Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/260

 

                    

   2019              09              04                                                     2019/ШЦТ/260                                                             

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзул

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б-т холбогдох эрүүгийн 1934002640309 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт З.Б, Монгол улсын иргэн, 1948 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг Тэс суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Төв аймаг Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.Б нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 80-82 ТӨВ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эхнэр Л.Дариймаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би машин тэрэг барьж явахдаа аваар гаргасан. Энэ бол миний буруу” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээр сууж байхад замд 80-82 гэсэн Төв аймгийн машинд 6 настай хүүхэд уйлж байна гэсэн. Тэр манай охин. Түгжирч гарсаар байтал тэнд 5 цагийн үед очиход ээж өнгөрсөн байдалтай байсан. Хүүхэд Зүүнхараагийн эмнэлэг рүү явсан байсан. Хүүхдээ ямар байдалтай байгааг мэдэхгүй ухаан санаа хэцүү байсан. Тэгээд цаашаагаа хүүхэд дээрээ очсон. Гомдол санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-04-05 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг Жаргалант сумын Баянбулаг 3-р баг “Тахилтын даваа” гэх газар Тоёота RAV4 маркийн 80-82 ТӨВ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 69 настай Лувсаншаравын Дариймаа нь газар дээрээ нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-09 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг Жаргалант сумын Баянбулаг 3-р баг “Тахилтын даваа” гэх газар Тоёота RAV4 маркийн 80-82 ТӨВ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 69 настай Лувсаншаравын Даариймаа нь газар дээрээ нас барсан гэх хэргийн, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-20 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23 тал/, З.Бийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-27 тал/, насанд хүрээгүй гэрч Н.Оюунзаяатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-28 тал/, цогцосны гарын дардас /хх-30 тал/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №77 дугаартай дүгнэлт, түүний хавсралт /хх-31-32 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №252 дугаартай дүгнэлт /хх-34 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №251 дугаартай дүгнэлт /хх-36 тал/, Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-38 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №2356 дугаартай дүгнэлт /хх-39 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №55 дүгнэлт /хх-42-43 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №2092 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх-45-52 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №3187 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх-56-66 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасаг шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №75 дугаар дүгнэлт /хх-68-69 тал/, З.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78 тал/, нас барсны №0000183079 дугаар гэрчилгээ /хх-79 тал/, шүүгдэгч З.Бийн хувийн байдлыг тогтоосон бусад баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Б нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 80-82 ТӨВ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Дариймаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээр сууж байхад замд 80-82 гэсэн Төв аймгийн машинд 6 настай хүүхэд уйлж байна гэсэн. Тэр манай охин. Түгжирч гарсаар байтал тэнд 5 цагийн үед очиход ээж өнгөрсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Н.Оюунзаяатын: “Би эмээгийнхээ өвөр дээр сууж явсан. Суудлын бүс зүүгээгүй явсан. Би өвөө, эмээ хоёрыг суудлын бүс зүүсэн эсэхийг анзаарч хараагүй” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

Шүүгдэгч З.Бийн гэрчээр мэдүүлсэн: “ ...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 13 цагийн орчимд 80-82 ТӨВ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Рав-4 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод зээ охин маань арын суудалд суугаад эхнэр маань урд жолоочийн хажуу талд суугаад хөдөлсөн. Ингээд замд явж байгаад зээ охин маань унтаад би замд зогсож эхнэр маань зээ охиныг арын суудлаас авч өвөр дээрээ аваад унтуулаад явсан. Ингээд замд явж байгаад даваа даваад хойд ар луу нь уруудаж байхад замын хажуу талд зам чөлөөлөөд жижиг цагаан өнгийн суудлын машин зогсож байсан би тус машины зүүн гар талаар жаахан холуур зөрж өнгөрье хүн хаалгаа нээж магадгүй гэж бодоод жолоогоо зүүн гар тал руугаа дараад эргүүлж хариулж баруун гар тал руугаа дарах гэхэд жолоо эргээгүй би жолоогоо буцааж дарж самбаачилж чадаагүй жолоогоо дийлээгүй ингээд замын хойд тал руу чигээрээ гараад хань маань болохоо байлаа гэж хашиграад өвөр дээр байсан хүүхдээ машины унаагүй тал руу бариад өөрөө хаалган тал руу налсан. Ингээд би ухаан алдсан түүнээс хойш юу болсоныг мэдээгүй. Ингээд нэг мэдэхэд би машины гадна талд гараад ирчихсан байсан хань маань машины хойд тал руу хажуу талд хэвтэж байсан. Би түүнийг хараад охин минь хаачив гэхэд тэнд байсан залуучууд эмнэлэг дуудаад өгөөд явуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-26 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг Жаргалант сумын Баянбулаг 3-р баг “Тахилтын даваа” гэх газар Тоёота RAV4 маркийн 80-82 ТӨВ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 69 настай Лувсаншаравын Дариймаа нь газар дээрээ нас барсан гэх хэргийн, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-06-09 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-11 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймаг Жаргалант сумын Баянбулаг 3-р баг “Тахилтын даваа” гэх газар Тоёота RAV4 маркийн 80-82 ТӨВ дугаарын тээврийн хэрэгсэл онхолдож эмэгтэй 69 настай Лувсаншаравын Дариймаа нь газар дээрээ нас барсан гэх хэргийн, тээврийн хэрэгслийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-15 тал/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-20 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн “1.Талийгаач Л.Дариймаагийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины ил хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан доорх цусан хураа, эрүү ясны хугарал, хүзүүний С4-р нугаламын хугарал, баруун 2,3,4,5,6-р хавирга, зүүн 1,2,3,4,5-р хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, цээжний хөндийн цус алдалт 600 мл орчим, аарцаг ясны хугарал, хуйханд цус хуралт хууларсан шарх, нүүрэнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач нь авто осол хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-42-43 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний “1.Хавтаст хэргийн материалтай танилцахад 80-82 ТӨВ улсын дугаартай Rav-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэргийн материалтай танилцахад З.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. 3.Зам тээврийн осол гарахад замын эвдрэл, цаг агаарын нөхцөл байдал, бусад хүчин зүйлс нөлөөлөөгүй гэж үзэв. 4.Асуултанд тусгагдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-68-69 тал/, №0000183079 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-79 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч З.Б-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч З.Б нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын даваа гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 80-82 ТӨВ улсын дугаартай Тоёото Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Л.Дариймаагийн биед “гавал тархины ил хугарал, суурь ясны хугарал, хатуу хальсны урагдал, хатуу хальсан доорх цусан хураа, эрүү ясны хугарал, хүзүүний С4-р нугаламын хугарал, баруун 2,3,4,5,6-р хавирга, зүүн 1,2,3,4,5-р хавирганы хугарал, баруун зүүн уушигны няцрал, цээжний хөндийн цус алдалт 600 мл орчим, аарцаг ясны хугарал, хуйханд цус хуралт хууларсан шарх, нүүрэнд цус хуралт зулгаралт” гэмтэл учирч улмаар амь нас нь хохирсон болох нь шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

 

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

 

Шүүгдэгч З.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч З.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас түүний эхнэр нас барсан, З.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул З.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батзул нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №48031510 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт З.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн З.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт З.Б-ийг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн З.Б нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, З.Б нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №48031510 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Ц.ОТГОНЖАРГАЛ