Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00290

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 103/ШШ2016/00290

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, 3 дугаар хороо, 79 тоотод оршин суух, Онхууд овогт Доргиогийн Ганбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 69 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэндоржийн Батчимэгт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 978,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эзэмшил болох Багануур дүүргийн 18 дугаар байрны 69 тоот 2 өрөө байраа 139 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Батчимэгт 200,000 төгрөгийн сарын түрээс мөн цахилгаан, ус, халаалтын төлбөрийг дор бүр нь тооцон төлж байхаар тохиролцсон боловч 2016 оны 1 дүгээр сараас хойш тооцоо хийгээгүй тул байрны түрээс 800,000 төгрөг, ус халаалтын зардал 168,000 төгрөг, цахилгаан 10,672 төгрөг, нийт 978,672 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Батчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжилсэн 978,672 төгрөгийг хариуцагч Ц.Батчимэг би өөрийн боломжоор төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбат хариуцагч Ц.Батчимэгээс орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 978,672 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.Батчимэг нь нэхэмжлэгч Д.Ганбатын нэхэмжилсэн 978,672 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ганбат нэхэмжилэлтэй, орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 978,672 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Батчимэг нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 28,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буцаан 14,019 төгрөгийг, хариуцагч Ц.Батчимэгээс 14,019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ