| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01594/И |
| Дугаар | 210/МА2025/01777 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01777
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/05741 дугаар шийдвэртэй
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөр 69,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******той 2010 онд танилцаж, бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин , 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин ******* нар төрсөн.
1.2. Нөхөр *******, хадам ээж ******* нар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, ,,, хаягт байрлах, 56.2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 106,780,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 30,5 хувийг төлж, үлдэх 74,200,000 төгрөгийн зээлээр худалдан авсан.
Зээлийн гэрээний 3.1.7-д заасан амь нас, барьцаа хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах даатгалд хамруулах үүргийг зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн ба зээлийн гэрээний хавсралт 1-д заасан тэнцүү төлөлтөд даатгалын гэрээний хураамж төлөхөөр харилцан тохиролцож ******* ХК-тай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан.
1.3. ******* 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зүрхний шигдээсээр Улсын 3 дугаар төв эмнэлэгт нас барсан. Энэ талаар ******* ХК-д мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй, улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад даатгалын гэрээний хугацаа дууссан гэх шалтгаанаар нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Гэтэл даатгалын тохиолдол бий болох хүртэл хугацаанд нөхөр маань даатгалын гэрээнд заасан хувь хэмжээгээр төлбөр төлж байсан нь нотлогдсон.
1.4. Охин төрөхөд бид гэрлэлтийн баталгаагүй байсан боловч эцэг *******оор овоглосон. Харин охин *******г төрөхөөс өмнө талийгч нас барсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрээр хамтын амьдралтай байсныг тогтоосноор бага охиныг ааваар нь овоглосон.
Иймд орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхөн төлбөрт хариуцагчаас 69,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Манай компани даатгуулагч *******той 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан. Үүнээс хойш талуудын хооронд дахин даатгалын гэрээ байгуулагдаагүй тул даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Улмаар нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд хандан гомдол гаргахад тус хорооноос нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх манай тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХК-аас нийт 69,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 503,000 төгрөгөөс нийт 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 50 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчигдсөн. Учир нь шүүх орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хавсралт №1-д зааснаар үндсэн зээл, хүү, даатгалын төлбөрийн сарын тэнцүү төлөлт нь нийт 620,638.53 төгрөг, үүнээс даатгалын төлбөрт 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 16,179.54 төгрөг төлөх, даатгалын төлбөр сар бүр багасахаар заасан нь гэрээ, түүний хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байгааг дүгнэсэн. Талийгаач ******* нь даатгалын хураамжид хэзээ, хэдэн төгрөг төлсөн талаарх баримт гаргуулах нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүхийн журмаар ******* ХК-аас гаргуулсан 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, орон сууцны зээлийн гэрээний дагуу сар бүрийн 620,638.53 төгрөгийн төлөлтийн дүн нь зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөр, даатгалын төлбөрөөс бүрддэг, амь насны даатгалд нийт 274,441.69 төгрөг, эд хөрөнгийн даатгалд 555,256 төгрөг төлөгдсөн байхад дансны хуулгыг нотлох баримтаар үнэлээгүй.
Мөн ******* ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгийн хавсралтад ирсэн *******ын амь насны даатгалын хураамжид 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх сар бүрийн 10,678 төгрөгийн төлбөрийг банк, *******гоор 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 4,155,000 төгрөг нөхөн төлүүлсэн талаар тусгасныг нотолгооны хэрэгсэл болгон авч үзэж дүгнэсэн боловч зохигч талуудын маргаж байгаа даатгалын хураамжийг даатгуулагч тал 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл төлөгдсөн баримтуудыг үнэлээгүй. Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулсан *******ын даатгалын хураамж төлсөн талаарх ******* ХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 14/ХХ/03-1625 тоот албан бичгийн хавсралт 6 хуудас *******ын зээлийн дансны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн төлбөр, даатгалын хураамжид сар бүр 621,000 төгрөг төлөгдсөн, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр *******гоос зээл даатгалын төлбөрт 4,155,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оныг дуустгал хугацааны *******ын даатгалын төлбөрт 52,000 төгрөг төлөгдсөн хуулгууд, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/1301 дугаартай тодорхойлолтод *******ын аав Б.Баттөмөр агсны 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх *******ын гэнэтийн ослын даатгалын хураамжид 86,779 төгрөг, орон сууцны даатгалын хураамжид 128,136 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл *******ын гэнэтийн ослын даатгалын хураамжид 70,293 төгрөг, орон сууцны даатгалын хураамжид 128,136 төгрөг төлсөн гэж тэмдэглэснийг дурьдаад, харин хавсралт 7 хуудас дансны хуулгад огноо гаргаагүй, дүн орлого зөрүүтэй байгааг авч үзэлгүй эдгээр дансны хуулгуудыг нотлох баримтаар үнэлээгүй атлаа даатгал төлөөгүй гэж буруу дүгнэсэн.
Хэрэгт зээл, хүү, даатгалын хураамж төлбөр төлсөн талаар нэхэмжлэгч талын банкны дансны хуулгууд он, сар, огноо дарааллаараа гүйлгээний утга нь зээлийн гэрээний дугаар, /life insuranse fee/ буюу амь насны даатгалын суутгал гэсэн үгийг банк өөрөө бичсэн тэмдэглэгээ бичээстэй байхад шүүх нотлох баримтын эсрэг утга гаргаж, төлөгдөөгүй гээд байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээнд өмнөх төлбөр дутуу бол гэрээ шинэчлэхгүй, нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийхгүй гэдгийг заасан, бүх сарын төлбөр бүрэн хийгдсэн учраас нэмэлт өөрчлөлтийн гэрээнүүд удаа дараа хийгдсэн. Гэтэл банк амь нас, эд хөрөнгийн даатгалаа бүрэн төлүүлж, ипотекийн гэрээ 2036 он хүртэл сунгагдсан хугацаагаар явж байна. Маргаж буй орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний зүйл болох орон сууцны урт хугацааны төлбөрийг талууд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2036 оны 02 дугаар сарын 14-ий өдрийг хүртэл хугацаа сунгасан, мөн орон сууцны урт хугацааны гэрээний хугацааг дагаж зээлдэгчийн төлбөр төлөгдөх баталгаа болсон амь нас, эд хөрөнгийн даатгалын гэрээ ч үргэлжилсээр байна. Гэрээний 2.1-д зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал гэдэгт даатгуулагч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдах тохиолдлыг заасан бөгөөд 1.1-д даатгуулагч байшин орон сууцыг гэрээнд заасан эрсдэлээс даатгуулж, даатгалын хураамж төлөх үүрэг хүлээсэн. Энэ сар бүр тогтмол төлөх үүргээ даатгуулагч тухай бүр тасралтгүй биелүүлсэн.
Гэрээний 2.3-т зааснаар даатгагч гэрээ цуцлах асуудлыг хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэх эрх нээлттэй ба хураамжаа үргэлжлүүлэн төлүүлж авсаар байсан, банк ч зээлийн гэрээний гэрээний нөхцлийг шинэчилж нэмэлт гэрээ байгуулсаар ирсэн нь тогтмол хугацаанд төлөгдөх даатгалын гэрээний хураамж төлөх үүргийг хэрэгжүүлүүлж, төлбөр үргэлжилсээр байгаа нь талууд даатгалын гэрээний хугацааг өмнөх хугацаагаар сунгагдсанд тооцох Иргэний хуулийн зохицуулалтад нийцэх юм. Шүүх ...гэрээнд хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл гэсэн байх боловч ******* агсан нь 2017 онд даатгалын хураамж төлсөн учраас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар ******* агсан болон хариуцагч нарын хооронд 2017 онд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрт орон сууцны зээлийн гэрээ болон хавсралт 1-т зааснаар үндсэн зээл болон хүүгийн сарын тэнцүү төлөлт нийт 620,638.53 төгрөг байх ба зээлийн дансны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хуулгаар ******* агсан нь 2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 онд үндсэн сар бүр 486,162.07+134,476.46=620,385.53/ зээл болон хүүгийн сарын төлөлтөд тэнцүү нийт 620,638.53 /786.30+262,852.23/ төгрөг төлж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсний дараа ******* ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 14/ХХ/03-2156 тоот албан бичгийн хавсралтад тусгасан 10,678 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн байх тул 2019, 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 оны 8 дугаар сар хүртэл даатгалын хураамжид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн нь нэг эрх зүйн үйл баримт, нэг нотлогооны хэрэгслүүдийг эсрэг авч үзсэн нь үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрт ******* ХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №14/ХХ/03-2156 тоот албан бичгийн хавсралтад тусгасан 10,678 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн байх тул 2019, 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 оны 8 дугаар сар хүртэл даатгалын хураамжид төлсөн төлбөр гэж үзэх үндэслэлгүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарьш 13-ны өдөр хүртэлх гэрээний даатгалын хураамж төлөгдсөн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар уг хугацаанаас хойших даатгалын хураамж төлөгдсөн болох нь үнэн зөв, эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2-т Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно:, 434.2.1-т "... гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно, 8.5.5-д хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэж заасан. 2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 оны 08 дугаар сарыг дуустал даатгалын хураамж төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 434 дүгээр зүйлийн 434.2, 434.2.1 дэх заалтад зааснаар гэрээ дуусгавар болсон гэж үзнэ гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Гэтэл ******* нь ипотекийн зээлийн гэрээний дагуу сар бүр төлж байсан төлбөрөөс амь насны даатгалын төлбөр сар бүр суутгагдаж байсан. Иймд даатгалын гэрээ хүчин төгөлдөр болох нь ******* ХК-тай байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, ******* ХК болон ******* агсны хооронд байгуулсан орон сууц, эзэмшигчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны зээлийн дансны хуулгаар нотлогдсон. Тодруулбал, 2022 оны 09 дугээр сарын 06-ны өдөр ******* ХК-аас гаргасан тоот дансны дугаартай зээлдэгч *******гийн зээлийн дансны хуулгаар 2015 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ******* ХК-ийн тус дансанд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 74,200,000 төгрөгийн зээлээс 9,062,371 төгрөгийг төлж эцсийн байдлаар 65,137,629 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тус дансны хуулгыг харахад in-үндсэн хүү кап хийв гэх гүйлгээний утгаар зээлийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь харагдаж байгаа бөгөөд нэхэмжилсэн мөнгөн дүнгээр сар болгон *******гийн өөрийн эзэмшлийн ******* ХК-ийн данснаас зээлийн төлбөрийг суутгаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Loan charge //Linsr/Life ins fee гэх утгаар үндсэн зээл дээр 5,529.80 төгрөг нэмэгдэн нэхэмжлэгдэж 2022 оны 05 дугаар сар хүртэл үндсэн зээл дээр нэмэгдэн *******гийн зээлээ төлсөн үндсэн төлбөрөөс суутгагдаж байгаа нь түүний гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаас хэрэгт ач холбогдол бүхий дараах зүйлс тодорхой харагддаг.
/Life Insurance Fee буюу монголоор Амь насны даатгалын шимтгэл/ төлбөр гэх утга бүхий товчлол үг юм. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд *******гийн ******* ХК-аас гаргасан зээлийн дансны хуулганы 6 дугаар хуудас, Loan charge //Linsr/Life ins fee гэх утгаар 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 5,529.80 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5,529.80 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 5,529.80 төгрөг тус тус үндсэн зээл дээр нэмэгдсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр үндсэн хүү төлөв гэх утгаар 451,050.01 төгрөг, зээлийн төлбөр суутгав гэх утгаар 169,387.73 төгрөг тус амь насны даатгалын мөнгө, үндсэн хүүтэй хамт төлөгдсөн. 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5,515.69 төгрөгийг мөн л тус тус үндсэн зээл дээр нэмж нэхэмжилсэн байх бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр зээлийн төлбөр суутгав, Үндсэн хүү төлөв, Нэмэгдсэн хүү төлөв гэх утгаар нийт 45 удаагийн гүйлгээгээр 4,144,322 төгрөгийн амь насны даатгалын мөнгө, үндсэн хүүгийн төлөлттэй хамт төлөлт хийгдсэн.
Энэ нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХК болон ******* нарын хооронд байгуулсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл дээр дурдсан утгаар, мөн дээр дурдсан мөнгөн дүнгээр зээлийн үлдэгдэл төлбөр нэмэгдэж байсан ба 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,155,000 төгрөг төлж орон сууцны зээлийн гэрээний дагуу хуримтлагдсан үндсэн зээл, хүү, даатгалын төлбөрүүдийг бүрэн төлж зээлийн хуваарийг хэвийн болгож *******д зээлийг шилжүүлснээр дээрх гэрээ хүчин төгөлдөр, амь насны даатгалыг зохих журмын дагуу төлж байсан болох нь харагдана. Өөрөөр хэлбэл (ковид- 19) цар тахал буюу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл зээл болон даатгалын төлбөр хэвийн төлөгдөж байсан ба нийт үндсэн зээлийн үлдэгдэл 66,808,950 төгрөг байсан боловч талууд ковидоос үүдэлтэй зээлийн хугацааг хойшлуулах гэрээ байгуулж хойшлогдсон хугацаанд үүссэн үндсэн төлбөр болон хүү, амь насны даатгал, эд хөрөнгийн даатгал үндсэн зээл болох 66,808,950 төгрөг дээр нэмэгдэж 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн үлдэгдэл төлбөр 69,308,666.37 төгрөгийн төлбөрийн хуримтлал үүссэн. Тухайн амь нас, эд хөрөнгө, хүүгийн төлбөрт 4,155,000 төгрөгийг төлж зээлийн үлдэх төлбөрийг 65,137,629 төгрөг болгон тухайн зээлийг ******* хүлээж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс амь насны даатгалыг хугацаанд нь зохих журмын дагуу төлж байсан гэж үзэхээр байна. Гэвч шүүхээс хавтаст хэрэгт авагдсан дээрх дансны хуулгыг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй буюу энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрт үнэн зөв, эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь *******гийн гаргаж өгсөн хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй, гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг хангалттай үнэлээгүй, улмаар эргэлзээгүйгээр тогтоогдсон баримтуудыг үл харгалзан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатын шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн хянаж шийдвэр гаргасан. Даатгалын хураамж төлсөн гэж ярьдаг ч зээлийн төлбөр гэж суутгагдсан. ******* ХК-ийн дансны хуулгаас үзвэл зээлдэгч хэдэн төгрөгийн зээл болон ******* ХК-д хэдэн төгрөг төлдөг байсан нь харагддаг. Тодруулбал, хэргийн 74-75 дугаар талд амь насны даатгал, эд хөрөнгийн даатгалд даатгалын хураамжийг шилжүүлэхдээ мандал даатгалд гэж байгууллагын нэрийг бичиж шилжүүлж байсан. 5,000 төгрөг гэж хураагдаж байсан гэдэг нь манайд төлөгдсөн шимтгэл биш, мөн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 4,115,000 төгрөгийг даатгалын хураамжид төлсөн гэдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн төлбөрт суутгагдсан зээлийн төлбөр болох нь нотлогддог. Зээлийг хугацаандаа төлөөгүйгээс зээлийн хүү, алданги бодогдсон тул ******* ХК татан авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 69,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгалын гэрээний хугацаа дууссан гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1.*******, ******* нар нь ******* ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ дугаартай орон сууцны зээлийн гэрээгээр 74,200,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр ипотекийн гэрээг байгуулсан, улмаар талууд 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээгээр зээлийн хугацааг 2036 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл сунгасан өөрчлөлт оруулсан. /160-163,168-170, 180-189/
3.2. Дээрх зээлийн эрсдлийг даатгуулахаар ******* болон ******* ХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1601000485 дугаартай Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-г 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, орон сууцны даатгал 128,136 төгрөг, зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгал 89,040 төгрөг, нийт 217,176 төгрөгийн даатгалын хураамжийг даатгуулагч төлөхөөр тохиролцжээ. /хх84/
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.
3.3. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******той 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин , 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр охин ******* нар төрсөн болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар шийдвэр, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 13, 26-27/
3.4. Даатгуулагч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зүрхний шигдээс өвчнөөр ******* нас барсан болох нь хэргийн 23-25 дугаар тал дахь ******* эмнэлгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот тодорхойлолт, өвчний түүх, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 23-25/
3.5. Талийгаачийн эцэг Т.Баттөмөр нас барсан, эх ******* нь ,, Үйлдвэр, туул гол гудамж, 95 дугаар байр, хаягт байршилтай 56.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авахаас татгалзаж, *******д өвлүүлэхийг зөвшөөрсөн нь 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан. /хх-ийн 21/
3.6. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний талуудыг ******* ХК болон *******, ******* нар гэж өөрчилснөөр зээлийн гэрээний эрх, үүрэг хариуцлагыг шилжүүлэн авч, мөн өдөр ипотекийн гэрээг шинэчлэн байгуулсан. /хх-ийн 164-167, 173-174/
3.7. ,, Үйлдвэр, туул гол гудамж, 95 дугаар байр, хаягт байршилтай 56.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.
Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* нь талийгаач *******ын хууль ёсны өвлөгч байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нь даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
3.8. Нэхэмжлэгч ******* нь ипотекийн зээлдэгчийн гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын гэрээний маргаантай холбоотой гомдлыг ******* хороонд гаргасан бөгөөд тус хорооны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 9/2338 тоот албан бичигт ...зээлдэгчийн ******* ХК-тай байгуулсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний хугацаа даатгуулагчийн нас барахаас өмнө буюу уг гэрээний 2.2.1-д зааснаар дуусгавар болсон. Иймд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасны дагуу даатгалын гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хариу өгсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 22/
4. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр тус тус заажээ.
4.1. Даатгалын гэрээний 2.3-т талууд гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гэрээг сунгах асуудлыг шийдвэрлэх ба гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно гэж тохирсон. Энэ тохиолдолд гэрээг сунгах талаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар даатгалын гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх юм.
4.2. Түүнчлэн, *******, ******* болон ******* ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээний 3.1.7-д зээлдэгч ...эд хөрөнгийн болон амь насны даатгалд даатгуулах үүрэгтэй... гэж, мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.6-д зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааны туршид амь нас, эрүүл мэндийн даатгалд, зээлийн барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд заавал даатгуулсан байх ба холбогдох даатгалын гэрээг зээлийн гэрээний хугацааны туршид хүчин төгөлдөр байлгах үүрэгтэй гэж тус тус тохиролцсон.
4.3. Хэргийн баримтаар ******* болон ******* ХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал гэрээ гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө уг гэрээг сунгах асуудлаа талууд шийдвэрлээгүйгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болж, энэ хугацаанд даатгуулагч ******* нас барсан байна.
4.4. Хэрэгт авагдсан *******, ******* нар нь ******* ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн болон 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдэд үндсэн зээл, зээлийн хүүгийн сарын тэнцүү төлөлт 620,638.53 төгрөг болох нь гэрээний хавсралт №1 баримтаар тогтоогдож байна.
4.5. Хэргийн 86-104 дугаар тал дахь ******* ХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №14/ХХ/03-2156 тоот албан бичиг, түүний хавсралтад ...сар бүрийн 620,638.53 төрөгийн төлбөр нь хүү, үндсэн зээлийн төлбөр, даатгалын төлбөрөөс бүрддэг. Даатгалын төлбөр нь амь насны даатгалд нийт 274,441.69 төгрөгийг, эд хөрөнгийн даатгалд 555,256 төгрөгийг даатгалын төлбөрт төлсөн гэж, мөн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/1301 тоот тодорхойлолтод ******* нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл гэнэтийн ослын даатгалын хураамжид 86,779 төгрөг, орон сууцны даатгалын хураамжид 128,136 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэнэтийн ослын даатгалын хураамжид 70,293 төгрөг, орон сууцны даатгалын хураамжид 128,136 төгрөг төлсөн гэжээ. /хх-ийн 86, 104/
4.6. Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл гэрээний даатгалын хураамж төлөгдсөн, харин 2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл, 2021 он 8 дугаар сарыг дуустал даатгалын хураамж төлөгдөөгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.
4.7. Нэхэмжлэгчийн даатгалын хураамжийг төлж байсан нь даатгалын гэрээний хугацаа дуусаагүй гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч ******* ХК-д даатгалын хураамжийг гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш төлсөн нь даатгалын гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний хугацааг сунгах нь бодит үйлдлээр хураамж төлснөөр бус талууд хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээг сунгаснаар даатгалын гэрээг сунгагдсанд тооцно. ******* ХК нь даатгалын хураамж татан авч буй үйлдлийг даатгагч, даатгуулагч нарын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн, хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй.
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч талын шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй, гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий баримтыг хангалттай үнэлээгүй, улмаар эргэлзээгүйгээр тогтоогдсон баримтуудыг үл харгалзан шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/05741 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 505,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ