Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2026/0047

 

 

 Г.Д-ны нэхэмжлэлтэй,

Х аймгийн Санхүүгийн хяналт,

дотоод аудитын газрын

 улсын ахлах байцаагч А.Д-д холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:              Д.Батбаатар

            Шүүгчид:                             М.Батсуурь

                                                        П.Соёл-Эрдэнэ

  Ц.Цогт                   

          Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

              Нарийн бичгийн дарга:        Б.Энхжаргал          

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2026/0100 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0148 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч улсын ахлах байцаагч А.Д-ийн гомдлоор, нэхэмжлэгч Г.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч А.Д нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах тухай”.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо миний эрхэлж байсан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга”-ын албан тушаал төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын ТЗ-5 зэрэглэлд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд” гэж ойлгоно гэж заасан. Тиймээс би төрийн захиргааны албан тушаал хашиж байсан төрийн албан хаагч тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж үзэж байна.  ... би улсад 20 гаруй жил ажилласны дийлэнх хугацаанд төрийн албанд ажиллаж байсан бөгөөд сүүлийн эрхэлж байсан ажил маань түр орлон гүйцэтгэгч гэдгээс шалтгаалан бусад ажилласан жилийг минь бүхэлд нь үгүйсгэж байгааг зөвшөөрөхгүй...” гэж маргана.

3.Хариуцагчийн хариу тайлбар: ... Тухайн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д ерөнхий шалгалт; 33.2.2-т тусгай шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгүүлэх журамд нийцээгүй томилогдсон. Гэтэл тус албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламж ... олгосон нь Төрийн албаны тухай хуулийн ... 60.1 ..., Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ийн 1.1, ... 5.2-т заасныг тус тус зөрчсөн ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

4.Хэргийн нөхцөл байдал:

4.1.Нэхэмжлэгч Г.Д нь “1982-1985 онд Ардын армийн 187 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1986-1990 онд Х аймгийн А сумын Хөгжил нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгт боловсруулагч, аж ахуйн нярав, нэгдлийн нягтлангаар ажиллаж байсан. 1991-1992 онд Хөгжил компанид нягтлан, бригадын дарга, тоо бүртгэгчээр, 1996 -2000 онд А сумын ...-р багийн Засаг дарга, 2006-2007 онд сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, 2007-2012 онд сумын Соёлын төвийн эрхлэгчээр” тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2012-2020 онд төрийн албанд ажиллаагүй, Х аймгийн А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.

4.2.А сумын ИТХ-ын даргын 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Г.Д-ыг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, өргөдлөө өгсөн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Г.Д-д нэг удаагийн буцалтгүй тусламжид 23,814,400 төгрөг олгож шийдвэрлэсэн, Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн маргаан бүхий актаар “... нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндэслэлгүй олгосон” гэж, 23,766,285 төгрөгийг Г.Даар буцаан төлүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Ажлын албаны дарга, нягтлан бодогч нарт хариуцуулсан байна.

4.3.Г.Д тус актыг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/6587 дугаар албан бичгээр “... түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Д-д төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгосныг буруутай гэж үзэн ... төлбөрийн акт тогтоосон үндэслэлтэй” гэх агуулга бүхий хариуг өгчээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр:

 

5.1.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Х аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Д-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2.Шүүх дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.

5.2.1.“...Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “... Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчдаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлын шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

5.2.2.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй бөгөөд тухайн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нягтлах үүрэгтэй.

5.2.3. ... Нэхэмжлэгчийн томилогдон ажиллаж байсан албан тушаал нь ... төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх боловч тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 41 дугаар зүйлийн 43.3.2, 43.4, 43.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөн талаар Төрийн албаны зөвлөлийн Х аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/90 тоот зөвлөмжөөр тогтоосон.

5.2.4.Гэтэл А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь уг нөхцөл байдлыг үл харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь үндэслэлгүй.

5.2.5.Өөрөөр хэлбэл, дээрх нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь төрийн улс төрийн албан хаагчаас бусад буюу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах байтал төрийн жинхэнэ албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид уг эрхийг эдлүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нийцэхгүй. ...” гэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Г.Д-ны гомдлыг хангаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтийг хийжээ:

6.2. ... Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хууль батлагдахаас өмнө 1982-1985 онд хугацаат цэргийн албан хаагч, Х аймгийн А сумын Хөгжил нэгдэл, сумын Засаг даргын Тамгын газарт, иргэдийн Төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагад төрийн захиргааны албан хаагчаар 5-аас дээш жил ажилласан байна.

6.3.Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолд зааснаар хамгийн багадаа 5 жил, түүнээс дээш жил ажилласан төрийн албан хаагч тусламжийг авах эрхтэй байна. Ийнхүү олгохдоо ... төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан бөгөөд Г.Д нь хамгийн багаар бодоход төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцүү сарын буцалтгүй тусламж авах эрхтэй.

6.4. ... Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас хурлын нарийн бичгийн даргын ажлын байранд 2022 онд нэг удаа, 2023 онд 2 удаа, 2024 онд нэг удаа сонгон шалгаруулалт зарлахад тухайн ажлын байранд шалгарсан хүн байгаагүй тул нэхэмжлэгч нь түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажилласаар ирсэн бодит нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс үл шалтгаалах нөхцөл байдал байсан.

6.5.Нэхэмжлэгчийг ... Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хууль зөрчсөн гэхээс илүүтэй, томилогдох үеийн нөхцөл байдал, төрийн албаны шалгалтад тэнцсэн нөөцөд байгаа нэр дэвшигч байсан эсэх зэрэг тухайн сумын бодит нөхцөлийг харгалзан үзэх ёстой.

6.6.Удаа дараа тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулахад хүн томилогдоогүй учраас түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэх ажилласан энэ тохиолдолд түүнд нэг удаагийн тусламж, дэмжлэг олгохгүй гэх агуулгаар журмыг тайлбарлаж байгаа нь хуулийн зорилгод нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй. ...” гэжээ.

7.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга: хариуцагч А.Д-оос 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1. ... Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын талаар тодорхой зохицуулсан, нэхэмжлэгч Г.Д нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг хууль зөрчиж гүйцэтгэж төрөөс цалин хөлс авч ирсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний 100 дугаар магадлалын хянавал хэсэг, тогтоох хэсэгт энэ талаар огт дурдаагүй нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч байсан мэтээр дүгнэж хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь бусад төрийн жинхэнэ албаны мөн чанарыг алдагдуулаад зогсохгүй Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэсэнтэй нийцэхгүй.

7.2. ... Нэхэмжлэгч Г.Д нь тухайн албан тушаал тавигдах шаардлага шалгуурыг хангаагүй, хууль бус томилгоотой талаарх Х аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, тухайн иргэнийг ажилд томилсон тушаал зэргийг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралт “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” журмын 5.2-т заасныг ажил олгогч нь хянаж үзэлгүй Г.Д-д давуу байдал олгож тэтгэмж олгосон гэж үзэж нөхөн төлүүлэх төлбөрийн актыг тогтоосон, ... уг журам нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ журмын дагуу хуулийн шаардлага хангасан, албан хаагчдад энэ буцалтгүй тусламж олгогдож ирсэн байдаг.

7.3. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн хууль журмыг зөрчиж олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах нь зүйтэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь ... хууль бус үйл ажиллагааг өөхшүүлсэн гэж үзэхээр байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар тайлбарласан байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2026/0100 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2026/0148 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

9.Хариуцагч А.Д-оос хяналтын журмаар гомдол гаргасныг нэхэмжлэгч Г.Д, түүний өмгөөлөгч нарт 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр цахимаар танилцуулсан гэж тэмдэглэсэн байна. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ

10.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.  

11.Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. ... Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”  гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан, уг журмын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан, уг журам хүчин төгөлдөр байна.

12.Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй ба уг тусламжийг олгох эсэхийг шийдвэрлэхдээ тухайн этгээдийг Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзэхээр тусгайлан зохицуулсан байна.

13.Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах” зарчмыг “чадахуйн зарчим /мерит/” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”-аар тус тус заасан, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авахад шалгуур болгосон дээрх журмын зохицуулалт нь тухайн этгээд төрийн тухайн албан тушаал эрхлэх болзол шаардлагыг хангасан бөгөөд чадахуйн зарчмын дагуу төрийн албанд томилогдсон тохиолдолд төрийн албан хаагчид хуулиар тусгайлан тогтоосон хөнгөлөлт, бусад тэтгэмж, тусламжийг авах эрхтэй байх, харин хүчин төгөлдөр хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, үүний улмаас тухайн албан тушаалд нэр дэвших эрхийг хуулийн дагуу олж аваагүй, болзол шаардлага хангаагүй атлаа төрийн албанд томилогдсон этгээд “төрийн албан хаагчийн баталгаа”-г эдлэхгүй байх агуулгатай гэж үзнэ.   

14.Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн Х аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/90 дүгээр зөвлөмж болон 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/88 дугаар албан бичиг, талуудын шүүхэд гаргасан тайлбар, бусад баримтаар нэхэмжлэгч Г.Д нь “төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн албанд хуульд заасан журмын дагуу томилогдоогүй, мөн томилох эрх бүхий этгээд нь төрийн албаны сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхтэй холбоотой хуульд заасан журмыг зөрчиж, түүнийг А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон”, “... /уг/ ажлын байранд 2022, 2023, 2024 онд нийт 4 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч нэхэмжлэгч Г.Д нэр дэвшээгүй”, “Г.Д төрийн албаны шалгалт өгөөгүй байсан тул уг албан тушаалд түүнийг жинхлэн томилогдох боломжгүй байсан” зэрэг үйл баримт тогтоогджээ.

15.Дээрх журмын дагуу хариуцагч нь “төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэх” үүрэгтэй, энэ тохиолдолд төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй Г.Д-д өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь хууль бус, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. 

16.Харин давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтын зорилго, агуулгыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлаж, хэм хэмжээний актаар тусгайлан зохицуулсан харилцаанд  Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 5.2 дахь заалтыг хэрэглэлгүй, “түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хууль зөрчсөн гэхээс илүүтэй тухайн үеийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой, удаа дараа сонгон шалгаруулалт явуулсан боловч хүн томилогдоогүйгээс түр орлон гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн ажилласан энэ тохиолдолд түүнд нэг удаагийн тусламж, дэмжлэг олгохгүй гэж журмыг тайлбарлах нь хуулийн зорилго болон бодит нөхцөл байдалд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь буруу, магадлал үндэслэл бүхий болоогүй байна.

17.Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан “... “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэсэн, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын талаар тодорхой зохицуулсан байтал  нэхэмжлэгч Г.Д нь тухайн албан тушаалд хууль зөрчиж томилогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй байдлаар тайлбарласан, ... давж заалдах шатны шүүх тухайн хууль журмыг зөрчиж олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах нь зүйтэй гэж үзсэн нь ... хуульд нийцээгүй ...” гэх агуулгатай гомдол үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2026/0100 дугаар магадлалыг хүчингүй болгож, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 126/ШШ2025/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               М.БАТСУУРЬ

                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                  Ц.ЦОГТ