Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/197

 

 

   2019         07              01                                          2019/ШЦТ/197                               

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч .Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох 1934003980224 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Ө овогт М.Ц. Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймаг Зуунмод сум Баянхошуу 3 дугаар баг 8-16 тоотод оршин суудаг, урьд Төв аймгийн сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 8-17 тоот хашааны үүдэнд байсан Г.Даваагийн эзэмшлийн 10-03 ТӨВ улсын дугаартай “Кроун” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил болон цонхыг хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээ буюу 694000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч М.Ц-гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон тул яллагдагчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-7 тал/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/, хохирогч Г.Даваагийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-14 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №09/197 дугаар хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-22 тал/, хөрөнгийн үнэлгээ хийх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-23 тал/, шүүгдэгч М.Цгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30 тал/, данс эзэмшдэг эсэх талаарх Хас банк, Төрийн банк, Хаан банкнуудын лавлагаа /хх-31-33 тал/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх-36 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-42 тал/ зэрэг хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 8-17 тоот хашааны үүдэнд байсан Г.Даваагийн эзэмшлийн 10-03 ТӨВ улсын дугаартай “Кроун” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил болон цонхыг хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээ буюу 694000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Даваагийн мэдүүлсэн: “...мал муулах хүн, гэдэс арилгах хүнээ утсаар ярьж очиж авахаар болоод Баянхошуу руу явсан. Тэгээд айлын гадна талд очиход машины дугуй хагарчхаар нь дүүтэйгээ хамт хагарсан дугуйгаа салгах аваад аймгийн Төв рүү орж засуулчхаад буцаад машин дээрээ ирэхэд салхины шил хагалсан байсан. Би машиныхаа дугуйг засуулахаар төв рүү явсан үедээ, Ундраа гэх эмэгтэйд машинаа захиж үлдээсэн байсан. Тэгээд Ундраа надад Ц чулуугаар машины чинь цонхыг хагалсан гэж хэлэхээр нь цагдаа руу дуудлага өгсөн.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,  

Гэрч Х.Ундраагийн: “ ...Би төв ороод ирье. Миний машиныг харж байгаарай. Айлын гадаа үлдээсэн гэж хэлсэн. Тэгээд би Даваа эгчийг явсны дараа 20 минутын орчимд гэрээсээ гараад машиныг нь хартал Ц машиных нь цонхыг цохиж хагалаад намайг гарч ирэхийг хараад айл руу гүйгээд орсон. Намайг хартал Ц машиныг тойрч байсан. Намайг алхаад очих хооронд урд талын айлын Банзрагчийнд гүйж орсон. ...урд талын салхины шил жолоочийн эсрэг талын салхины шил зэргийг хагалсан. Машины урд талын 2 суудлын голд 1 том чулуу байсан. Тойрч харахад хаана зурсан юугаар гэх зэргийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-11 тал/,

Яллагдагч М.Цгийн: “...гудамжинд гарч ирсэн чинь Даваагийн 10-03 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь урьд нь мөнгө өгөхгүй байсныг нь санаад газар байсан чулууг авч шидэж салхины шил, хаалганы шилийг цохиж хагалчхаад Банзрагчийн хашаа руу ороод байж байхад удалгүй цагдаа нар орж ирээд аваад явсан.” /хх-28-29 тал/ гэх мэдүүлгүүд болон “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №09/197 дугаар хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  

Шүүгдэгч М.Ц нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээ буюу 6940.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Насантогтохыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

М.Ц нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр согтуугаар Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багийн 8-17 тоот хашааны үүдэнд байсан Г.Даваагийн эзэмшлийн 10-03 ТӨВ улсын дугаартай “Кроун” маркийн тээврийн хэрэгслийн салхины шил болон цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээ буюу 694000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

Шүүгдэгч М.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, М.Ц-г  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, харин хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан торгох ял оногдуулсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ц-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

Шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

        

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө овгийн М.Ц-г бусдын эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч М.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн чулуу 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ц-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ц.ОТГОНЖАРГАЛ