Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01776

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05879 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, дутуу олгосон цалин болон хавсран гүйцэтгэж байсан ажлын цалинг нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ******* ХХК-д дотоод шаталтын хөдөлгүүрийн техникчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын ******* уурхайд ил уурхайн хүнд машин механизмын засварын хэлтэс трак шоптоор ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс надад урьдчилан мэдэгдэхгүйгээр хөдөлмөрийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл зэргийг дордуулж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний оронд дагалдан ажилладаг ******* гэх хүнийг явуулахаар тушаал гаргасан. 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр шууд удирдлага *******тэй утсаар холбогдож тодруулахад чамайг одоохондоо халах тушаал гараагүй, росторын амралтаа эдлээд ирж хүний нөөцөөс тушаалаа аваарай гээд утсаа салгасан. Тухайн өдөр хүний нөөц *******аас email хаягаар намайг халсан эсвэл шилжүүлсэн тушаал гарсан бол авах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ээлжийн ажилдаа явж чадаагүй тул энэ талаар тодруулахаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тус тус компаний удирдах албан тушаалтан нартай уулзахад Тавантолгой уурхай эсвэл Улаанбаатар хотын засварын хэсэгт ажилла, өөр сонголт чамд байхгүй гэхээр нь зөвшөөрөхгүй шийдвэрээ дахин харж үзэхийг хүссэн хүсэлт амаар гаргасан.

Харин 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хооронд эхнэр төрөх хугацаа нь болсон тул ээлжийн амралт эдлэх хүсэлтэй байгаа мэдэгдээд уулзалтыг дуусгасан. Түүнээс хойш надад хариу өгөхгүй байсан тул би 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр намайг сэлгэн ажиллуулах болсон шалтгааныг тодруулсан албан бичиг, тушаал зэргийг авах тухай албан ёсны хүсэлтийг компанийн удирдлагуудад email хаягаар явуулахад хүний нөөцөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дуудсан тул очиход 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сэлгэн ажиллуулах тухай тушаал гаргасныг надад тэр өдөр танилцуулсан. Тухайн өдөр компанийн удирдлагуудтай дахин уулзаж би өмнөх ажлын байрандаа ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд таны оронд өөр хүн томилоод ажиллуулж байгаа тэр хүнийг шууд буцааж чадахгүй, харин ******* дээр нэмэгдэл хүн хэрэгтэй бол таньд нээлттэй, та шүүхээр явах бол таны шийдвэрийг бид хүндлэнэ гэхэд би шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд уулзалтыг дуусгасан. Ингээд би уг тушаалыг эс зөвшөөрч компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах гэсэн боловч маргаан таслах комисс байгуулагдаагүй тул харьяа дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд хандан гомдол гаргасан. 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хуралдахад хариуцагч тухайн хуралд оролцох боломжгүй болохыг илэрхийлж, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хурлын тэмдэглэл, шийдвэрийг хүлээн авсан.

1.2. Би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 14 хоног ажлаад 7 хоног амрах ээлжээр ажиллаж байсан. 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл уртын ээлжээр 14 хоног ажиллах, 14 амрах хувиараар камминс хөдөлгүүрийн засвар үйлчилгээг хийх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилласан. Энэ хугацаанд ******* 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сар хүртэл, *******тай 2022 оны 08 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нэг ээлжинд тус тус ажилладаг байсан. Эдгээр хүмүүсийн үндсэн цалин хөлс миний цалингаас 500,000-1,000,000 төгрөгөөр өндөр цалин хөлс авдаг байсан. Энэ тухайгаа ажил олгогчид мэдэгдэхэд гутаан доромжлуулсан хариу авсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сар, 2023 оны 03, 04, 06, 07 дугаар саруудад тус 14 хоногоос илүү 7 хоногоор ажиллахад илүү цагийн хөлсөөр бодож олгоогүй энгийн цагаар бодож олгосон, ээлжийн амралтын цалин хөлс бас дутуу бодож олгож байсан.

1.3. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, тохиролцоогүй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, аюул эрсдэл өндөртэйд тооцогддог, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болох өндөр эрсдэлтэй ******* ХК-ийн хүнд машин механизмын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын бүхий л ажилд шууд хувиарлан, хавсран ажил гүйцэтгүүлж байсан. Тодруулбал, булдозер, дамп трак, авто грейдер, ковш, экскаватор эдгээр техникийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, хутга, шүд солих, засварлах, оношлох зэрэг ажлын засвар үйлчилгээг хийлгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэдэг ******* ХК-ийн ажилтны нэг сарын үндсэн цалин хөлс нь 1200$-1500$ доллар буюу 4,000,000-4,500,000 төгрөгийн цалин хөлстэй байдаг. Үүнд зориулсан ямар ч нэмэгдэл цалин хөлс байдаггүй.

Би эрхэлж байсан ажилдаа чинь сэтгэлээсээ хандан ажил олгогчийн өгсөн үүрэг даалгаврыг давуулан биелүүлж, ажлын цагийг зөвхөн ажил үүргээ биелүүлэхэд зарцуулж ирсэн, хамт олноо үргэлж манлайлж үр дүнтэй, сахилга баттай, ашиг сонирхлын болон бусад ямар нэгэн сахилгын зөрчилгүй, ажил олгогчид эд хөрөнгийн хохиролгүй, ашиг орлогыг үргэлж нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан олон жил үр дүнтэй ажилласан тул 2022 онд тус компанийн зүүн азийн бүсийн шилдэг ажилтан болж байсан. Гэтэл намайг сэлгэн ажиллуулах талаар ажил олгогчийн зүгээс надад урьдчилан мэдэгдэлгүй миний хөдөлмөрийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, зэргийг дордуулж өөр ажлын байранд шилжүүлсэнд гомдолтой байна. Удаа дараа дуудан айлган сүрдүүлж, тэвчишгүй байдлыг үүсгэж байсан бөгөөд энэ бүхэнд би өөрийн тайлбараа өгч бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж, найдан хүлээсэн.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, дутуу олгосон цалин болон хавсран гүйцэтгэж байсан ажлын цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус компани нь *******тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлчилгээний техникч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Улмаар Хөдөлмөрийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

2.2. *******т 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх цалин хөлсийг дутуу олгож байгаагүй. Нэхэмжлэлд хэрхэн дутуу олгосон талаар дурьдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. Компанийн хувьд хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан цалин хөлсийг бүрэн олгосон. Мөн цалин бууруулсан шийдвэр гаргаагүй.

2.3. *******тай ярилцаж тохиролцсоны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4 дэх хэсэгт зааснаар сэлгэн ажиллуулсан. Ажилтан энэ талаар өөрөө шийдвэр гаргаж, компани тус уулзалтаас нэхэмжлэгч ******* зөвшөөрсөн тул сэлгэн ажиллуулах тушаал гаргасан.

2.4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.1.5, 62.2, 65.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийг ажил үүрэг хавсран гүйцэтгүүлээгүй, ажил үүрэг хавсран гүйцэтгэсэн гэж компанид өмнө гомдол гаргаж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хууль зөрчсөн тул гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан Сайтын дизель хөдөлгүүрийн техникч албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 112,610,556 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж,

Нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлсний зөрүү болон хавсран гүйцэтгэж байсан ажлын цалин хөлсийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт ...хариуцагчийн тайлбар болон 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын хэлснээр нэхэмжлэгч *******ыг Улаанбаатар хотод сэлгэн ажиллуулах суурь шалтгаан нь ******* ХК-тай байгуулсан ажиллах хүч хангах гэрээ 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болсон, Трансвест компанитай ажиллах хүч ханган нийлүүлэх түр гэрээ байгуулахаар хэлэлцээр хийгдэж байгаа, компанийн зүгээс олон хүчин зүйлсийн харгалзан ******* сайт дээр ажиллах бүтцэд өөрчлөлт оруулсан, ******* сайт дээр ажиллуулахгүйгээр компани дотроо өөр хэлтэс нэгжид, адил чанарын өөр ажилд харилцан тохиролцож, сэлгэн ажиллуулах хэмээн тодорхойлсон. Гэтэл ******* ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсноор уурхайн сайт дээр дизель хөдөлгүүрийн техникчийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон байхад тодорхой хугацаа заалгүйгээр ажилтныг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, ******* ХК болон ******* ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний хугацааг үнэлээгүй.

4.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд ажил олгогч Камминисмонголиа инвестмент ХХК болон ******* ХК нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан. Тус гэрээний хавсралтад гэрээ үйлчилж эхлэх өдөр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, гэрээний хугацаа гэрээ үйлчилж эхэлснээс хойш 3 жил, гэрээний хугацааг гагцхүү ******* ХК-ийн үзэмжээр 2 жилээр сунгаж болохоор заасан. Гэтэл тус гэрээ цаашид сунгагдаагүй, дуусгавар болсон. Харин ******* ХХК нь ******* ХК-ийн тендерт шалгарсан өөр улсын, өөр хуулийн этгээд болох ******* ХХК-тай ажиллах хүч хангах хэлэлцээр хийж байсан бөгөөд тус хэлэлцээр хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байсан тул ур чадвартай ажилтандаа 3 сонголт бүхий ажлын байр санал болгосныг ажилтан хүлээн авсан. Энэ талаар анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч тал маргаагүй, шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн гол татгалзал болох ******* ХК-тай байгуулсан гэрээг үнэлээгүй, татгалзсан үйл баримтыг нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцээгүй.

4.3. Анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэл болон гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрт хариуцагч нь Улаанбаатар хотын засварын төвд нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулахдаа түүний зөвшөөрлийг аваагүй, харилцан тохиролцоогүй гэж дүгнэсэн. Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 100-103 дугаар талд нэхэмжлэгч болон хариуцагч компанийн гүйцэтгэх захирал Антони Дэвид Браун, дэд захирал , хүний нөөцийн менежер ******* нарын оролцсон 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэл авагдсан. Тэмдэглэлд ажилтан *******т хариуцагч компаниас Улаанбаатар хотын засварын төвд ажиллахаас гадна уурхайд ажиллах өөр 2 сонголтыг санал болгож, улмаар ажилтны шилжүүлэх болсон шалтгаан нөхцлийг тодруулж, тайлбарлах байдлаар уулзалт үргэлжилсэн нь тусгагдсан. Хариуцагчийн Улаанбаатар хотын засварын төв буюу МРС-д ажиллах саналыг нэхэмжлэгч хүлээн аваагүй тул хариуцагчийн санал хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ гэжээ. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Антони Дэвид Браун ******* ХК-тай байгуулсан ажиллах хүч хангах гэрээ дуусгавар болсон. ХХК-тай гэрээ байгуулахаар хэлэлцээр хийгдэж буйтай холбогдуулан *******ыг сэлгэн ажиллуулах санал гаргасан.

Дээрх сэлгэн ажиллуулах 3 ажлын байрыг санал болгосон байна. Үндсэн харилцагчийн нэгжийн 2 дугаар багт буюу менежерийн багт ажиллах сонголт. Энэ нь уртын ээлжээр буюу 14/14 хувиараар сайтад ажиллах тул цалин хөлсний хувьд буурахгүй. МНС (УБ хот дах засварын газар)-т ажиллах сонголт. Энэ ажил нь үндсэн цалин хөлс буурахгүй. Ажлын цагийн хувьд өдрийн 8 цаг, ажпын 5 өдөр ажиллана. Илүү цагаар ажиллавал илүү цагийн хөлсийг адилхан авна. Үндсэн харилцагчийн нэгжийн 3 дугаар багт буюу менежерийн багт ажиллах сонголт. Энэ ажил нь дуудлагын дагуу ажиллах тул цалин хөлсний хувьд одоо авч байгаа цалин хөлсний илүү нэмэгдэх цалин хөлстэй. Дээрх 3 ажлын байрыг санал болгоход нэхэмжлэгч ******* нь 2 дахь сонголт буюу ...миний хувьд өөрийнхөө ур чадварыг харуулж, компанидаа үнэлэгдэж, цалин хөлсөө нэмэгдүүлж ажиллах хүсэлтэй байна. Ийм болохоор дэд захиралтай ойрхон ажиллах зорилгоор МРС буюу Улаанбаатар хот дах засварын газарт ажиллая гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн Улаанбаатар хотод ажиллая гэдгийг хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй. Тус уулзалтын тэмдэглэлд Улаанбаатар хот дах засварын газар ажиллавал илүү цагийн хөлс буурахыг гэрч ******* уулзалтаар сануулсан. Харин 3 дахь сонголтын хувьд цалин хөлсний хувьд эрс нэмэгдэх боломжтойг, 1 дэх сонголтын хувьд цалин хөлс огт буурахгүй байх сонголт байгааг анхааруулсан боловч нэхэмжлэгч нь өөрөө, сайн дураар 2 дахь сонголт буюу Улаанбаатар хот дах засварын газрыг сонгосон. Гэрч *******ийн мэдүүлгээр нэхэмжлэгч нь ажил олгогчийн саналыг ямарч татгалзал илэрхийлэхгүйгээр хүлээн зөвшөөрч, ээлжийн амралт авах хүсэлтийн дагуу ээлжийн амралтыг биеэр эдэлжээ.

Энэ дагуу тушаал шийдвэр гарч, ээлжийн амралтыг дуусгавар болсны дараа тушаал танилцуулахаар хүлээж байсныг илэрхийлсэн. Гэтэл гэрчийн мэдүүлгийг бичмэл нотлох баримттай уялдуулан үнэлээгүй, тал бүрээс нь үнэлээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгчийн цалин нэмэгдүүлэх, ээлжийн амралт авах хүсэлтүүдийн хувьд цалинг 4 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдүүлэх боломжтой талаар тайлбарласан. Харин ээлжийн амралтын хувьд нэхэмжлэгчийн хүсэлтээр олгож, бүхий л хүсэлтүүдийг ажил олгогч хүлээн авсан. Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн хувьд 4 дүгээр сарын 01-ний өдөр жил бүр цалин хөлсийг нэмэгдүүлдэг бөгөөд тухайн үед шийдвэрлэх боломжтой, мөн нэхэмжлэгчийг маш сайн ажилтан учраас бүхий л газарт, шууд удирдлагууд бүгд авах хүсэлтэй байгаа талаар илэрхийлсэн. Энэ нь цалин хөлс болон каръерын хувьд ахих боломж гэдгийг ч ажил олгогчийн зүгээс тус уулзалтанд удаа дараа илэрхийлсэн. Уулзалтаар өөр хэлэлцэх зүйлгүй, саналгүй бол уулзалтыг дуусгах санал гаргаснаар дууссан. Учир нь нэхэмжлэгч нь Улаанбаатар хотод ажиллахаа илэрхийлж, мөн цалин хөлсөө нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа, ээлжийн амралт болон аавын хоногоо авах хүсэлтэй илэрхийлсэн ажил олгогчийн хувьд бүх санал хүсэлтийг хүлээн зөвшөөрч, харин цалин хөлсний хувьд 4 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэрлэх боломжтой талаар мэдэгдсэн. Энэ дагуу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цалин хөлсийг нэмэгдүүлж, ******* ХХК-ийн техникчид дотроо дээрээсээ 2 дугаар шатлал бүхий цалин хөлстэй болж, цалин хөлсийг нэмэгдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэх саналыг ажил олгогчийн зүгээс тавьсан бөгөөд эвлэрлийн саналыг удаа дараа тавьсан боловч нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлага хэмээх үндэслэлгүй шаардлагаар эвлэрэхээс удаа дараа татгалзсан, ажил үүргээ гүйцэтгээгүй.

Нөгөө талаар нэхэмжпэгч нь одоог хүртэл хөдөлмөрийн багаж хэрэгсэл, компьютер, техник хэрэгслийг ажил олгогчид өгөөгүй, өнөөдрийг хүртэл хэрэглэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Тодруулбал, талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжпэгчийг анх ажилд авахад ажил үүрэг гүйцэтгэх байршлын хувьд Улаанбаатар хот дах засварын газар болон уурхайн сайтад ажиллуулахаар бичгээр харилцан тохиролцсон. 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т ажлын байршил, 2.2.1-д Монгол улс, Улаанбаатар хот дах засварын төв, 2.2.2-т Улаанбаатар хот дах агуулахын байр, 2.2.3-т Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор харилцагч байгууллагын ажлын байранд буюу уурхайн талбайд гэж тохиролцжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгг Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс нэхэмжлэгчтэй анхнаасаа ажил үүрэг гүйцэтгэх байршлыг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон.

4.4. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.3, 59.1.4, 59.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 59.1-т ажил олгогч ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болохоор заасан. Ийнхүү тодорхой хугацааны дотор сэлгэн ажиллуулах нь хуулийн 59.1.1-59.1.4-т заасан зорилгын хүрээнд хугацааны дууссаны эцэст өмнөх ажлын байраараа баталгаатай хангагдах, урьд эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж нээлттэй байхыг ойлгоно. Гэтэл ******* ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсноор уурхайн сайт дээр дизель хөдөлгүүрийн техникчийн ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл үүссэн байхад тодорхой хугацаа заалгүйгээр ажилтныг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэжээ. Ажил олгогч болон ажилтан нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон уулзалтын тэмдэглэлээр ******* ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон ч тус тендер сонгон шалгаруулалтад ******* ХХК шалгарсан ч ажиллах хүч хангах гэрээг уг компанитай байгуулахаар хөөцөлдөж хэлэлцээр хийгдэж байгаа талаар дурьддаг. Энэ хугацааг сайн ажилласан ажилтнаа алдахгүйн тулд ажил олгогчийн зүгээс өөрт байгаа ажлын байруудыг санал болгон, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг дордуулахгүй байх бүхий боломжийг эрэлхийлэн 3 ажлын байр санал болгосон. Гэтэл ажил олгогч нь дээрх шалтгаан нөхцлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4 дэх хэсэгт нийцэхгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.

Нэхэмжлэгч өөрөө дэд захирлын удирдлагад ажиллаж, өөрийгөө үнэлүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх талаар илэрхийлсээр байхад шүүх хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвараа эзэмшүүлэх буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т хамаарахгүй гэж үзсэн. ******* ХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж, цаашлаад өөр компанитай хэлцэл хийгдэх энэ хугацаанд ажилтныг сэлгэн ажиллуулах зорилготой байгаагаа илэрхийлснийг мөн хуулийн 59.1.4-т буюу нэг ажлын байранд хэт удаан ажилласнаас үүсэж болох гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэсэн зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн нь учир дутагдалтай юм. Шүүхээс хуульд нийцэхгүй гол үндэслэлээ урьд эрхэлж байсан ажлын байр байхгүй болсон тул өмнөх ажлын байраараа баталгаатай хангагдах боломжгүй, энэ боломж нь хаагдмал тул хууль зүйн үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Сэлгэн ажиллах хугацаа дууссан, эсхүл сэлгэн ажиллаж байгаа ажилтны хувьд энэ хуулийн 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан нөхцөл бий болсон тохиолдолд урьд ажиллаж байсан ажлын байранд нь эгүүлэн авна, 59 дүгээр зүйлийн 59.5 дах хэсэгт Урьд ажиллаж байсан ажлын байранд авах боломжгүй бол адил чанарын өөр ажлын байранд авч ажиллуулна гэж заасан зохицуулалт байгаа болохыг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригийн хувьд ч ажил олгогч нь ******* сайтад тендерт ялсан ******* ХХК-тай хэлэлцээр амжилттай хийгдэх хүртэл хугацаанд сэлгэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, ажпын байр нь бүр мөсөн байхгүй болох, эсхүл эргэн бий болох нөхцөл байдал тодорхойгүй тул ажил олгогчийн хамгийн боломжит саналуудыг шүүхээс анхаарч үзээгүй нь сэлгэн ажиллуулах хуулийн зорилго, зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Хэрэв урьд эрхэлж байсан ажлын байранд авах боломжгүй бол адил чанарын ажлын байранд авч ажиллуулах, ажилтныг баталгааг хуулиар зохицуулсан байгааг анхаарч үзээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Ажиллах хүч нийлүүлэх гэрээ дуусгавар болсон бөгөөд гэрээний дагуу ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон, үүнийг нотлох зорилгоор тухайн гэрээг өгсөн боловч нотлох баримтаар үнэлээгүй гэж тайлбарладаг. Маргааны зүйл нь салбар хооронд, аж ахуй нэгж хооронд сэлгэн ажиллуулна гэх агуулгатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан салбар татан буугдах болсон бөгөөд салбар байхгүй болсон учраас ажиллаж байсан ажилтнууд татан буугдаж байгаа гэх үндэслэлээр халсан бол маргааны зүйл өөр болно. Салбар, аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, байхгүй болсон гэх үндэслэлээр тушаал гаргана. Гэтэл энэ үндэслэлээр ажлаас халсан буюу орон тооны цомхотголд оруулсан зүйл байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл хамтран ажиллах хүч нийлүүлэх гэрээ дуусгавар болсон тул энэ салбарт ажиллаж байгаа ажилчид ажиллах боломжгүй болсноор сэлгэн ажиллуулах болсон боловч шүүх дээрх гэрээг нотлох баримтаар судлаагүй гэж маргадаг ч үүнийг үнэлэх боломжгүй. Харин бидний хэлж байгаа аж ахуйн нэгж, салбар татан буугдсан, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр халсан бол энэ салбар татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг нотолж холбогдох баримтыг бүрдүүлэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байсан. Ажиллах хүч нийлүүлэх гэрээ дуусгавар болоогүй, ижил төрлийн ажлын байранд ажиллаж байсан хүмүүс ажлаа үргэлжлүүлээд явсан үйл баримт тогтоогдсон.

Мөн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад гэрээний хугацаа дууссаныг шүүх үнэлээгүй гэж гомдол гаргасан. Гэтэл хуульд хугацаатай хөдөлмөрийн гэрээ гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдана гэдгийг мэдэх ёстой. Хариуцагчийн зүгээс ажиллах хүч нийлүүлэх гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж тайлбарладаг. Бид хугацаатай ажлын байранд ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр тушаал гаргаж ажлаас чөлөөлөөгүй. Түүнчлэн, уулзалтын тэмдэглэл, гэрчийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэж тайлбарладаг. Уулзалтаар *******ыг Улаанбаатар хот дахь салбарт шилжүүлэх санал тавихад хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан үндэслэл гэж тайлбарладаг. Гэвч уулзалтын тэмдэглэлд хариуцагчийн зүгээс Улаанбаатар хот дахь салбарт ажиллах санал тавихад ажиллахад татгалзах зүйл байхгүй гэх хариу өгсөн. Энэ хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй.

Санал тавьснаас хойш салбарт ажиллаж болно гэхдээ энд авч байгаа цалин хөлснөөс дордохгүй буюу тухайн цалин хөлстэй дүйцэхүйц байж болно гэх байдлаар уулзалт үргэлжилдэг. Хариуцагч талаас цалин хөлсний талаар хэлж мэдэхгүй, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин хөлс нэмэгдэж болзошгүй гэхдээ тодорхой биш гэх хариу өгдөг. Манай үйлчлүүлэгчийн зүгээс одоо авч байгаа цалин хөлс нэмэгдээд дүйцэх хүртэл харья гэх үндэслэлээр уулзалт дууссан. Уулзалтын түвшинд яригдсан 3 зүйл нь санал тавьсан, болж байна гэхдээ цалин хөлс одоогийн авч байгаа цалинтай дүйцэх ёстой гэхэд одоо авч байгаа цалин хөлстэй дүйцэх нь тодорхойгүй нэмэгдэнэ гэсэн учраас цалин хөлс нэмэгдэж одоо авч байгаа цалинтай дүйцэх хүртэл эндээ ажиллаад тухайн нөхцөл байдал үүсэх хүртэл харья гэх процесс болсон байхад зөвхөн эхний хэсгийг үндэслэл болгож энэ хүн сэлгэн ажиллуулахыг зөвшөөрсөн гэдэг байдлаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан уулзалтын тэмдэглэлийг бүхэлд нь харвал яг тохиролцсон зүйл байхгүй. Цалин хөлс нэмэгдээд одоо авч байгаа цалинтай дүйцвэл Улаанбаатар хот дахь салбарт сэлгэн ажиллаж болно гэх агуулгатай байдаг. Улаанбаатар хотод сэлгэн ажиллахыг албан ёсоор зөвшөөрсөн зүйл байхгүй.

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмших зорилготойгоор мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасныг үндэслэн тушаал гаргасан. Хэд хэдэн ажлын байранд ажиллах ур чадвар эзэмшүүлэх гэх асуудлын хувьд нэхэмжлэгч өөрөө техникч хүн. Гэтэл техникч хүн Оюу толгой ХК-ийн салбараас шилжээд Улаанбаатар хот дахь салбарт очоод техникчээсээ гадна ямар ур чадвар эзэмших вэ гэх асуудал яригдана. Механикч болох уу, трактор чинь болох уу, эсвэл мотор боогч болох юм уу, техникчээсээ гадна өөр ямар ур чадвар эзэмшүүлэх вэ гэдэг маргаан үүссэн. Улаанбаатар дахь салбарт очвол техникчээсээ гадна ямар чадвар эзэмшүүлэх нь тодорхойгүй. Гэтэл тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасныг баримталсан. Тус хуульд заасан үйл баримт, факт үүсээгүй байхад тушаал гаргасан нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т заасан үндэслэлээр шилжүүлсэн, энэ талаарх нотлох баримт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүй учраас шүүх энэ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх боловч нэг ажлын байранд удаан ажилласнаас үүсэх зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор манайхыг шилжүүлсэн гэж тушаал гаргасан. Чи удаан ажилласан тул цаашид энэ ажлын байранд сөрөг нөхцөл байдал үүсч болзошгүй гэх баримт байхгүй. Үүнтэй холбоотой тушаал, ийм төрлийн нотлох баримт, үйл баримтыг дурдаагүй.

Иймд анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх болон хууль хэрэглээний асуудалд зөв зүйтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлсний зөрүү болон хавсран гүйцэтгэж байсан ажлын цалин хөлсийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд нөхөн гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд дутуу олгосон цалин хөлсний зөрүү болон хавсран гүйцэтгэж байсан ажлын цалин хөлсийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд нөхөн гаргуулах шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн үйлчилгээний техникчийн ажил албан тушаалд томилогдон ажиллах бөгөөд ажиллах байршил нь Улаанбаатар хот, ажил хэргийн болон бизнесийн шаардлагатай тохиолдолд уурхайн ангиудад томилогдон ажиллах, мөн 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулна. Туршилтын хугацаа дуусахад аль нэг тал гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй бол хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр сунгагдсанд тооцно гэж тохиролцсон байна.

 

Дээрх гэрээг талууд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шинэчлэн байгуулж, тус компанийн дизель хөдөлгүүрийн техникч /сайт/ ажил албан тушаалд *******ыг ажиллуулах, ажлын байршлыг Улаанбаатар хот дахь Төв оффис, засварын төв, ажлын байрны нөхцлийг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, ажилтны сарын үндсэн цалинг 2,052,230.08 төгрөг байхаар тохиролцжээ.

 

Ийнхүү талууд бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх тул анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлд заасантай нийцсэн байна. /1-р хх-ийн 12-13, 17-30/

 

4.2. Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3, 59.1.4 дэхь хэсэг, ажилтан *******тай 2024 оны 01 сарын 11-ний өдөр уулзсан уулзалтын тэмдэглэлийг үндэслэн ажилтан *******тай уулзаж ярилцсаны дагуу хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсч болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 01 сарын 17-ны өдрөөс эхлэн ажилтан *******ыг Улаанбаатар хот дахь MRC (засварын газар)-т дизель хөдөлгүүрийн техникчээр сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 9/

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсон.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно, 59.1.1-д ажлын ачааллыг тэнцүүлэх, 59.1.2-т тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, 59.1.3-д хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх, 59.1.4-т нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, харин мөн хуулийн 59.3 дахь хэсэгт ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж заасан.

 

5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг сэлгэн ажиллуулах тушаал гаргахдаа түүний зөвшөөрлийг аваагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч ажлын байраа сэлгэх хүсэл зоригоо илэрхийлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч байгууллага нь ******* ХХК-тай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх гэрээ дуусгавар болсон нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдох эрхэд нөлөөлөхгүй гэж дүгнээд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5.2.Учир нь хэргийн 1-р хавтасны 96-99 дүгээр тал дахь баримтаар ******* ХХК болон ******* ХХК-иудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №W2152367 дугаартай, Камминсын хөдөлгүүрт засвар арчилгаа, үзлэг, засвар хийх үйлчилгээний гэрээ-г 3 жилийн хугацаагаар байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна. /1-р хх-ийн 96-99/

 

5.3. Дээрх гэрээг үндэслэн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Антони Дэвид Браун, дэд захирал ******* , Хүний нөөцийн менежер *******, нэхэмжлэгч ******* нар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уулзсан талаарх уулзалтын тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд ...******* ХХК-тай байгуулсан ажиллах хүч хангах гэрээний хугацаа дуусгавар болсон тул компани дотроо өөр хэлтэс нэгжид адил чанарын өөр ажилд харилцан тохиролцож сэлгэн ажиллуулах зорилгоор уулзалт хийсэн ба ажил олгогчоос дараах 3 ажлын байрыг санал болгосон. Үүнд:

1-рт үндсэн харилцагчийн нэгжийн 2 дугаар багт буюу менежерийн багт ажиллах сонголт. Энэ ажил нь 14/14 ээлжийн хуваариар өдөрт 12 цагаар уурхайн сайтад ажиллах тул цалин хөлсний хувд буурахгүй.

2-рт МRС (УБ хот дах засварын газар)-т ажиллах сонголт. Энэ ажил нь үндсэн цалин хөлс буурахгүй. Ажлын цагийн хувьд өдрийн 8 цаг, ажпын 5 өдөр ажиллана. Илүү цагаар ажиллавал илүү цагийн хөлсийг адилхан авна.

3-рт Үндсэн харилцагчийн нэгжийн 3 дугаар багт буюу менежерийн багт ажиллах сонголт. Энэ ажил нь Зүүн бүсийн уурхайн сайтуудаас ирсэн дуудлагын дагуу ажиллах. Дээрх ажлын байрнаас сонголт хийх талаар нэхэмжлэгчид санал болгоход тэрээр ...миний бие өөрийнхөө ур чадварыг харуулж, компандаа үнэлэгдэж цалин хөлсөө нэмэгдүүлж ажиллах хүсэлттэй байна. Ийм болохоор Си Вүшиан дэд захиралтай ойрхон ажиллах зорилгоор МRC-д ажиллая, МRC-д ажиллахад цалин хөлс буурах учраас би үндсэн цалингаа нэмэгдүүлмээр байна... гэжээ.

 

5.4. Түүнчлэн, гэрч ******* шүүхэд ...2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэлд ******* гарын үсэг зурсан, уг уулзалтад ******* ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болсон тул техникч нарын нэвтэрдэг дугаар автоматаар хүчингүй болсон, улмаар *******т 3 ажлын байрнаас сонголт хийх талаар гүйцэтгэх захирал танилцуулахад тэрээр MRC буюу хотод ажиллах сонголтыг хийсэн. Бусад ажилчдыг мөн адил сэлгэн ажиллуулсан. Сэлгэн ажиллахад түүний үндсэн цалин өөрчлөгдөөгүй байхад цалин нэмэгдвэл ажилмаар байна гэж хэлсэн... гэж мэдүүлсэн. /1-р хх-ийн 248-250/

 

5.5. Хэргийн 1 дүгээр хавтасны 61-63 дугаар талд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24/012 тоот тушаалын хавсралтаар нэхэмжлэгч *******ын үндсэн цалинг 2,360,064.58 мөнгө гэж шинэчлэн тогтоосон баримт авагдсан байна.

 

5.6. Дээрх гэрчийн мэдүүлэг болон хэргийн бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл, ******* ХХК нь ******* ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор нэхэмжлэгчийг өөр ажилд сэлгэн ажиллуулахаар 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уулзсан бөгөөд хариуцагч байгууллагаас 3 ажлын байрнаас аль нэг ажлын байр сонгон сэлгэн ажиллах саналыг тавихад нэхэмжлэгч нь 2 дахь ажлын байр болох Улаанбаатар хот дахь МRC буюу засварын газарт дизель хөдөлгүүрийн техникчээр ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон. Харин уулзалтын тэмдэглэлд асуулт, хариулалтаар үргэлжилсэн бөгөөд ******* нь МRC-д ажиллахад чамд олон сул талтай юм биш үү. Гэр чинь хол ажилдаа ирж очиход цаг их зарцуулна, илүү цагийн нэмэгдэл хөлс бага авна, цалин хөлс чинь буурна. Тэгснээс 14/14-р өөр уурхайд ажиллах, эсвэл дуудлагын багт ажиллавал илүү цагийн нэмэгдэл хөлс илүү их байна гэхэд ******* нь ...МRС-д ажиллахад цалин хөлс буурах учраас би үндсэн цалингаа нэмэгдүүлмээр байна гэхэд ******* нь үндсэн цалингаа хэд болгох саналтай байна гэхэд ******* нь гарт (НДШ, ХХОАТ-н дараа) 2 саяыг авч байвал болж байна гэхэд ******* нь цалин хөлсний бодлогын хувьд 04 сарын 01-нд шинэчлэх боломжтой. Хэрхэн яаж нэмэгдэх боломжтойг дүн шинжилгээ хийсний дараа танилцуулна. Одоо бол нэмэх боломжгүй байна. Учир нь компанийн зүгээс ажилтанд ямар нэгэн байдлаар амлалт өгч, хүлээлт үүсгэхийг зайлсхийдэг. PWC судалгааны үр дүн гараагүй, ажилтнуудын гүйцэтгэлийн үнэлгээ гараагүй байхад ямар нэгэн амлалт өгөх боломжгүй байна гэхэд ******* нь тэгвэл би одоо ростерийн амралтаа авч дуусаад үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авмаар байна. Манай эхнэр удахгүй төрөх учраас үргэлжлүүлээд аавын 10 хоногоо авна. Тэгээд тэр үед цалин хөлс хэд болох нь уу тэрийг хармаар байна гэх байдлаар хүсэл зоригоо илэрхийлснийг түүний зөвшөөрлийг аваагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, сэлгэн ажиллуулах тушаал гаргахад нэхэмжлэгчийн саналыг авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

5.7. Түүнчлэн, дээрх уулзалтын тэмдэглэлд ажлын байршлаас хамаарч илүү цаг ажиллахгүй учир илүү цагийн нэмэгдэл хөлс буурах талаар ярилцахад нэхэмжлэгч ******* уг байршилд байгаа ажлын байрыг сонгож үндсэн цалин нэмэгдүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Мөн хэргийн баримтаар талуудын 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.6-д үндсэн цалинг 2,052,230.08 төгрөг гэж тохиролцсон, ******* ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 24/012 тоот цалин хөлс шинэчлэн баталсан тушаал, түүний хавсралтаар нэхэмжлэгч *******ын үндсэн цалинг 2,360,064.58 мөнгө гэж тогтоосноос үзвэл түүний цалин хөлсийг буурсан гэж үзэхгүй.

 

Иймд ажил олгогч нь ажилтны саналыг үндэслэн түүнтэй харилцан тохиролцож сэлгэн ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангав.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******ын урьд эрхэлж байсан ******* ХХК-ийн дизель хөдөлгүүрийн техникч (сайт) албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/05879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар хариуцагч Камминс монголиа инвестмент ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхийг даалгах тухай  нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Камминс монголиа инвестмент ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 21-ий өдөр урьдчилан төлсөн 721,003 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ