Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00294

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2016/00294

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 50 тоотод оршин суух, Бэсүдэн овогт Өлзийтогтохын Алтансарнайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, 54 дүгээр байрны 35 тоотод оршин суух, Сартуул овогт Лхамсүрэнгийн Оюунболор, Боржигон овогт Гомбын Бат-Энх нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ө.Алтансарнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.02 дугаар сард Л.Оюунболор, Г.Бат-Энх нарт хөлдөөгчөө түр хэрэглүүлсэн. 3 дугаар сард хөлдөөгчөө авах гэтэл бууз махаа хийх газар байхгүй гэхлээр нь илүү нэг хөлдөөгчөө 300.000 төгрөгөөр Бат-Энх, Оюунболор нарт зарсан. Удахгүй цалин буухаар өгнө гэсэн боловч 2016.03.20-ны үед 150.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 150.000 төгрөгийг 2016.04.10-нд өгнө гэж тохирсон боловч одоог хүртэл өгөөгүй. Мөн 5 кг бууз аваад мөнгийг өгөөгүй байгаа тул нийт 160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Оюунболор, Г.Бат-Энх нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө.Алтансарнайн нэхэмжилсэн 160.000 төгрөгийг бүрэн төлж баримтыг шүүхэд өгсөн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Алтансарнай нь хариуцагч Л.Оюунболор, Г.Бат-Энх нарт холбогдуулан 160.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Оюунболор, Г.Бат-Энх нар нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160.000 төгрөгийг нэхэмжлэгч Ө.Алтансарнайд төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Нэхэмжлэгч Бэсүдэн овогт Өлзийтогтохын Алтансарнайн нэхэмжлэлтэй хариуцагч Сартуул овогт Лхамсүрэнгийн Оюунболор, Боржигон овогт Гомбын Бат-Энх нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 160.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Л.Оюунболор, Г.Бат-Энх нараас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА