Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01458

 

И.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэр,                                                  

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалтай

И.Гийн нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “С Т”холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч И.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ившинхоролын И.Г нь 2011 оны 6 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “С Т”орон нутаг судлах танхимын ажилтан техникчээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байна. Ажиллах хугацаанд алдаа зөрчил гаргаагүй, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж ажиллаж байсан. Би 11 дүгээр сарын 01-ний өглөө ажилдаа ирээд 11 цаг хүртэл ажил дээрээ байсан, эрхлэгч М.Мөнхцэцэг ирээгүй, хөгжмийн багш, нярав нар ирсэн байсан. Би хөдөө явах гэсэн юм, эрхлэгч яагаад ирэхгүй байгаа юм гэхэд амарч байгаа гэсэн. Тэр 2 хүнд хэлээд хөдөө явсан. 11 дүгээр сарын 03-ны орой ирээд 11 дүгээр сарын 4-ний өдөр ажилдаа ирсэн. 11 дүгээр сарын 5, 6-ны өдөр амралтын өдөр байсан. 11 дүгээр сарын 7-ны өдөр ажилдаа ирэхэд Дэлхийн зөнгийн сургалттай гээд техник хэрэгсэл зөөж байсан. Манайхан чамайг ажлаас халж байгаа, тушаал гарсан гэсэн. Надад тушаал өгөөгүй. Ширээн дээр байсан тушаалыг үзэхэд 11 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой тушаал байсан. Тэгээд би юмаа зөөчихөөд явсан. 11 дүгээр сарын 8-ны өдөр ажилдаа ирэх үед С.Баттөр ирсэн байсан. 11 дүгээр сарын 11-нд номын санчаас тушаалаа өөрөө конандаж авсан. Хуулийн хүнээс утсаар зөвлөгөө авахад намайг ажлаас халсан тушаалын хуулийн заалт буруу гэсэн. Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Соёлын төвийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хянан үзэж ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Гийг С Т-өөс халахад дээд газраас мэргэжлийн хүн авч ажиллуул, наад хүн чинь шаардлага хангахгүй байна гэж удаа дараа шаардсан байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацааны талаар дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Учир нь ажлаас буруу халагдсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 30 хоногийн дотор гаргах эрхтэй. Энэ хүн 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан тушаалтай 11 дүгээр сарын 4-ний өдөр танилцаад авалгүй гарч явсан. Өгсөн тушаалыг өөрөө авалгүй ширээн дээр орхиод гарч явсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй. 11 дүгээр сарын 4 гэхэд тушаалаа бүрэн мэдчихсэн байсан. 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан тэр үед хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан. Үүнийгээ өвчтэй хүн сахиж байсан гэж тайлбарлаж баримт бичиг гаргаж өгсөн. 2 өөр албан бичгийг нь Цагдаагийн байгууллага нь ч шалгаж чаддаггүй ийм байдалтай байна. Тэгэхээр дээрх баримт бичгүүд нь шүүхийн хувьд нотлох баримт болох боломжгүй гэж үзэж байна. Шалгуулсан нотлох баримтын асуудал шүүхээр шийдэгдэлгүй, прокурорын шатанд дуусчихсан тул нотлох баримт хангалттай шалгагдаагүй гэж үзэж, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдлоо гаргасан тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Баттөр шүүхэд гаргасан тайлбартаа: Хөхморьт сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимд мэргэжлийн боловсон хүчин ажилладаггүй бөгөөд 2011 онд соёлын төвийн ОНСТ-ийн ажилтан Отгонбаатар шилжиж явахад ажилд орох хүсэлтээ өгч байсан. Тухайн үед байсан эрхлэгч нь өөрийн төрсөн дүүгээ нөхөр Отгонбаатарын оронд авсан. Энэ үеэс манайх удаа дараалсан өргөдлүүдийг өгч байсан бөгөөд ах дүү хамаатан саднаараа ажиллаж байдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн сүүлд 2016 оны 07 сарын 22-нд өгсөн өргөдлийн хариуг дараах шалтгаанаар 106 хоног хүлээж 2016 оны 11 сарын 03-нд ажилдаа орсон. Өргөдлийн хариу хүлээсэн шалтгаан 1. Өргөдлийн хариу 30 хоног 2016.07.22-2016.08.22, 2. И.Г ээлжийн амралтаа авсан 2016.08.22-2016.09.05, 3. И.Г самар түүгээд 2016.09.26-нд ажилдаа ирсэн. 4. И.Гт мэдэгдэх хуудас өгсөн 2016.10.03-2016.11.03 хүртэл 30 хоног, нийт 106 хоног хүлээсэн. Ингээд ажилдаа орж ажлаа хүлээн авъя гэхэд И.Г ирж хүлээлгэж өгөөгүй, комиссууд нь янз бүрийн шалтгаанаар ирэхгүй байж байтал миний ажлын байрыг хөндөж шүүхэд хандсан байдаг. Энэ хүн нь 6 дугаар анги төгссөн, дунд боловсролыг ч бүрэн эзэмшээгүй хүн юм. Энэ ажлын байр нь тусгай боловсролтой, мэргэшсэн хүн байх заалттай бөгөөд би хууль эрх зүйн дагуу хүсэлт өргөдөл өгөх, Боловсрол соёлын газрын мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулах удаа дараагийн шаардлага зэргийг үндэслэн ажилдаа орсон. Миний ажлын байранд И.Гийн өгсөн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар И.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын “С Т”холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч И.Г давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн И.Гийн нэхэмжлэлтэй Хөхморьт сумын “С Т”холбогдох иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүх 2017 оны 05-р сарын 11-ний өдөр 190 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хянан хэлэлцээд 2017 оны 06-р сарын 27-ны өдрийн 22 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1 Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй юм. Учир нь Анхан шатны шүүхийн шүүгчийн нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлсэн байдалд давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

2 Хариуцагч нэхэмжлэгчид тушаалыг гардуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй гэж үнэлж байгаа нь ойлгомжгүй. Учир нь хавтаст хэрэгт гэрчээр оролцсон С Т-ийн бичиг хэрэг, номын санч ажилтай Алтанцэцэгийн мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгч И.Г нь чөлөөтэй гэж явж байгаад 2016 оны 11-р сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн, ирэхэд нь тушаалыг нь өгөхөд уншчихаад ширээн дээр орхиод гараад явсан дараа нь хэд хоногийн дараа хуулбарлаж авсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр маш тодорхой нотлогдож байхад эргэлзээтэй гэж дүгнэж шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Байгууллага тушаалыг өгч байхад ажилтан уншчихаад орхиж байгаа нь ажилтны өөрийн буруу бөгөөд ажилтнаас шалтгаалсан үйлдэл учир ажил олгогч тушаалыг өгөөгүй гэж дүгнэхэд өрөөсгөл ойлголт төдийгүй өөрийн орны хүн нь томилогдоод байхад би ажлаас халагдснаа мэдээгүй гэж байгаа нь учир дутагдалтай төдийгүй ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгч байснаар тодорхой нотлогдоно. Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаасаа өмнө хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоо нэхэмжлэл шүүхэд өгөхөөсөө өмнө мэдэж байсан болох нь нэхэмжлэлтэй хамт өгсөн баримтуудаар нотлогдох бөгөөд баримт бүрдүүлэхийн оронд нэхэмжлэлээ гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэлээ өгөх боломжтой байсан болох нь хх-н3,4-т байгаа албан бичгийн огнооноос тодорхой харагдаж байгаа. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь нотлогдож байгаа болно. Мөн Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг анхан шатны шүүх хэрхэн ноцтой зөрчсөн болохыг хуулийн үндэслэлтэй тайлбарлаж дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд Магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И.Г Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын С Т-ийн орон нутаг судлах танхимын техникч, музейн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Хөхморьт сумын “С Т”холбогдуулан гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргадаг байна. Нэхэмжлэгч И.Гийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан тушаалыг уншиж, эрх зөрчигдсөнөө мэдсэн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн зүгээс “тушаалыг гардаж аваагүй, 11 дүгээр сарын 11-ний өдөр тушаалын хуулбарыг авсан гэсэн тайлбар гаргасныг гэрчийн мэдүүлгээр үгүйсгэж, үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Давж заалдах шатны шүүх тушаалыг гардуулж өгөх ажил олгогчийн үүргийг хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч нь өндөр настай эхийгээ асарсан... гэх талаар ...баримт гаргасан нь хугацаа алдсан байдлыг тайлбарласан эсэх, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх эсэх, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл байгаа эсэх талаар шүүх нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүх зохигчдын мэтгэлцсэн асуудлыг буюу “хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                            П.ЗОЛЗАЯА