Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/01928

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06299 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

96,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би *******той гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байхдаа 2021 оны 03 дугаар сард ******* тоот хаягт байрлалтай, 55.04 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 173,376,000 төгрөгөөр худалдан авч, дундын өмчлөлд бүртгүүлсэн. Урьдчилгаа төлбөр 52,012,800 төгрөгийн 13,000,000 төгрөгийг миний аав *******аас, 22,212,000 төгрөгийг өвөө *******оос, 9,279,600 төгрөгийг  дүү *******аас, 8,000,000 төгрөгийг миний цалинг барьцаалан зээлж тус тус бүрдүүлсэн.

1.2. ******* нь 25,000,000 орчим төгрөгийн цалингийн зээлтэй байсан тул би хамт ажилладаг хүнээсээ 22,000,000 төгрөгийн зээл авч, цалингийн зээлийг нь хааж ипотекийн зээлд орох нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр 121,363,200 төгрөгийн зээлийг *******ын нэр дээр *******наас авч орон сууцыг худалдаж авсан.

1.3. Бид 2024 оны 05 дугаар сард салж, тусдаа амьдрах болсон бөгөөд тухайн орон сууцанд ******* амьдарч байгаа. Орон сууцны одоогийн зах зээлийн үнэлгээ нь 388,032,000 төгрөг бөгөөд үүнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 278,032,000 төгрөгийг хоёр өмчлөгч тус бүрд хуваахад нэг өмчлөгчид ногдох хэсэг нь 139,016,000 төгрөг болж байна. Үүнээс *******ын надад буцаан олгосон 50,000,000 төгрөгийг хасахад 89,016,000 төгрөг болно.

1.4. Мөн ******* найзуудтайгаа нийлж нүүрсний машин авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надаар 8,000,000 төгрөгийн цалингийн зээл авхуулсан. Өөрөө 6 удаагийн төлөлтөөр 1,757,000 төгрөг төлсөн. Үлдсэн 6,243,000 төгрөгийг хүүгийн хамт би төлсөн.

1.5 Иймд орон сууцны ногдох хэсэг болон цалингийн зээл, нийт 96,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа орон сууцны хэмжээг 55,04 м.кв талбайтай байсныг 55,4 гэж алдаатай тооцоолсноос шалтгаалан нэхэмжлэлээ 97,016,000 төгрөгөөр биш 96,900,000 төгрөгөөр гаргасан тул тооцооллын алдааны зөрүүгээс гарч буй 116,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би *******ийн аав *******аас зээлсэн 13,000,000 төгрөг, өвөө *******оос зээлсэн 22,212,000 төгрөг, дүү *******аас зээлсэн 9,279,600 төгрөг болон *******ийн цалингийн зээл 8,000,000 төгрөгийг буцаан төлж барагдуулсан.

2.2. 2021 оны 03 дугаар сард бид уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцоод тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад урьдчилгаа төлбөрийг дээр дурдсан хүмүүсээс зээлж аваад 2021 оны 05 дугаар сард 118,000,000 төгрөгийн ипотекийн зээлд хамрагдсан.

Ипотекийн зээлд ******* ямар ч оролцоо байхгүй, ипотекийн зээлийг би дангаараа төлж ирсэн. 2021 оны 07 болон 09 дүгээр саруудад *******т 63,300,000 төгрөг болгон буцааж төлсөн.

2.3. Анх энэ байрыг 179,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Зах зээлийн үнэ өсөж одоо 300,000,000-400,000,000 төгрөгийн үнэтэй болсон. Бид 2024 оны 02 дугаар сард салах шийд гаргаад ******* нь байрны үнэ өндөр болсон байгаа учир 50,000,000 төгрөг өгвөл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс нэрээ хасуулъя гэж санал гаргасны дагуу би *******т 50,000,000 төгрөг шилжүүлсэн, ингэснээр анх авсан 45,900,000 төгрөгийг нийт 113,630,000 төгрөг болгож төлсөн. 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг нь би өөрийн нөхцөл боломждоо тааруулан бага багаар төлсөөр байгаад хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг шилжүүлснээр нийт 8,687,000 төгрөг төлж барагдуулсан.

2.4. 2021 оны 05 дугаар сард ипотекийн зээл гараад 06 дугаар сараас би зээлийн төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар банкны зээлийн төлбөрт 20,093,874 төгрөг төлөөд байна. Хэрвээ энэ хугацаанд хамтран амьдарсан гэж үзвэл энэ төлбөрийг тэнцүү хувааж төлөх ёстой.

2.5 Орон сууцны урьдчилгаа төлбөрийг *******ээс зээлж аваад зээлээ буцаан төлж байгааг харгалзан үзэх ёстой. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хэрэв хамтран өмчлөгч учраас ногдох хувиа гаргуулна гэж байгаа бол зээлийн барьцаанд үнэлэгдсэн 169,000,000 төгрөгөөс *******ийн оруулсан хувь нь 27.75 хувь байх юм. Зах зээлийн үнэ өсөөд 269,000,000 төгрөгийн зөрүү гарч байна. Оруулсан хөрөнгийн хувьд хувилбал 73,048,350 төгрөгийг л нэхэмжлэх ёстой. Энэ мөнгөнөөс өгчихсөн 50,000,000 төгрөгийг хасахаар 23,048,350 төгрөг болж багасаж байна. Үүнээс *******ын төлсөн төлбөрүүдийг хасвал ******* өөрөө 40,000,000 гаруй төгрөгийг *******од буцааж төлөх бодит нөхцөл байдал харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос 89,016,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 7,884,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 603,030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. ******* нь орон сууцыг худалдан авахад шаардагдах урьдчилгаа төлбөрийг түүний хамаарал бүхий хүмүүс болох аав, өвөө, дүү нараасаа зээлж хариуцагчид дансаар шилжүүлсэн, уг зээлсэн мөнгөн хөрөнгө нь *******т эргүүлэн төлөгдөх нөхцөлтэй байсныг тэрээр мэдэж байсан бөгөөд буцаан шаардах үед ******* түүний өвөө, аав, дүүгийн дансанд “зээл эргүүлэн төлөв” гэх утгатайгаар зээлийг төлсөн. Өөрөөр хэлбэл ******* нь уг байрыг худалдан авахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн статусыг анхнаасаа бий болгох санаа зорилго агуулаагүй байхад агуулсан мэтээр шүүх хийсвэрээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийн 11 дэх хэсэгт дурдсан “...хариуцагчийн зүгээс тухайн байрны урьдчилгаанд зориулж нэхэмжлэгчийн гэр бүлээс авсан мөнгийг буцаан төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх боловч тухайн хөрөнгийг худалдаж авах зорилгоор зохигчид хамтдаа зээлсэн гэж үзэх боломжтой байна...” гэж дүгнэсэн дүгнэлтээс шууд харагдана.

Уг дүгнэлтийг шүүх гаргахдаа ямар нотлох баримтад тулгуулан дүгнэсэн нь тодорхой бус байх бөгөөд зохигчийн шүүх хурлын үед гаргасан болон бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, мэдүүлэгт хамтдаа зээлсэн гэж тайлбарлаагүй байхад хамтдаа зээлсэн гэж үзэх боломжтой гэж дүгнэсэн нь уг дүгнэлт бодит байдалд нийцэхгүй, баримтаар нотлогдоогүй байхад хийсвэрээр дүгнэжээ.

4.2. Мөн хэрэв ******* уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн эрхийг шударгаар олж авах санаа зорилго агуулж байсан бол яагаад уг байрыг нийт 26 жилийн хугацаатай ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан гэрээнд өөрийн нэрийг оруулаагүй үлдээсэн бэ гэдэг асуулт урган гарна. ******* уг байранд хөрөнгө оруулсан гэх боловч уг хөрөнгөө буцаан шаардаж авсан, ипотекийн зээлд нэрээ оруулж үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг хүлээгээгүй нь түүний уг байрны өмчлөх эрхийг олж авсан байдалд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлдэг.

4.3. Түүнчлэн *******ийн *******од зээлдүүлсэн гэх 8,000,000 төгрөгийг би өөрийн ******* дах ******* тоот төгрөгийн данснаас олон удаагийн гүйлгээгээр төлж барагдуулсан байхад шүүх барагдуулаагүй мэтээр нотлох баримтын эсрэг дүгнэлт хийсэн нь хууль бус болсон гэж дүгнэхээр байна.

4.4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байдлыг харгалзан үзээгүй. Учир нь уг байрны гэрчилгээ зохигчийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд хариуцагч ******* уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй бол зохигчийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг хураан авах, цаашлаад худалдан борлуулахад үүргийн гүйцэтгэлийг хангуулах тэргүүн эгнээний этгээд бол ******* ХК юм. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох санаа зорилго агуулаагүй байхад санаа зорилго агуулсан мэтээр анхан шатны шүүх хийсвэр дүгнэлт хийсэн гэж хариуцагч талаас тайлбарласан.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох санаа зорилгогүйгээр өмчлөгч болох тухай ойлголт байхгүй. Улсын бүртгэл үнэн байна гэх хуулийн зарчим байдаг. Улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан бөгөөд тус баримтад тус хөрөнгө зохигчдын нэр дээр бүртгэгдсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүл болох санаа зорилгоор дундын эд хөрөнгөтэй болж байсан. Нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгө зээлж аваад буцаан түүнд төлсөн мэтээр хариуцагч талаас тайлбарлаж буй үндэслэлгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтын амьдралтай байх хугацаанд орон сууцтай болох зорилгоор бусад этгээдүүдээс нийлж зээлсэн, нийлж буцаан төлсөн асуудал байдаг. Үүний үр дүнд дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй болсон. Зохигчид хамтын амьдралаа зогсоосон учир дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнг гаргуулахаар нэхэмжилсэн. Тухайн үнийн дүнг нэхэмжлэхдээ хөрөнгийн үнэлгээгээс өр буюу “*******” ХК-аас авсан зээлийг хасаж үлдсэн үнийн 50 хувиас урьдчилж авсан 50,000,000 төгрөгийг хасаж 88,900,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлтэй гэж үзэн, Иргэний хуулийн 108 дугаар зүйлд зааснаар дундын өмч мөн тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзсэн.

5.2. ******* ипотекийн зээлд нэхэмжлэгч нэрээ оруулаагүй байгаа нь тухай хөрөнгийн өмчлөгч болох санаа зорилгогүй байсныг харуулж байна гэж хариуцагч талаас тайлбарладаг. Гэвч тийм биш бөгөөд хамтын амьдралтай байсан этгээдүүд хоёулаа зээлдэгч болбол банкнаас дахин зээл авах боломжгүй нөхцөл байдал үүсгэхийг хүсээгүй учир нэхэмжлэгч нэрээ оруулаагүй, дараа нь шаардлагатай санхүүгийн нөхцөл байдал үүсэх үед нэг нь зээлгүй байвал зээлгүй байгаа этгээд нь зээл авах зорилгоор хариуцагчийн цалингийн зээлийг хааж байгаад ипотекийн зээлийг хариуцагчийн нэр дээр авсан. 

5.3. Урьдчилгаа төлбөртэй холбоотой бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгийг хамтдаа бусдаас зээлсэн зээл биш гэж үзэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч зээл байсан талаар тайлбарлаж байсан. Хавтаст хэргийн 68 дахь талд авагдсан сөрөг нэхэмжлэлд зээл мөн байсан талаар тайлбарладаг. Дансны гүйлгээний утгууд мөн адил зээл гэж бичигдсэн байдаг. Нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний зардал гарч байсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд өөрийн албаны даргаасаа мөнгөн хөрөнгө зээлсэн, цалингийн зээл авсан гэх мэт үйл баримт тогтоогддог. Эдгээр баримт нь хамтдаа боломжоороо нийлж бусдаас мөнгө зээлэн, зээлийг төлж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх санаа зорилготой байсныг нотолно. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэр бүл болох зорилгоор боломжоороо тал талаас мөнгөн хөрөнгө зээлж, хамтдаа төлсөн.

5.4. Хариуцагчийг машины бизнес эхлүүлэх гэхэд нэхэмжлэгч 8,000,000 төгрөгийг өөр этгээдээс зээлэн өгч байсан. Тус зээлийг, зээлийн хүүгийн хамт нэхэмжлэхэд анхан шатны шүүхээс уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг эсэргүүцэж нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хариуцагч барагдуулсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүхийг нотлох баримтаас эсрэг дүгнэлт хийсэн гэж буруутган тайлбарлаж буй нь үндэслэлгүй.

5.5. Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд үлдээх тул барьцаалагч болон барьцаалуулагч хоёрын эрх зүйн харилцаанд саад учрахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас ипотекийн зээлийн үнийн дүнг хасаж байгаа учир “*******” ХК барьцаалагч хэвээр үлдэж, хариуцагч зээлийн эргэн төлөлтийг төлнө. Иймд гуравдагч этгээд “*******” ХК-ийн ашиг сонирхол хөндөгдөж буй талаарх тайлбар үндэслэлгүй.

5.6. Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв дүгнэж, бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл болох орон сууцны өөрт ногдох хэсэг 88,900,000 төгрөг, цалингийн зээл 8,000,000 төгрөг, нийт 96,900,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч нь “...орон сууц нь хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл биш, ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, ...орон сууцны урьдчилгаанд зээлсэн мөнгийг буцаан төлсөн, дээр нь нэмж 50,000,000 төгрөг төлсөн, орон сууцны зээлийг дангаараа хариуцан төлж байгаа” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт нэхэмжлэгчийн өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж буй орон сууцтай холбоотой дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

3.1 ******* болон “*******” ХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 24ий өдөр байгуулагдсан №ЗГ/RCC210317021-1 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ;

3.2 *******, ******* нар нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Стадион оргил /17013/ Удирдлагын академи гудамж, 36/1 байр 106 тоот хаягт байрлах 55.04 м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн талаарх үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа;

3.3 *******, ******* болон “*******” ХК-ийн хооронд 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан №ЗБ/RCC210317021-1-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ;

 

4. Дээр дурдсан нотлох баримтуудын хүрээнд нэхэмжлэгч нь ямар хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцны хамтран өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хариуцагч нь анх хэнээс, ямар гэрээ, хэлцлийн үндсэн дээр хэдэн төгрөгөөр орон сууцыг худалдан авсан болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудад дундын өмчийн эрх үүссэн эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөхөд өмнө дурдсан үйл баримтуудыг тогтоох нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа нь дээрх үйл баримт болон маргааны үндэслэлийг бүрэн тогтоох нотлох баримт болж чадахгүй байна.

 

5. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байхаас гадна үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/06299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,098,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

                 ШҮҮГЧИД                                 Б.УУГАНБАЯР

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ