурын газар доорх худагт үүссэн гэмтлийг засварлах зайлшгүй шаардлагатай болсон. Тус гэмтлийг хүйтний улиралд засварлах боломжгүй бөгөөд дулааны улиралд буюу 2024 оны зун засварлах боломжтой. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс дээрх гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулахад нийт 26,645,688 төгрөгийн зардал гарах тооцоо байна. Хариуцагч ******* ХХК нь гэрээт ажлыг чанаргүй гүйцэтгэн орхиж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөнөөс шалтгаалан нэхэмжлэгч ******* ХХК-д бараа материал, үүссэн гэмтлийг засварлах зардал зэрэг нийт 35,582,688 төгрөгийн хохирол учирсан.
Иймд хариуцагч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсантай холбогдуулан илүү төлсөн ажлын хөлс 51,650,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гүйцэтгэснээс учирсан хохиролд 35,582,688 төгрөг, нийт 87,232,688 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчтэй 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний ажлын хөлсийг гэрээнд заасан ажилд бүрэн зарцуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс их буюу илүү төлбөр шилжүүлээгүй. Ажлыг хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний доголдол гарсан, мөн ажлыг бүрэн хийж гүйцэтгэхэд нарийн мэргэжил ур чадвар хүрэлцэхгүй байсан тул нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр акт үйлдэж, гарын үсэг зурсан, уг актаар чансаа 474 килограмм, муфт 800 ширхэг зэрэг зүйл дутсан талаар хариуцагч тал маргаагүй. Харин ажил гүйцэтгэж байсан морин таслагч, резва матагч зэрэг 10,000,000 төгрөгийн эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилгаа төлбөрийн 10 хувь болох 51,650,000 төгрөгийг буцаан шаардсан. Гэрээ цуцалсан тохиолдолд төлсөн төлбөрөө 10 хувиар буцааж өгөх зохицуулалт байхгүй.
2.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлсөнд 26,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Өөр байгууллагатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ямар ажил гүйцэтгүүлсэн, ажлын үр дүн нь юу байсан, хэдэн төгрөгийн санхүүгийн зардал гаргасан болох нь тодорхойгүй. Нэхэмжлэгчид хүлээн өгсөн ажилд доголдолгүй байсан. Үүнтэй холбоотой доголдлын шаардлага гаргаж байгаа бол хуульд заасан хугацааны дотор буюу гэрээ цуцалснаас хойш ажлыг хүлээж авсан үеэс хууль буюу гэрээнд заасан 6 сарын дотор догодлыг арилгуулах ёстой. Мөн хэрэгт авагдсан баримтаар доголдлыг арилгуулсан болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын талбайд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 21 нэр төрлийн 190 ширхэг, нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авч очсон. Гэвч ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул ******* ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/20 тоот албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэн өөрийн компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн. Мөн тус компанийн тавьсан торгууль болох 8,973,000 төгрөгийг бүрэн төлсөн. Харин ******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр ажлын талбайд авч очсон манай компанийн ажилчид байрлах, ажлын багаж хэрэгсэл хадгалах гэр болон контейнер, ажлын багаж зэргийг үндэслэлгүйгээр барьцаалж өнөөдрийг хүртэл саатуулж байгаа нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Учир нь аливаа хүн, хуулийн этгээд өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байхад хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас хууль бусаар барьцаалсан 21 нэр төрлийн 190 ширхэг, нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулна.
3.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 контейнерийг хүлээж авсан, үлдсэн тоног төхөөрөмжүүд бүгд алга болсон. Тодруулбал, таван ханатай монгол гэр, суурийн тасдагч, арматур тасдагч, хов матагч, морин тасдагч, арматур матагч, муфьт, кабел зэрэг нийт 14,810,000 төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгө байсан.
Иймд компанийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 14,810,000 төгрөгийг нэхэмжилж, үлдэх 35,000,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан ******* ХХК-ийн 21 нэр төрлийн бараа материалыг үндэслэлгүйгээр барьцаалж саатуулсан зүйл байхгүй. Учир нь ******* ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэж чадахгүй тул ажлыг хаяж явсан бөгөөд нийтдээ ажлын талбай дээр өөрсдийн хоёр ширхэг контейнерийг орхиод явсан. Уг контейнерт сөрөг нэхэмжлэлд дурдсан 21 нэр төрлийн 190 ширхэг нийт 49,810,000 төгрөгийн эд хөрөнгө байгаа эсэхийг бидний зүгээс мэдэх боломжгүй. Мөн гэрээт ажлыг гүйцэтгэх ажлын талбайд орж гарах, талбайгаас бараа материал эд зүйл гаргах асуудлыг ******* ХХК өөрөө шийдвэрлэдэггүй. Уг талбайн ерөнхий захиалагч буюу хятад компанийн эзэмшлийн газар бөгөөд төслийн талбайд орох гарах, бараа материал оруулах, гарах асуудлуудыг захиалагч компани шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь гэрээт ажлыг ажлын талбайд 2 контейнерийг орхиод явсан болохоос биш уг контейнерийг ******* ХХК барьцаалж хүчээр авч үлдсэн зүйл байхгүй.
Бидний зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор гэрээт ажлын талбайд очиж шалгахад ******* ХХК-ийн хоёр ширхэг контейнер болон эд хөрөнгүүдийг өөрийн туслан гүйцэтгэгч компани болох ******* ХХК-д ашиглуулахаар үлдээсэн байсан. Тухайн компани нь тухайн хөрөнгүүдийг түр үлдээгээд явсан гэх хариултыг туслан гүйцэтгэгч компаниас өгсөн. ******* ХХК-ийн захирал нь манай компанид урьдчилгаа төлбөр буюу нэхэмжлэлд дурдсан 51,650,000 төгрөгийн оронд 2 контейнерийг бартераар ав гэх саналыг манай талд хэлсэн. Бидний зүгээс төлсөн урьдчилгаа ажлын хөлсөө бэлэн мөнгөөр авахаа илэрхийлж уг саналаас татгалзаж байсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь өөрийн өмч хөрөнгөө бусдад ашиглуулж байгаа учраас гэрээт ажлын талбайгаас контейнерээ буцааж авах хүртлээ манай компаниас шалтгаалсан бодит нөхцөл байдлыг гуйвуулах буюу хүчээр барьцаалж үлдсэн мэтээр сөрөг нэхэмжлэл шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 8,937,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,295,688 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,060 /416,200+335,860/ төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 407,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 157,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 78,295,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Учир нь шүүхийн шийдвэрт гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 51,650,000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талууд гэрээ цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг буцаан авахаар тохиролцоогүй гэж дүгнэсэн. Уг төлбөрийг буцаан шаардах үндэслэлгүй гэж дүгнэхдээ талуудын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийг гэрээ цуцлагдсан тохиолдолд буцаан олгоно гэсэн заалт тусгагдаагүйг үндэслэл болгосон. Маргааны ерөнхий агуулгын хувьд талууд гэрээ байгуулагдсан болон хариуцагч ажлын алдаа дутагдал гаргаж, хариуцагчийн өөрийн хүсэлтээр цуцалсан талаар хэн аль нь маргадаггүй. Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д ...урьдчилгаа 1 ширхэг тунгаагуурын 10 хувийг олгох ба сар бүр гүйцэтгэлээр санхүүжих гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч урьдчилгаанд 51,650,000 төгрөгийг хариуцагчид гэрээ байгуулмагц эхэлж төлсөн. Улмаар гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагчийн ажлын гүйцэтгэлээр 102,350,000 төгрөг буюу нийт 154,000,000 төгрөг төлсөн. Мэргэжлийн төсөвчний зүгээс хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг 85,600,814 төгрөг гэж тогтоосноос үзвэл хариуцагчийн гүйцэтгэсэн 85,600,814 төгрөгийн ажилд нэхэмжлэгч 102,350,000 төгрөг явцын төлбөр гэж төлсөн нь тодорхой харагддаг боловч энэ зөрүүг нэхэмжлэгч нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлын төлбөрийг хангалттай бүрэн төлсөн. Харин нэхэмжлэгч үүнээс зөвхөн урьдчилгаанд буюу гэрээ байгуулмагц урьдчилж шилжүүлсэн 51,650,000 төгрөгийг буцаан шаардсан.
Энэхүү урьдчилж төлсөн 51,650,000 төгрөг нь хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр биш, нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын хөлснөөс барьцаа маягаар урьдчилж төлсөн төлбөр юм. Учир нь энэхүү урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулмагц буюу ажил эхлээгүй байх үед шилжүүлсэн. Барилгын ажилд захиалагчаас гүйцэтгэгчид ажлын төлбөрийг урьдчилж шилжүүлэх тохиолдолд түгээмэл байдаг бөгөөд энэ нь нэг талаас захиалагч өөрийн дураар, үзэмжээр гэрээг цуцалж, гүйцэтгэгчийг хохироохоос сэргийлсэн арга хэмжээ юм. Энэ хэргийн хувьд гүйцэтгэгч нь өөрөө алдаа дутагдал гаргаж, өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж, ажлаа орхин явсан тул урьдчилгаа төлбөрийг захиалагч буцаан шаардах эрхтэй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж. учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохирол гэж тооцох бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан урьдчилгаа төлбөр болох 51,650,000 төгрөг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зардалд хамаарна. Гэтэл шүүхээс гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийн буцаан авахаар гэрээнд заагаагүй тул шаардах эрхгүй гэж дүгнэж 51,650,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, анхан шатны шүүх энэ хэрэг маргааны үйл баримтыг дүгнэхдээ хариуцагч хэдэн төгрөгийн ажил хийхээс хэдэн төгрөгийн ажил хийсэн талаар ч дүгнээгүй, үйл баримтыг дутуу дүгнэн орхигдуулж, хэргийг шийдвэрлэсэн.
6.2. Нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 26,645,688 төгрөгийн өртгөөр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах ажил гүйцэтгүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс ...уг ажил гүйцэтгэх гэрээгээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлсэн болохыг үгүйсгэхгүй ч уг хийж гүйцэтгэсэн ажил нь хариуцагч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан гэж үзэх боломжгүй гэж хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагч нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, шинээр барих төслийн хоёрдогч тунгаагуур, хуваарилах байгууламж, насос станцын барилгын ажлын хүрээнд Е, С тунгаагуурын голын цилиндрийн суурь арматур зангидах, суурь бетон цутгах, худаг барих ажлуудыг гүйцэтгэхдээ дараах доголдлыг гаргасан нь нотлогддог. Үүнд: Е, С тунгаагуурын голын цилиндрийн суурь арматур зангидахдаа суурь арматурын резбаг техникийн шаардлага зөрчин заагдсан хэмжээнээс урт татаж, засварлах явцдаа дахин алдаа гаргаснаас үүдэн уг арматур ашиглах боломжгүй. Үүний улмаас дахин шинэ суурь резба, арматур залгах муфть, чансаа худалдан авч, голын цилиндрийн уг ажлыг ******* ХХК-иар дахин гүйцэтгүүлсэн. Голын цилиндрийн суурь бетоныг цутгахдаа ул бетоныг түвшин зөрүүтэй цутгаснаас үүдэлтэй доголдлыг дахин ул бетон цутгаж, түвшинг тэгш хэмтэй болгох замаар засварлуулсан. Худаг барихдаа техникийн шаардлага хангаагүйн улмаас ус алдах нөхцөл үүсэж байсан тул худагт гадна болон дотор талаас ус тусгаарлалтын ажил гүйцэтгүүлсэн. Түүнчлэн, дээрх доголдлыг арилгуулалгүйгээр тунгаагуурын барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй байсан тул нэхэмжлэгч зайлшгүй байдлаар уг зардлыг гаргаж, өөр байгууллагаар засварын ажлыг гүйцэтгүүлсэн.
Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцалсантай холбоотойгоор урьдчилгаа төлбөрт төлсөн 51,650,000 төгрөг, доголдлыг арилгуулах ажлын хөлс 26,645,688 төгрөг нийт 78,295,688 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
7.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 102,000,000 төгрөг өгсөн, харин үнэлгээний компани гүйцэтгэсэн ажлын хөлсийг 85,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч илүү төлсөн 51,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн болохоос хохирол гэж тодорхойлоогүй. Хариуцагч талаас гэрээ цуцалж мэдэгдэл өгөхөд ажлын доголдол гарсан талаар хэлсэн. Доголдлын хувьд хоёр талын инженерүүд үзээд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд захиалагч тал буюу нэхэмжлэгч талаас өгсөн арматур болон холбогдох материалыг буруу хэмжээтэй тасдаж резба татсан бөгөөд үүний улмаас дахин ашиглах боломжгүй болсон. Ингээд доголдол үүссэн тул хариуцагч тал 8,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Бодит байдал дээр 51,000,000 төгрөгийн ажил хийгээгүй байхад өгсөн тул хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд ороогүй гэж тайлбарладаг. Талууд акт үйлдэж эхлээд 51,000,000 төгрөг авсан, нэмэлт санхүүжилт шаардлагатай гэж үзэж тухай бүрт санхүүжилт олгож нийт гүйцэтгэсэн ажил нь нэхэмжлэгчээс өгсөн хөлсөнд тохирсон ажил хийж гүйцэтгэсэн, харин илүү 20,000,000 гаруй төгрөгийн ажил хийсэн талаарх баримтаа гаргаж өгсөн. Гомдолд дурдсан шиг 102,000,000 төгрөг өгөөд илүү төлсөн 51,000,000 төгрөгийг зүгээр өгсөн асуудал биш. Үүнийг хохиролд тооцох ёстой гэдэг боловч нэхэмжлэгч тал хохирол гэж нэхэмжлээгүй. Шүүхээс хохирлын төлбөрийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэл бүхий болсон. Иргэний хуулийн 225, 226, 355 дахь хэсэгт тус тус заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй байхад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
7.2. ******* ХХК-аар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн доголдлыг арилгуулахаар 26,000,000 гаруй төгрөг гаргасан гэж тайлбарладаг. Доголдол үүссэн бол доголдлыг арилгуулах, хийж гүйцэтгэх хугацаа тогтоосон зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрт ямар ажлыг доголдолтой буюу дутуу хийсэн талаар дурдсан. Гэтэл доголдлыг арилгуулахад 26,000,000 төгрөгийн хохирол үүссэн гэж ярьсан. Талуудын хооронд гэрээ байгуулагдаж хийж гүйцэтгэх ажлыг гэрээнд давхардуулж бичсэн. Бодитоор доголдол гарсан талаар хариуцагчид мэдэгдсэн, доголдлыг арилгах хугацаа тогтоосон, үүнтэй холбоотой асуудлаар ******* ХХК-аар уг доголдлыг арилгуулсан гэх ажил хүлээлцсэн акт, төлбөр төлсөн баримт байдаггүй тул бодитоор учирсан хохирол гэж үзэхгүй. Шүүхээс энэ асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба доголдлыг хийж гүйцэтгүүлсэн гэж үзэх боловч шууд хамааралтай гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын улмаас үүссэн доголдлыг засуулсан болох нь тогтоогдоогүй. Ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон, ажлаа дутуу хийж орхисноос болж уг ажлыг үргэлжлүүлж хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсөнд илүү төлсөн 51,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад доголдолтой ажлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн 26,645,688 төгрөг, бараа материалын зардал буюу хохирол 8,937,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, нийт 87,232,688 төгрөгийг шаардсан.
Хариуцагч нь дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 21 нэр төрлийн 190 ширхэг 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 19 нэр төрлийн 14,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл тогтоогдсон. Үүнд:
3.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд хоёрдогч тунгаагуур, хувиарлах байгууламж, насос станцын барилгын туслан гүйцэтгэх ажлыг зураг төсөл, хууль болон барилгын норм ба дүрэм, гэрээний хавсралтуудад заасан шаардлагад нийцүүлэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 ширхэг тунгаагуур, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үлдсэн 3 ширхэг тунгаагуур, 1 ширхэг хувиарлах байгууламжийн салбар шугам сүлжээний цутгалтын ажлыг дуусгах, захиалагч ******* ХХК нь 1 м.кв-ыг 125,000 төгрөгөөр тооцож нийт 4,132 м.кв талбайд 516,500,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлөх ба урьдчилгаа 1 тунгаагуурын 10 хувийг олгож, сар бүр гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохиролцжээ. /1-р хх-ийн 8-14/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний урьдчилгаа төлбөрт 51,650,000 төгрөг, ажлын гүйцэтгэлээр тооцон 102,350,000 төгрөг, нийт 154,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд дансаар шилжүүлсэн байна. /1-р хх-ийн 18-20, 31/
3.3. Ажил гүйцэтгэх явцад талууд 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлын явцын шалгалтын акт үйлдсэн. Актаар ажил гүйцэтгэх явцад технологийн алдаа гарсан. Үүнд: суурийн арматурын резбаг заагдсан хэмжээнээс урт татсан. Үүний улмаас муфьт тэлсэний дараа технологийн шаардлагын дагуу резба муфьтнээс 1-2 хэрчлээс цухуйх байсан боловч илүү урт цухуйж гарсан. Ерөнхий гүйцэтгэгчийн тавьсан шаардлагын дагуу муфьтны резбаг богиносгож засахдаа зөвхөн нэг талын резбаг тайрч, нөгөө талыг урт хэвээр нь үлдээсэн. Резбаг дахин муфьтлэхдээ нэг талын резбаг тултал чангалж муфтээ эвдэн, эсрэг орох арматурын резбаны үзүүрээс их хэмжээгээр тайрч, муфтэнд 2-3- хан резба оруулж мөчид чангалсан. Үүний улмаас урт резбаны үзүүрийн 1-3 хүртэлх хэрчлээсүүд алагдсан, муфтны дотор талын эсрэг резба бас алагдаж бүх муфть дахин ашиглагдах боломжгүй болсон. Резбаг тайрч дахин муфьтлэх явцад арматур мурийсан. Ерөнхий гүйцэтгэгчээс бүх резбаг тайрч дахин резба татаж муфьтлэх шаардлага тавьсан бөгөөд нэгэнт тайрагдсан арматурыг дахин ашиглах боломжгүй болсон. Е,С суурийн бэлтгэл бетоны өндөржилтийн түвшин зөрүүтэй цутгагдсан. С суурийн бэлтгэл бетон хайрагдсан тул итгэмжлэгдсэн лабораторт бетон шинжлүүлэх шаардлагыг ерөнхий гүйцэтгэгчээс тавиад байна. Ерөнхий гүйцэтгэгчээс буруу хийсэн ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг үл хэрэгсэн 3-5 хүнтэйгээр засварын ажлыг хийж, сар орчим хугацаа өнгөрсөн боловч алдаагаа бүрэн гүйцэт засаагүй. Материалийн зардал чансаа 174 кг, муфьт 18 хэмжээтэй 800 ширхэг, арматурын хорогдол үүссэн гэжээ. /1-р хх-ийн 15/
3.4. Үүний дараа хариуцагч ******* ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 04/20 тоот албан бичгээр ...ажлыг гүйцэтгэхэд манай компанийн ур чадвар, туршлага хүрэлцэхгүй байгааг бид анхаарч дүгнэлт хийсэн. Манай компани цаг хугацаа болон ажлын чанарын хувьд шаардлагад нийцэж ажиллаж чадахгүй байгаад хүлцэл өчье. Манай компани одоогийн түвшинд байгаа ажлыг шууд орхиж явахгүй. Иймд одоогийн үүссэн алдаа дутагдлыг залруулж дараагийн 2 блокын ажлыг гүйцэтгэх компанид хариуцлагатай хүлээлгэн өгөхийг мэдэгдэж ажил гүйцэтгэх гэрээг цуцлах санал хүргүүлж байгааг мэдэгдсэнээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан гэжээ. /хх-ийн 16/Дээрх баримтаас үзвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ажил гүйцэтгэх гэрээг цуцлах талаар мэдэгдэж, улмаар талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
4.1. Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байгааг залруулж өөрчлөлт оруулна.
4.2. Хэрэгт мэргэшсэн төсөвчин ******* 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж шинээр баримт төслийн хоёрдогч тунгаагуур Е, С тунгаагуурын 1, 2, 3 дугаар худаг голын цилиндрийн 1 дүгээр үе, суурийн ул бетон цутгасан ажлын нэгдсэн төсөв байна. Уг төсөвт хариуцагч ******* ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу 85,600,814 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэжээ. /1-р хх-ийн 125-131/
4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас ажлын хөлсөнд илүү төлсөн 51,650,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх талууд гэрээ цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн төлбөрийг буцаан авахаар тохиролцоогүйгээс гадна хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсийг өгөхөөр тохиролцсон нь нэхэмжлэгчийг урьдчилгаа төлбөрийг илүү төлсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлээр тооцон нийт 154,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл мэргэшсэн төсөвчний гаргасан төсөвт өртгөөр хариуцагч нь 85,600,814 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон байхаас гадна энэ баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй байна
4.4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид гэрээг цуцлах хүсэл зоригоо илэрхийлснээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа цуцлагдсанаар хүчин төгөлдөр хэрэгжсэн хэсэг хэвээр үлдсэн боловч цаашид үүргийн харилцаа дуусгавар болсон байх тул хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлаас илүү хэмжээний төлбөр төлөгдсөнийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй.
4.5. Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний дагуу шилжүүлсэн 154,000,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг болох 85,600,814 төгрөгийг хасаж тооцвол зөрүү 68,399,186 /154,000,000-85,600,81/ төгрөг байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас хөлсөнд илүү төлсөн 51,650,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хэмжээгээр гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.
5. Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сард Е, С тунгаагуурыг усаар дүүргэж шалгахад хариуцагчийн гүйцэтгэсэн газар доорх худагнаас ус алдаж байгааг тогтоож мэргэжлийн байгууллагаар засуулахад гарсан зардалд 26,645,688 төгрөгийг нэхэмжилсэн байна.
5.1. Хариуцагч нь гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж, нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сард доголдын талаар мэдсэн гэж тус тус тайлбарлан маргасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.
5.2. Нэхэмжлэгч нь үлдсэн ажлыг хийж гүйцэтгэсний дараа 2023 оны 09 дүгээр сард Е, С тунгаагуурыг усаар дүүргэж шалгахад хариуцагчийн гүйцэтгэсэн газар доорх худагнаас ус алдаж байгааг тогтоосон тул хэвийн байдлаар илрүүлэх боломжгүй доголдлыг илрүүлсэн үеэс шаардах эрх үүссэн гэж үзэх учир Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу тоолбол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.
5.3.Нэхэмжлэгч нь ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон үнийн санал гэх баримт шүүхэд гаргасан байх бөгөөд энэ гэрээгээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл-ийн хоёрдогч тунгаагуурын Е, С тунгаагуурын 2 ширхэг голын цилиндр, 6 ширхэг худагт гадна, дотор талаас ус тусгаарлалтын ажлыг гүйцэтгүүлэх, ажлын хөлс 26,645,688 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна./1-р хх-ийн 109-112/
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгуулахад гарсан зардалд 26,645,688 төгрөгийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчид 26,645,688 төгрөгийн хохирол учруулсан талаар ажил гүйцэтгэх гэрээ болон үнийн санал гэх баримт гаргасан нь уг доголдлыг арилгахад дээрх мөнгөн хөрөнгийг гаргасан гэх байдлыг эргэлзээгүйгээр нотлохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Учир нь, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Энэ зохицуулалт нь талуудын маргаанд хэрэглэгдэх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх явцын шалгалтын акт үйлдсэн, уг актаар арматур уях нарийн төмөр утас болох чансаа 174 кг буюу 696,000 төгрөг, арматур залгах муфьт 800 ширхэг буюу 2,400,000 төгрөг, 18 арматур 2,49 тонн буюу 5,841,000 төгрөг, нийт 8,937,000 төгрөгийн бараа материалын хохирол учруулсан гэж нэхэмжилсэн байна.
7.1. Анхан шатны шүүх хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас дээрх барилгын материалыг үрэгдүүлж гэмтээж энэ хэмжээгээр нэхэмжлэгчид зардал гаргасан, нэхэмжлэгч дээрх мөнгөн дүнгээр арматур, муфьт, чансаа худалдан авсан нь баримтаар тогтоогдсон, зарлагын баримт дээр авагдсан мөнгөн дүн, гүйлгээний талаар хариуцагч татгалзсан тайлбар гаргаагүй тул актаар тогтоогдож хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр гарсан зардлыг төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнээд холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
8.1. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... 21 нэр төрлийн 190 ширхэг нийт 49,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авч очиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан боловч гэрээ цуцлагдснаас хойш 2 ширхэг контейнер буцааж авсан. Одоо үлдэх монгол гэр, таслагч, хом матагч, кабель, ажилчдын хоол бэлтгэх зориулалттай гал тогооны хэрэгсэл зэрэг 19 төрлийн 14,810,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулна ... гэж тайлбарласан.
8.2. Анхан шатны шүүх тухайн эд зүйлс хаана, хэнд хэрхэн үлдээсэн, хэрхэн хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, контейнерт уг эд зүйлсийг оруулж хураан, цоожилсон байсан талаар гэрч нар мэдүүлсэн, хариуцагч тал уг 2 контейнерийг ачиж авч явснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага багасгасан, контейнерт ямар эд зүйлс байсныг хэн аль нь мэдэхгүй, хүлээлцсэн баримт байхгүй гэж дүгнээд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нотолгооны үүрэг хариуцагчид хуваарилагдах бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох, уг нотлох баримтаа шүүхэд бүрдүүлж, цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.9. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас хөлсөнд илүү төлсөн 51,650,000 төгрөг, бараа материалын зардал буюу хохирол 8,937,000 төгрөг, нийт 60,587,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 26,644,988 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/04965 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 60,587,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 26,644,988 төгрөгт холбогдох шаардлага, нэхэмжлэгч ******* ХХК-аас 19 нэр төрлийн 14,810,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...157,942 гэснийг ...460,888 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 549,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ