| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0208/э |
| Дугаар | 2019/ШЦТ/212 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/212
2019 07 17 2019/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 1934001800217 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овогт Д.Б, Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт мөрдөгч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2-94 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар Улаанбаатар Чойр чиглэлийн асфальтан зам дээр Тэс петролиум шатахуун түгээх станцын хажууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд 6025 УНД улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж 7322 УНЧ улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Дөлбадрахын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Пагмадуламын эрүүл мэндэд хөнгөн, Х.Доржзодовын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газар үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р баг 4 дүгээр зөрлөг гэх газар 6025УНД улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 73-22УНЧ улсын дугаартай Тоёото Приус20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13 тал/, Зам зуур-2 ШТСтанцын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-14 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-15 тал/, 73-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-16-17 тал/, 60-25 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас ххх-18-19 тал/, гэрч Г.Отгонбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-21-22 тал/, гэрч Б.Лхагвадоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-23-24 тал/, гэрч А.Эрдэнэсүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-25-26 тал/, гэрч М.Хүрэлшагайгаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-27-28 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №153 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-34 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №148 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-36 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №149 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-38 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №150 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-40 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №152 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-42 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №142 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-44 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №141 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-46 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №140 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-48 тал/, Д.Бын биенээс цус авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-49 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1557 дугаар дүгнэлт /1-р хавтас хх-51-52 тал/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтас хх-55 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1555 дүгнэлт /1-р хавтас хх-56-57 тал/, Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-61-64 тал/, яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1-р хавтас хх-65-66 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Нямдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-143-144 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Ганхуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-150-151 тал/, хохирогч Н.Дөлбадрахаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-153-154, 217 тал/, хохирогч А.Пагамдуламаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-156-158 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №210 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-161 тал/, Х.Доржзодовын өвчний түүх/1-р хавтас хх-171-177 тал/, А.Пагамдуламын өвчний түүх /1-р хавтас хх-178-184 тал/, Н.Дөлбадрахын өвчний түүх /1-р хавтас хх-185-192 тал/, нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-193-200 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтас хх-201, 212, 239, 2-р хавтас хх-1 тал/, тал/, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/1-р хавтас хх-215 тал/, насанд хүрээгүй хүнийг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хавтасхх-216 тал/, гэрч Ч.Жамъянаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-218 тал/, жолоочийн лавлагаа /1-р хавтас хх-240 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Ганхуягийн гаргасан хүсэлт /1-р хавтас хх-244 тал/, хохирогч Н.Дөлбадрахын гаргасан хүсэлт /1-р хавтас хх-245 тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Нямдоржийн гаргасан хүсэлт /1-р хавтас хх-246 тал/, хохирлын баримтууд /2-р хавтас хх-2-6 тал/, Д.Б, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Пагмадулам нарын гаргасан хүсэлт /2-р хавтас хх-07 тал/, хохирогч А.Пгамадуламын гаргасан шүүх хуралд оролцохгүй тухай хүсэлт /2-р хавтас хх-8 тал/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хавтас хх-09 тал/, Д.Б, хохирогч Н.Дөлбадрах, иргэний нэхэмжлэгч Ч.Нямдорж, Ц.Ганхуяг нарын гаргасан хүсэлт /2-р хавтас хх-10 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгийн тогтоол/2-р хавтас хх-15-19 тал/, шүүгдэгч Д.Б-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.Б нь Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар Улаанбаатар Чойр чиглэлийн асфальтан зам дээр Тэс петролиум шатахуун түгээх станцын хажууд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд 6025 УНД улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж 7322 УНЧ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Дөлбадрахын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Пагмадуламын эрүүл мэндэд хөнгөн, Х.Доржзодовын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Н.Дөлбадрахын: “... Ингээд бид буцаад Багахангай руу явж байх замд буюу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр 4 дүгээр зөрлөг гэх газар замын мөнгө хураадаг хаалттай цэг байдаг энэ цэг дээр зогсож үнэмлэхээ үзүүлчихээд 200 метр орчимд асфальтан замын эвдрэлтэй гэдгийг мэддэг учраас тээврийн хэрэгслийн хурдыг хасаж удаашруулж донсолгоогоо гаргаж багцаагаар 20 метр орчим Тэс петролиум клонкийн зүүн талд явж байхдаа эсрэг урсгалын өөдөөс улаан өнгийн приус 20 маркийн машин ирж байгааг тухайн үедээ харсан бөгөөд зөрөөд өнгөрөх байх гэж бодоход гэнэт өөдөөс миний урсгалд орж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-153 тал/,
Хохирогч А.Пагамдуламын: “ ...Тэгээд машины ар талд машины эзэн гэх эрэгтэй ах бид хоёр суусан урд талд жолооч болон манай нөхөр хүүхэд бид 3 суугаад Налайх орохоор хөдлөөд замд явж байхад нэг клонк таарсан энэ үед машин барьж явсан ах бензин авах уу гэж миний хажууд сууж явсан ахаас асуухад тэгье явж байгаад хийе гэж хэлээд явж байхад дараагийн колонк таараад уг колонк руу эргэх гээд эсрэг урсгал руу орох үед би тэрхэн зуур амжихгүй шүү дээ гэж бодоод л амаа дарсан нэг мэдсэн хүзүү толгойн хэсгээс цус гараад нүүрний хэсэгт халцарсан жаахан манралтын байдалтай байсан тэгээд машинаас гарч ирээд та яаж байгаа юм бэ гэсэн харин яачихваа би гэх шиг болоод миний хүзүүний цус гарч байгаа хэсэг дээр өмсөж явсан цамцаараа дарж газар хэвтүүлсэн байхад эрээн хувцастай хүмүүс ирээд тусламж үзүүлээд сүүлд Налайхын эмнэлэг дээр авч ирсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-157 тал/,
Гэрч Б.Лхагвадоржийн: “ ... Тэгээд Налайхаас гараад Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Тэс Петролиум ШТС-ийн урд талын зам дээр Багахангай дүүрэг чиглэлд өөрсдийн урсгалаар явж байсан би тухайн утсаараа оролдоод доошоо харчихсан явж байтал гэнэт түс хийгээд дугараад мөргөлдсөн би хойд талын суудал дээр сууж явсан тул мөргөлдсөний дараа автомашинаас буугаад нөгөө талын автомашин дээр очтол жолооч нь Б байсан тэгэхээр нь яав юу болов гэсэн тухайн үед Б автомашин дотор хүмүүсээ гаргаад завгүй байж байх шиг тэгээд өөрийн найз Дөлбадрахыг автомашинаас гаргах гэтэл гэмтчихсэн хөдөлж болохгүй байна гэхээр нь хүрээгүй тухайн үед яг маршинд явах гэж байна гэсэн Багахангай дүүргийн Онцгой байдлын албан хаагч нар таараад бид нарт тусалсан тэгээд удалгүй эмнэлэг ирээд бид нарыг Налайхын эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-03 тал/,
Гэрч А.Эрдэнэсүхийн: “ ... Багахангай дүүрэг рүү 14 цаг өнгөрч байхад болов уу гараад 4 дүгээр зөрлөгийн мөнгө хураадаг пост өнгөрөөд петровисын клонкын хажуугаар явж байхад эсрэг урсгалд урдаас явж байсан приус 20 маркийн улаан өнгийн тээврийн хэрэгсэл гэнэт л урдаас урсгал сөрөөд ороод ирсэн ба Дөлбадрах тоормоз гишгээд баруун тийшээ дараад л тас буугаад явчихсан. Ингээд машин мөргөлдөлтийн хүчинд баруун тийшээ клонк руу хараад зогссон ба машинаас буутал Дөлбадрахын хөл нь хугарчихлаа гээд машинаас бууж чадахгүй Лхагвадорж араас бууж ирээд нөгөө машиныг харахад Төв аймаг тал руу харчихсан зогсож байсан ба дотроос нь хүмүүс нь бууж ирж байгаа харагдсан миний толгой эргээд хэсэг доошоо явган сууж байтал цаанаас хүмүүс ирээд машинаас Дөлбадрахыг гаргаад байж байтал эмнэлэг, онцгой байдлын хэлтсийнхэн ирээд бүгдээрээ суугаад шууд Налайх дүүргийн эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-25-26 тал/,
Гэрч М.Хүрэлшагайгийн: “ .. Тэгээд 4 дүгээр зөрлөг дээр ирээд би хүүхдээ хараад явж байхад шууд дараад л түс гээд яваад өгсөн. Энэ ослоос болж миний толгойн орой хэсэгт язарсан зүүн өвдөг зулгарсан байсан. Хүү Доржзодовын дух хэсэг хөхөрч зүүн нүд хавдаж хөхөрсөн, эхнэр Пагмадуламын нүүр нь нэлэнхүйдээ шил орж зүсэгдсэн хүзүү хэсэг болон эрүү хэсэгт нь шил орсон байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-27 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Нямдоржийн: “ ....2019 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 11 цаг 40 минутын орчим манай хүү Дөлбадрах утсаар яриад Налайх дүүргийн прокурорын газрын орж хэрэг хүргэж өгөх гэсэн юм таны машиныг унаад явъя гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд удаагүй гэрт ирж хоол идчихээд машины түлхүүр аваад унаад явсан. Би Дөлбадрахад машин авч явах үед аав нь үдээс хойш хот руу явна шүү гэж хэлж байсан. Тэгсэн амжин гээд хэлээд явсан. Тэгээд 15 цаг өнгөрсөн байхад гэрийн хаалга чанга нүдэхээр нь нээж өгсөн манай эхнэр Зуунчимэг сандарсан орж ирээд за болохоо байсан цаана чинь Дөлбадрах осолд ороод хөл нь хугарсан байна тэгээд Налайхын эмнэлэг рүү хүргэгдсэн юм шиг байна гэхээр нь эхнэр бид Налайх дүүргийн эмнэлэг дээр ирсэн чинь Дөлбадрахыг насилк дээр тавьчихсан гэмтлийн эмнэлэг рүү хүргэхээр авч гарч байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-144 тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Ганхуягийн: “... Д.Б миний машиныг засварын газраар янзлуулж өгөөд одоо намайг хохиролгүй болгосон. Жолоочийн эсрэг талын суудал хойд суудал дээр сууж явсан. Жолоочийн эсрэг урд талын суудал дээр нэг залуу хүүхэдтэй сууж явсан. Миний хажууд нэг эмэгтэй сууж явсан. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг дээр байдаг Тэс шатахуун түгээх станцаас шатахуун авах гээд эсрэг урсгал руу эргэх үед л өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тас түс болоод явсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-151 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн талаархи тэмдэглэл /хх-03-04 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон байдал /хх-05 тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-06 тал/, Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1-р баг 4 дүгээр зөрлөг гэх газар 6025УНД улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл, 7322УНЧ улсын дугаартай Тоёото Приус20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-13 тал/, Зам зуур-2 ШТСтанцын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-14 тал/, 73-22 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-16-17 тал/, 60-25 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас ххх-18-19 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №148 дугаартай шинжээчийн “1. Н.Дөлбадрахын биед зүүн дунд чөмөгний далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-26 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №150 дугаартай шинжээчийн “1. А.Пагмадуламын биед тархи доргилт, хүзүү, хамар, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-40 тал/, Төв аймаг шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №152 дугаартай шинжээчийн “1.Х.Доржзодовын биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хавтас хх-42 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №210 дугаар шинжээчийн “1. Хавтаст хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэг, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, СД бичлэг зэргээс харахад Toyoto Prius-20 маркийн 6025УНД улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэстэй байна. 2.Toyoto Prius-20 маркийн 7322 УНЧ улсын дугаартай автомашины жолооч Н.Дөлбадрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэл байхгүй гэж үзэж байна. 3.Энэ осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл, бусад байгууламжийн байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна” гэх дүгнэлт /1-р хавтас хх-161 тал/, Х.Доржготовын өвчний түүх /1-р хавтас хх-171-177 тал/, А.Пагамдуламын өвчний түүх /1-р хавтас хх-178-184 тал/, Н.Дөлбадрахын өвчний түүх /1-р хавтас хх-185-192 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 14 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4 дүгээр зөрлөг гэх газар Улаанбаатар Чойр чиглэлийн асфальтан зам дээр Тэс петролиум шатахуун түгээх станцын хажууд 6025 УНД улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж 7322 УНЧ улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Н.Дөлбадрахын эрүүл мэндэд хүндэвтэр, А.Пагмадуламын эрүүл мэндэд хөнгөн, Х.Доржзодовын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Д.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “.... 90 хоногийн дотор төлнө.” гэж заасан хугацаанд төлөхийг,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг төлөөгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож, солихыг тус тус сануулав.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт Д.Б-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ