Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2020/0212

 

Ц.Н нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, өмгөөлөгч Ё.Э, гуравдагч этгээд Д.Э, түүний өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 735 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Н нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0735 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 27 дугаар зүйлийн 27.4, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Энхтайванд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан. Тодруулбал, тухайн хороонд 1996 оноос хорооны хэсгийн ахлагч, хорооны Засаг даргаар ажиллаж байсан, одоо хорооны Засаг даргаар ажиллаж байгаа В.С, Г.М нараас авсан гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгч нар нь хороогоороо уламжлан газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан бөгөөд газрын алба өргөдлийг хүлээн авдаггүй байсан болох нь тогтоогдсон байдаг. Гэтэл шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 3.1.3 дахь заалтуудыг нэхэмжлэгч нарын зөвхөн газар эзэмших эрхэд хамааруулан тайлбарлаж, цаашид хэргийн оролцогчдын тайлбар, үндэслэлүүдийг болон бусад нотлох баримтуудыг үнэлэх, дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийн зөвхөн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хянаж, шийдвэр гаргасан. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхээс гадна өргөдөл, хүсэлтийг төрийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх болон хуулиар олгогдсон бусад эрх, хууль ёсны ашиг сонирхолд мөн адил хамаарах заалт юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий 374 дүгээр захирамжаар Б.Т-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-д шилжүүлэхдээ газрын хэмжээг үндэслэлгүйгээр томруулж хууль зөрчсөн болохыг нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэн дүгнэлт гаргасан. Хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргахдаа Б.Т-ийн эзэмшиж байсан газарт биш, түүнээс баруун тийш 1.5 км орчим газарт байршлыг зөөж нэхэмжлэгч нарын хүсэлт гаргасан газар дээр Б.Э-д газар шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нарын өргөдөл, хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэхтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Эрх шилжүүлсэн газрын байршил өөрчилсөн талаарх нотлох баримтыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан боловч шүүх хуралдааны явцад гомдол гаргах эрхгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Энэ талаар нотлох баримт хэрэгт нэгэнт авагдаагүй боловч ГЗБГЗЗГ-аас өмнө ирүүлсэн баримтаар тухайн байршилд Д.Т газар эзэмшиж байсан бүртгэл байхгүй, харин Д.Э-д 2011 онд анх газар шинээр эзэмшүүлснийг бүртгэсэн болох нь нотлогддог. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон газрын байршил өөрчилж, маргаж буй газарт бусдад газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын харилцааны алба “хүсэлт болгосон байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжихээр батлагдсан” гэсэн шалтгаанаар хүлээн авахаас олон жилийн турш татгалзсан хирнээ 2011 онд буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүчинтэй хэвээр байх үед Д.Э-д тухайн байршилд “эрх шилжүүлсэн” нэрээр шинээр газар эзэмшүүлсэн нь төрөөс газар эзэмшүүлэхэд тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байгаа. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгосон ч дүгнэлт өгөөгүй. Гуравдагч этгээд Д.Э шүүх хуралдааны явцад “манай газрын хойно байрлах “Х а и” ХХК-ийн эзэмшил газрыг нийслэлээс урагш сунгаж томсгосны улмаас манайх газраа урагш сунгаж, нэхэмжлэгч нарын оршин сууж байсан газартай давхцуулахад хүрч маргаан гарсан” гэж тайлбарласныг нотлох баримтын хувьд үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан өргөдөл хүсэлт гаргах, хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт хийгээгүй зэрэг болно. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Н нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгээр хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд холбогдуулан “Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Маргаан бүхий газарт 2004 оноос хойш амьдарч байсан, хүнсний ногоо тариалж байсан бөгөөд 2009 оноос эхлэн уг газраа эзэмших хүсэлтийг Газрын албанд удаа дараа гаргасан боловч нийслэлийн хот төлөвлөлтөнд орсон гээд өргөдөл огт авдаггүй байсан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар Б.Т-т олгосон газрын хэмжээг нэмэгдүүлж 73390 м.кв болгон мөн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Э-д шилжүүлэхдээ байршлыг өөрчилж олгосноос нэхэмжлэгч нарын маргаж байгаа газартай давхацуулсан” гэж тайлбарлан маргасан.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй…”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэгч тус бүрийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, уг зөрчигдсөн эрхийг сэргээн тогтооход ямар нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, нэхэмжлэгч нар шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч байгааг тодорхойлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Тодруулбал,

Нэхэмжлэгч нэр бүхий 4 иргэний хэн нь хэзээнээс эхлэн тухайн газарт оршин сууж байсан, одоо оршин сууж байгаа эсэх, хэн нь хүнсний ногоо тариалж байсан, одоо тариалж байгаа эсэх үйл баримтыг тогтоогоогүйгээс нэхэмжлэгч тус бүр хэн нь ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсч буй нь тодорхойгүй, хэргийн газрын үзлэгийн  гэрэл зургийн үзүүлэлт дээр харагдах дан байшин байрлах газар нь гуравдагч этгээд Д.Э-ны эзэмшиж буй газартай давхцалтай эсэх, уг байшинг хүн амьдрах зориулалтаар ашиглах боломжгүй болгон байшингийн булантай нь зэрэгцүүлэн /нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр тайлбарласан/ олгосон эсэхийг тогтоогоогүй, уг байшин байрлах газрыг эзэмших эрхээ зөрчигдсөн гэх үндэслэлээр хэн нь нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2002 онд батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу маргаан бүхий байршилд хотын шинэ төв баригдахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны улмаас уг байршилд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зогсоож өргөдөл хүсэлт авдаггүй байсан нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны шүүхэд гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмаар гаргаж байсан эсэх нөхцөл байдлаас гадна тухайн газрыг олон жилийн хугацаанд бодитойгоор ашиглаж, амьдарч байсан үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар Б.Т-т олгосон газрын хэмжээг нэмэгдүүлж 73390 м.кв болгон мөн 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Э-д шилжүүлэхдээ байршлыг өөрчилж олгосноос нэхэмжлэгч нарын маргаж байгаа газартай давхацуулсан гэж маргаж байгаа тохиолдолд 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах гэрээгээр Тунгалаг ахлагчтай нөхөрлөлийн эзэмшиж байсан 23600 м.кв газрын байршлыг тодорхойлох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар Б.Т-т олгосон газрын хэмжээг 73390 м.кв болгохдоо аль байршилд нэмэгдүүлж олгосон эсэх, Б.Т-ийн эзэмшиж байсан 73390 м.кв газар нь одоо гуравдагч этгээд Д.Э-ны эзэмшиж байгаа газартай байршлын хувьд тохирч байгаа эсэхийг тогтоох шаардлагатай.

 Мөн нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хөрш Д.Э 2015 оны 3 дугаар сард “Х-А” компани нь миний эзэмшиж байсан газар түрж орж ирэн зөвшөөрөл авчихсан байна, би газрын албанд очиж уулзахад хэмжээ байршлыг өөрчилж өглөө, өөрчилсөн зургаар танай ногоо тарьж байгаа газар минийх болсон гээд ногооны талбайн тороо татсан” гэж дурдсан бол гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Манай эзэмшлийн газарт “Хишиг арвин индустриал” ХХК давхацаад ороод ирсэн тул хүсэлтээ газрын албанд гаргаад кадастрын зурагт өөрчлөлт оруулж газраа урагш сунгасан” талаар тайлбарлажээ.

            Иймд дээрх нөхцөл байдлыг шалгаж нэхэмжлэгч нарын олон жилийн хугацаанд оршин сууж байсан, ногоо тарьж ашиглаж байсан гэх газрыг гуравдагч этгээдийн эзэмших болсон үндэслэлийг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үндсэн чиг үүрэг, зорилготой нийцнэ.

          Харин нэхэмжлэгч нар нь өөрийн зөрчигдсөн гэх эрх болон эрх зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөв тогтоож нэхэмжлэлийн шаардлагаа хуульд нийцүүлэн тодорхойлох шаардлагатайг анхаарах нь зүйтэй байна.

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.Лхагвасүрэн    

         ШҮҮГЧ                                                                     О.НОМУУЛИН