| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/01528/И |
| Дугаар | 210/МА2025/01807 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01807
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*******ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2023 оны 03 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр , ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А, Б блокын барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсөнд 303,552,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2. Хариуцагч нь тус гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаад гэрээний нэг хувийг өгнө гэсэн боловч өгөөгүй, гэрээний нөхцөлд тохиролцсон ажлыг нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн. Улмаар хүйтний улирал эхэлсэн учраас цутгалтын ажил хийж гүйцэтгэх боломжгүй болж 2024 оны хавар үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл 2024 оны хавар дутуу ажлаа хийж гүйцэтгэхээр ирэхэд хариуцагч нь өөр компани оруулсан байсан.
1.3. Талууд хийсэн ажлын гүйцэтгэл бүрт тооцоо нийлж хамгийн сүүлийн байдлаар буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлын гүйцэтгэл дүгнэхэд нэхэмжлэгч нь 218,736,000 төгрөгийн ажлын хийсэн байсан. Үүнээс хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 8,481,600 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 21,204,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 21,204,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17,924,000 төгрөг, нийт 78,813,600 төгрөгийг дансаар, мөн бартераар RХ 450 маркийн автомашиныг 37,000,000 төгрөгт тооцож авсан. Дээрх байдлаар хариуцагчаас дансаар шилжүүлсэн болон бартерт тооцон нийт 115,813,600 төгрөгийг төлж, үлдэх 102,922,400 төгрөгийг төлөөгүй.
Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
******* нь ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа гүйцэтгэхгүй орхин явсан. Тодруулбал, Барилгын тухай хууль, дүрэм, журам, норм стандартын дагуу ажлын гүйцэтгэлээ баталгаажуулах талбайн ажлын журнал, улаан дэвтэр, ил далд ажлын акт, сорьцын шинжилгээ зэрэг баримтыг хүлээлгэн өгөөгүй. Мөн хүлээн авсан орлогын дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвараа татварын системд шивж баталгаажуулах ёстой байхад баталгаажуулаагүй. НӨАТ шивнэ гэж авсан төлбөрөөс баталгаажуулаагүй НӨАТ-ын дүнг ******* буцаан төлөх үүрэг үүссэн. Түүнчлэн, ажлаа цаг хугацаандаа гүйцэтгээгүйгээс барилгын пум, түрээсийн хугацаа хэтрэлтийн алдангийн төлбөр гаргаж манай компанийг хохироосон.
Иймд гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр тохирсон ажлын хөлс авах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 102,922,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 672,570 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 672,570 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хариуцагчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлээгүй. Тодруулбал, шүүх хуралдаан анх 2025 оны 5 дугаар сарын сүүлээр хойшилсон ба түүнээс хойш 2 сар гаруй хугацааны дараа зуны амралт, баяр наадмын үеэр хурлыг товлон зарласан. Манай өмгөөлөгч ******* нь 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хөдөө орон нутагт амралттай явж байсан тул манай зүгээс энэ шалтгаанаа хэлж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгээ оролцох боломжоор хангуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг өмгөөлөгчийг оролцуулахгүй хийсэн. Өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасны улмаас манай байгууллага мэтгэлцэх эрх, татгалзлаа нотлох эрхээ хэрэгжүүлээгүйгээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
4.2. Анхан шатны шүүх нэг талын гаргаж ирүүлсэн баримт, тайлбарт тулгуурлан дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байна. Зохигчдын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, ажлын гүйцэтгэлийг тооцоог тогтоосон баримт байхгүй байхад зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.3. Шүүхийн захирамжийн дагуу нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байсан боловч захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчмыг зөрчиж нэг талын тайлбар, эргэлзээтэй нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж тайлбарласан. Бодит байдалд 2025 оны 05 дугаар сард товлогдсон шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгчид мэтгэлцэх боломжийг олгож шүүх хуралдааныг хойшлуулж, өмгөөлүүлэх эрхийг хангаж шийдвэрлэсэн. 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хуралдааны тов дээр гарын үсэг зурж баталгаажуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.
Мөн зуны амралт, баяр наадмын үеэр шүүх хуралдааны тов зарлагдаагүй бөгөөд шүүх бүх нийтийн амралтын өдөр, хагас болон бүтэн сайнд хурал товлоогүй. Шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэж тогтоох үед хариуцагчийн өмгөөлөгчөөс амралттай, ажил давхацсан гэх зэрэг ямар нэгэн санал, хүсэлт ирүүлээгүй. Харин хуралдааны үеэр хурлын товоо мартсан гэж тайлбарласан. Хэргийн оролцогчид өөрсдөө шүүх хуралдааны товыг мэдэх үүрэгтэй тул өмгөөлөгчийн ийнхүү хариуцлагагүй хандсан нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Хэрэв өмгөөлөгч үнэхээр хөдөө орон нутагт ажилтай эсвэл амралттай байсан бол энэ талаар шүүхэд урьдчилан бичгээр хүсэлт гаргаж, нотлох баримтаа хавсаргах ёстой. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд ямар нэгэн хүсэлт, баримт ирүүлээгүй тул шүүх хуралдааныг өмгөөлөгчийн эзгүйд явуулсан нь үндэслэлтэй.
5.2. Хариуцагч татгалзлаа нотлох эрхээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдлоо гаргасан. Гэвч татгалзлаа нотлох нь өмгөөлөгчийн эрх үүрэг бус хариуцагчийн үүрэг байдаг. Хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хариу тайлбараа хүргүүлэхдээ холбогдох баримтуудыг гаргаж өгнө гэж мэдэгдсэн боловч түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцож эхэлснээс хойш 3 сарын хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлж, холбогдох баримтуудыг гаргах боломжтой байсан. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн нотлох баримт болон тайлбарт тулгуурлан дүгнэлт хийсэн гэж давж заалдах гомдол гаргасан. Гэтэл талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй боловч ажлын гүйцэтгэлийг баталсан баримт, авлагын дансны бичилт зэрэг бодит нотлох баримтаар хангагдсан. Талууд шүүхэд тэгш эрх эдэлж, нотлох баримт гаргах үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчийн баримт гаргах эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн.
Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч гарын үсэг зурж буцааж өгөөгүй нь тогтоогдсон. Шүүх гэрээ бичгээр байгуулсан гэж дүгнээгүй, харин талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх, нийт ажлын хөлс 303,552,000 төгрөгийн хэмжээнд маргаан үүсээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч байгууллагын нягтлан бодогч *******ийн гарын үсэгтэй тооцооны баримт хэрэгт авагдсан бөгөөд ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн дүн 218,736,000 төгрөг гэж тусгасан. Ахлах нярав *******, төслийн менежер ******* нар ажлын гүйцэтгэлийн тооцоог баталгаажуулж, тооцоо нийлсэн баримтыг хэрэгт хавсаргасан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хамгийн сүүлийн байдлаар тооцоо нийлсэн, нягтлан *******ийн гаргасан тооцооны баримт болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбарууд хоорондоо нийцэж байгаа тул ажлын гүйцэтгэлийн нийт дүн 218,736,000 төгрөг болох нь тогтоогдсон. Хариуцагч байгууллагын нягтлан болон холбогдох ажилтнуудын гарын үсэгтэй тооцоо нийлсэн актуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй.
5.3. Шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дотор шаардлагатай баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг өгсөн боловч уг захирамжийг биелүүлээгүй. Хариуцагч шүүх хуралдааны явцад баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарласан бөгөөд харин давж заалдах шатны шүүхэд ирэхдээ одоо гаргах боломжтой гэж анх удаа хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд баримтыг гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Хариуцагч тал өөрийн тайлбараар баримт олдохгүй, гаргаж өгөх боломжгүй гэж мэдэгдсэн тул нэхэмжлэгч тал уг хүсэлтээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 102,922,400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Талууд 2023 оны 03 дугаар сард гэрээ байгуулсан, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь , ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А, Б блокын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ХХК нь ажлын хөлсөнд 303,552,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.
3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн, ажлыг бүрэн дуусгахаас өмнө хариуцагч үлдэх ажлыг өөр гүйцэтгэгчээр гүйцэтгүүлснээр гэрээний харилцаа дуусгавар болсон, гэрээний эх хувийг хариуцагчаас шүүхэд гаргаж өгөөгүй үйл баримтын талаар талууд маргахгүй байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд , ******* орон сууц, үйлчилгээний цогцолборын А, Б блокын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан 2023 оны 06 дугаар сарын 07, 2023 оны 06 дугаар сарын 24, 2023 оны 07 дугаар сарын 08, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримтаар тогтоогдсон. /хх-ийн 5-9/
4.1. Мөн хариуцагч байгууллагын нягтлан бодогч ******* гаргасан тооцооны баримтаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд нийт 218,736,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь нотлогдож байна. /хх-ийн 41/
4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд төлөх 218,736,000 төгрөгөөс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 78,813,600 төгрөгийг данснаар шилжүүлсэн, мөн 37,000,000 төгрөгт тооцон RX 450 маркийн автомашиныг авч, нийт 115,813,600 төгрөгийг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.
4.3. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх байсан ажлыг дуусгаагүй байхад өөр ажил гүйцэтгэгчээр уг ажлыг гүйцэтгүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг няцаагаагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Харин хариуцагч нь нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгөөгүй, ямар хэмжээний ажил гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, ажлаа орхин явсан, НӨАТ-ын дүнг буцаан төлөх ёстой, ажлаа цаг хугацаандаа гүйцэтгээгүйгээс манай компанийг хохироосон гэж маргасан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.4. Анхан шатны шүүх хариуцагчаас гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 102,922,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх нэг талын гаргаж ирүүлсэн баримт, тайлбарт тулгуурлан дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь бодит байдалтай нийцээгүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч *******ыг оролцуулах хүсэлт гаргаж, улмаар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ******* нь хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд шүүх хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутад хүртэл хугацаагаар хойшлуулж, тов мэдэгдэх хуудсанд талууд гарын үсэг зурсан байна. /хх-ийн 67/
5.2. Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар хүсэлт болон холбогдох баримтыг гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн өмгөөлөгч хөдөө нутагт зорчсон гэж тайлбарлаж буй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйгээс гадна хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй гэж үзэхгүй.
5.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил гүйцэтгэх гэрээний эх хувийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд ...ажил гүйцэтгэх гэрээ эх хувиараа байхгүй, холбогдох хүмүүсээс асуухад гарч ирээгүй... гэж тайлбарласан. Уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байна. Тиймээс нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсан тул шүүгчийн захирамжийн биелэлт хангаагүй гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/06757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 672,562 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ