Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2026/0050

 

С.Н-гийн нэхэмжлэлтэй,

Үндэсний аудитын газарт холбогдох

захиргааны хэргийн тухай
 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч                        Ц.Цогт

Танхимын тэргүүн:                     Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                          Г.Банзрагч

                                                            М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                            Д.Батбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0876 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0135 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2026/0163 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч С.Н- (цахимаар), нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, Б.Х, гуравдагч этгээд Ж.Б- нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай ***, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай *** тушаалуудын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх” тухай *** дугаар тушаалаар нэхэмжлэгч С.Н-г Чанарын удирдлагын газрын “Хяналт шинжилгээ, үнэлгээний менежер”, гуравдагч этгээд Ж.Б-ыг Чанарын удирдлагын газрын “Газрын захирал, тэргүүлэх аудитор” албан тушаалаас тус тус чөлөөлж, мөн өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай *** дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Ахлах аудиторын”, гуравдагч этгээдийг тус газрын менежерийн албан тушаалд тус тус томилжээ.

3.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр:Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д тус тус заасныг баримтлан С.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж, үлдэх “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

5.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, Б.Х- нар шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

5.2.Хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер, Мониторинг хариуцсан менежер, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх асуудал хариуцсан менежер болон нэхэмжлэгч С.Н-гийн өмнө хэрэгжүүлж байсан Хяналт- шинжилгээ, үнэлгээний менежер, одоогийн Ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтын зөрүүтэй, ялгаатай байдлыг огт авч үзэж, дүн шинжилгээ хийгээгүй, чиг үүргийн өөрчлөлтийн асуудлыг бус тооны хувьд авч үзсэн нь нөхцөл байдлыг дутуу үнэлсэн гэж үзэж холбогдох үндэслэлүүдийг тодорхойлсон.

5.3.Гэвч давж заалдах шатны шүүхээс тус асуудлын талаар авч үзэхдээ “Шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын *** дүгээр тушаалын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, түүнийг Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, энэ нь ч Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид хандсан 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тухай" 04/1776 дугаар албан бичигт ... гэснээр давхар нотлогдож байна” гэжээ.

5.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй.” гэж заасан. Гэтэл магадлалд туссан дээрх агуулгаас анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн талаараа буюу гомдолд дурдсан албан тушаалуудын ялгаа, чиг үүргийн өөрчлөлтийн талаарх асуудлыг хэрхэн авч үзэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

5.5.Давж заалдах гомдлын нэг үндэслэл нь анхан шатны шүүхээс бодит байдалд биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан гэж үзэж энэ тухай үндэслэлийг тодорхой дурдсан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2026/0135 дугаар магадлалд "... шүүхээс гарч буй шийдвэр зайлшгүй биелэгдэх үр дагавартай байх учиртай. ... маргаж буй энэ тохиолдолд тэтгэмж олгосон болон тэтгэвэрт гаргасан шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар авах, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн хэргийг дахин хянан шийдвэрлэх шаардлагатай байна” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан атлаа шүүх хуралдаанд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон тухай танилцуулсан.

5.6.Улмаар албажуулан гаргасан магадлалд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрхсэн талаар ямар нэг байдлаар тусгаагүй байна. Хариуцагчийн гомдлоор хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийг дээрх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэр гаргаж байгаа боловч хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих, үүнийгээ албажуулан гаргасан магадлалд дурдаагүй байгаа нь ойлгомжгүй, хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна.

5.7.Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2026/0163 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7.Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, нэхэмжлэгч С.Н- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

7.1.Намайг ажилласан 2021-2025 оны хугацаанд байгууллагад 5 удаа бүтцийн өөрчлөлт хийгдэж, нэгжийн дарга 5 удаа солигдсон. Энэ хугацаанд албан хаагчдыг үндэслэлгүйгээр шилжүүлэх, чөлөөлөх, албан тушаал бууруулах явдал нэмэгдсэн бөгөөд танил тал, найз нөхдөд давуу байдал олгох, намчирхах, нутгархах, үзэл бодлоор ялгаварлах шинжтэй үйлдлүүд ажиглагдсан. Иймээс төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандсан.

7.2.Тэтгэвэрт гарахаас 4-6 сарын өмнө бүтцийн өөрчлөлт нэрээр албан тушаал бууруулсанд гомдолтой байсан. Тэтгэвэрт гарах хүртэл хугацаанд албан тушаал бууруулахгүй байх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторт 3 удаа гаргасан боловч шийдвэрлээгүй тул Төрийн албаны зөвлөлд хандсаны дагуу зөвлөлөөс шийдвэр гарсан ч түүнийг хэрэгжүүлэхээс татгалзсан нь шүүхэд хандах үндэслэл болсон.

7.3.Миний албан тушаалын зэрэглэлийг бууруулсан шалтгааныг байгууллага өөр өөрөөр тайлбарлаж ирсэн. Сонсох ажиллагааны үед бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас буусан дарга нарыг ажлын байраар хангахын тулд намайг бууруулж, миний албан тушаалыг даргад өгөх шаардлагатай гэж тайлбарласан. Харин ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-ыг үндэслэсэн нь анхан шатны шүүхээр эрх зүйн шаардлага хангаагүй болох нь тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад мөн 2021 онд анх томилогдохдоо ажилласан жилийн шаардлага хангаагүй байсан гэх хэрэгт хамааралгүй тайлбар гаргасан. Нэг асуудлыг ийнхүү өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь эрх зүйн үндэслэл хангалтгүйг харуулж байна.

7.4.Би төрийн аудитын байгууллагын Ёс зүйн хороонд бүтцийн өөрчлөлтөөр надаас гадна хэдэн албан хаагчийн эрх ашиг хөндөгдсөн, мөн Үндэсний аудитын газарт албан тушаалын шаардлага хангаагүй хэдэн хүн ажиллаж байгааг тогтоолгохоор хандсан. Шалгалтын явцад намайг “сонсох ажиллагаанд оролцсон” гэх хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, дараа нь “албан тушаал бууруулсныг хүлээн зөвшөөрч, баярлалаа гэж хэлсэн” гэх агуулга нөхөж бичсэн, баримт бичиг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудал илэрсэн. Энэ асуудлыг Ёс зүйн хороо гэмт хэргийн шинжтэй тул өөрөө тогтоож дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн.

7.5.Давж заалдах гомдолд итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтыг буруу үнэлсэн, Чанарын бодлого, эрсдэл хариуцсан менежер, Мониторинг хариуцсан менежер, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх менежер болон миний өмнө хэрэгжүүлж байсан хяналт шинжилгээний үнэлгээний менежер, одоогийн ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтын ялгааг шүүх дүгнээгүй гэж гомдсон. Үүнийг тайлбарлахад, дээрх чиг үүргүүд нь цоо шинэ чиг үүрэг биш бөгөөд миний өмнө нь хэрэгжүүлж байсан чиг үүрэг юм. 2021-2024 онд эрсдэлийн менежерээр ажилласан, 2024-2025 онд хяналт шинжилгээ үнэлгээний менежерээр ажиллахдаа чанарын удирдлага, эрсдэлийн чиг үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Энэ нь гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, нэгжийн төлөвлөгөө, чанарын удирдлагын тогтолцоог хөгжүүлэх 2024-2025 оны ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээ, нийтлэл, илтгэлүүдээр нотлогдоно.

7.6.Анхан шатны шүүх хуралдаанд дээрх албан тушаалуудын ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, үндсэн чиг үүргүүдийг харьцуулсан матриц судалгааг гаргаж өгсөн бөгөөд эдгээр чиг үүрэг зөрөөгүй, үндсэндээ ижил болохыг тайлбарласан. Иймээс шүүх судлаагүй гэх гомдол үндэслэлгүй.

7.7.Мөн нэхэмжлэгч аль албан тушаалд томилуулах нь тодорхойгүй байсан гэж гомдолд дурдсан. Гэвч өмгөөлөгчийн зөвлөсний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож, өмнө хэрэгжүүлж байсан чиг үүрэг болох Чанарын бодлого, эрсдэлийн удирдлагын менежерийн албан тушаалд томилуулах хүсэлтээ шүүх хуралдаанд уншиж, бичгээр өгсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт байгаа.

7.8.Бүтцийн өөрчлөлтийн өмнө миний ажиллаж байсан Дотоод аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар 3 хуваагдсан боловч тухайн үед албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй. Гэтэл өмнөх чиг үүрэг байхгүй болсон мэт тайлбарлах нь үндэслэлгүй. Үнэндээ 2024 онд 2 менежер байсан бол 2025 оны 3 дугаар сард нэг менежер нэмэгдэж, нийт 3 менежер болсон. Орон тоо буураагүй, харин албан тушаалын нэршил өөрчлөгдсөн.Хяналт шинжилгээ үнэлгээ гэх нэршил олон улсын нэршлээр “мониторинг” болон өөрчлөгдсөн бөгөөд чиг үүрэг байхгүй болоогүй, харин өргөжсөн.

7.9.Шүүхийн шийдвэрт Үндэсний аудитын газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлагын менежерийн албан тушаалд томилохыг Ерөнхий аудиторт даалгасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс миний ажил үүрэг дуусгавар болсон, тэтгэвэрт гарсан нөхцөлийг харгалзаагүй гэж гомдсон. Гэвч ажил үүрэг дуусгавар болсон, тэтгэвэрт гарах дөхсөн эсвэл тэтгэвэрт гарсан нь эрх зүйн үндэслэлгүй тушаал, шийдвэрээр хохироосон үйлдлийг зөвтгөх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

7.10.Мөн нэг албан тушаалд хоёр хүн ажиллах нөхцөл үүснэ гэж гомдсон нь шүүхийн бус хариуцагчийн шийдвэрлэх асуудал юм. Миний албан тушаалд бүтцийн өөрчлөлтөөр газрын даргын албан тушаалаас буусан Ж.Б- томилогдсон бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг байгууллага өөрөө хариуцах ёстой.

7.11.2025 оны 07 сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-ыг үндэслэсэн боловч тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрөөгүй. Бүтэц өөрчлөгдөхийн өмнө 3 менежерийн орон тоо байсан, бүтцийн дараа ч 3 менежерийн орон тоо хэвээр хадгалагдсан. Зөвхөн нэршил өөрчлөгдсөнөөс бус чиг үүрэг, орон тоо хасагдаагүй. Харин өмнө хэрэгжүүлж байсан эрсдэлийн чиг үүрэг нэмэгдсэн нь төлөвлөгөө, тайлангаар нотлогдоно.

7.12.Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй байж өмнөх болон дараах чиг үүрэг байсан, байхгүй болсон гэж тайлбарлах нь үндэслэлгүй. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын холбогдох заалтууд, мөн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх Төрийн албаны тухай хуулийн 44.3 дахь заалтыг зөрчсөн.

7.13.Иймд хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбар нь бодитой бус, үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, намайг Чанарын бодлого, эрсдэлийн удирдлагын менежерийн албан тушаалд томилуулах, мөн тэтгэвэрт гарах тушаалыг менежерийн албан тушаалаар гаргуулах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсэж байна.

7.14.Тэтгэвэрт гарснаас хойш мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллахад өмнө ямар албан тушаалд ажиллаж байсан нь цалин хөлс, санхүүгийн нөхцөлд шууд нөлөөлнө. Мөн надтай адил эрх нь зөрчигдсөн Төрийн аудитын байгууллагын олон албан хаагч энэ асуудал хэрхэн шийдвэрлэгдэхийг хүлээж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр нь Төрийн аудитын байгууллагын дотоод засаглал цэвэршихэд чухал ач холбогдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

9.Нэхэмжлэгч С.Н-гээс Үндэсний аудитын газарт холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” ***, “Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай” *** дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чанарын удирдлага эрсдэлийн газрын чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах шаардлага гаргасан.

10.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалын Б.Нямсүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага эрсдэлийн газрын “Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг Монгол Улсын ерөнхий аудиторт даалгаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

11.Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас гомдол гаргасны дагуу давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас чөлөөлж, нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай шийдвэр гаргасан талаар талууд тайлбарлажээ.

12.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход төрийн албанаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөөгүй байх шаардлага тавигддаг бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон, энэ талаар гаргасан тайлбарыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс холбогдох нотлох баримтуудыг хэрэгт авч, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь буруу биш.

13.Маргааны үйл баримтыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт хийгээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2026/0135 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, Б.Х- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ  

                                                                                                   М.БАТСУУРЬ    

                                                                                                  Д.БАТБААТАР