Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/01752

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06481 дугаар шийдвэртэй

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ******* нь *******ын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/46 тушаалаар *******ийн захирлаар томилогдсон. *******ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан.

1.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрээр намайг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, *******ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх буюу 7 сар 7 хоногийн хугацааны 14,334,194 төгрөгийн цалин, түүнтэй тэнцэх олговрыг олгох, цалингаас холбогдох суутгал хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч *******ад даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 тогтоолоор хэвээр үлдээсэн.

1.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 шийдвэрээр 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 41,327,160 төгрөгийг *******аас гаргуулахаар шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.4. Гэвч ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хариуцагчийн шүүхийн шийдвэрийг удаан хугацаанд гүйцэтгээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 жил 11 сар 10 хоног буюу 35 сар 14 хоногийн хугацаанд ажилдаа эгүүлэн томилогдоогүйн улмаас цалин, түүнтэй тэнцэх олговроо авч чадалгүй хохирсон.

1.5. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1-т тус тус зааснаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогдсон бол эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон. *******ийн захирлын албан тушаалын ангилал зэрэглэл, шатлал, үндсэн цалингийн хэмжээ 3 удаа өөрчлөгдсөн. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны цалин болох 158,120,004 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0647 шийдвэрээр *******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, цалинтай тэнцэх олговорт 14,334,194 төгрөг олгож, *******ын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 тушаалаар (өөртэй нь зөвшилцөж) ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон.

2.2. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хугацаа буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд томилсон 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх буюу 1 жил 9 сар 5 хоногийн хугацааны 41,327,160 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн.

2.3. *******ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ******* нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн.

******* газрын Захиргаа удирдлага эрхэлсэн газрын дэд даргаар томилогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан эрх үүсэхгүй. Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 150,115,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,004,819 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,353,890 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******аас 908,526 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 тушаалаар *******ийн захирал *******ийг *******-д үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан удирдлага, зохион байгуулалт алдагдсан, хариуцлага суларсан энэ талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг.

Уг тушаалыг ******* нь эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхээс нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Хариуцагч уг захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 0647 дугаар шийдвэрийг биелүүлж, 14,334,194 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 22, 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус дансанд нь шилжүүлсэн.

4.2. *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 тушаалаар ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон ба энэ томилгоо нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд *******тэй харилцан тохиролцож, тохиролцоонд хүрсний үндсэн дээр хийгдсэн томилгоо юм.

4.3. Нэхэмжлэгч *******өөс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу ажилд эгүүлэн томилогдсон хугацаа хүртэлх 1 жил 9 сар 5 хоногийн хугацааны цалин 41,327,160 төгрөг нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн.

Энэ үед ******* нь ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Дээрх 182/ШШ2021/02561 шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийг хариуцагч биелүүлж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг суутган 41,327,160 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлж, нийт шүүхийн шийдвэрийн дагуу 55,661,354 төгрөгийг өгч, шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

4.4. Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тухай ШШГЕГ болон *******д албан бичгээр хариу хүргүүлж байсан бөгөөд нэхэмжлэгч бичгээр харилцан тохиролцсон баримт байхгүйг “түрүү” болгож, түр томилгоо, энэ албан тушаалд томилогдохоор тохиролцоогүй гэх зүйл ярьж, өнөөдрийг хүртэл маргаж байгааг үгүйсгэх баримт хэрэгт авагдсан боловч шүүхээс баримтад тулгуурлаж дүгнэлт хийгээгүй болно. Үүнийг хэрэгт авагдсан баримт болон үйл явдал, нөхцөл байдлаас дүгнэж болно.

4.5. Нэхэмжлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ тушаалын дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, холбогдох ажиллагааг хувь хүний зүгээс хийснээр дараа дараагийн ажиллагаа явагдаж, өндөр насны тэтгэвэр тогтоогдох байхад ямар ч зүйл хийлгүйгээр 2024 онд дахин нэхэмжлэл гаргаж, энэ асуудлыг хөндсөн нь энэхүү гомдлыг гаргах, нөхцөл байдлыг зөв дүгнэж, хэргийг тал бүрээс нь дүгнэн үзэх нэг шалтгаан болсон.

Хариуцагч талаас харилцан тохиролцсон тухай баримтыг нэхэмжлэгчээс шаардсан тухай шийдвэрт дурдсан байгааг хурлын тэмдэглэлээс нягтлах, харилцан тохиролцсон бол нэхэмжлэгч талаас ч мөн баримтыг шаардах эрхтэй.

Харилцан тохиролцож, томилсон-томилогдсон атал одоо түр хугацаагаар томилогдсон гэж, хэрэв түр томилогдсон бол өөрөө уг баримтыг шаардуулахгүйгээр үйлдэж, хүсэлт юугаа бичсэн бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй байсан болохыг шүүх мөн харгалзан үзэж, баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэх зарчмыг баримтлах ёстой.

4.6. Нэхэмжлэгч тэтгэврийн насанд хүрсэн ч ажилдаа эргэн томилогдоогүйн улмаас 36 сарын тэтгэвэр тэтгэмжээ авах боломжгүй, тэтгэврээ тогтоолгоогүй байгаа тул 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Учир нь Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь заалтад талууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд харилцан тохиролцож, *******ийг *******ийн захирлын албан тушаалд бус ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна" гэсэн эргэлзээтэй дүгнэлт хийсэн.

*******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 тушаалаар ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилж, урьд авч байсан цалин хөлсийг буруулахгүй, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байхаар цалинг тогтоосон. Энэ нь *******-ын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/1327 тушаал болох *******ийг цалинжуулах тухай албан бичгээс харагдана.

4.7. Албан тушаалаас чөлөөлсөн тухай *******ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тушаал гарснаас хойш 2024 оны 11 дүгээр сарын 19-нийг хүртэл чимээгүй байсан атлаа гэнэт шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тухай шүүхэд хүсэлт гаргаж, албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр биелүүлсэнд тооцохыг зөвшөөрөхгүй нэхэмжлэгчийн хүсэл сонирхол байсантай салшгүй холбоотой.

Бодит нөхцөл байдал дээр ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд гэнэт томилох ямар ч боломжгүй бөгөөд харилцан тохиролцож, зөвшилцсөний дагуу хийгдсэн томилгоо юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06481 дүгээр шийдвэрийг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Миний хувьд шүүхийн шийдвэр хуульд зааснаар биелэгдэх ёстой гэж үзэж байгаа. Тухайн үед Хууль зүйн дотоод хэргийн сайдын тушаалаар “******* газрын захиргааны удирдлага хариуцсан дэд даргаар” томилоод чи очоод байж бай “*******ийн захирлын” албан тушаал гарахаар таныг томилно гэж хэлээд 2 сар гаруй хугацаанд ажиллуулж байгаад буцаад чөлөөлсөн.

Чөлөөлөхдөө надтай уулзаж тохиролцсон зүйл огт байхгүй хэр нь чөлөөлсөн үндэслэл нь тэтгэвэрт гарах насанд хүрсэн гэж халсан. Тийм учраас би шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж үзэж байгаа үндэслэл нь миний шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Үнэхээр би яамтай харилцан тохиролцоод тэтгэвэрт гарсан бол тэтгэврээ аваад явах байсан. Тийм учраас би шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан хариуцагч нь түүнийг *******ийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөг гаргуулахаар шаардсаныг *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 тушаалаар *******ийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон ба энэ томилгоо нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд түүнтэй харилцан тохиролцож, тохиролцоонд хүрсний үндсэн дээр хийгдсэн томилгоо тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэх үндэслэлээр хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай тогтоолоор *******ийг ажлаас халах тухай *******ын 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/13 тушаалыг хүчингүй болгож, *******ийг Дотоод хэргийн /одоогийн нэршил/ их сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, 14,334,194 төгрөгийг олгох, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч *******ад даалгаж шийдвэрлэсэн;

3.2 *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар, мөн өдрөөс эхлэн *******ийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон;

3.3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хангаж, *******аас 41,327,160 төгрөгийг гаргуулж *******д олгож, *******ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч *******ад даалгаж шийдвэрлэсэн;

3.4 *******ын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар *******ийг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулж 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.

  1. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаангүй боловч *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 тушаалаар *******ийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсон нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн гэж үзэх үндэслэл болох эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

  1. Анхан шатны шүүх *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар *******ийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсныг хариуцагч ******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаартай тогтоолыг биелүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 дугаар магадлалын Хянавал хэсэгт “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0647 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар тогтоолоор *******ийг *******ийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч нь биелүүлж Монгол Улсын *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар *******ийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргын албан тушаалд томилсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон” гэж тодорхой дүгнэсэн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон гэж үзнэ.

 

  1. Нэхэмжлэгч нь *******ын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар түүнийг ******* газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд даргаар томилсныг хүлээн зөвшөөрч ажилласан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 182/ШШ2021/02561 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 200 дугаар магадлалаар хариуцагч нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж дүгнэсэн, нэхэмжлэгч уг шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

  1.  Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06481 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Хөдөлмөрийн тухай /2021 он/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан үндэслэлгүй тул  хариуцагч *******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 158,120,004 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.             

 

 

              

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УУГАНБАЯР

 

 

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

 

                                                               Ц.ЦЭРЭНДУЛАМ