| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00173/И |
| Дугаар | 103/ШШ2016/00296 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2016/00296
| 2016 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2016/00296 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 30 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Өөлд овогт Батбилэгийн Сэнгэдоржийн нэхэмжлэлтэй,
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 9 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, Чоныхон овогт Чулуунбатын Нэмэхбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.913.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.Сэнгэдорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ч.Нэмэхбаярт 2016 оны 01 дүгээр сарын 07 ноос 2016 оны 04 дүгээр сарын 22 ны хооронд цувуулаад нийтдээ 13.913.000 төгрөгийг зээлсэн. Ч.Нэмэхбаяр нь 2016 оны 02 дугаар сард зээлийн эрх нээгдэнэ, тэгэхээр удаахгүй буцаагаад өгье гэж зээлж авсан боловч одоог хүртэл төлөх эргүүлж өгөх хүсэлгүй байна. Бидний дунд зээлийн хүү төлбөр байхгүй учраас шилжүүлсэн 13.913.000 төгрөгийг Ч.Нэмэхбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 913.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Нэмэхбаяр нь дараах нөхцөлтэйгээр харилцан тохиролцож төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд
2016 оны 09 дүгээр сарын 30-нд 7.700.000 төгрөг
2017 оны 06 дугаар сарын 30-нд 5.300.000 төгрөгийг төлж барагдуулах, хариуцагч дээр дурдсан хугацаанд гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Б.Сэнгэдорж нь хариуцагч Ч.Нэмэхбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.913.000 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчдын хүсэлтээр 2016 оны 05 дугаар сарын 17-ны 874 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх хугацааг түдгэлзүүлж хэргийг эвлэрүүлэн зуучлагч руу шилжүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай явагдаж талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Өөлд овогт Батбилэгийн Сэнгэдоржийн нэхэмжлэлтэй хариуцагч Чоныхон овогт Чулуунбатын Нэмэхбаярт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 13.913.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 913.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 13.000.000 төгрөгийг хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 7.700.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 5.300.000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.515 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 113.757 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ч.Нэмэхбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 117.757 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА