| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/08772/И |
| Дугаар | 210/МА2025/01926 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01926
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06949 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, Ж.Ганболд /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би *******тэй танилын харилцаатай ба ******* мөнгө зээлээч, удахгүй өгнө гэсний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн ******* дахь ******* тоот данснаас түүний ******* дахь ******* тоот дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. ******* нь 95,000,000 төгрөгийг буцааж өгөөгүйгээс миний бие их хэмжээний өрөнд орсон. Улмаар *******г үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн 95,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч ******* нь 55,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр *******ын ******* дахь ******* тоот данснаас *******гийн ******* дахь ******* тоот дансанд 95,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
2.2. Энэ харилцаа зээлийн гэрээний харилцаа биш бөгөөд энэхүү мөнгөний зориулалт, хэнээс хэдэн төгрөг хэрхэн яаж хэнд шилжсэн талаар ******* мэдэж байгаа. *******, *******, *******, ******* нар хамтарч данс хооронд маш их хэмжээний өндөр дүнтэй гүйлгээ хийж 5, 6 хүн дансаараа мөнгө оруулж гаргасан асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдсан. *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт нэхэмжлэгч ******* иргэний хариуцагчаар оролцсон. Нэхэмжлэгч *******ын тайлбар бодит байдалтай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******д холбогдох 40,000,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хурлын явцад хариуцагч талаас 40,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлөөд тохиролцож эвлэрэх санал тавьж үлдэх 20,000,000 төгрөгийг төлөх эсэх дээр харилцан маргаж оролцсон байхад шүүх уг үйл явдлыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн гэрч ******* мэдүүлэгтээ “20,000,000 төгрөгийг ******* ах *******т шилжүүл гэснээр шилжүүлсэн. Тэр үед *******, ******* хоёрын данс тооцооны асуудал дууссан... ” гэжээ. Уг мэдүүлгээр 20,000,000 төгрөг нь нэхэмжлээд буй 95,000,000 төгрөгтэй хамааралгүй гэдэг нь нотлогдоно. Дээр нь ******* болон бидний хооронд бичсэн Фэйсбүүк чат нь нэхэмжилж буй мөнгөнөөс тусдаа харилцаа болохыг нотлох ач холбогдолтой байхад анхан шатны шүүх “... хамааралтай эсэх нь тодорхойгүй тул нотлох баримтаар үнэлээгүйг дурдлаа.” гэсэнд гомдолтой байгаа тул хэргийн бодит байдалд тулгуурлаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
4.2. Нэхэмжлэгч ******* нь *******д 95,000,000 төгрөг шилжүүлсэн, 55,000,000 төгрөг буцаан авсан үйл баримтад талууд маргаагүй. Харин үлдэх 40,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг төлөгдсөн эсэхэд талууд маргасан.
Үлдэх 20,000,000 төгрөгийг Г.******* шилжүүлсэн гэж хариуцагч маргаж байгаа боловч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр ******* нь *******аас 24,800,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлж авахдаа өөрийн эхнэр *******гийн *******ны ******* тоот дансанд шилжүүлэн авсныг *******ын дүү ******* нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “галаа” гэсэн гүйлгээний утгатайгаар 20,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтаар тогтоогддог. Гэтэл шүүх энэхүү баримтыг хэрэгт хамааралгүй гэж үзэн үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.3 Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлалыг буруу тайлбарлаж, нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, давж заалдах шатны магадлалд “... Гомдолд дурдсан 95,000,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлохгүй ... ******* няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй...” гэж тодорхой дурдсан байхад 95,000,000 төгрөгийн баримтыг эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн мэтээр дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хандахдаа өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор зээлийн гэрээтэй холбоотой маргааны хүрээнд 95,000,000 төгрөгийн асуудлыг тавьсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гол маргаан болсон. Гэвч уг маргаан нь өмнө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэлэлцэгдэж, тухайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдийн гэм буруутай эсэх нь тогтоогдон, хохирол нөхөн төлөх асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн.
5.2. *******ын дансаар 95,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар баталгаажаагүй хэсэг нь 20,000,000 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 20,000,000 төгрөгийг дур мэдэн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Шүүх хуралдааны завсарлагааны үеэр гэрч ******* нь “*******тай тохиролцож, 20,000,000 төгрөгөөр асуудлыг хаая” гэх санааг илэрхийлсэн нь тэмдэглэлд туссан. Тухайн үед ******* нь анхан шатны шүүхэд гэрчээр оролцож байсан бөгөөд түүний энэ санал нь гэрчийн байр суурь, гэр бүлийн дотоод тохиролцоог илэрхийлсэн. Би уг саналыг зөвшөөрөөгүй.
5.3. *******гийн хамаарал бүхий харилцаа, орж ирсэн мөнгө, буцаад гарсан мөнгө зэргийг авч үзвэл анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан давж заалдах гомдлоо гаргасан нь үндэслэлгүй. Учир нь тухайн үүргийг хэн нэгэн аль эсвэл ямар нэг байдлаар биелүүлсэн, үүрэг дууссан эсэх тодорхойгүй, эсвэл зээлийн гэрээний харилцаа үүссэн учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталж тайлбарлаж байгаа нь тодорхой. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, хэмжээг багасган үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаагүй, *******, *******, *******, ******* нарын хамтарч хийж байсан үйл ажиллагаатай холбоотойгоор ******* эрүүгийн хэрэгт шалгагдсан, тэдний хоорондын харилцааны явцад ганц удаа дансандаа мөнгө хийлгэсэн, ашиг хүртээгүй, нэхэмжлэгчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардсан 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 2023/ДШМ/1062 магадлалаар нэхэмжлэлд дурдсан 95,000,000 төгрөгтэй холбоотой үйл баримт тогтоогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
5. Дээрх дүгнэлтийг хийхдээ Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын 95,000,000 төгрөгтэй холбоотой хийсэн дүгнэлтүүдийг иш татах байдлаар дурдсан байх боловч тухайн дүгнэлтэд үндэслэн анхан шатны шүүх 95,000,000 төгрөгийн шилжүүлгийн талаар ямар дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл *******ын данснаас *******гийн дансанд 95,000,000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн гэж үзэж байгаа юм уу эсхүл хийгдээгүй гэж үзэж байгаа юм уу, хийгдсэн гэж үзэж байгаа бол ямар үндэслэлээр шилжүүлэг хийгдсэн гэж үзсэн, хийгдээгүй гэж үзэж байгаа бол хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрхэн үнэлж байгаа зэрэг нь тодорхойгүй, хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж буй үйл баримт нь ямар үйл баримт болохыг тодорхой дүгнээгүй байна.
6. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа иргэний хариуцагч ******* нь 95,000,000 төгрөгтэй холбоотойгоор “... ******* надаас 148,800,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ ... хэргийн материалд байх *******ын найз *******ын хүсэлтээр 2021 оны 11 сарын 02-нд *******ын ******* тоот данснаас 45,000,000 төгрөгийг, 2021 оны 11 сарын 03-нд 55,000,000 төгрөгийг тус тус миний эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлж, буцаагаад 2021 оны 11 сарын 01-нд *******гийн /*******ын төрсөн дүүгийн нөхөр/ ******* тоот данс руу 95,000,000 төгрөгийг шилжүүлж авсан баримтыг огт үнэлсэнгүй ...” гэсэн агуулга бүхий гомдол, тайлбарыг гаргаж байсан байх ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд уг гомдол, тайлбартай холбоотой “ ... Иргэний хариуцагч *******ын ... дээр дурдсан агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй. ... Гомдолд дурдсан 95,000,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх баримт хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх *******т холбогдох хэргийн гэм буруугийн болон учирсан хохирлын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, иргэний хариуцагч *******аас 148,800,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан хохирлын тооцоотой нийлж байна. Тодруулбал хэргийн 4 дүгээр хавтас хэргийн 118-129 дүгээр талд авагдсан иргэний хариуцагч *******ын гаргаж өгсөн дансны хуулга, санхүүгийн баримтад иргэний хариуцагч ******* няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд тодорхой үндэслэлүүдээр дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлтийг хийжээ.
7. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “ ... 95,000,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн гэх баримт хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна ...” гэж, мөн “... хэргийн 4 дүгээр хавтас хэргийн 118-129 дүгээр талд авагдсан иргэний хариуцагч *******ын гаргаж өгсөн дансны хуулга, санхүүгийн баримтад иргэний хариуцагч ******* няцаасан, үгүйсгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаар үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй ...” гэж тус тус дүгнэсэн байдлаас эрүүгийн хэрэгт 95,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт нотлох баримтаар авагдаагүй, мөн эрүүгийн хэргийн 4 дүгээр хавтас хэргийн 118-129 дүгээр талд авагдсан баримтууд 95,000,000 төгрөгтэй холбоотой *******ын гаргасан давж заалдах гомдлыг няцаах, үгүйсгэх баримтууд байсан гэж үзэж болохоор байна.
Өөрөөр хэлбэл 95,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан эсэх, эрүүгийн хэргийн 4 дүгээр хавтас хэргийн 118-129 дүгээр талд авагдсан баримтууд нь ямар баримтууд болохыг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байх ба эдгээр нөхцөл байдлуудыг тодруулалгүйгээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалаар 95,000,000 төгрөгтэй холбоотой үйл баримт тогтоогдсон гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Мөн эрүүгийн хэрэгт авагдсан 95,000,000 төгрөгийн шилжүүлэгтэй холбоотой мэдүүлгүүдийг хэрэгт нотлох баримтаар авах нь хэргийн үйл баримтыг үнэн зөв тогтооход ач холбогдолтой байсан гэж үзнэ.
8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/06949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ