Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/208

 

 

      2019              07              09                                                     2019/ШЦТ/208   

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох 1934003640236 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт Зуунмод суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 11,  аав, ээж, ах дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 32-2 тоотод оршин суух хаягтай, Б.Б гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” баарны гадна Н.Даваасодномтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хоншоор, хацар яс, нүдний ухархайн ясны нийлмэл хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг зүүн өвдгөнд зулгаралт, баруун бугалга, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Миний буруу” гэв.

   Шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Н.Даваасодномын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-05 тал/, хохирогч Н.Даваасодномоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-06-09 тал/, гэрч Н.Ганчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10-11 тал/, гэрч Э.Оюунболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14-15 тал/, гэрч Г.Гансүхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17 тал/, гэрч Б.Байгалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч Л.Баатархүүгээс мэдүүлэг авсэн тэмдэглэл /хх-19 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №291 дугаар дүгнэлт /хх-21-22 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №373 дугаар дүгнэлт /хх-27-28 тал/, Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-38 тал/,  эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-46 тал/, хохирлын баримтууд /хх-47-48 тал/,  Б.Бын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

 Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хүрд” баарны гадна Н.Даваасодномтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн хоншоор, хацар яс, нүдний ухархайн ясны нийлмэл хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг зүүн өвдгөнд зулгаралт, баруун бугалга, баруун өвдгөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Н.Даваасодномын: “...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байсан манай хүүхдийн үсэглэлийн баяр болоод дараа нь 21 цагийн орчимд эцэг эхчүүд нь хоорондоо танилцах гээд “Хүрд” бааранд орсон юм.Тэндээ пиво, архи авч ууцгаасан ба архинаас 400 гр орчим уусан тэгээд бааранд сууж юм ярьцгааж байгаад баар хаах цаг нь болоод гартал баарны үүдэнд бааранд сууж байсан залуус гарч ирээд зогсож байсан. Тэгсэн тэр дундаас манай эхнэрийн худ ураг гэх Ногооноо/Б/ гэх залуу хэл амаар доромжлоод байхаар нь би ууралсан юм. Тэгсэн миний цээж рүү өшиглөж унагаагаад босч ирэхэд нүүр рүү хоёр гурван удаа цохисон. Тэгээд тэр залуутай хамт явж байсан хүмүүс бид хоёрыг салгаад цааш нь машинд суулгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-7 тал/,

Гэрч Н.Ганчимэг: “ ...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай бага хүү Д.Ивээлийн үсэглэлийн баяр болоод сургууль дээр болсон арга хэмжээнд хамрагдаж дуусаад эцэг эхчүүдээрээ танилцана гээд Зуунмод сумын Хүрд бааранд орсон. Бид нар Хүрд баарны урд талын хэсэгт байх ширээн дээр суусан. Бид нар архи пиво захиалж уугаад суусаар байгаад баар хаах цаг нь болоод ууж байсан юмнуудаа дуусгаад баарнаас гарсан. Тэгээд би хамт байсан эцэг эхчүүдтэй түрүүлээд таксины буудал руу яваад буцаад Хүрд бааранд ирэхэд манай нөхөр Даваасодном хүнд зодуулчихсан байсан. Яасан талаар асуухад намайг дуудаж байгаад зодчихлоо гэж хэлж байсан. Тэгээд манай нөхөр цагдаа руу яваад би гэр рүүгээ харьсан. ... Маргааш Бтай уулзаж яасан талаар асуухад хамт явж байсан хүмүүсээ хараад онгироод зодсон гэж байсан” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Гэрч Э.Оюунболдын: “...Б, Амарсанаа хоёр түрүүлээд гарч яваад Гансүх бид хоёр үлдээд тооцоогоо хийчихээд гараад ирэхэд Б, ширээн дээр ирээд байсан эмэгтэйгийн нөхөр гэх залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад Быг аваад машинд суулгасан цааш явцгаасан” гэх мэдүүлэг /хх-14 тал/,

Гэрч Г.Гансүхийн: “ ...Бид нар баар хаатал сууж байгаад цаг нь болоод хаахаар нь гарцгаасан. Оюунболд бид хоёр тооцоо хийгээд баарнаас гарахад Б танихгүй залуутай ноцолдоод дээр доороо ороод хувцас нь шороо болсон байсан” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “1.Н.Даваасодномын биед зүүн хоншоор, хацар яс, нүдний ухархайн ясны нийлмэл хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-21-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Б-ын хохирогч Н.Даваасодномтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь зүүн хоншоор, хацар яс, нүдний ухархайн ясны нийлмэл хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хөмсөг, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун бугалга, баруун өвдөгөнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэг

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Б-ын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг түүнд хуульд заасан шийтгэлийг оногдуулахдаа харгалзан болно.

        

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Б нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овгийн Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ