Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01751

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06271 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

24 сарын тэтгэмж болон дутуу олгосон цалинд нийт 149,537,481 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалинтай тэнцэх олговорт хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай үндсэн,

Урьдчилгаа цалинд олгосон 1,487,075 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* Иргэний нисэхийн салбарт 29 жил ажилласан, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* газрын даргын Б/248 тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудитор албан тушаалд 24/103 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан томилсон.

1.2. ******* газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №25/02 дугаартай мэдэгдэх хуудсаар *******гийн эрхэлж байсан хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын санхүүгийн аудиторын хоёр ажлын байрыг цөөрүүлэн нэг болгосон тухай бичгээр мэдэгдсэн.

1.3. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* газрын даргад хандаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар дуусгавар болгож байгаа учраас 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгнө үү гэдэг өргөдлийг гаргасан боловч тухайн тэтгэмжийг олгох боломжгүй гэдэг хариуг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №71 албан бичгээр мэдэгдэж, ******* газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/43 тоот тушаалаар *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

1.4. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээнд заасны дагуу 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 145,373,671 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. 

1.5. Хариуцагч байгууллага нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосноор *******гийн хөдөлмөрлөх эрх энэ өдөр хүртэл зөрчигдсөн. Иймд 2025 оны 02 дугаар сард дутуу олгосон цалин, үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл болох 1,189,660 төгрөг, нийт 4,436,653 төгрөг, тэтгэмжийн хамт нийт дүн 149,537,481 төгрөгийг гаргуулах, дутуу олгосон цалинтай тэнцэх олговорт хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" А/289 тушаалаар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын ажлын байрыг цөөрүүлсэн.

2.2. Энэ талаар *******д 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/02 мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, тус газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын тооцооны нягтлан бодогчийн ажлын байрыг санал болгож, өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулахаар болсон.

Санал болгосон ажлын байрыг ******* хүлээн зөвшөөрөөгүй харин тэтгэмжээ авъя, гаръя гэдэг шаардлага тавьсан. Манай 2025 оны төсөвт тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна, Иргэний нисэхийн салбарт 29 жил ажилласан туршлагыг тань харгалзаж Зам, тээврийн яамны харьяа Нислэг-техникийн осол, зөрчил шинжлэн шалгах албаны ерөнхий нягтлан бодогчийн ажлыг санал болгож, ******* зөвшөөрч харилцан тохиролцож маргаан бүхий тушаал гарсан.

2.3. Тушаалын хууль зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т заасны дагуу ажил олгогч, ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгох боломжгүй.

2.4. ******* 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажиллах боломжгүй гэдэг өргөдлөө өгсөн. Өргөдлөө өгсөн өдрөөс хойш ажилдаа огт ирээгүй, ажлаа хийгээгүй энэ хугацаанд бид нар үргэлжлүүлж ажлаа хийх ёстой гэж өөрт нь удаа дараа мэдэгдсэн боловч ажиллаагүй. ******* газрын цалин хөлсний журмын 4.3.1-т ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ.

******* ажил үүргээ гүйцэтгээгүй байж цалин авна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Үр дүнгийн нэмэгдэл олгох шаардлага тус журмын 4.5.1-т заасан байгаа. Үр дүнгийн нэмэгдлийг тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл үр дүн, цаг ашиглалт, ёс зүй, олон нийтийн оролцоо гээд 4 шалгуурыг хангаж үр дүнгийн 40 хувийн нэмэгдэл авдаг. Тус журмын 4.5.1-т олгож болно гэсэн зохицуулалт байдаг, заавал олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ******* нь ******* газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/248 тушаалаар тус газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудитораар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажилласан.

Гэтэл Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" А/289 дугаартай тушаалаар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт орж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын ажлын байрыг цөөрүүлсэн.

Өөрөөр хэлбэл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчлэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан тус газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Иймд ******* нь Иргэний нисэхийн Олон улсын гэрээ, конвенц, дүрэм, журамд заасан шаардлагыг хангуулах, нисэхийн мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор нэн шаардлагагүй ажлын байрыг цөөрүүлж, 2 аудиторын ажлын байрыг 1 болгож өөрчилсөн.

3.2. Нэхэмжлэгч *******д энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25/02 дугаар мэдэгдэх хуудсаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу мэдэгдэж, өөр ажлын байр санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй.

Харин ******* газраас нэхэмжлэгч *******д Зам, тээврийн яамны харьяа Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд ажиллах санал тавьж, түүнийг хүлээн зөвшөөрсөн тул 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/43 дугаар харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу харилцан тохиролцож дуусгавар болгосон.

Өөрөөр хэлбэл ******* нь дээрх тушаал, шийдвэрийг гарах хүртэл хугацаанд ажлын байрандаа ирж ажиллаагүй /энэ нь ажилтны ирцийн мэдээгээр нотлогдох бөгөөд Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд очиж ажилласан/.

3.3. Иймд *******д олгосон 2025 оны 02 дугаар сарын урьдчилгаа цалин 1,487,075 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож, үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/02 мэдэгдэх хуудсаар Н.Баярмаатай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цуцлахаар мэдэгдсэн. Гэтэл хариуцагч байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргаж, өөрөөр хэлбэл тус мэдэгдэх хуудсанд дурдсан огноог хэтрүүлэн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргасан.

Иймээс ажилласан хугацааны цалин гэж олгосон мөнгийг буцаан шаардах эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуулиар ******* ажилласан хугацааны цалин болон тушаалаар ажлаа хүлээлгэж өгөх хүртэл цалин, тэтгэмжээ байгууллагаас шаардах эрхтэй. Энэ утгаараа сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэнийн нисэхийн ерөнхий газраас 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 145,373,671 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, илүү нэхэмжилсэн 4,163,810 төгрөгийн шаардлагыг, хариуцагч ******* газрын цалинд олгосон 1,487,075 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Отгонцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 884,819 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч ******* нь 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 145,373,671 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах / 2025 оны 2 дугаар сард дутуу олгосон цалин 3,246,993 төгрөг/, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2025 оны 02 дугаар сарын үр дүнгийн урамшуулал цалин гаргуулах /үндсэн цалингийн 40 хувь 1,189,660 төгрөг/ тухай нийт гурван шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 145,373,671 төгрөгийг хариуцагч ******* газраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон билээ.

6.3. Харин нэхэмжлэлийн хоёр болон гурав дахь шаардлагуудыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн 9.3 дахь хэсэгт “80.5-т “энэ хуулийн 80.4.т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэж зааснаар ажил олгогч ******* нь 2025.01.10-ны өдрийн 25/02 тоот мэдэгдлийг *******д хүргүүлж, цалин 2025.02.10-ны өдрөөр тооцож олгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийлээ.

******* газрын даргын 2025.02.28-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бодитойгоор дуусгавар болсон байтал шүүх 2025.01.10-ны өдрийн №25/02 дугаар мэдэгдэх хуудсанд дурдсан огноо болох 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үндэслэлгүй дүгнээд тухайн хугацааны цалин 1,487,075 төгрөг олгосон нь үндэслэлтэй гэж буруу дүгнэсэн.

6.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үүрэгтэй 43.2.1-т “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин олгох...” гэж зааснаар ******* нь 2025.02.28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бодитойгоор дуусгавар болгон тушаал гаргах хүртэлх хугацааны цалингаа шаардах эрхтэй. Хариуцагчийн зүгээс мэдэгдэх хуудсанд дурдсан огноо болох 2025.02.10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг гаргаагүй, түүнээс хойш ажил хийлгээгүй, ажиллахыг нь хориглосон зэрэг хариуцагчийн буруутай үйлдлээс хамаарч нэхэмжлэгч ******* нь дутуу цалин хөлс авч хохирох ёсгүй юм. Зүй нь 2025.02.10-ны өдөр тушаал гарган бодитойгоор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, тус хугацааны цалинг олгох ёстой байсан. Иймд 2025 оны 02 дугаар сард дутуу олгосон цалин 3,246,993 төгрөгийг хариуцагчаас гаргуулах агуулгаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

6.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон.

Шүүх дээрх хуульд заасны дагуу 2025 оны 02 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч *******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэх учиртай байсан. Өөрөөр хэлбэл, 2025 оны 02 дугаар сард *******д олгохоор тооцсон цалин болох 5,923,728 төгрөгт холбогдуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцэх байжээ.

6.6. Нөгөөтэйгүүр шүүх *******г 2025.02.10-ны өдөр хүртэл ажиллаад 1,487,075 төгрөгийн цалин авсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн бол тус мөнгөн дүнд тооцуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх байсан. Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт тусаагүй орхигдсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаанаас харахад 2025 оны 02 дугаар сард цалин хөлс аваагүй, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж харагдаж байгаа явдал нь хожим өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тус хугацааг тасалдсан гэж үзэх сөрөг үр дагавартай юм.

6.7. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2025 оны 02 дугаар сарын дутуу олгосон цалин 3,246,993 төгрөг, мөн тухайн сарын үр дүнгийн урамшуулал 1,189,660 төгрөг, нийт 4,436,653 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2025 оны 02 дугаар сард *******д олгохоор бодогдсон цалин 5,923,728 төгрөгт тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хавтаст хэрэгт *******гийн ажлын ирцийг авсан байдаг ба мэдэгдэл өгснөөс хойш ******* нь ажилдаа зарим үед ирдэггүй байсан. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ирцийн бүртгэлээс харахад ажилдаа ирээгүй талаарх баримтууд харагддаг. Тэгэхээр ажилтанд ажилласан ажилд нь тохирсон цалин хөлсийг олгосон. Бид нэхэмжлэгчийг ямар ажил хийсэн гэж цалин хөлсийг олгох нь ойлгомжгүй байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа цалин гэж олгосон нь ажлын санал тавиад ажиллана гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байсан боловч өөрөө ажилдаа ирдэггүй байсан. Үр дүнгийн урамшууллыг заавал олгоно гэсэн зүйл огт байхгүй. Тухайн сард хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзаж олгож болно гэж журамд заасан байдаг ба журамд заахдаа олон нийтийн оролцоо, ирц, ажлын үр дүн, бусад гэсэн 4 зүйлийг хангаж байвал үр дүнгийн урамшуулал олгож болно гэж заасан байдаг учраас үүнийг олгох боломжгүй.

7.2. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэсэн шаардлагад нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо өөрөө нийгмийн даатгал төлөхгүй байна гэдэг асуудлыг тухайн саруудад хэлж байгаагүй учир энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1. Нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 145,373,671 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай” гэж тодорхойлсон боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “хөдөлмөрийн эрхийн маргаан” гэж хөдөлмөрийн хууль тогтоомж, бүх төрлийн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хэрэгжүүлэх, эсхүл эдгээр хэм хэмжээг тайлбарлахтай холбоотойгоор талуудын хооронд үүссэн саналын зөрүүг” гэж тус тус заасны дагуу тушаалын хууль зүйн үндэслэл буруу байгааг тогтоолгох тухай гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гаргах ёстой байсан боловч гаргаагүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

8.2. Хариуцагч ******* газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25/02 дугаар мэдэгдэх хуудсаар өөр ажлын байр санал болгосон, эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулахаар удаа дараа мэдэгдсэн боловч хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт “...энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно” гэж заасны дагуу үргэлжлүүлэн ажиллуулахаар өөр ажлын байрыг санал болгосон тул нэхэмжлэгч *******д 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 145,373,671 төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

8.3. Хариуцагч ******* газраас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 25/02 дугаар мэдэгдэх хуудсаар өөр ажлын байр санал болгож, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг байгуулах болохыг мэдэгдсэн. Гэвч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ирж ажиллаагүй /энэ нь ажилтны ирцийн мэдээгээр нотлогдоно./ бөгөөд Агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанд очиж ажилласан ба цаашид ажиллах боломжгүй тухайгаа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөдөлдөө дурдсан.

Дээрх өдрийг хүртэл хугацаанд *******г ажиллана гэдэг үндэслэлээр урьдчилгаа цалинг олгоод явж байсан ч ажиллаагүй тул түүнд урьдчилан олгосон цалин буюу 1,487,075 төгрөгийг түүнээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. Хариуцагч тал ******* газрын даргын тушаалд хууль зүйн дүгнэлт хийхдээ нэг талыг барьж, нэхэмжлэлээс хальж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Тухайн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан. Гэтэл бодит байдал нь *******гийн эрхэлж байсан албан тушаал нь цөөрсөн буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргах учиртай байсан. Маргаан бүхий 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд анхан шатны шүүх тухайн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт гаргаж шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүх энэхүү тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч *******д санал болгосон албан тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй учраас тэтгэмжийг олгох ёсгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл *******гийн орон тоо бодитойгоор цөөрсөн учраас бид өөр албан тушаал санал болгосон гэж хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч байгууллага *******г цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж мэдээд ажил, албан тушаал санал болгоод байгаа юм. Санал болгосон албан тушаал нь *******гийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан. Тухайн албан тушаалыг зайлшгүй ажиллах ёстой мэтээр тайлбар гаргаж, тэтгэмж өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч санал болгосон албан тушаалыг заавал хүлээн зөвшөөрөх үүрэг хүлээх ёсгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, хамтын гэрээнд заасан 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан учир анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий болсон.

9.2. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар ажилласан. Энэ ажилласан өдрүүдийн цалин болох 1,487,075 төгрөгийг бид мэдэгдэх хуудсаар санал болгосон албан тушаалд ******* ажиллана гэж ойлгоод урьдчилгаа цалинг олгосон гэж маргадаг. Нөгөө талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт одоо эрхэлж байгаа албан тушаалыг бид санал болгоод ******* хүлээн зөвшөөрсөн учраас тэтгэмж олгохгүй гэдэг байдлаар маргадаг. Мэдэгдэх хуудсанд заасан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаад цалингаа авсан мэт байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй. Иймд гомдлыг нь хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, дутуу авсан цалин, урамшууллын нэмэгдэл нийт 149,537,481 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалинд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, урьдчилгаа цалинд олгосон 1,487,075 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч ******* нь 1996 оноос Иргэний нисэхийн салбарт нягтлан бодогчоор ажиллаж, ******* газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудитор албан тушаалд томилогдож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-4-7, 19/

3.2. Зам, тээврийн сайдын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн А/289 тушаалаар ******* газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталжээ. /хх-63-84/

3.3. ******* газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25/02 мэдэгдэх хуудсаар дээрх тушаалаар ажлын байрыг цөөрүүлсэн үндэслэлээр *******г Санхүү, хөрөнгө оруулалтын газрын тооцооны нягтлан бодогчийн ажлын байраар хангаж, *******, түүний харьяа байгууллагуудад мөрдөх, цалин хөлсний журмын 3.6-д зааснаар таны өмнө авч байсан албан тушаалын үндсэн цалинг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн олгож ажиллуулах болсныг мэдэгдсэн. /хх-33/

3.4. ******* нь одоо авч байгаа аудиторын цалинг дордуулсан гэж үзэж байгаа тул санал болгосон ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ******* газрын даргад өргөдөл гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул тэтгэмж шаардсан. /хх-21/

 

4. ******* газрын даргын 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/43 тушаалаар *******тай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1.Талууд харилцан тохиролцсон үндэслэлээр гаргасан боловч ******* газрын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт оруулж Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны аудиторын ажлын байрыг цөөрүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.3, *******, түүний харьяа байгууллагуудад 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 3.1-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд *******, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар, нэгжид ажилласан жилээс хамааруулж, 3.1.7-д 25-аас дээш жил ажилласан бол 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж нэг удаа олгоно” гэж зааснаар 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг буруу тодорхойлсон, холбогдох хуулийн зарим заалтыг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүх зөвтгөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдлоос үзэхэд нэхэмжлэгч 24 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 145,373,671 төгрөг, дутуу авсан цалин 3,246,993 төгрөг, урамшууллын нэмэгдэл 1,189,660 төгрөг, нийт 4,436,653 төгрөг, бүгд нийлээд 149,810,324 төгрөг болсныг анхан шатны шүүх тооцооллын хувьд зөрүүтэй тодорхойлж шаардлагын хэмжээг нийт 149,537,481 төгрөг гэж буруу тодорхойлсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.  

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан дутуу авсан цалин гаргуулах шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажил олгогч дараах үүрэгтэй 43.2.1-т “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин олгох...” гэж заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д “Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно”, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана” гэсний дагуу ажил олгогч ажилтанд ажил хүлээлцэх өдрийг хүртэл цалинг олгох үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгч *******д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох өдрийг хүртэлх дутуу авсан цалинг гаргуулж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасантай нийцнэ.

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирох цалин олгох... нь ажил олгогчийн үндсэн үүрэгт хамаарах ба уг шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан Ажил хүлээлцэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон тухай шийдвэр гаргах зохицуулалт нь илүү нарийвчилсан зохицуулалт тул шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон хугацаагаар нэхэмжлэгч дутуу авсан цалингаа тодорхойлсныг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Мөн 2024 оны 06 сарын 27-ны өдрийн ******* газрын дарга, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны даргын баталсан *******, түүний харьяа байгууллагуудтай 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 2.16.Ажилтны ажлын үр дүнг үнэлж, үндсэн цалингийн 40 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн нэмэгдлийг сар бүр олгож болохоор заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хамтын гэрээгээр зохицуулах харилцаанд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой асуудалд ...нэмэгдэл... хамаарах ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хүртэл түүнийг ажлын байраар хангах, хөдөлмөрийн гэрээнд болон хамтын гэрээнд заасан цалин хөлс, нэмэгдэл олгох үүрэгтэй гэж үзлээ.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүргийг ажил олгогч хүлээх тул 2025 оны 2 дугаар сарын цалин, нэмэгдэлд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулах үүргийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.  

Эдгээрийг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч тушаал гарсан өдрөөр тооцож дутуу авсан цалин, үр дүнгийн нэмэгдэл шаардсан нь үндэслэлтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

11.Хариуцагчийн гаргасан 2025 оны 02 дугаар сард олгосон цалинг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл дээрх дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.

 

12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 2025 оны 02 дугаар сард дутуу авсан цалин 3,246,933 төгрөг, 2025 оны 02 сарын үр дүнгийн нэмэгдэл 1,189,660 төгрөг, нийт 4,436,653 төгрөгийг хариуцагч ******* газраас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн 2025 оны 2 дугаар сарын цалинд авсан 1,487,075 төгрөг, нийт 5,923,728 төгрөгийн цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Мөн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг хасаж, нэхэмжлэгч Л.Отгонцэцэг гэснийг залруулж нэхэмжлэгч ******* болгосныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШШ2025/06271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 82 дугаар зүйлийн 82.3, 104 дүгээр зүйлийн 104.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дах хэсгийг баримтлан хариуцагч ******* газраас 24 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжид 145,373,671 төгрөг, дутуу олгосон цалин 3,246,993 төгрөг, урамшууллын нэмэгдэл 1,189,660 төгрөг, нийт 149,810,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн 2025 оны 02 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 5,923,728 төгрөгөөс тооцон нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч *******т даалгаж, хариуцагч ******* газрын нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан урьдчилгаа цалинд олгосон 1,487,075 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 884,819 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* газраас улсын тэмдэгтийн хураамжид 884,819 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 85,937 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* газрын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 884,818.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

 ШҮҮГЧИД                                                  Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ