Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/206

 

 2019              07              04                                                     2019/ШЦТ/206                                                           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох 1934004800266 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д. Г, Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг Алтанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 7, 5 эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Алтанбулаг сум Аргал 2 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр И.Сарангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас Д.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч И.Сарангэрэлийн Төв аймгийн Алтанбулаг сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл/хх-02 тал/, хохирогч И.Сарангэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-04-05 тал/, гэрч В.Оюунцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-08 тал/, гэрч Д.Дашдэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-09-10 тал/, гэрч Д.Дарамбазараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-53 тал/, аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-12-13 тал/,  Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №405 дугаар дүгнэлт /хх-15-16 тал/, Д.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26 тал/, 145/000192 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-29 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Д.Г-ийн гаргасан хүсэлт /хх-39 тал/, шүүгдэгч Д.Г-ийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр И.Сарангэрэлийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч И.Сарангэрэлийн“...Би нөхөр 5 хүүхдийн хамт Төв аймаг Алтанбулаг суманд амьдардаг юм. 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр суман дээр малчдын нэгдсэн чуулга уулзалт болж байсан тэгээд 15 цагийн орчим манай нөхөр Г жаахан халамцуу ирсэн тэгэхээр нь би машины түлхүүрийг хадам аав Дарамбазарт өгсөн тэгээд түлхүүрнээс болж маргаад намайг гараараа нэг удаа нүүр лүү цохисон тэгэхэд хадам аав гаднаас орж ирсэн тэгээд би цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-05 тал/,

Гэрч В.Оюунцэцэгийн: “...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би сумын эмнэлэгт хэвтэж байсан тэгээд орой нь сонсоход манай хүү Г эхнэр Сарангэрэлтэй маргалдсан гэж утсаар л сонссон” гэх мэдүүлэг /хх-08 тал/,

Гэрч Д.Дарамбазарын: “ ...2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай хүү сумын төв дээр байнга байдаггүй хөдөө гадаа ажил хийдэг тэр өдөр малчидын чуулга уулзалт болоод жаахан архи уусан бололтой гэртээ ирсэн. Тэгээд манай хүү Г эхнэр Сарангэрэлтэй маргалдсан би гэрийн гадаа байсан болохоор сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №405 дугаар дүгнэлтэд 1.2.И.Сарангэрэлийн биед зүүн тохойнд зулгаралт, баруун, зүүн мөр, баруун, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгөнд, баруун чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгйн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги чадварт нөлөөлөхгүй. 7. Нарийн шинжилгээнд явуулсан боловч ирээгүй” гэх дүгнэлт/хх-16 тал/ 145/000192 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа/хх-29 тал/,зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Г-ийн эхнэр И.Сарангэрэлийн биед зүүн тохойнд зулгаралт, баруун, зүүн мөр, баруун, зүүн шуу, баруун шилбэ, баруун өвдөгөнд, баруун чихэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Д.Г-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж,

            шүүгдэгч  Д.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-т мэдэгдэв.

 

           Шүүгдэгч Д.Г-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт Д.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 650/зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Г-т урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ