Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/268

 

 

   2019              09              12                                                     2019/ШЦТ/268                                                             

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох 1934006180334 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Д Т, Монгол улсын иргэн, 1976 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг Дархан сумын 2 дугаар баг ширээ нуруу 8 гудамж, 5 тоотод  оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Шар хоолой гэх газар иргэн Д.Пүрэвийн гэрт иргэн  Д.Ганболдын толгойн тус газарт аягаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Д.Ганболдын Төв аймаг дахь цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч Д.Ганболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-06 тал/, гэрч С.Жавзандуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-07-08 тал/, гэрч Х.Батчулуунаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13 тал/, гэрч Д.Пүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10 дугаартай “1.2.Д.Ганболдын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-16-17 тал/, шүүгдэгч Д.Т*ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28 тал/, шүүгдэгч Д.Т-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн нутаг Шар хоолой гэх газар иргэн Д.Пүрэвийн гэрт иргэн  Д.Ганболдын толгойн тус газарт аягаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Ганболдын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос гэрээсээ ганцаараа гараад Төв аймгийн Батсүмбэр сумын шар хоолой гэх газар хуурай дүү Пүрэвийн гэрт очсон. Тэгээд гэрт хүн байхгүй байсан ба гадаа нь улаан мотоцикльтой 2 хүн байсан. Тэгээд яваад очтол Үдлэгийн Батчулуун гэх залуу нэг хүнтэй ирсэн тэр хоёр согтуу байсан ба би мотоциклиос буугаад байж байтал намайг таниад мэнд усаа мэдээд Пүрэв хаана байгаа юм бэ? гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгээд Батчулуун өврөөсөө тал шил архи гаргаад ирэхээр нь би уухгүй гээд Пүрэвийн гэрт нь орлоо түлхүүр байгаа газрыг нь би мэднэ гээд би түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. Тэгсэн Батчулуун аяга өгчих гэхээр нь аяга гаргаж өгсөн. Тэгээд нөгөө хагас шил архиа уусан ба би огт уугаагүй дууссан. Тэгсэн дахин нэг шил архи нөгөө нөгөө хоёр гаргаж ирээд уусан ба намайг огт уухгүй байна гээд байхаар нь би бие муутай, архи ууж чаддаггүй амсах юм бол ухаан санаа балартаад юмаа мэддэггүй юм гээд хэлээд сууж байтал гаднаас Пүрэвийн эхнэр хүүхдүүдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд Пүрэвийн эхнэр үхрээ саахаар гарсан ба Батчулуун болон нөгөө залуу нь болох Төмөө нар надад архи бага зэрэг аягалж өгчөөд уучих жоохон юм чинь гайгүй гээд шахаад байхаар нь би нөгөөх архийг нь уугаад ухаан мэдрэлээ алдчихсан. Тэгээд нэг сэртэл гэмтлийн эмнэлэгт сэрсэн юу болсон талаар огт мэдээгүй. Түмөө гэдэг залуу өөрөө цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба та битгий цагдаад хэлээч гээд гуйгаад байхаар нь бид нар тохиролцоод 5 сая төгрөг өгөлцөж авалцахаар болоод би гэмтлийн цагдаад мориноос уначихсан юм гэж хэлээд тухайн үед цагдаагаар шалгуулаагүй юм. Тэгсэн Түмээ хэлсэн ярьсандаа хүрээгүй огт тоохгүй байгаа болохоор миний бие цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-06 тал/,

Гэрч С.Жавзандуламын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө 04 цагийн үед мэдсэн ба манай нөхөр над руу залгаад би гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн тэгэхээр яваад очтол толгой нь хагарчихсан комъютер томографикид харуулна гэсэн тэгээд толгойг нь харуулаад, цээжний хөндийн зураг авахуулаад эмнэлэгт хэвтээд эмнэлэгт 3 хоноод эмнэлгээс гарсан. Эхэндээ бол надаас нуугаад мориноос унасан гээд байсан тэгэхээр нь Батсүмбэр суманд байдаг Пүрэвээ рүү залгаад юу болсон талаар нь асуутал Төмөө гэх залуу толгойг нь хагалсан гэж хэлж байсан тэгэхээр нь би та нар чинь ийм болоод байхад хэлж ярьдаггүй юм уу гэж хэлсэн тэгтэл Пүрэвээ юм хэлэхгүй байсан. Манай нөхөр хагалгаанд орох гээд хувцасыг нь бэлдэх гээд гэр рүүгээ явахад Төмөө гэх залуу нь надтай хамт явсан ба явж байх замдаа би Ганболд ах руу аяга шидээд толгойг нь хагалчихсан юм шүүх цагдаа гэлгүйгээр эндээ тохиролцоод салъя гэж байсан” гэх мэдүүлэг /хх-07 тал/,

Гэрч Х.Батчулууны: “ ...Бид хоёр үлдсэн шилтэй архиа хувааж уусан тэгээд янз бүрийн юм яриад сууж байтал Ганболд Тийг босооч гээд татаж чангаагаад босгосон ба би Тт цай хийж өгөөд байж байтал би цагдаад ажиллаж байсан чи тагнуулч гэх зэргээр Тт агсам тавиад байсан ба би бөө бөгсөөр чинь нар дурандуулна гээд агсараад байсан тэгэхэд Т ингээд дурандуулаарай гээд аяга шидэж Ганболдыг толгойг хагалсан тэгтэл Ганболд дахиад архи ууя гээд байсан ба архийг нь Пүүгийгийн эхнэр нь архийг хурааж авч байсан ба Т Ганболдыг хотоос хүн дуудаж ирүүлээд эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-13 тал/,   

Гэрч Д.Пүрэвийн: “...Би гэрээс гараад мал, төлөө янзлаад буцаад гэртээ орж ирэхэд Д.Ганболдын толгойн хагарчихсан цус гараад байж байсан тэгтэл би цагдаа дуудна гэж хэлтэл Д.Ганболд хэрэггүй бид нар хоорондоо учраа олчихно гээд байсан ба Т хотоос машинтай хүн дуудаад Д.Ганболдыг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Ямар ч байсан Д.Ганболд нь согтуу Төмөө рүү би боксын аварга хоёулаа сайхан боксдох уу гэх зэргээр Төмөөг хэл амаар доромжлоод л байсан Төмөө тэсч сууж байгаад л аяга шийдсэн байх” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №10 дугаартай “1.2.Д.Ганболдын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-16-17 тал/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

 Хохирогч Д.Ганболдын биед зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч Д.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Т-т 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно.

 

Хохирогч Д.Ганболд нь нотлох баримтын шаардлага хангасан 413497 төгрөгийн хохирлын баримтыг шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Ганболдод 1100000 төгрөг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Иймд энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Т-аас гаргуулах хохиролгүй байна. Хохирогч Д.Ганболд нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлага нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г  овогт Д.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 480/дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/-н  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  480000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ганболд нь ажилгүй байх хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Т-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ