| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0194/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/200 |
| Огноо | 2019-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2019/ШЦТ/200
2019 07 03 2019/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Х-д холбогдох 1934004270238 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л овогт Т.Х, Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг Алтанбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, аав дүү нарын хамт Төв аймаг Алтанбулаг сум 1 дүгээр баг Сумт өлийн 2 гудамж 3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4-р зөрлөг гэх газар “архи уугаад нүүр ам маажлаа, гар луу чулуугаар цохьлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Хоролсүрэнтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймгийн Прокурорын газраас Т.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, хохирогч Д.Хоролсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-06-09 тал/, гэрч Б.Цэгмэдээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14 тал/, гэрч Х.Дуламсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №352 дугаар дүгнэлт /хх-17-18 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №353 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22-23 тал/, Т.Хийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34 тал/, бичмэл нотлох баримтыг авсан тухай тэмдэглэл /хх-35 тал/, хохирогч Д.Хоролсүрэнийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч Д.Хоролсүрэнгийн гаргасан хүсэлт /хх-49 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Т.Хийн гаргасан хүсэлт /хх-50 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай прокурорын тогтоол /хх-51 тал/, шүүгдэгч Т.Хийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Х-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг 4-р зөрлөг гэх газар “архи уугаад нүүр ам маажлаа, гар луу чулуугаар цохьлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Хоролсүрэнтэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Хоролсүрэнгийн: “...Төв аймгийн Сэргэлэн сумын төвд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Эх үрсийн баярыг угтаж сумаас би алдарт эхийн одон аваад тэгээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн засаг дарга Б.Батсайхан алдарт эхийн одон авсан эхчүүдийг 4 дүгээр зөрлөг гэх газар багийн байранд хүлээн аваад тэгээд би архи согтууруулах ундаа уусан байсан надтай хамтран амьдрагч Х миний гар утсыг аваад өгөхгүй байсан би тухайн үед архи согтууруулах ундаа уусан Хийг гар утас өг гээд нүүрийг нь бага зэрэг хумсаараа урсан юм. Тэгсэн Х намайг гараараа нүд рүү цохиж миний биед гэмтэл учруулсан юм тэгээд бид хоёр такси хөлсөөр аваад явж байсан тэр таксины жолооч Сэргэлэн сумын 1 дүгээр баг 4 дүгээр зөрлөг гэх газраас аймгийн цагдаагийн газар хүргэж ирээд Хийг цагдаа нар саатуулсан юм” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/,
Гэрч Б.Цэгмид: “...Би Төв аймгийн Зуунмод суманд таксинд явдаг юм тэгээд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хорлоо гэх эмэгтэй нөхрийн хамтаар ирээд Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг ороод өг гэсэн тэгээд би суулгаад 4 дүгээр зөрлөг дээр очоод тэд нар үйл ажиллагаандаа ороод би гадаа хүлээгээд байж байсан чинь гарч ирээд та явж бай гэсэн тэгээд би мөнгөө аваад явсан. Тэгээд аймгийн төвд явж байсан чинь тухайн өдрийн 13 цагийн орчимд Сэргэлэн сумын 4 дүгээр зөрлөг гэх газар хүргүүлсэн Хорлоо дуудаад ирээд авчаач гэсэн тэгээд би яваад очсон чинь Хорлоо архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан нөхөр нь архи согтууруулах ундаа уусан арай гайгүй байсан. Тэгээд би суу явах уу гэсэн чинь эхнэр нь миний гар утас хаана байна гэсэн тэгээд гар утас байхгүй байна гээд тэрнээс болоод эхнэр нь миний гар утас өг гээд нөхөр лүүгээ дайраад цохиод байсан. Тэгсэн нөхөр нь эхнэрээ хоёр удаа цохиод газар унагаасан тэгэхээр нь би нөхрийг нь за чи эрэгтэй хүн байна наад эхнэрээ битгий цохь дахиж цохиул би цагдаа дуудаж өгнө гэсэн чинь дахиж цохиж зодоод тэгэхээр нь би машиндаа суулгаад аймгийн төвд цагдаагийн газарт хүргэж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №352 дугаар дүгнэлтэд 1.2.Д.Хоролсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Уг гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-18 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Х-ийн хохирогч Д.Хоролсүрэнгийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Т.Хэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг сануулж,
шүүгдэгч Т.Х-д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Х-д мэдэгдэв.
Шүүгдэгч Т.Х-д холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овогт Т.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-д 450/дөрвөн зуун тавин/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Х-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Х-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Х нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ