| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2024/08095/И |
| Дугаар | 210/МА2025/01874 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01874
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05348 дугаар шийдвэртэй
*******-ийн нэхэмжлэлтэй,
“*******” ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 457,679,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.“*******” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1С/Д, 2С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, манай компани ******* блок орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр болсон.
1.3.Гэрээний дагуу А блокийн ажил 7 дугаар давхар, Б блокийн ажил 4 дүгээр давхар хүртэл хийгдэж, санхүүжилтгүйн улмаас зогссон. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж, хариуцагч компани нь нийт 457,679,410 төгрөгийг манай компани төлөхөөр болсон боловч одоог хүртэл төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч компанитай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1 С/Д, 2 С/Д дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг тооцож үзэхэд нэхэмжлэгч компанид 3 өрөө орон сууц шилжүүлэх гэрээ байгуулсан, урьдчилгаа 20,000,000 төгрөг шилжүүлсэн, Б блокийн 5 давхрын ажлын хөлсийг шилжүүлсэн, бетон аваагүйн улмаас арматур зэвэрч ашиглах боломжгүй болсны улмаас 111,000,000 төгрөгөөр хохирсон зэргийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцох учир нэхэмжлэгч талтай дахин тооцоо нийлэх хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 457,679,410 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,446,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас 2,446,347 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд улмаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг сонсох байдлаар хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн.
4.2. Түүнчлэн, хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 25/16 дугаартай “Хариу тайлбар гаргах тухай” /ХХ-ын 28 дугаар хуудсанд авагдсан/ албан бичгээр хариу тайлбар хүргүүлсэн байдаг бөгөөд уг тайлбарт *******-ийн нэрийн өмнөөс ******* ХХК-д бетон зуурмаг нийлүүлсэн компанид нийт 3 ширхэг орон сууц шилжүүлсэн, ******* ХХК-ийн захирал *******гийн хувийн дансруу урьдчилж бетоны мөнгө шилжүүлсэн, Б блокийн 5 давхар хүртэлх угсралтын ажлын төлбөрийг захирал *******гийн хувийн дансруу шилжүүлсэн зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, татгалзлаа тайлбарласан байдаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар зэрэгт дурдсан нөхцөл байдлаас эрс зөрүүтэй байдаг бөгөөд эдгээр нөхцөл байдлыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч бол, шүүгч няцаан үгүйсгэсэн нотлох үйл баримт байдаггүй. Мөн үгүйсгэсэн тайлбар авагдаагүй байдаг.
Гэтэл шүүгч Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6.1-д “Хариуцагч компанийн зүгээс санхүүжилт зогссон талаар маргаагүй учир хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор гүйцэтгээгүй буюу үүргээ зөрчсөн гэж үзлээ” гэсэн үндэслэлгүй худал дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэлгүйгээр буруу шийдвэрлэсэн байдаг.
4.3. Нэхэмжлэгч *******-ийн зүгээс энэ заалтыг зөрчиж удаа дараа худал тайлбар гаргаж өгсөн байдаг.
Гэтэл шүүх тухайн худал тайлбар дээр үндэслэн дээрх хуулийн заалтуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Тухайлбал, нэхэмжлэгч нь хариуцагч талаас гэрээний төлбөрт 1 ч төгрөг аваагүй гэж мэдүүлж, нэхэмжлэл дээрээ дурддаг. Гэтэл бодит байдал дээр ******* хотхоны барилгын бүтээн байгуулалтын явцад нийт 40 орчим аж ахуйн нэгж ******* ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тодорхой ажил гүйцэтгэж, тухайн ажлын хөлсөө авч байсан байдаг бөгөөд ******* нь А, Б блокын барилга угсралт, Суурийн ухлагын ажил хийж гүйцэтгэсэн. Тус ажлын хөлсийг *******-ийн захирал ******* овогтой ******* нь өөрөө хүсэлт гаргасны үндсэн дээр ******* дугаартай *******ин дахь өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч байсан байдаг. Хувийн дансаараа бэлэн мөнгө болон байр машин зэрэг бартераар орж ирсэн машин тээврийн хэрэгсэл зэрэг нийлбэр дүнгээр 1,223,466,817,065 орчим төгрөг авсан байдаг.
Гэтэл ******* нь шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ гэрээний төлбөрт нэг ч төгрөг аваагүй мэтээр худал мэдүүлж шүүхийг хууран мэхэлж хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргуулан авсан.
Энэ нөхцөл байдлыг “*******” ХХК-ийн тухайн үеийн нягтлан бодогч ******* овогтой ******* мэдэх бөгөөд гүйлгээ тус бүрийг хийж гүйцэтгэж байсан ажилтан юм.
Мөн анхан шатны шүүхээс *******ин дах ******* овогтой *******гийн нэр дээрх ******* дугаартай хувийн дансанд 2019 ны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацаанд “*******” ХХК-ийн ******* дугаартай данс болон *******, ******* нарын данснаас орсон гүйлгээнүүдийн хуулбарыг *******наас нотлох баримтаар гаргуулан авч шалгаж нотлох боломжтой байсан.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг хөдөлбөргүй үнэн зөв мэтээр дүгнэн хууль зөрчсөн. Тухайлбал, хариуцагчийн тайлбарт байгаа “ Ажлын хөлсөнд төлж байсан төлбөр, бартерын гэрээний зүйл, Гүйцэтгэгч ******* ХХК-ийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлыг тооцон суутгах гэх мэт тайлбаруудыг нэхэмжлэгчээс огт няцаасан тайлбар баримт байхгүй, энэ талаар үгүйсгэсэн баримт байхгүй байхад зөвхөн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Гомдлын 1-р хэсэгт: “...шүүгч ******* нь шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй бөгөөд улмаар хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг сонсох байдлаар хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн…” гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тов дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Шүүх хурал болохоос өмнө шүүгчийн туслах төлөөлөгч рүү хэд хэдэн удаа залгаад утсаа аваагүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* миний бие хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хэвийн үргэлжилж хууль ёсны дагуу шийдвэрээ гаргасан.
5.2. Иргэний хэрэг 2024 оны 12 сард үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байтал хариу тайлбараа дэмжсэн ганц ч нотлох баримт гаргаж өгөөгүй, гаргаж өгөх хангалттай хугацаа байсан байж одоо анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн гээд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлж 457,679,410 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Түүнээс хойш ганц ч төгрөг төлөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 457,679,410 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1. Талууд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх №1 С/Д гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* блок орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, гэрээний нийт үнэ 2,788,923,000 төгрөг байхаар, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх №2 С/Д гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* блок орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, гэрээний нийт үнэ 2,788,923,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон. /хх-ийн 5-8/
3.2. Талууд ажил гүйцэтгэх гэрээний үүргийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дүгнэж 457,679,410 төгрөгөөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгч нь “...хариуцагч компанийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах шаардлага гаргасан...” гэж тайлбарласан ба нотлох үүргийн хуваарилалтаар хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзал буюу гэрээний 3.2.1-т заасан санхүүжилт олгох үүргээ биелүүлсэн болохыг нотлох үүрэгтэй. Хариуцагч санхүүжилтийг зогсоосон үйл баримтад маргаагүй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх суурь зарчмыг тайлбарлан хэрэглэж, хариуцагч нь гэрээний санхүүжилтийг зогсоосон үндэслэлээр гэрээг цуцалж, хэрэгт авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн хариуцагч байгууллагаас 457,679,410 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагч байгууллагын дараах үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Хариуцагч нь “...гэрээний төлбөрт 3 орон сууц шилжүүлж өгөх арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Б блокийн 5 давхрын бетоны урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг *******-ийн гүйцэтгэх захирал *******гийн дансанд шилжүүлсэн, Б блокийн 5 давхрын ажлын хөлсийг мөн *******гийн данс руу шилжүүлсэн, ******* ХХК нь Б блокийн 5 давхрын бетон аваагүйн улмаас уг давхарт хийгдсэн 37 тонн арматур зэвэрч ашиглах боломжгүй болж буулгасан...” гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
6.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2 дахь хэсэгт заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.
Хариуцагч байгууллагаас 2025 оны 02 сарын 05-ны өдөр *******т итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлээс татгалзсан баримтгүй, тэрээр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн нь хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэж үзэхгүй. /хх-42/ Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, тооцоо нийлсэн акт зэргийг эсэргүүцсэн баримтыг хариуцагч нь шүүхэд гаргах, өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй тохиолдолд анхан шатны шүүх шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
7. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх тул уг зохицуулалтыг хассан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...225 дугаар зүйлийн 225.1...” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,446,347 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ