Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2020/0259

 

2020 оны 04 сарын 15 өдөр           Дугаар 221/МА2020/0259                          Улаанбаатар хот

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ц.Ж нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтыг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын -----* дугаар тусгай зөвшөөрлийн талбайн нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нөхөн олговор авах хүсэлтэд шаардлагатай шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасан журмын дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй болохоо хариуцагч илэрхийлсэн, өөрөөр хэлбэл уг талбай давхцалтай болохыг, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ гаргах эрхтэй болохыг, энэ эрхээ хэрэгжүүлэх хугацаа тоолж эхэлснийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өдөр тутмын хэвлэлд нийтлүүлээгүй тул “А” ХХК ашиглалтын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй байна” гэжээ.

Дээрх дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь хариуцагч бичгээр гаргасан тайлбартаа Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй гэж огт дурдаагүй байхад “өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй болохоо хариуцагч илэрхийлсэн” хэмээн илт ташаа дүгнэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн эсэх талаар тодруулж, шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй тул “А” ХХК ашиглалтын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор шаардах эрхээ алдаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь ийнхүү ашиглалтын **-****** дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн хуулиар хориглосон талбайтай давхцалтай хэсэгт нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргасан байхад АШигт малтмал, газрын тосны газар “төсөвт нөхөн олговор тусгах талаар чиглэл өгөөгүй тул нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч тодорхойлолтыг Сангийн яаманд хүргүүлээгүй” гэж татгалзан “Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журамд зааснаар хориглосон талбайн хилийн заагтай давхцалтай хэсгийг хасуулж, үлдсэн талбайд олборлолт явуулах боломжтой” гэж хариу өгсөн нь үндэслэлгүй болжээ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Гэтэл батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль түүнийг дагаж гарсан Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын 2.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш 3 (гурван) сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гарган” гэж заасан байдаг. Гэвч нэхэмжлэгч компани нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/ өргөдлөө дээрх журамд заасан хугацаанд ирүүлээгүй байдаг. Үүнийг ч нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурлын үед ч хэлж баталдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн 13 дугаар нүүрэнд “... Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, хавсаргасан баримтуудыг шалгах нөхөх олговрын хэмжээг тодорхойлон 30 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлэхээр, Сангийн яам хянан үзэж нөхөх олговрын хэмжээг баталгаажуулахаар байна. Өөрөөр хэлбэл, нөхөх олговор олгох эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэрлэхгүй ч хүсэлтийг хүлээн авч Сангийн яаманд хүргүүлэх чиг үүрэгтэй, энэ ажиллагааг гүйцэтгэхээс хууль бусаар татгалзжээ ...” гэж дүгнэсэн.

Гурав. Хэдийгээр Засгийн газрын 2010 оны 299 дүгээр журмаар нөхөх олговрын харилцааг зохицуулахаар журамласан боловч уг маргааны хувьд хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай эсэхийг 2012 оны 194 дүгээр журмаар тодорхой болсон бөгөөд 2010 оны 299 дүгээр журмын 3.4.2-т заасны дагуу хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй нь цаг хугацааны хувьд харагддаг бөгөөд дээр дурдсан Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор шийдвэрлэгдэх байсан. Тус журмаар өргөдлийг ямар цаг хугацаанд ямар бичиг баримт бүрдүүлэн хандах зэрэг нарийвчлан зохицуулсан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 09 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан албан хүсэлтийг нөхөх олговор авах хүсэлтэд адилтган үзэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын **-****** дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохоор заасан[1] ойн сантай 6.45 гектар, усан бүхий газрын хамгаалалтын бүстэй 309.64 гектар талбай давхцалтай байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.

Харин Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана” гэж, харин 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч нь нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2083 дугаар албан бичгээр “... журамд заасан тухайн жилийн төсөвт нөхөн олговрыг тусгах талаар эрх бүхий байгууллагаас чиглэл өгөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “нөхөн олговор гаргуулах  хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн нь дээрх журамд нийцээгүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын 4.4-д “... журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна”, 4.6-д “Улсын төсвөөс нөхөх олговрын санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 өдөрт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах, хүсэлт гаргасан этгээдэд нөхөх олговрыг шилжүүлэх зэрэг нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд (давхацсан хэсэгт) ашигт малтмал хайх, ашиглахыг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглож, улмаар нөхөх олговор төлөхөөр зохицуулсан. Уг харилцааг зохицуулсан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зохицуулсны дагуу нөхөх олговор авах талаар хариуцагчид хандаж гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал нь дээрх хууль болон журамд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэглэлгүй тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд төлөх нөхөн олговортой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд энэхүү хэргийн үйл баримт болох тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайтай давхацсан хэсэгт нөхөх олговор олгуулахаар хандах эрхтэй эсэх тухай маргаанд хамааралгүй Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулав.

Түүнчлэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан ... хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан зохицуулалт нь “А” ХХК-ийн энэхүү захиргааны хэрэгт шаардаж буй нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлэх харилцаа хамаарахгүй байхаар уг хуулийн 4 дүгээр зүйлд[2] зохицуулсан байх тул “энэхүү харилцаа нь Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор шийдвэрлэгдэх байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Давж заалдах гомдлын “... Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлсэн эсэх талаар тодруулж, шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай явуулаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь “өдөр тутмын хэвлэлд нийтлэх” нь хариуцагчийн хийх үйл ажиллагаа тул хэрэв нэхэмжлэгч хуулийн этгээдийг дээрх жагсаалтад оруулж нийтэлсэн бол тэр талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байжээ.

Нөгөө талаар, хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг “... тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөх олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэж буюу нөхөх олговор олгохгүй байх нөхцөл үүссэн гэсэн үндэслэлээр шийдвэрлээгүйг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “14 дүгээр зүйлийн 14.4” гэснийг хасаж, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

 


[1] Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус тогтоосон.

[2] Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй.