| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 103/2016/00274/И |
| Дугаар | 103/ШШ2016/00288 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 103/ШШ2016/00288
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 103/ШШ2016/00288 | Улаанбаатар хот |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо 10 дугаар байрны 26 тоотод оршин суух, Унзад овогт Бямбаагийн Мөнх-Эрдэнэ /ИЮ89012273-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 55 дугаар байрны 36 тоотод оршин суух, Армянгад овогт Нямдоржийн Пүрэврагчаад холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 14:03 цагт ямар нэг гэрээ хийлгүйгээр аман хэлэлцээрээр тохиролцож тус болох зорилгоор 1,000,000 төгрөгийг 20-30 хоногийн хугацаатай хүүгүй зээлдүүлсэн болно. Энэ мөнгийг над руу мессежеер явуулсан Хаан банкны 59511023962 н.Оюунцэцэг гэх дансанд шилжүүлсэн болно. Гэвч Н.Пүрэврагчаа нь хугацаандаа мөнгөө өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл миний дансанд нэг ч төгрөг хийгээгүй байна. Утсаар ярихаар өнөө маргаашгүй гээд 2 сар боллоо. Миний бие 1,100,000 төгрөгийн үнэтэй шулуун гэдэсний хагалгаанд яаралтай орох болсон тул иргэн Н.Пүрэврагчаагаас миний 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Пүрэврагчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.Пүрэврагчаа нь Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлж барагдуулах болно. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнэ хариуцагч Н.Пүрэврагчаагаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 1,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Пүрэврагчаа нь нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийн зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Пүрэврагчаа нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 14,275 төгрөгийг, хариуцагч Н.Пүрэврагчаагаас 14,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ