Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221

 

  2019           07             25                                          2019/ШЦТ/221

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагчаар Б.Эрхэмбаяр,

-шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай

-шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б -д холбогдох эрүүгийн 1934003620253 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Сэрвэй суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р багийн Хан-уулын 8-р гудамж, 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх А овогт Т.Б /РД:___91040816/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 191/81 дэх километрийн заалтын ойролцоо 34-39 ӨМЭ улсын дугаартай Лексус-470 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Анхцэцэгийн биед хүнд, Т.Бөхчулууны биед хөнгөн гэмтэл учруулж, И.Хатансүхийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Б : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-18 тал/, согтуурал шалгасан баримт /хх-ийн 19 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 28 тал/, хохирогч М.Анхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 32 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байцаасан мэдүүлэг /хх-ийн 37 тал/, хохирогч Т.Бөхчулууны мэдүүлэг /хх-ийн 39 тал/, шүүгдэгч Т.Б -ий мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, шинжээчийн №314 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 тал/, шинжээчийн №316 дугаартай дүгнэлт /хх-ийн 55 тал/, шинжээчийн №317 дугаартай дүгнэлт /хх-ийн 60 тал/,  Замын цагдаагийн шинжээчийн №53 дугаартай дүгнэлт /хх-ийн 65 тал/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-26 тал/, шүүгдэгч Т.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-88 тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98 тал/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99 тал/, Баяр Бахдалаа хуваалцъя төрийн бус байгууллагын тодорхойлолт /хх-ийн 113-114 тал/, Өмнөговь аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 117 дугаартай тодорхойлолт /хх-ийн 115-116 тал/, шүүгдэгч Т.Б -ий анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 117 тал/, шүүгдэгч Т.Б -ий хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 119-120 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 123 тал/, хохирогч нарын гомдол саналгүй гэх тодорхойлолт /хх-ийн 122, 124 тал/ зэрэг болон шүүгдэгч Т.Б хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд болно.

 

Шүүгдэгч Т.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан замын 191/81 дэх километрийн заалтын ойролцоо 34-39 ӨМЭ улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3 гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч М.Анхцэцэгийн биед хүнд, Т.Бөхчулууны биед хөнгөн гэмтэл учруулж, И.Хатансүхийн амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07 тал/
  • Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-18 тал/
  • Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-26 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №316 дугаартай “...1.Т.Бөхчулууны биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №317 дугаартай ”...1.М.Анхцэцэгийн биед хүзүүний 7-р нугалмын их биеийн хугарал, нугалмын гулсалт, баруун, зүүн талын 1-р хавирга ясны хугарал, тархи, доргилт толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд зовхинд шарх, баруун мөр, бугалга, шуу, сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөр, бугалга, даланд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 60 тал/
  • Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №69 дугаартай “...1.И.Хатансүхийн биед их тархины баруун, зүүн тал бөмбөлөг, бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт /1200мл/, 2 уушигны эдийн няцрал, голтод цус хуралт, зүүн талын олон хавирганы хоёрлосон хугарал, зүүн бөөр, дэлүүний эдийн няцрал, бүдүүн гэдсэнд цус хуралт, цохонд шарх, толгойн хуйханд цус хуралт, баруун хөмсөг, дух, хамар, зүүн хацар, хүзүү, зүүн мөр, цээж, зүүн гуя, зүүн баруун өвдөгт зулгаралт, баруун гарын 1-р хуруунд шарх, баруун бугуйн үенд зулгаралт бүхий амьд үед үүссэн шинэ гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүснэ. З.Талийгаач нь гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Ходоодонд 5.5 промилли спиртийн агууламж ирсэн байна. 5.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 71-74 тал/
  • Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №53 дугаартай “...1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 34-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэв. 2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарсан үеийн зам орчны байдал нь асфальт, уруу, мөстэй, халтиргаатай, суурингийн гаднах, үзэгдэх орчин харанхуй, гэрэлтүүлэггүй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээтэй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй гэжээ. Иймд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 34-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.Билгүүн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 65 тал/
  • Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр машин авахаар найз Т.Билгүүний хамтаар явсан юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр машинаа сонгоод орой 19 цагийн орчим над руу залгаад гарах гэж байна, талбайн хажууд түгжрээд явж байна гэсэн, тэрнээс хойш холбоо бариагүй...Талийгаач хотоос гараад явж байхдаа машин мөргөх шахсан гэж байсан, тэгээд л тэрнээсээ болоод л жолоогоо шилжүүлсэн байх. Т.Билгүүн өөрөө машинтай, өөрөө машинаа барьдаг юм. Манай нөхрийн хамгийн сайн найз нь байгаа юм. Надад ямар нэг гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/, ”... Надад нэмж ярих зүйл байхгүй, Миний хувьд уг хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хохирлын баримт гаргаж хэрэгт хавсаргуулах шаардлага байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
  • Хохирогч М.Анхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний хувьд машинд суухлаар дотор муухайраад байдаг бөгөөд голдуу унтаж явсан. Нэг лааз пиво задлаад өгөхөөр нь ганц хоёр л балгасан. Улаанбаатар хотоос манай хүргэн Хатансүх машинаа жолоодож явсан бөгөөд “Ногоон дов” дээр очоод жолоогоо шилжүүлсэн, тэгээд л миний хувьд юу болсон талаар санахгүй байна. Осол яаж болсон эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, ”...Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл бүгд үнэн. Миний хувьд уг хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хохиролын баримт гаргаж өгч хэрэгт хавсаргуулах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 тал/
  • Иргэний нэхэмжлэгч М.Энхгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...Миний хувьд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй мөн уг тээврийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/
  • Хохирогч Т.Бөхчулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сургуулиа төгсөөд ромбо, дипломаа авчихаад ах Т.Билгүүн рүү залгатал Өгөөмөр захын ойролцоо байна, явахдаа хэлнэ хариад байж бай гэж хэлсэн. Орой 19 цагийн үед гэртээ байж байхад очиж байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд Т.Билгүүн, талийгаач Хатансүх, талийгаачийн эхнэрийн эгч Анхаа бид нар манай гэрийн ойролцоо хоолны газар орж хоол идчихээд хөдлөөд түгжирч явж байгаад бензин авчихаад Өмнөговь аймаг орхоор яваад замдаа Айцын даваан дээр Атлас дэлгүүрээс пиво авч байсан. Айцын даваа уруудаад явж байхад талийгаач машинаа сонирхоод жоохон гишгэж үзэж байхад урд талын приусыг араас нь мөргөх шахаад хажуу талаар нь ороод зогссон. Тэгээд явж байгаад Төв аймгийн Замын цагдаагийн пост өнгөрөөд талийгаач машинаа барьж байхдаа нэг пиво авхуулаад ууж байсан бөгөөд “Ногоон дов” дээр ирээд ах Т.Б -ийг барьчих гэж хэлээд бариулсан. Тэгээд л би ард нь бүсээ зүүсэн байсан бөгөөд зүүрмэглэчихсэн байсан. Тэгтэл машин гулгаад бөгсөө хаях шиг болсон. Тэгтэл пүүн гээд дуу гараад эргэчихсэн, тэгээд машин зүүн талаараа буухаар нь агаа зүгээр үү гэж хэлсэн чинь ах зүгээр гэж байсан бөгөөд хажуу хаалгаар гараад хажуу талынхаа эгчийг асуусан чинь байхгүй байсан. Тэгээд би шууд дээд талын хаалгаар гараад ах намайг зам дээр гар түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд эргээд иртэл нөгөө эгч машины хажууханд хэвтэж байсан бөгөөд талийгаачийг хайсан чинь урд талд нэлээн зайдуу байсан, очоод амьсгал болон судасны цохилт мэдэгдэхгүй байсан...зам бол осол болсны дараа машин зогсоох гээд гартал асар их гулгаатай байсан бөгөөд би өөрөө ойчих шахсан. Мөн битүү цасан шуурга шуурч байсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
  • Гэрч З.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...Миний хувьд Улаанбаатар хот Да хүрээ захын урд тээврийн хэрэгсэл зардаг хүн байгаа юм. Уг машиныг миний хувьд зарахынхаа өмнө хүнээс худалдаж авсан юм. Тэгээд би өөрөө унаж ашиглаж байсан бөгөөд өөрөө нэмж сэлбэг хэрэгсэл авч тавьсан байгаа...Машины хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан, машины хувьд маш сайн машин. Учир нь миний хувьд 2005 оноос хойш машин авч зарж байгаа. Уг машинд хийсэн зүйл гэвэл гишгүүр урд хойд хоёр гуфер будсан өөрөөр хийгдсэн зүйл байхгүй. Би өөрөө хэрэглэх гэж авсан тэрэг учир машины хувьд ямар нэгэн асуудал байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/
  • Шүүгдэгч Т.Б -ий мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2019 оны 05 сарын 08-ны өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хот орж машин авахаар найз Хатансүхийн хамтаар замын унаагаар Улаанбаатар хот орж ирээд 2 өдөр машин үзэж байгаад 10-ны өдрийн 15 цагийн орчим Да хүрээ захаас хар өнгийн лексус 470 маркийн машиныг Чинзориг гэх хүнээс 20.500.000 төгрөгөөр манай найз Хатансүх авсан юм. Тэгээд машины бичиг баримтыг янзлуулж нэрээ солиулчихаад зах ороод мөн хоол унд идчихээд гарсан бөгөөд Улаанбаатар хотод би барьж байсан бөгөөд Улаанбаатараас Өмнөговь орохоор орой 21 цагийн орчим гараад талийгаач Хатансүх өөрөө машинаа барьж явсан юм. Сэргэлэн сумын ногоон дов өгсөөд явж байхад зам халтиргаатай гулгаад байсан. Тэгээд ногоон дов дээр талийгаач намайг машин барьчих гэж хэлээд өөрөө хажуу талд суугаад би машин бариад ард талд Анхаа эгч Бөхчулуун хоёр суугаад хөдлөөд 2-3 км зайд явж байхад зам халтиргаатай машин гулгаад байсан. Тэгээд л машин замын хажуу руу орчихсон, машин ойчсон бөгөөд би машинаас гарч ирэхэд Анхаа эгч машины хажууд хэвтэж байсан ба талийгаач машины урд нилээн зайтай хэвтэж байсан очоод үзэхэд амьсгалахгүй байсан. Т.Бөхчулуун машинаас гарч ирэхэд Бөхчулууныг түргэн дууд гэж хэлээд явуулсан. 35-40 км цагийн хурдтай явж байсан, зам халтиргаатай цасаар шуурч байсан тул үзэгдэх орчин муу байсан. Миний урд машинууд аваараа дарчихсан цуваад явж байсан, эсрэг урсгалд машин байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/
  • Шүүгдэгч Т.Б -ий мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг би хүлээн зөвшөөрч байна...Тэгээд даваа өгсөж байхад цас ороод байх шиг байсан ба талийгаач машинаа барьж байхдаа замдаа шарваад байна гэж байсан. Тэгээд даваан дээр гарч зогсоод талийгаач намайг жолоо барьчих гэж гуйгаад, би машиныг нь бариад талийгаач хажуу талд суугаад талийгаачийн ард талд Анхцэцэг, Анхцэцэгийн хажууд Бөхчулуун сууж явсан. Тэгээд л цааш явж байтал гэнэт л зөв тал руу бөгс нь гарч ирээд юу болсныг мэдэхгүй ойччихсон байсан...Бөхчулуун бид хоёр хамгаалалтын бүс хэрэглэсэн, нөгөө хоёр хэрэглээгүй байсан...хотын төвд явж байхад машин баруун тал руугаа татаад байсан...осол болоход ослын дэр гараагүй...зүүн талын хоёр дугуй хагарсан...тээврийн хэрэгсэл асуудалтайг бид хоёр мэдэж байсан ба Хатансүх очиж байгаад янзална гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-89 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч Т.Б -ий ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

          Шүүгдэгч Т.Б  нь “34-39 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

           

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Х.Хатансүхийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

            Шүүгдэгч Т.Б -ий замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Т.Б -ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насанд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэл, хохирогч Т.Бөхчулуун, М.Анхцэцэг нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаагүй байна.

            Мөрдөн байцаалтын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэл нь бичгээр гаргасан хүсэлтдээ: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний нөхөр И.Хатансүх Улаанбаатар хотоос Лексус-470 маркийн машин худалдан авч Өмнөговь аймаг руу явж байгаад осолд орж амь нас эрсэлдсэн. Тухайн өдөр цас орж зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан, талийгаач өөрөө машиндаа дадаж өгөхгүй байсан учир хамт явсан найз Т.Б -д жолоогоо шилжүүлсэн байдаг. Т.Б -ий хувьд бидний хамгийн ойр дотны найз учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Б -д холбогдох хэргийг хөнгөрүүлэх нөхцөлтэйгээр авч үзэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэж /хх-ийн 123 тал/, хохирогч Т.Бөхчулуун мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байгаад цаг уурын нөхцөл байдлаас үүдэн осолд орсон. Одоо миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тул Т.Б -д холбогдох хэрэгт оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэж /хх-ийн 122 тал/, хохирогч М.Анхцэцэг мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр осолд орсон. Одоо миний бие сайжирч байгаа. Байгалын гамшиг таарч цас орж зам хальтиргаатай байснаас санамсаргүй байдлаас болсон тул хамт явж байсан Т.Б -ий хувьд би гомдол байхгүй, нөхөн төлбөр байхгүй...шүүх хуралдаанд суухгүй...” гэж /хх-ийн 124 тал/ тус тус гаргажээ.

            Шүүхээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэл, хохирогч Т.Бөхчулуун, М.Анхцэцэг нарт шүүх хуралдааныг товыг тус тус мэдэгдэхэд “..гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтээрээ байгаа...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

            Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Анхцэцэгийн хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус зааснаар хохирогч М.Анхцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардалаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Т.Б -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Идэрхангай “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг удирдлага болгон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эхнэр нь хохирогч нарт тусламж үзүүлэн 6.500.000 төгрөг төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Т.Б -ий холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Т.Б -ийг тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй зэрэг хувийн байдал, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлийн “...Т.Б -ий хувьд бидний хамгийн ойр дотны найз учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Т.Б -д холбогдох хэргийг хөнгөрүүлэх нөхцөлтэйгээр авч үзэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэснийг,  Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу шүүгдэгч Т.Б -д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг харъяа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Т.Б -ий тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгах нь зүйтэй.

            Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1934003620253 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б  нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлд хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн, хохирогч М.Анхцэцэг, Т.Бөхчулуун нар гомдолгүй гэснийг тус тус дурдаж, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №02380319 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны төлөөлөгчид нь буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б -д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №886398 дугаарын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А овогт Т.Б -ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Т.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч А овогт Т.Б-д үүрэг болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч А овогт Т.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А овогт Т.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний №886398 дугаарын жолоочийн үнэмлэх /1 ширхэг/-ийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.
  2. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А овогт Т.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхгэрэлд хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн болохыг, хохирогч Т.Бөхчулуун, М.Анхцэцэг нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч М.Анхцэцэгийн цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А овогт Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №02380319 дугаарын тээврийн хэрэгслийн хууль ёсны төлөөлөгчид нь буцаан олгосугай.   

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А овогт Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА