| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0187/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/196 |
| Огноо | 2019-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/196
2019 07 01 2019/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,
шүүгдэгч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.С-т холбогдох 1934003520219 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Х.С , Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, малчин, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо 361 дүгээр гарам Булгийн 3 дугаар гудамж 1 тоотод суух хаягтай боловч Төв аймгийн Баянчандмань сум 1000 хурга гэх газар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Х.С нь 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э.Цэндмааг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн гарын тохой, баруун бугалга, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүгдэгч Х.С-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Төв аймгийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирогчийн өргөдөл /хх-2 тал/, хохирогчийн зодуулсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8 тал/, Цагдаагийн ерөнхий газрын “ASP” сангийн лавлагаа /хх-5 тал/, хохирогч Э.Цэндмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10-11, 12, 13 тал/, гэрч Х.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14 тал/, гэрч Э.Цэнгэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-15 тал/, гэрч С.Баяраагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16 тал/, гэрч Г.Баялагмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-17-18 тал/, гэрч Ж.Хатанбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийн №307 дугаар дүгнэлт /хх-22 тал/, яллагдагч Х.Саас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-29-30 тал/, Х.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-32 тал/, гэрлэлт бүртгэлгүй туха лавлагаа /хх-33 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-35 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-36 тал/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-38-39 тал/, Төв аймгийн прокурорын газарт гомдол саналгүй талаар хохирогчийн өргөдөл /хх-40 тал/ зэрэг бусад баримтууд болно.
Шүүгдэгч Х.С нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э.Цэндмааг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн гарын тохой, баруун бугалга, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны үед
Хохирогч Э.Цэндмаагийн мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сараас эхэлж манай нөхөр С өөдөөс нь үг хэлж маргалдах болгонд гар хүрч зоддог байсан. Би тэгээд нөхрөөсөө айгаад өөдөөс нь юм хэлж чадахаа больсон. Хамгийн сүүлд 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Баянчандмань сумын1000 хурга фермийн хашаанд гэртээ байхад хадам ээж Баялагмаатай үл ялих зүйлээс болоод маргалдсан чинь хадан ээж тэр талаар манай нөхөр С хадам аав Хатанбаатар нарт хэлсэн. Намайг ферм дотор юм хийж байхад манай нөхөр аавтайгаа хамт гаднаас орж ирээд нийлээд зодсон. Хадам аав миний нүүр рүү гараараа 2-3 удаа алгадаад манай нөхөр С хөлөөрөө миний хөл рүү 3 удаа өшиглөөд гараараа 4-5 удаа гар руу минь цохисон. тэр үед надтай хамт ажил хийж байсан Мухлай, Пүүжээ гэх 20 орчим насны хоёр залуу ирж салгасан. ...би Сыг буу юм ярихаар нь өөдөөс нь үг хэлэхээр намайг зоддог байсан. Тэгээд гэрийнхэндээ хэлбэл намайг ална шүү гэж айлгадаг байсан.” гэх мэдүүлэг /хх-10-11 тал/,
“...хэрүүл болоод манай ах Ууганпүрэв эгч Цэнгэл нар намайг хөдөөнөөс очиж авсан юм. Тэр үед хэрүүл маргаан болох үед манай хадам аав Хатанбаатар танай дүүг зодсон гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр нь би мэдүүлэг дээрээ Хатанбаатар намайг цохисон гээд уур хүрээд хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-12 тал/,
“...тухайн үед зүгээр маргалдаж байсан ба ямар нэгэн байдлаар зодуулж байгаагүй. Түүнээс хойш сая гар хүрээд байгаа юм. Ерөнхийдөө бол намайг анх удаа зодож гар хүрч байгаа байдал юм.” /хх-13 тал/,
Гэрч Х.Сын: “ ...Цэндмаа миний хоёр хацар руу алгадсан. Тэгэхээр нь би баруун гарыг нь чанга базаад болиоч гээд цаашаа түлхсэн чинь Цэндмаа хувцасны шүүгээ рүү унасан. Тэгээд газар унаад тэр чигээрэй уйлсаар байгаад 2-3 цаг болсон. ...Цэндмаа манай ээжтэй сүү хийдэг сав угаахаас болж муудалцаж хэрэлдэж байхад нь би Цэндмааг битгий ээжтэй хэрэлдээд бай гэж хэлээд бид хоёр муудалцсан юм. ...би хацар руу нь нэг удаа алгадсан. Өөр цохисон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-14 тал/,
Гэрч Э.Цэнгэлийн: “...би араас нь “бие засах газар руу” яваад манай ээж, ах гэр рүү нь шууд орсон. Тэр үед манай дүүгийн нүүрний хоёр хацар хэсэг нь хөхөрсөн байхаар нь яасан юм гэж асуухад хадам ээж нь хажуунаас наадах чинь юм гараад тэгсэн юм байлгүй гэсэн. Тэрийг сонсоод манай дүү бас тэгж хэлсэн. ...би Цэндмаагаас өөрөөс нь асуусан чинь өнгөрсөн оны 11 сараас зоддог болсон гэж байсан. ...манай дүү гэртээ ирэхдээ бие нь хэсэг хэсэг газраа хөхөрчихсөн байдаг гэж хэлж байсан. Яасан талаар асуухад үхэрт мөргүүлсэн гэдэг байсан. ...манай дүүгийн толгой нь өвдөөд байдаг болсон гэж хэлж байсан. Өөр бие нь хэсэг хэсэг газраа хөхөрсөн байгаа. ...манай дүү 5 сартай жирэмсэн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Гэрч С.Баяраагийн: “...бид нарыг очиход Цэндмаа айдастай сууж байсан. Тэгээд яасан талаар асуухад хэлэхгүй байсан. ...би зоддог байсан талаар саяхан мэдсэн. Өмнө нь тийм зүйл сонсож байгаагүй. ...гал хөл нь хэсэг хэсэг газраа хөхөрчихсөн байдаг байсан. Яасан талаар асуухад юм мөргөөд санаандгүй юманд цохисон гээд байдаг байсан. ...биеийн хэсгүүд нь цохигдсоны улмаас хөхөрсөн. Толгой өвдлөө, бие өвдлөө гээд нэг л сулбагар болсон байсан.” /хх-16 тал/,
Гэрч Г.Баялагмаагийн: “...би хүүгээсээ нэг удаа асуутал алгадсан гэж надад хэлсэн. Би нүдээр харсан зүйл байхгүй байна. Би доромжилсон талаар ч мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/ гэх мэдүүлгүүд болон Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дүгээр сарын 10-ны өдрийн №307 дугаар дүгнэлт /хх-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна.” мөн хуулийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч,тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэрт амьдарч байгаа этгээд “ гэж,
Мөн хуулийн 3.2-т “...гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. гэж,
Мөн хуулийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл “ гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.
Шүүгдэгч Х.С нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э.Цэндмаад бие махбодид халдаж, түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хохирогчийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан нь хэрэгт баримтаар нотлогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Х.С нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутагт 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Э.Цэндмааг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн гарын тохой, баруун бугалга, баруун, зүүн гуяанд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Х.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х.С-ыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүйг, харин хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан ял торгох ял оногдуулсан болно.
Шүүхээс шүүгдэгч Х.С-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
Шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.С нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овгийн Х.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.С-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Х.С-т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.С нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, шүүгдэгч Х.С нь цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.С-ын хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ