| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0200/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/207 |
| Огноо | 2019-07-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхболд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2019/ШЦТ/207
2019 07 05 2019/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Энхболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1834006910024 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Б.Б, Монгол улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймаг Борнуур сум Өгөөмөр 1 дүгээр баг 1-1 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын төвд 2018 оны 08 дугаар сарын 31-ний 23 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 88-72ТӨА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Н.Хишигбуян, Ц.Мягмарсүрэн, П.Батцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эхнэр анх машин барьж явсан. Манан буугаад явж болохгүй байсан болохоор би Баянчандмань сумын пост өнгөрөөд жолоогоо барьсан. Тэндээсээ Баянчандмань сумын төв ороод эхний уулзвараар дэлгүүр ороод зогсъё гэж бодсон чинь тэгээд манан дунд олдоогүй. Дараагийн уулзвар тэр хоёрын хооронд хориод метрийн зайтай байгаа тэр хоёрын дунд аваар хийсэн. Тухайн үед нөгөө машинаас 3 хүн гэмтсэн. Би өөрөө нилээн их гэмтсэн. Элэг нилээн бяцралттай хүнд гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт элэгний хагалгаанд орсон. Тус эмнэлэгт сар гаран хэвтсэн. Эмнэлгээс гараад гэртээ очсон шөнө манай гэр орон шатсан. Би өмнө нь архи дарс ууж байгаагүй. Найзынхаа хүүхдийн үсний найранд очоод машиндаа унтаж байхад хүмүүс шахаад архи уусан. Тэгээд уучаад төв зам дээр гартал аваарын хэрэг шалгаж байсан цагдаа нартай таараад эрхээ хасуулсан. Манайх 2018 оны 4 сард 2 том давхар байшин ашиглалтад оруулаад автосэлбэгийн болон барилгын материалын дэлгүүр ажиллуулаад удаагүй байхад намайг очих үед шатсан. 2018 онд миний хувьд их хүнд гарз хохиролтой, эрүүл мэнд, сэтгэл санааны байдлын хувьд их хүнд жил болсон. Одоо миний биеийн байдлын хувьд 3-5 жилийн хугацаанд гам барих хэрэгтэй байгаа. Манай гэр бүлийн хувьд эхнэр эрхэлсэн ажилгүй, саяханаас нэг дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Том залуу тусдаа, бага залуу цэрэгт, 3 жаахан хүүхэд байгаагаас 1 хүүхэд маань хөгжлийн бэрхшээлтэй гэртээ байдаг. Гэр оронгүй учраас дэлхийн зөнгөөс саяхан манайд гэр өгсөн” гэв.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-5 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6 тал/, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-16 тал/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-17 тал/, хохирогч Б.Соёл-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, хохирогч Ц.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-22-23 тал/, хохирогч П.Батцэрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Лхагважаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-27-28 тал/, хохирогч Н.Хишигбуянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-30-31 тал/, гэрч Н.Долгормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-42 тал/, гэрч О.Сонинболдоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-43 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №591 дугаар дүгнэлт /хх-47 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №592 дугаар дүгнэлт /хх-49-50 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №594 дугаар дүгнэлт /хх-53 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №595 дугаар дүгнэлт /хх-55-56 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №590 дугаар дүгнэлт /хх-58 тал/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт /хх-63 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №593 дугаар дүгнэлт /хх-66 тал/, Төв аймаг дахь цагдаагийн газар замын цагдаагийн тасгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №00000120 дугаар шинжилгээний дүгнэлт /хх-70 тал/, Б.Бын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-105 тал/, хохирогчоор тогтоох тухай 2019 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 3 дугаар прокурорын тогтоол /хх-114-115 тал/, шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б нь Тө аймгийн Баянчандмань сумын төвд 2018 оны 08 дугаар сарын 31-ний 23 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 88-72ТӨА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Н.Хишигбуян, Ц.Мягмарсүрэн, П.Батцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Соёл-Эрдэнийн: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот орж оюутан дүүгээ хүргэж өгөх ажилтай явж байсан тэгтэл Төв аймгийн Баянчандмань сумын төвийн Петровис колонкийн уулзвар дээр манай машины урдаас урсгал сөрөөд нэг машин гараад ирсэн тэгээд манай машины урдаас урсгал сөрөөд ирж мөргөсөн. Би машины арын суудал дээр зүүн хойд талд суугаад явж байсан тэгсэн гэнэт маш хурц гэрэл гарч ирээд л шууд мөргөсөн. Тэгээд би баруун хөмсөгөөр цонх мөргөөд хагалсан нүдний дээд талд хөмсөг дээрээ 10 оёо тавиулсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,
Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн: “ ...2018 оны 08 дугаар сарын 31-ний орой Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот орж оюутан хүүхдээ хүргэж өгөх ажилтай явж байсан тэгтэл Төв аймгийн Баянчандмань сумын төвийн Петровис колонкийн уулзвар дээр манай машины урдаас урсгал сөрөөд нэг машин гараад ирсэн тэгээд манай машиныг мөргөөд зогссон. Манай машины зүүн урд хэсэг эвдэрч миний биед гэмтэл учирсан. Мөн манай машинд сууж явсан манай хүү охин бэр нарын биед гэмтэл учирсан. Би машины жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан” гэх мэдүүлэг /хх-22 тал/,
Хохирогч П.Батцэрэнгийн: “2018 оны 08 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчимд Улаанбаатар хотоос эхнэр Мягмарсүрэн, хүү Соёл-Эрдэнэ, охин Лхагважав, бэр Хишигбуян, ач охин Буянзаяа нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум орохоор явсан. Ингээд явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын төв дээр Петровис колонкийн хажуугийн уулзвар дээр явж байтал эсрэг урсгалаас машин орж ирж мөргөөд манай машин зүүн урд талаараа эвдэрч манай эхнэр Мягмарсүрэн, бэр Хишигбуян, хүү Соёл-Эрдэнэ, охин Лхагважав нарт эрүүл мэндэд нь хохирол учирсан” гэх мэдүүлэг /хх-25 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Лхагважавын: “ ... Би 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумаас Улаанбаатар хот орж хичээлдээ орох гээд аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын төвд орших Петровис колонкийн хажуугийн уулзвар дээр зам тээврийн осолд орсон тухайн үед манай аав Батцэрэн тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Манай машиныг явж байхад гэнэт өөдөөс машины гэрэл гарч ирээд ээжийн сууж явсан тал буюу жолоочийн эсрэг талын урд талаас орж ирээд мөргөсөн. Би тухайн үед жолоочийн ард талд буюу цонхон талд нь суугаад явж байсан тухайн үед эмнэлэг цагдаа ирээд бид нарыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-27 тал/,
Хохирогч Н.Хишигбуянгийн: “ ...Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр 31-ний өдөр хавьцаа байсан байх Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 92-98 СЭА улсын дугаартай Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн нөхөр Б.Соёл-Эрдэнэ, хадам аав Д.Батцэрэн, хадам ээж Ц.Мягмарсүрэн, хадам дүү Б.Лхагважав, өөрийн охин С.Буянзаяа нарын хамт Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Петровис шатахуун түгээх станцын ойролцоо Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж миний биед гэмтэл учирсан. Миний зүүн хөлийн шилбэнд зөөлөн эдийн няцрал, гар хөхөрч шалбарсан гэмтлүүд учирсан” гэх мэдүүлэг /хх-30 тал/,
Гэрч Н.Долгормаагийн: “ ... Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй машин барьж яваад Баянчандмань сумын замын цагдаагийн пост өнгөрөөд машинаа нөхөртөө шилжүүлж бариулсан. Тэгээд гадаа манантай хүрц гэрлийн гялбаа ихтэй байсан тэгээд нэг мэдэхэд л эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй очоод мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хх-42 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №591 дугаартай “ 1. Б.Соёл-Эрдэнийн биед дух, баруун зовхинд шарх, баруун нүдний салстад цус хуралт, баруун чамархай, баруун хацар, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-47 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №592 дугаартай “Н.Хишигбуянгийн биед зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-49 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №594 дугаартай “1. Б.Лхагважавын биед баруун гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.08.31-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” /хх-53 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №595 дугаартай “Ц.Мягмарсүрэнгийн биед өвчүү ясны хугарал, цээж, хэвлий, баруун хөх, зүүн тохой, баруун сарвуу, зүүн өвдөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-56 тал/,
Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №590 дугаартай “1.П.Батцэрэнгийн биед өвчүү, баруун 5-р хавирганы хугарал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-58 тал/,
Төв аймаг дахь цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №00000120 дугаар “ 1. Хэргийн материалтай танилцахад 92-98 СЭА улсын дугаартай Тоёото аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Батцэрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. 2.Хэргийн материалтай танилцахад 88-72 ТӨА улсын дугаартай Тоёото Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б нь Монгол услын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 2 дугаар бүлгийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2. “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 3.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. 4.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь 88-72 ТӨА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2. “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэв. 5.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-70 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-105 тал/, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-15 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-16 тал/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-17 тал/зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 88-72 улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган иргэн Н.Хишигбуян, Ц.Мягмарсүрэн, П.Батцэрэн нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан.
Хохирогч нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх /тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б нь шүүхээс тэнссэн 1 жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ