| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/01580/И |
| Дугаар | 210/МА2025/01915 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 210/МА2025/01915
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
*******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх үндсэн,
*******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь Дорноговь аймгийн сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******, сум,*******,*******,, хаягт байрлах 5,000 м.кв газрыг шатахуун түгээх газар, агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.
Дээрх газрыг авахаар анх дуудлага худалдаанд оролцон ялагч болж үнийг төлөх боломжгүй байсан тул энэ талаар компанид хүсэлт гаргаснаар 30,000,000 төгрөгийн зээл авч газрын дуудлага худалдааны төлбөрийг төлсөн. Харин ******* ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болж, зээлийн гэрээний барьцаа болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид үлдээсэн.
1.2.Нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул хариуцагч ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хариуцагч ******* ХХК газрыг чөлөөлж өгөөгүй тул Дорноговь аймгийн сумын Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасны дагуу гомдол гаргасан боловч тус сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ****** тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн.
Иймд, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас *******, сумын*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бизнес эрхлэх зорилгоор дуудлага худалдаанд орж маргаан бүхий газрыг ялагч болж авсан бөгөөд ******* ХХК-аас 30,000,000 төгрөгийн зээл авч газрын үнийг төлсөн гэжээ. Гэтэл ******* ХХК шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг тул тус газрыг дуудлага худалдаагаар авч шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед салбарын дарга *******ыг дуудлага худалдаанд оролцуулж, дуудлага худалдааны үнийг төлсөн. Мөн тус газарт тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл манай компаний шатахуун түгээх станц ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна.
2.2. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа бөгөөд зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэггүй, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй, ажилтан *******д зээл олгоогүй. Компаний зүгээс ажилтан *******ыг тухайн үед дуудлага худалдаанд оруулж газрыг аваад газрын гэрчилгээ *******ын нэр дээр гарсан. Харин газрын гэрээг газрын албатай ******* ХХК хийж газартай холбоотой бүх төлбөрийг олон жилийн хугацаанд манай компани төлсөн. Улмаар газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэх талаар удаа дараа шаардлага гаргасан боловч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлж өгөөгүй. Дээрх байдлаас харахад газрын шударга эзэмшигч нь ******* ХХК гэдэг нь тодорхой байдаг.
Иймд, *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Манай компани Дорноговь аймгийн сум,*******,*******-3 тоот, хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв талбайтай, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг 2017 онд дуудлага худалдаагаар авсан. Тухайн үед Дорноговь салбарын даргаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан *******ыг компанийг төлөөлүүлэн дуудлага худалдаанд оролцуулан, улмаар ялагч болсон тул компаниас дэнчингийн мөнгө болон дуудлага худалдааны үнэ нийт 30,000,000 төгрөгийг төлсөн. Тиймээс Дорноговь аймгийн сумын газрын албатай гэрээ байгуулж, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч болно.
Дээрх газрын шударга эзэмшигч нь ******* ХХК болохыг албан ёсоор мэдэгдэж, тус газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардаж байсан боловч удахгүй шилжүүлж өгнө гэж хугацаа авч явсаар 2022 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараа газрыг чөлөөлөх шаардлага тавьсан. Газрын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар шатахуун түгээх станцын зориулалттай газрыг хувь хүнд олгодоггүй. Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл заавал шаардагддаг. Тиймээс тус газрыг ******* гэх иргэнд бус ******* ХХК-ийн Дорноговь аймгийн салбарт нь олгосон.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус заасан.
Иймд, Дорноговь аймгийн сум,*******,*******-3 тоот, хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв талбайтай, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоож, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг *******д даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. ******* нь дуудлага худалдаагаар газрыг худалдан авах үед дуудлага худалдааны үнийг төлөх боломжгүй байсан тул салбарын даргаар олон жил тогтвор, суурьшилтай ажилласан ******* ХХК-д 30,000,000 төгрөг зээлэхээр хүсэлт гаргаж, газрын дуудлага худалдааны төлбөрийг ******* ХХК-иар төлүүлсэн. ******* ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл олгохын тулд заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд 30,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ ажилтан ******* нь уг компанийн салбарын даргаар удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан учраас зээл олгохыг зөвшөөрсөн. Үүнээс гадна ******* ХХК нь бусад ажилчиддаа хөнгөлөлттэй зээл олгодог байсан. ******* газрын дуудлага худалдаанд оролцохдоо зээлсэн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг ******* ХХК-д үлдээсэн бөгөөд зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсны дагуу ******* ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулсан.
Хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч *******д дуудлага худалдаанд оролцох үүрэг өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж аль аль нь оролцох эрхтэй байдаг. ******* ХХК нь *******ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцуулсан бол итгэмжлэл олгох ёстой байсан. Мөн ******* нь ******* ХХК-д Дорноговь аймгийн салбарын өмнөөс биш өөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргасан нь бэлэн мөнгө олгохыг хүссэн баримтаар тогтоогдсон. Зээлийг зээлдэгч өөртөө эсхүл бусад этгээдэд шилжүүлэх замаар авсанд тооцно. Иймээс ******* ХХК нь *******д 30,000,000 төгрөгийн зээлийг Газрын албанд олгох замаар зээлсэн тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
4.2. Газрын шинж чанарт нөлөөлөхгүй учраас ******* ХХК-д шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулгаар *******ын нэр дээр газрын төлбөр гээд авлагад бүртгэсэн. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасан. Гэвч ******* ХХК бүрэн эрх олгосон баримт байхгүй тул энэ үндэслэл үгүйсгэгдэнэ. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан.
Иймд, ******* ХХК нь эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй тул газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох *******,*******,*******,*******,, хаягт байрших, нэгж талбарын дугаартай, шатахуун түгээх станцын зориулалттай 5,000 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дээрх газрын шударга эзэмшигчээр ******* ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг *******д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрт ...анхнаасаа шатахуун тугээх станцын зориулалтаар дуудлага худалдааг зарласан тул тус дуудлага худалдаанд иргэний хувиар оролцох боломжгүй, зөвхөн аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжтой байтал иргэнийг оролцуулж дуудлага худалдааны ялагчаар тодруулж, улмаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон явдал Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дугээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлуулэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамтай нийиээгүй. Гэвч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, газрын дуудлага худалдаатай холбоотой аливаа этгээдээс өнөөдрийн байдлаар гомдол гаргаагүй, эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй, мөн зохигч хэн алин нь маргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх диспозитив зарчмын дагуу шийдвэрлэлээ. Иймд иргэний хувиар дуудлага худалдаанд оролцсон, хуулийн этгээдийн хувиар хариуцагч өөрөө дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Учир нь, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, ажахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг даога дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 3.1.-д Аймаг, нийслэл, сум, дуургийн Засаг дарга дараах тохиолдолд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг зохион байгуулна; 3.1.1-д Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшуулэх, ашиглуулах 4.1-д Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгуй хун хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дагуу дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, дэнчин тавьснаар дуудлага худалдаанд оролцоно гэж тус тус заажээ.
Дээрхээс үзэхэд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг сумын Засаг дарга дуудлага худалдаа зохион байгуулан шийдвэрлэхээр заасан байх ба харин Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 4.1 дахь хэсэгт зааснаар Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэн аль нь газар эзэмших дуудлага худалдаанд оролцох эрхтэй байна. Гэтэл шүүх дуудлага худалдаанд иргэнийг оролцуулан дуудлага худалдааны ялагчаар тодруулж, улмаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон явдал Газрын тухай хууль, Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журамтай нийцээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Мөн Газрын дуудлага худалдаа зохион байгуулсан болон дуудлага худалдааны ялагч болох нэхэмжпэгч *******д газар эзэмшүүлсэн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, мөн эдгээр шийдвэртэй зохигчийн хэн алин нь маргаагүй байхад шүүх диспозитив зарчмын дагуу шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй.
6.2. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн ******* дахь салбарын захирлаар ажиллаж байсан, дуудлага худалдааны дагуу газрын үнийг хариуцагчаас төлсөн, улмаар 2017 оноос хойш хариуцагч байгууллагын хөрөнгийн бүртгэлд тухайн газрыг тусгаж өнөөг хүртэл тоолж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд ажил олгогч хуулийн этгээдийг Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлж оролцсон гэж үзнэ. Иймд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгоогүй, энэ талаарх баримт авагдаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэжээ. Гэтэл Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ын 4.1-д иргэн, хуулийн этгээдийн хэн аль нь газар эзэмших дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Харин хариуцагч ******* ХХК нь өөрийн нэрээр газрын дуудлага худалдаанд оролцох эрхтэй байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгч *******д үүрэг даалгавар өгч, маргаан бүхий газрын дуудлага худалдаанд оролцуулсан гэж маргасан. Гэтэл нэхэмжлэгч *******ыг дуудлага худалдаанд оролцуулахаар өгсөн үүрэг, даалгавартай холбоотой баримтыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд ажил олгогч хуулийн этгээдийг Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлж оролцсон гэж үзсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
6.3. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь хариуцагчаас 30,000,000 төгрөгийн зээл авсан гэж тайлбарлах боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн газрыг хариуцагчид түрээслүүлсэн, үнэ төлбөргүй ашиглуулсан, зээлийн хариу төлбөрт эзэмшүүлсэн, барьцаа болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид 30,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг амаар байгуулсан тул гэрээтэй холбоотой баримтыг шүүхэд гарган өгөх боломжгүй. Гэхдээ хариуцагч ******* ХХК нь уг мөнгийг нэхэмжлэгчид зээлдүүлсэн тул нэхэмжлэгч *******ын нэр дээр үүсгэсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтын гүйлгээний бүртгэлийн 4 дүгээрт 29,520,000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас авах авлагаар бүртгэсэн. Хэрэв газрын төлбөрт төлсөн уг мөнгө зээл биш ******* ХХК-ийн Дорноговь сум дахь салбарт газар худалдан авсан төлбөр байсан бол уг мөнгийг *******аас авах авлагаар бүртгэх биш харин Дорноговь сум дахь салбарын үндсэн хөрөнгөөр бүртгэх байсан боловч ингэж бүртгээгүй. Гэтэл шүүх уг үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг зээлийн төлбөр төлөх хүртэл хугацаагаар хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулсан талаар шүүхэд тайлбарласан байхад шүүх үүнтэй холбоотой үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
6.4. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж, 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан. Шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзээгүй тул тэрээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар өөр этгээдээс буюу хариуцагчаас бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс маргаан бүхий газрыг эзэмшээгүй. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч *******д үүрэг даалгавар өгч маргаан бүхий газрын дуудлага худалдаанд оролцуулсан болохоо нотлоогүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэгч нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар шаардах эрхтэй.
6.5. Шүүх Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно гэж, мөн хуулийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасан. Шүүх дээрх байдлаар ******* ХХК-ийг төлөөлж ******* дуудлага худалдаанд оролцсон, үнэ хаялцуулах замаар эзэмших эрхийг компани олж авсан, шударга эзэмшигч гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв гэжээ. Гэтэл нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий газрын дуудлага худалдааны ялагчаар шалгарсан тул сумын Засаг даргын Тамгын газартай дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээг байгуулсан. Шүүх дуудлага худалдааны оролцогч биш этгээд болох ******* ХХК нь *******ын нэрийн өмнөөс газрын төлбөр төлсөн байдлыг тус компанийг дуудлага худалдааны оролцогч мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасныг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Иймд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
7.1. Компанийн зүгээс *******тай зээлийн гэрээ байгуулаагүй, харин тэрээр манай компанид 10 гаруй жил ажилласан бөгөөд тухайн үед Дорноговь аймгийн салбарын даргаар ажиллаж байсан. Газрын дуудлага худалдаа болж байгаа тул тус дуудлага худалдаанд оролцоорой гэх үүрэг даалгаврыг удирдлагын зүгээс өгснөөр маргаан бүхий газрыг авсан. Дуудлага худалдааны дэнчин болон анхны үнэ нийт 30,000,000 төгрөгийг манай компани төлж, газрын төлбөрийг жил бүр хариуцан төлсөн. Маргаан бүхий газарт 2017 оноос хойш ******* ХХК-ийн шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж, түүнтэй холбоотой Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох газраас авах ёстой галын тусгай зөвшөөрөл авсан. ******* нь ажлаас гарснаасаа хойш 30,000,000 төгрөг зээлж авсан, маргаан бүхий газар миний эзэмшил гээд газар өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа бөгөөд уг маргаан эхлээд 2 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хяналтын шатны шүүхээс газрын албанаас захирамжийн хуулбар гаргуулахаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Компанийн гэрчилгээ, дүрэм, газрын гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ гэх мэт бичиг баримтууд манайд эх хувиараа байдаг. Харилцагчийн авлагын гүйлгээнд 30,000,000 төгрөгийг авлагаар бүртгэсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарласан. Харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэлд ажилчдын мэдээлэл байдаг бөгөөд харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний дагуу ажилчдад сар бүр цалин олгодог. Тус бүртгэлд цахилгаан ашиглалтын зардал эсхүл гааль, вагоны мөнгө гэх мэт мөнгийг бүртгэж баримтаар хадгалдаг. Манайх энэ газрыг авсныхаа дараа 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн. ******* нь ажиллаж байх хугацаандаа 30,000,000 төгрөг зээлээгүй, харин манай компанийн ажилтан байсан учраас түүний нэр дээр газрын гэрчилгээ гарч, газрын албатай байгуулсан газар эзэмших, ашиглуулах гэрээнд манай компанийн Дорноговь салбарын тамга дарсан.
7.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6.2-т газрыг ямар тохиолдолд хэрхэн яаж олгох асуудлыг дүгнэсэн. Иргэнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой газрыг эзэмшүүлэхгүй байх талаар болон газрыг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох, цуцлах үр дагаврыг Газрын тухай хуульд хуульчилсан. Өөрөөр хэлбэл, ******* нь шатахуун түгээх станцын зориулалттай газар эзэмших эрх олж авсан бол тус газарт зориулалтын дагуу буюу шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулах ёстой. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар газрыг үнэ төлбөргүйгээр ашиглуулсан эсхүл зээлийн гэрээний үүрэгт түр ашиглуулсан гэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд газрыг зориулалтын бусаар ашигласан гэх үйл баримт тогтоогдоно. Үүнээс дүгнэвэл, газрыг аж ахуйн нэгж болон иргэнд тодорхой нөхцөл болон шалгуураар эзэмшүүлж ашиглуулдаг тул иргэн, хуулийн этгээдийн хэн аль нь газрыг ямар ч нөхцөлөөр эзэмшиж ашиглаж болно гэж тайлбарлаж байгаа давж заалдах гомдлын агуулгууд үндэслэлгүй. ******* нь дуудлага худалдааны ялагч болсон гэх үйл баримттай талууд маргадаггүй, харин дуудлага худалдаанд хэний нэрийн өмнөөс оролцож, үйл ажиллагаа явуулсан талаар маргадаг. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ *******ын нэр дээр байгаа бөгөөд хариуцагч байгууллагын ******* дахь шатахуун түгээх станцын үйл ажиллагаа явуулах зорилгоор тухайн газрыг авсан.
Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ******* дахь салбарын захирлаар ажиллаж байсан, дуудлага худалдааны дагуу газрын үнийг хариуцагч төлсөн, улмаар 2017 оноос хойш хариуцагч байгууллагын хөрөнгийн бүртгэлд тухайн газрыг тусгаж өнөөг хүртэл тоолж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд ажил олгогч хуулийн этгээдийг Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлж оролцсон гэж үзнэ. Төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгоогүй, энэ талаарх баримт авагдаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй... гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, өөрийн ажилтнаа итгэмжлэлээр төлөөлүүлэх байдлаар үйл ажиллагаанд оролцуулсан гэх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотлоогүй тул газар эзэмших гэрчилгээ гарсны дагуу нэхэмжлэгчийн газар гэж маргасан нь үндэслэлгүй. ******* нь ******* ХХК-ийн ажилтан гэх нөхцөл байдлыг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний нэр дээр төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлээр тодорхойлсон. Ажил олгогчийн зүгээс өөрийн ажилтандаа үүрэг даалгавар өгөхдөө албан ёсоор төлөөлөх итгэмжлэл олгох шаардлагагүй. Тухайлбал, тухайн ажилтны ажлын байрны чиг үүрэгт заагаагүй асуудлаар ажил олгогч чиг үүрэг өгөхөд үүнийг ажилтан биелүүлэх нь зүй ёсны асуудал юм. Ажилтнаараа дамжуулж дуудлага худалдаанд оролцсон бөгөөд шатахуун түгээх станц байгуулах зорилгоор газрыг худалдан авсан гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх үүнийг зөв дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч байгууллагыг тухайн маргаан бүхий газрын шударга эзэмшигчээр тогтоож, газрын эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн.
Иймд, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ****** ХХК-д холбогдуулан *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 5,000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* нь 2012 оны 08 дугаар сараас 2022 оны 07 дугаар сарыг хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн Дорноговь салбарын даргаар ажилласан.
3.2. Дорноговь аймгийн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын ****** тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнд иргэн аж ахуйн нэгжид үйлдвэр үйлчилгээ, ажилчдын ажил амралтын бааз байгуулах зориулалтаар эзэмшүүлэх 40.5 га газрын хэмжээ байршлыг 1 дүгээр хавсралтаар баталсан 24 газар дотор 3-р баг боомтын ойролцоо 0.5 га шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх газар гэж багтсан байна.
3.3. Дээрх газрыг Дорноговь аймгийн сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/62 дугаар захирамжаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 14:00 цагт сумын төвд дуудлага худалдаагаар худалдахаар зохион байгуулахаар шийдвэрлэж дуудлага худалдааны үнийг 4,800,000 төгрөг, дуудлага худалдааны дэнчингийн хэмжээг 480,000 төгрөг гэж нийтэд зарласан.
3.4. Нэхэмжлэгч *******ын зүгээс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр зарласан дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргаж, улмаар дуудлага худалдааны дэнчинд 480,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 12,500 төгрөг төлсөн.
3.5. Энэ өдрийн дуудлага худалдаанд ******* 103 дугаартай, 105 дугаартай, 104 дугаартай тус тус оролцож, улмаар ******* нь 30,000,000 төгрөгийн үнэ хэлж дуудлага худалдааны ялагчаар тодорч дээрх газрыг худалдан авсан.
3.6. Газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулагч сумын Засаг даргын Тамгын газар нь *******тай 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр тус сумын*******ийн нутаг дэвсгэрт хилийн боомтын орчимд байршилтай 0.5 га буюу 5,000 м.кв газрыг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэх, худалдан авагч нь дуудлага худалдаагаар тогтсон газрын үнийг төлөхдөө газрын үнэ болох 30,000,000 төгрөгөөс дэнчингийн үнийг хасч, 29,520,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дотор шилжүүлэх, газрын үнийг бүрэн төлснөөр эзэмших тухай эрх бүхий Засаг даргын шийдвэрийг гаргуулан авахаар тохирсон.
3.7. Дээрх газрын дуудлага худалдааны үнэ болох 29,520,000 төгрөгийг ******* ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******ын нэрийн өмнөөс Дорноговь аймгийн сумын газрын албанд шилжүүлснээс гадна маргааны зүйл болох газрын жил бүрийн төлбөрийг тус компани төлсөн талаар талууд маргахгүй байна.
3.9. Улсын бүртгэлийн байгууллагаас *******д Сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэн Дорноговь аймгийн сум,*******,*******-3 тоот, хилийн боомтын ойролцоо нэгж талбарын дугаар бүхий 5000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2017, 2019 онд тус тус олгосон байна.
3.10. Газар эзэмшүүлэгчийг төлөөлж сумын газрын асуудал эрхэлсэн ****** нь *******тай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж жил бүр гэрээг сунгаж байсан байна.
3.11. Маргаж буй газар нэхэмжлэгч *******ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй, уг газар дээр хариуцагч ******* ХХК нь 2018 онд шатахуун түгээх станц бариулж, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа талаар талууд маргаагүй.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид ажиллаж байхдаа 30,000,000 төгрөгийг зээлж, дуудлага худалдаанд оролцож газрыг худалдан авсан, зээлийг төлөх хүртэл хариуцагчид газраа ашиглуулсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг тус компанийн Дорноговь салбарын захирлаар ажиллаж байсан тул дуудлага худалдаанд компанийг төлөөлүүлж оролцуулсан, тус компани худалдан авсан газрын үнийг болон жил бүрийн газрын төлбөрийг төлдөг, уг газарт шатахуун түгээх станцыг 2018 онд барьж ашиглалтад оруулж өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа шударга эзэмшигч гэж зөрүүтэй тайлбар гарган маргасан.
4.1. Маргаж буй газрын эзэмшлийг нэхэмжлэгч хууль ёсны дагуу олж авсан эсэх, хариуцагч шударга эзэмшигч эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4.2. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй газрыг гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т ...иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 1 га-гаас илүүгүй газрыг гэж, мөн хуулийн 29 дүгээр зүйлтийн 29.3-т Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан давуу эрхээр үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлнэ гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар иргэнд газрыг гэр орон, хувийн сууцны зориулалтаар, хүнсний ногоо жимс жимсгэнэ таримал ургамал тарих зориулалтаар, үр тарианы болон хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр тус тус зохицуулсан байхад нэхэмжлэгч *******д Дорноговь аймгийн сум хилийн боомтын ойролцоо 5,000 м.кв газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар дуудлага худалдаагаар эрх бүхий этгээд худалдсан нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-д заасантай нийцэхгүй байна.
4.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэжээ.
4.4. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуульд зааснаар эзэмшиж байсан газрын хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Дуудлага худалдаагаар худалдах газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ, ажилчдын ажил амралтын бааз байгуулах зориулалтаар гээд үүнд ажилчдын кемп, шатахуун түгээх станц, хий түгээх станцын зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ байршлыг заасан.
4.5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.17-д бүх төрлийн шатахуун импортлох бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэж заасан. Хуульд бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэхэд аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгохоос иргэнд олгодоггүй байна.
4.6. Газрын тухай хуульд иргэнд шатахуун түгээх станцын зориулалтаар газрыг эзэмшүүлэх эрхийг олгоогүй байхад Дорноговь аймгийн сумын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын ****** тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж иргэн аж ахуйн нэгжид үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрыг дуудлага худалдаагаар худалдахад нэхэмжлэгч оролцож шатахуун түгээх станцын зориулалтаар худалдан авсныг Иргэний хуулийн 83, 89 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны дагуу олж авсан гэж үзэхгүй.
4.7. Нэхэмжлэгч нь эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж аваагүй тул хариуцагчаас *******,*******,*******,*******,, хаягт байршилтай газрыг албадан чөлөөлүүлэхийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасны дагуу шаардах эрхгүй.
Харин шүүхээс нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын эзэмших эрхийг зохих журмын дагуу олж аваагүй гэж дүгнэж, улмаар хариуцагчийн эзэмшлээс тус газрыг шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид тухайн газар эзэмших эрхийг олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг хөндөөгүй болохыг үүгээр нэмж дурдана.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
5.1. Хариуцагч нь маргаж буй газрыг өөрийн компанийн Дорноговь салбарын захирлаар ажиллаж байсан нэхэмжлэгч *******аар төлөөлүүлж газрын дуудлага худалдаанд оролцуулсан, газрыг өнөөг хүртэл тус компани эзэмшиж байгаа, газрын дуудлага худалдааны үнэ, газрын жил бүрийн төлбөрийг төлдөг тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэсэн.
Иймээс хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******д холбогдуулан *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.2. ******* сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд ялалт байгуулан шатахуун түгээх станцын зориулалтаар газар эзэмших эрх үүссэн *******д маргаж буй газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсний цаана хариуцагч ******* ХХК нь газрын дуудлага худалдааны үнэ болон газрын жил бүрийн төлбөрийг төлсөн, уг газрын бодитойгоор эзэмшилдээ байлгаж өнөөг хүртэл ашиглаж байгаа нь хариуцагчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй.
5.3. Анхан шатны шүүх хариуцагч компанийг нэхэмжлэгч нь төлөөлж дуудлага худалдаанд оролцсон түүнийг тус компанид ажиллаж байсан, газрын үнийг төлсөн, 2017 оноос хойш байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь, итгэмжлэлийг бичгээр болон амаар өгч болох боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлж дуудлага худалдаанд оролцоогүй гэж маргасан. Энэ тохиолдолд нотлогооны үүргийн хувиарлалтын дагуу хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй боловч тэрээр нотлож чадаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 64 дүгээр зйлийн 64.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг төлөөлж дуудлага худалдаанд оролцсон гэж үзэхгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг залруулна.
6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг төлөөлж нэхэмжлэгч ******* нь дуудлага худалдаанд оролцсон, үнэ хаялцуулах замаар эзэмших эрхийг компани шударгаар олж авсан, шударга эзэмшигч гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг дараах байдлаар зөвтгөн шийдвэрлэнэ.
6.1. Газрын тухай хуульд заасан төрийн өмчийн газрыг иргэн аж, ахуйн нэгжид эзэмшүүлэхийг Төрийн захиргааны байгууллага буюу аймаг нийслэл сумын Засаг дарга шийдвэрлэдэг байхад иргэн, хуулийн этгээдийн хооронд гарсан маргааныг хянан шийдвэрлэх замаар шүүх хариуцагч ******* ХХК-ийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шударга эзэмшигчээр тогтоож Төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэхгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу зөвхөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрхийг олж авах эрхтэй болохоос тийнхүү эрх бүхий этгээдтэй харилцахгүйгээр дам байдлаар ийм арга, журмаар газар эзэмших эрх олж авах боломжгүй юм.
Иймд хариуцагч ******* ХХК нь дуудлага худалдааны үнийг болон газрын төлбөрийг жил бүр төлсөн, нэхэмжлэгч нь тус компанид ажиллаж байсан нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* холбогдуулан гаргасан *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, нэхэмжлэгч *******д холбогдох *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/06703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэл, нэхэмжлэгч *******д холбогдох *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ