Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1822

 

 

Г.Билэгжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Билэгжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Батцэнгэлд холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4 191 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгорын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхмандах,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Батцэнгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 3 дугаар байрны 3 дугаар орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Билэгжаргалыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Шийтгэх тогтоолд Г.Билэгжаргалыг учирсан хохирлоо иргэний журмаар жич шийдвэрлүүлэх талаар дурдсан.

Хариуцагч М.Батцэнгэл нь нэхэмжлэгчид гэм хор учруулсны улмаас нэхэмжлэгчийн хамрын яс хугарсан үйл явдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, энэ тухай шийтгэх тогтоолд тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч нь хамрын ясны хуучин хугарлыг засах 3 191 000 төгрөгийн өртөгтэй мэс засалд Монгол Хьюндай эмнэлэгт орохоор төлөвлөсөн байгаа бөгөөд уг эмнэлэг нь төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож, хагалгааг хийнэ гэсэн хариуг өгсөн. Хариуцагч талаас эрүүгийн хэрэгт хагалгааны төлбөрийг хоёр өөрөөр өгсөн гэх боловч тухайн үед хамрын ясны шинэ хугарал буюу гэмтэл учирсан даруйд эмчлэгдэх үнэ нэг өөр одоо үйл явдал болсноос хойш 8 сар гаруйн дараа хагалгаа хийлгэх төлбөр нэг өөр үнэтэй болохыг тус эмнэлгийн үнэ тариф болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Иймд хариуцагч Г.Билэгжаргалаас хагалгааны төлбөрт шаардагдах 3 191 000 төгрөгийг, эрүүгийн болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авсны хөлс 1 000 000 төгрөгийн хамт нийт 4 191 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Батцэнгэл нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 536 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, торгуулиа төлсөн. Нэхэмжлэгч Г.Билэгжаргал нь эрүүгийн шүүх хуралдаанд эм тарианы 441 000 төгрөг, мэс засалд ороход шаардагдах зардал 1 201 000 төгрөг, цалин 1 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, унааны 158 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг анх нэхэмжилсэн. Үүнээс эм тарианы 441 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ хэрэгт нотлох баримтаар өгч, нэхэмжлэлийн үндэслэл болсон “Монгол Хьюндай” эмнэлгийн “Хамрын ясны хугарал оноштой ба мэс засалд орохоор төлөвлөгдсөн” гэсэн оноштой хоёр өөр үнийн дүн бүхий тодорхойлолтыг эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед ч өгсөн байсан. Улмаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг зардлыг тодорхой бус, баримтгүй гээд шийдвэрлэлгүй үлдээсэн. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд мөн адил дээрх баримтаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, тогтоолд заасан нөхцөл байдал арилгаагүй хэвээр байна. Түүнчлэн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зайлшгүй зардлыг олгож болохоор заасан байдаг ч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр дээр зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Мөн түүнийг хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн баримт хэрэгт алга.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй, хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Батцэнгэлээс 3 191 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Билэгжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 010 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 66 006 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 3 191 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан “...эрүүл мэндэд учирсан эмчилгээний зайлшгүй зардал...” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан хамрын эмчилгээ нь “зайлшгүй” зардал гэдэгт орохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Билэгжаргал нь хариуцагч М.Батцэнгэлд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4 191 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжилж буй эмчилгээний зардал нь зайлшгүй гарах зардал биш гэж маргажээ.

 

            Хариуцагч М.Батцэнгэлийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Билэгжаргалын хамрын яс хугарч биед нь гэмтэл учирсан, уг хууль бус үйлдэлдээ хариуцагч гэм буруутай болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирол нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой тул түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Нэхэмжлэгч Г.Билэгжаргал нь хамар ясны хугарлыг засах мэс засалд орох шаардлагатай болсон нь Монгол Хьюндай эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг няцаагаагүй байна.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан тул шүүх хариуцагч М.Батцэнгэлээс 3 191 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Билэгжаргалд олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Мөн шүүх нэхэмжлэлээс хууль зүйн туслалцаа авсан хөлсөд төлсөн 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2016/00599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 006 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш  14  хоногийн  дотор  шүүх  хуралдааны  оролцогч  талууд  шүүхэд  хүрэлцэн  ирж

магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ