Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 235

 

2016 оны 07 сарын 07 өдөр

 

Дугаар 183/ШШ2016/00235

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Урт цагааны 3 дугаар корпус, Угалзат Дархан ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхантын 7-83 тоотод оршин суух, Боржигон овогт Ганболдын Давааням /МИ 84101612/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 3 375 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Угалзат Дархан ХХК-ийн захирал П.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Даваанямтай ажлын байрны түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай сарын 200 000 төгрөгөөр манай эзэмшлийн Урт цагааны 6 корпусыг алт, мөнгөний дарханы зориулалттай түрээслэхээр болсон. Түрээсийн төлбөрөө төлөхгүй байнга хугацаа хэтрүүлж авлага үүсгэх болсон. Тиймээс түрээсийн төлбөр 2 250 000 төгрөг, гэрээний 3.3-т заасныг үндэслэн хугацаандаа төлөгдөөгүй төлбөрийн алданги болох 1 125 000 төгрөг, нийт 3 375 000 төгрөгийг хариуцагч Г.Даваанямаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Давааням шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй. Төлбөрөө төлсөн бөгөөд мөнгө төлсөн баримт өгөөгүй. Ажлын байраар дарамталж зэх зээлийн үнээс өндөр үнээр материал худалдах авахыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Угалзат дархан ХХК нь хариуцагч Г.Даваанямд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 375 000 төгрөг гаргуулах шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх тэй шүүх .

 

Нэхэмжлэгч Угалзат дархан ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Даваанямтай ажлын байрны түрээсийн гэрээнд үндэслэж, төлөгдөөгүй төлбөрийг, алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Давааням нь нэхэмжлэгч нь тухайн байрны өмчлөгч мөн эсэх нь эргэлзээтэй. Төлбөрөө төлсөн бөгөөд мөнгө төлсөн баримт өгөөгүй гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2014 оны 01 сарын 01-ний өдөр 15 дугаартай түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Угалзат дархан ХХК-ийн эзэмшилд байгаа Урт цагааны 6-р корпусын алт, мөнгөний дарханы ажлын байрыг сарын 200 000 төгрөгийн төлбөртэйгээр, 1 жилийн хугацаанд түрээслэхээр тохиролцсон гэрээг байгуулж, уг гэрээг дахин 1 жилийн хугацаагаар сунгаж, түрээсийн төлбөрийг сарын 300 000 төгрөгөөр тохирсон байна./хх-ийн 10-11/

 

Дээрх гэрээний дагуу уг ажлын байранд хариуцагч Г.Давааням нь алт, мөнгөний дархан ажиллуулж, тодорхой хугацаанд түрээсийн төлбөрийг төлж үйл ажиллагаагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийг ажлын байраар ханган ажиллуулж, хариуцагч Г.Давааням нь түрээсийг төлж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Г.Даваанямаас төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 1.5 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг ... хугацаа хожимдуулсан тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх ба энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагад нийцсэн байх тул төлөгдөөгүй төлбөрөөс алданги тооцож шаардах үндэслэлтэй.

 

Харин хариуцагч нь төлбөрөө төлсөн гэх тайлбарыг гаргасан хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй байна. Харин нэхэмжлэгч нь нотлох баримтаар хариуцагчийн төлбөр төлсөн баримт ирүүлснийг шүүх үнэлсэн болно.

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Г.Даваанямаас дутуу төлсөн түрээсийн төлбөрт 2 250 000 төгрөг, алдангийн 1 125 000 төгрөг, нийт 3 3750 000 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хувиарлах нь зүйтэй.

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Даваанямд баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Даваанямаас 3 375 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Угалзат дархан ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Угалзат Дархан ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Даваанямаас улсын тэмдэгтийн хураамжинд 68 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Угалзат Дархан ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ