Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01786

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05953 дугаар шийдвэртэй

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох,

 

112,817,032 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

1.1. ******* би *******аас бартерын байр худалдан авахаар тохиролцож, түүний нэр дээр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “*******” ХХК-тай байгуулагдсан ******* хотхон Орон сууц захиалгын гэрээ (С2-1-13) -ний зүйл болох ******* тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар болсон.

1.2. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ-г шилжүүлэн авч, С2-1-13-Е дугаартай гэрээг байгуулан, орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,650,000 төгрөгөөр тооцож, нийт 81,493,500 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн.    ******* нь гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний төлбөрийг 100 хувь төлсөн болохыг баталгаажуулж, гэрээний 2.1-т заасны дагуу орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан дуусгавар болгох үүргийг хүлээсэн.

1.3. 2023 онд фэйсбүүк групп-ээр захиалагч байгууллагын нэрс зарлагдсан бөгөөд тэр жагсаалтад ******* ХХК-ийн нэр байгаагүй тул албан ёсны борлуулагч гэх “*******” ХХК-тай холбогдож тодруулахад, гэрээний зүйл болох С2-1-р блок нь ажил гүйцэтгэх гэрээний маргаантай байгаа тухай олж мэдсэн. Дээрх нөхцөл байдлын талаар *******тай холбогдож тодруулахад, гэрээний маргааны талаар мэдээгүй гэсэн бөгөөд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай уулзуулна гэсээр тодорхойгүй хугацаа өнгөрсөн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* болон ******* нартай уулзалт хийж, ******* нь ******* ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ"-ний төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт"-ын 2-т заасан орон сууцуудыг өгөхөөр тохиролцсон байх боловч надтай гэрээ байгуулан шилжүүлэхээр тохиролцсон ******* тоот орон сууц дээр хавсралтад огт байхгүй байсан.

Харин надтай гэрээ байгуулсан ******* тоот 49.49 м.кв талбай бүхий орон сууц нь “*******” ХХК болон “******* “ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №22/10 тоот гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №22/10-01 дугаартай гэрээний 13-ийн 36-д заасны дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн орон сууц болох нь тодорхой болсон.

1.4. *******-ийн гүйцэтгэх захирал ******* нь ******* ХХК-г өөрийн харилцан хамаарал бүхий компани, шүүхийн маргаантай байсан ч шүүх дээр ялж байгаа учраас санаа зоволтгүй гэж тайлбарлаж байсан боловч, уг нөхцөл байдпын талаар С2-1-р блок-ын захиалагч “*******” ХХК-иас очиж тодруулахад миний захиалсан байр болох ******* тоот 49.49 м.кв тоот орон сууц нь өөр компанид бартерын гэрээний дагуу шилжүүлсэн болохыг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ******* нь өөрийн нэр дээр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх ******* тоот 49.49 м.кв орон сууц нь “*******” ХХК-тай огт хамааралгүй байх атал, уг Орон сууц захиалгын гэрээ-г надад шилжүүлж, тус компанитай гэрээ байгуулуулсан, цаашлаад ******* тоот 49.39 м.кв орон сууц нь гуравдагч этгээдэд шилжсэн болох нь тодорхой болоод байна.

1.5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл "*******-д огт хамааралгүй орон сууцыг, захиалгаар бариулахаар тохиролцсон гэх гэрээ надад худалдахаар тохиролцсон хэлцэл, уг хэлцлийн дагуу “*******” ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгын гэрээнүүд нь хууль зөрчсөн буюу анхнаасаа өөрт байхгүй зүйлийг шилжүүлэхээр тохиролцсон хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зуйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөр 81,493,500 төгрөгийг хариуцагч “*******” ХХК болон ******* нараас гаргуулж өгнө үү.

1.6. Нэхэмжпэгч ******* миний хувьд маргаан бүхий Орон сууц захиалгын гэрээний төлбөр 81,943,500 төгрөгийг төлөхдөө 50,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ******* дахь хадгаламжийг, 50,000,000 төгрөгийг ******* ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хөрөнгө итгэмжпэх гэрээ дагуу 1 (нэг) жилийн 15.6 хувийн хүүтэй гэрээг тус тус дуусгавар болгож шилжүүлсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө , 228 дугаар зүйлийн 228.1-д Тэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. , 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх уурэгтэй. гэж тус тус заасан байна.

Дээрх зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн хохиролд гэрээний шилжүүлсэн төлбөр 81,493,500 төгрөгөөс нэг жилийн 15.6 хувийн хүү буюу “******* ББСБ” ХХК-ийн хүүгээр тооцож, төлбөр шилжүүлсэн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжпэл гаргасан өдөр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 610 хоногоор тооцож, 26,827,575 төгрөгийг олох байсан орлогын хохиролд тооцож, хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжпэлийн 2 дахь шаардлагыг гаргасан.

Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хэмжээг 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 213 хоногт, 81,493,500 төгрөгөөс нэг жилийн 15.6 хувийн хүү (нэг хоног 32,597 төгрөг) буюу “******* ББСБ” ХХК-ийн хүүгээр тооцож, 4,495,957 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар ихэсгэж байна.’

2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 81,493,500 төгрөг /15.5 хувь/, хүү тооцсон хоног 138, нэг хоногийн хүү 0,04 хувь /32,597.4 төгрөг/, нийт 4,495,957 төгрөг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн С2-1-13-Е дугаартай “Орон сууц захиалгын гэрээ"-ний дагуу төлсөн төлбөр 81,493,500 төгрөгийг хариуцагч *******аас, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2д заасны дагуу хохиролд 31,232,532 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-иас нийт 112,817,032 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* орон сууц захилгын гэрээний үүрэгт хариуцагч *******аас 81,493,500 төгрөг, хариуцагч “*******” ХХК-иас 31,232,532 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

1.2. Нэхэмжлэлийн үндэслэл;

                                                   

2. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч *******ын татгалзал;

“*******” ХХК нь бодит байдалд хэрэгжих боломжгүй гэрээг байгуулж, үүгээрээ нэхэмжлэгчид хохирол учруулсан, ******* шууд шалтгаант холбоо бүхий үйлдлээрээ хохирол учруулсан зүйл байхгүй учир *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Хариуцагч *******ын татгалзлын үндэслэл;

Иргэний хэргийн үйл баримтын тухайд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр *******, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан байсан ******* хотхон Орон сууц захиалгын С2-1-13 дугаартай гэрээний зүйл болох ******* баригдаж буй ******* хотхоны ******* тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ******* худалдаж авахаар болсон.

Хавтаст хэргийн 8-р хуудсанд ******* болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, 16-р хуудсанд *******, “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ, 18-р хуудсанд *******ын хүсэлт зэрэг баримтууд авагдсан байна. Тиймээс хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч баталж өгнө үү гэсэн тайлбар, хүсэлтийг байнга гаргаж ирсэн байдаг.

2.3. Хэрэгт хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар авагдсан бөгөөд нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ХХК нарын хооронд эвлэрлийн асуудал яригдаж ирсэн. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хохиролтой холбоотой шаардлагын тухайд нэхэмжлэгчид ******* шууд шалтгаант холбоо бүхий үйлдлээрээ хохирол учруулсан зүйл байхгүй, харин хариуцагч “*******” ХХК нь бодит байдалд хэрэгжих боломжгүй гэрээг байгуулж, үүгээрээ нэхэмжлэгчид хохирол учруулсан байхыг үгүйсгэхээргүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн С2-1-13-Е дугаартай Орон сууц захиалгын гээрээний дагуу төлсөн төлбөр, хохирол гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн *******д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбарын агуулга:

3.1. Хариуцагч *******” ХХК-ийн татгалзал;

Хадгаламжийн гэрээ, хөрөнгө итгэмжлэх гэрээний хугацаа дууссан байсан учир дууссан байсан учир хохирол шаардах эрхгүй.

3.2. Хариуцагч *******” ХХК-ийн татгалзлын үндэслэл;

******* нь манай компаниас 2 байр худалдан авахаар гэрээ байгуулсан байсан. Нэг орон сууцыг нь ******* гэх хүнийг дагуулж ирээд худалдан авах гэрээгээ шилжүүлэхээр болсон. Бид зөвшөөрч *******тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ орон сууц нь ашиглалтад орсон. Манай компани “*******” ХХК-тай маргааны зүйл болох орон сууцны талаар гэрээний маргаантай байгаа учир орон сууцыг нь шилжүүлж өгч чадахгүй байгаа.

Манай компани төлбөр 81,493,500 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч байраа авахгүй гэвэл 81,493,500 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч 31,232,532 төгрөгийн хохирлоо “******* ББСБ” ХХК-тай байгуулсан Хөрөнгө итгэмжлэх гэрээний хүүгийн хэмжээгээр тооцож тодорхойлсон байна. Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөр төлөхөөс өмнө *******-тай байгуулагдсан хадгаламжийн гэрээ, ******* ББСБ ХХК-тай байгуулагдсан Хөрөнгө итгэмжлэх гэрээний хугацаа тус тус дууссан байсан. Иймд хохирол төлүүлэхээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т т заасныг баримтлан хариуцагч *******-аас 22,577,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 8,654,866 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох 81,493,500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 899,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 270,838 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч *******д холбогдох 81,493,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

******* нь ******* гэх хүнээс бартерын байр худалдан авахаар тохиролцож, түүний нэр дээр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “*******” ХХК-тай байгуулагдсан “*******” хотхон “Орон сууц захиалгын гэрээ” (“C2”-1-13)-ний зүйл болох *******ад баригдаж буй “******* хотхоны ******* тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *******ын хамт “*******” оффист байрлах “*******” ХХК гэх хаяг бүхий өрөөнд очиж, “Орон сууц захиалгын гэрээ”-г шилжүүлэн авч, 81,493,500 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр *******ын хүсэлтээр түүнийг гэр бүлийн хүн болох *******гийн “*******” дахь төгрөгийн ******* дугаартай дансанд төлсөн.

5.2. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2023 онд фэйсбүүк группээр “*******” хотхоны захиалагч байгууллагын нэрс зарлагдсан бөгөөд тэр жагсаалтад “*******” ХХК-ийн нэр байгаагүй тул албан ёсны борлуулагч гэх “*******” ХХК-тай холбогдож тодруулахад, гэрээний зүйл болох С2-1-р блок нь ажил гүйцэтгэх гэрээний маргаантай байгаа тухай олж мэдсэн.

Хариуцагч *******тай холбогдож тодруулахад, гэрээний маргааны талаар мэдээгүй гэсэн бөгөөд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* ******* нартай 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр уулзалт хийсэн бөгөөд ******* нь өөрт байгаа гэрээнүүдийг үзүүлж гэрээнүүдээр “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, *******анд баригдах “*******” ХХК-ийн зоорьтой ******* блокын барилга угсралт болон гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлыг гүйцэтгэхээр гэрээ тохиролцож, гэрээний төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-ын 2-т заасан орон сууцуудыг өгөхөөр тохиролцсон байх боловч *******тай гэрээ байгуулан шилжүүлэхээр тохиролцсон ******* тоот орон сууц дээр хавсралтад огт байхгүй байсан.

Харин маргаан бүхий гэрээний зүйл болох ******* тоот 49.49 м.кв талбай бүхий орон сууц нь “*******” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №22/10 тоот гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” №22/10-01 дугаартай гэрээний 13-ийн 36-д заасны дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн орон сууц болох нь тодорхой болсон.

5.3. Хариуцагч “*******” ХХК нь өөрийн захиран зарцуулах эрхгүй буюу өөрт хамааралгүй орон сууцыг *******тай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан, цаашлаад Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу уг шаардах эрхийг нэхэмжлэгчид *******д шилжүүлсэн болох тогтоогдсон бөгөөд дээрх хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 81,493,500 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар тодорхойлсон.

5.4. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 12-т Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх эрхгүй этгээд байсан нь тогтоогдохгүй байна. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, гүйцэтгэх боломжгүй байдал бодитоор тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаагүй.”, 13-т “... Гэрээний нэг тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсонтой холбоотой нөгөө тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаахаар шаардах эрхтэй.” гэж тус тус дүгнэсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаатай бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” зохицуулалтад нийцээгүй байна.

Тухайлбал дээр дурдсанчлан “гэрээний дагуу орон сууцыг шилжүүлэх эрхгүй этгээд байсан нь тогтоогдохгүй байна” гэж илт алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-с “*******” ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/03 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт”-г, “*******” ХХК-с “*******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, №22/10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан, №22/10-01 дугаартай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5166 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэж, нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

5.5. Маргааны зүйл болох ******* тоот буюу 49.39 м.кв 2 орон сууц нь “*******” ХХК-с “*******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, №22/10 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2022.04.25-ны өдөр байгуулсан, №22/10-01 дугаартай “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний 36-д “*******” хотхон С2-1 блок ******* тоот 49.39 м.кв талбай бүхий орон сууц” гэж тодорхой тусгагдсан буюу өөр 2 компаниудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс дээрх баримтуудын талаар огт дүгнэлт хийлгүйгээр хариуцагч “*******” ХХК маргааны зүйл болох орон сууцыг шилжүүлэх эрхгүй этгээд болох нь тогтоогдохгүй байна.” гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг үндэслэн *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

5.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчдийн зүгээс Нийслэлийн прокурорын газраас “*******” ХХК болон түүний захирал *******ад холбогдуулан 240200020 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, уг эрүүгийн хэрэгт хариуцагч *******ыг хохирогчоор тогтоож, хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд ******* нь “*******” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний 2 орон сууцны төлбөрт төлсөн 179,670,000 төгрөгийг “*******” ХХК-с гаргуулахаар хохирогчоор тогтоогдож, прокурорын байгууллагаас “яллах дүгнэлт” үйлдсэн болох тогтоогдож байна.

Өөрөө хэлбэл хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгч *******аас авсан 81,493,500 төгрөгийн хувьд хариуцагч биш гэж шүүхэд хариу тайлбар гаргаж мэтгэлцсэн атлаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар “*******” ХХК-д нийт төлсөн 179,670,000 төгрөгт хохирогчоор тогтоогдон, гаргуулахаар оролцож байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан баримтуудын талаар анхан шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй байна.

5.6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дугаар зүйлийн 229.1-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн хохиролд гэрээний шилжүүлсэн төлбөр 81,493,500 төгрөгөөс нэг жилийн 15.6 хувийн хүү буюу “******* ББСБ” ХХК-ийн хүүгээр тооцож, төлбөр шилжүүлсэн өдөр болох 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 961 хоногоор тооцож, 31,232,532 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-с гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

 

Он/сар

Хүү тооцсон дүн

/Жилийн хүү

Хүү тооцсон хоног

Нэг хоногийн хүү хувь/төгрөг

нийт

2022.11.01-2024.07.02

81,493,500 төгрөг /15.6 хувь

610

0,04 хувь / 32,597.4 төгрөг

19,884,414 төгрөг

2024.07.02-2025.01.31

81,493,500 төгрөг /15.6 хувь

213

0,04 хувь / 32,597.4 төгрөг

6,943,161 төгрөг

2025.02.01-2025.06.18

81,493,500 төгрөг /15.6 хувь

138

0,04 хувь / 32,597.4 төгрөг

4,495,957 төгрөг

2022.11.01-2025.06.18

 

961

 

31,232,532 төгрөг

 

5.7. Анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэгч нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хохирол шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч тооцооллын хувьд хохирол тооцох хугацааг 610 хоног /365+245/-аар тооцож, нийт 22,577,666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 610 хоногоор тооцож, хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 удаа ихэсгэсэн буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 351 хоногт холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.24-ны өдрийн 5953 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар, маргааны үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. ******* гэрээ байгуулсан, гэрээний үүргийг нэхэмжлэгч шилжүүлж авсан гэх асуудалд маргадаггүй бөгөөд энэ үйл баримт нь хэргийн 8 дугаар талд авагдсан н.*******ын гэрээ, 16 дугаар талд авагдсан *******ын гэрээ, 18 дугаар талд авагдсан гэрээний үүргийг шилжүүлж өгөхийг хүссэн *******ын хүсэлт, 1-4 талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, 64 дүгээр талд авагдсан хариуцагч *******ын шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэрэг нь ижил агуулгатай.

6.2. ******* гэрээний үүргийг шилжүүлж авсан үйл баримтад маргаагүй атлаа *******аас 81,493,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Үүнийг шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зэргийг зөв дүгнэсэн. Нэхэмжлэлийн шаардлагадаа 2022 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан C2-1-13-E гэж бичсэн байдаг. Гэтэл тус дугаартай гэрээг *******тай байгуулаагүй. Гэрээний дугаар нь C2-1-13-E  буюу “e” гэх үсэг нэмэгдсэн гэрээний үүргийг шаарддаг. Шүүхээс нэхэмжлэгч нь *******аас 81,493,500 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж зөв дүгнэсэн.

6.3. Гэрээний эрх үүргийг шилжүүлэхдээ *******ын эхнэр болон *******ийн данс руу 81,493,500 төгрөг шилжүүлсэн. *******ын гэрээний эрх үүргийг шилжүүлж авсантай холбогдуулан маргаж байгаа бол *******ийг иргэний хариуцагчаар татах ёстой байтал иргэний хариуцагчаар татаагүй. *******ийг иргэний хариуцагчаар татахгүй байгаа шалтгаан нь гэрээний эрх үүргийг шилжүүлж авсан гэдгээ зөвшөөрсөнтэй холбоотой.

6.4. Иргэний хуулиар гэрээний эрх үүрэг шилжиж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага тавигддаг. Ижил агуулгаар гэрээний эрх, үүрэг шилжсэн бол адил гэрээ байгуулах нөхцөл байдлыг бүрдүүлдэг. ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй нэгэн адил гэрээг нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-тай байгуулсан тул *******аас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. “*******” ХХК-иас 81,493,500 төгрөг шаардах эрх нь нээлттэй, түүнд энэ шүүхийн шийдвэр саад болохгүй. Энэ эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь судлан үндэслэл бүхий дүгнэлт гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Талууд өчигдөр уулзаад 6 сарын хугацаанд 51,000,000 төгрөг, дараагийн 6 сард 51,000,000 төгрөг төлье гэх эвлэрэх санал тавьсан.

Шүүх хохиролд 22,577,666 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ нотлох баримтад үндэслээгүй. Бид 81,493,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсэн. Манай компанитай холбогдуулан нэхэмжлэл гаргасан тохиолдолд удаашруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн 81,493,000 төгрөг, хохирол 31,232,532 төгрөг, нийт 112,817,032 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, хариуцагч ******* ХХК нь 81,493,000 төгрөгийг манай компани авсан тул буцаан төлөхөд татгалзах зүйлгүй, хохирол гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх ******* нь *******, ******* ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авахаар *******тай харилцан тохиролцож, ******* ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, эрх шилжүүлэн авсантай холбоотой төлбөрт 81,493,000 төгрөгийг *******д төлсөн, улмаар ******* ХХК-тай байгуулсан гэрээнээс талууд татгалзсан гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч *******д холбогдох 81,493,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-аас хохиролд 22,577,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

4. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай шууд холбоо бүхий гэрээнүүд нотлох баримтын шаардлага хангахгүй буюу гэрээний эхний болон сүүлийн хуудсанд нотариатчийн тэмдэг дарагдсан, голын хуудсанд нотариатчийн тэмдэг дарагдаагүй, нотариатчаар гэрчлэгдээгүй, хуудас нь дутуу, *******ын ******* ХХК-д гаргасан гэх орон сууцыг шилжүүлэх өргөдөл нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байдлаар хэрэгт авагдсан /1хх-8-12, 16-17, 18/ байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

5. Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, хуудас дутуу баримтуудыг үнэлж маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгчийн ******* ХХК-аас хохиролд 31,232,532 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу гэм хорын хохирол шаардаж байгаа эсхүл үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг шаардаж байгаа аль нь болох нь тодорхой бус байхад анхан шатны шүүх уг шаардлагын үндэслэлийг тодруулалгүй маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Хэрэв, гэм хорын хохирол шаардаж байгаа тохиолдолд хэрэг маргааныг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр шаардаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулсны дараа маргааныг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцнэ.

 

7. Дээр дурдсан зөрчлүүдтэй холбоотой ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 8. Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул нэхэмжлэгч талын нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар, маргааны үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн гэх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/05953 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УУГАНБАЯР

 

 

                                        ШҮҮГЧИД                                 С.ЭНХБАЯР

 

 

                                                                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ