Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01919

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/06071 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

*******, ******* нарт холбогдох

 

4,500,000 төгрөг гаргуулах үндсэн,

5,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь өрхийн хэрэгцээний зориулалтаар худаг гаргуулахаар *******, ******* нартай 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр уулзан 219 диаметртэй буюу өргөн трубагаар оросын УКС 22 худгийн өрмөөр нийт 9,000,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохиролцсон. Улмаар урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *******ийн ХААН банк дахь ******* тоот данснаас хариуцагч *******ын ХААН банк дахь ******* тоот дансанд худгийн урьдчилгаа гэх утгаар, мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны 2,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Хариуцагч ******* нь гэрээний хавсралтад заасан иргэний үнэмлэх, компанийн тусгай зөвшөөрөл, мэргэжлийн инженерийн үнэмлэхийг өгөөгүйн улмаас бичгээр гэрээ хийгдээгүй. Харин урьдчилгаа мөнгө авснаас хойш 7 хоногийн дараа ажилчидтайгаа ирж өрөмдсөн боловч ус гарахгүй байна гээд явсан.

1.2. Манайх Төв аймгийн сумын Засаг даргаас худаг гаргуулах албан тоот гаргуулж, шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн руу и-мэйлээр явуулсан. Хариуцагч ******* нь худгийн компанийн хайгуулын дүгнэлт, цооног өрөмдөх тусгай зөвшөөрлийн хамт хавсарган холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны дараа худгийн өрөмдлөг хийх байсан ч худаг гаргах хайгуул хийх, дүгнэлт зөвшөөрөл авалгүйгээр өрөмдлөг хийсэн.

Иймд хариуцагч ******* нь ажлаа хийгэээгүй тул худгийн урьдчилгаанд шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Би Төв аймгийн байгаль орчны мэргэжилтэн рүү тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ явуулсан. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах гэхэд өөрсдөө гэрээнд гарын үсэг зурахгүй хойшлуулсан боловч худаг гаргуулах газар дээр очиж хугацаандаа ажлаа эхлүүлсэн. Тухайн газар нь чулуутай байсан тул эхний 20 метр газар ухсаны дараа чулуу тээглэн өөр хийн даралтат өрөмдлөгөөр өрөмдөж 100 метр гүн ухсан боловч ус гараагүй. Газрыг ухаж одоогийн байгаа байдалд хүргэх хүртэл хугацаанд урьчилгаанд өгсөн төлбөрийг ашигласан. Мөн одоог хүртэл хийсэн ажил урьчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс давсан их өртөг гарсан тул мөнгө төлөх шаардлагагүй юм.

Иймд худаг ухах ажлыг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн татгалзал, тайлбарын агуулга:

*******-ийн гидрогеологич ******* нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу *******ын тогтоосон газарт өрөмдлөгийн ажил хийж, улмаар Төв аймгийн Байгаль, орчин аялал жуулчлалын газрын -ний өдрийн тоот худаг гаргах зөвшөөрөл авсан. Уг газарт нь шинжээчийн дүгнэлтийн дагуу 58 метр урт худаг ухсан байдаг.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.  Хариуцагч *******, ******* нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1. Хүрд ус ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гидрогеологийн цооног өрөмдөх гэрээнд гарын үсэг зураагүй. Манай компанийн гидрогеологич *******оор ахлуулсан баг гэрээгээр тохирсон Галзуу хар гэх газарт очиж цооног өрөмдөх ажлыг гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул том өрөм авчирч өрөмдсөн.

4.2. Бид гэрээгээр 9,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр эхний 200 мм өрөмдсөн 14 тууш метрийг 180,000 төгрөгөөр, 165 мм өрөмдсөн 44 тууш метрийг 170,000 төгрөгөөр, нийт 10,000,000 төгрөг болсон.

Иймд шинжээчийн гаргасан 10,000,000 төгрөгнөөс урьдчилгаа 4,500,000 төгрөгийг хасаж, үлдэх ажлын хөлс 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Бид анх өрхийн хэрэгцээнд худаг гаргуулахаар зарын дагуу *******той холбогдон 219 диаметрийн өргөн трубагаар тууш метрийг 180,000 төгрөгөөр худаг гаргуулахаар тохиролцсон бөгөөд худгийн хайгуул хийж усны таамаг нөөц гаргаж хайгуулын дүгнэлт гаргах, өрөмдлөг хийж, 219 диаметрийн өргөн труба суулгах, гүнээсээ хамаарч тоо ширхэг гарна, усны ган, РУС хоолой суулгах, тросс, цахилгааны утас, худгийн ус гарсны дараа худгийн насос суурилуулалт тус тус ажлын хөлсөнд багтана. Уг ажлаас 14 тууш метрийг өрөмдсөнөөс бусад ажлыг гүйцэтгээгээгүй худаг гаргаагүй тул 5,500,000 төгрөг төлөх үндэслэлгүй.

******* нь технологи алдаж хайгуулаа хийхгүйгээр өөрийн дурын газарт худаг ухсан. Худгийн өрөмдлөг хийхээс өмнө хайгуул хийж дүгнэлт гаргаж, худаг гаргуулах зөвшөөрөл авч байж худгийн цооног ухахыг Усны тухай хуульд заасан. Би шаардлагатай бичиг баримтыг Төв аймгийн Байгаль орчны газарт и-мэйлээр хүргүүлсэн. ******* нь хайгуулын дүгнэлт, худаг өрөмдөх тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үнэмлэхийг өгөөгүйгээс худаг өрөмдөх зөвшөөрөл гараагүй. ******* нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэсэн атлаа уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчээс 5,500,000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хариуцагч *******оос 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *******т холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэг ******* нь хариуцагч *******-д холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөг, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөг, *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 86,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч *******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. ******* болон *******нарын хооронд байгуулсан Төв аймгийн сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлыг гэрээний дагуу худаг гаргах үйл ажиллагаатай холбогдох маргааныг шийдвэрлүүлэхээр ******* нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгч биш этгээд нэхэмжлэл гаргасан. Мөн хариуцагч нь ******* байхад компанитай хийсэн гэрээний үүргийг ******* надаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. ******* нь н.Баясгалангийн хамаарал бүхий этгээд болохоос нэхэмжлэгч биш байдаг. н.Баясгалан нь *******-тай гэрээ байгуулан худгийн зөвшөөрөл авсан гэж мэйл хаягаар өөр газарт худаг гаргах зөвшөөрөл олгосон Засаг даргын захирамж болон усны хайгуул хийсэн гэх ын дүгнэлтийг өгсөн.

Гэтэл энэ дүгнэлтэнд заасан гүнээс ус гараагүй, чулуугүй гэсэн хэсэг нь битүү чулуу байсан тул дүгнэлт гаргуулсан нэхэмжлэгч тал хохирлоо аас нэхэмжлэх ёстой. Дүгнэлт нь үндэслэлгүй байсан бөгөөд дүгнэлт хийсэн гэх нь олдоогүй, шүүхээс гэрчээр асуух боломжгүй байсан. Иймд *******-ийг албан ёсоор төлөөлөх эрхгүй *******оос шүүх төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* шүүхийн шийдвэрт тусгагдсан тайлбартаа ... нь танай газраас ус гарна гэсэн тул түүний гаргасан дүгнэлтийг үндэслэн *******той гэрээ байгуулсан... гэж хэлсэн. Тиймээс *******-тай байгуулсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь худгийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байгуулдаг тул ******* надтай гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.

7.2. Манай компани 100 метр гүн ухсан байсан бөгөөд өвлийн цагаар газар хөлдүү үед шинжээч очиж хэмжилт хийхэд багаж нь 58 метрээс цааш яваагүй, харин тусгай өрөмтэй очвол гүнийг тогтоох боломжтой. Худаг гаргах зөвшөөрлийг гэрээнд зааснаар захиалагч тал авдаг бөгөөд энэ зөвшөөрлийг өөрсдөө санаатайгаар аваагүй, өөр зөвшөөрлөөр халхавчилж аргацаах гэсэн санаатай байсан.

7.3. Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг гүйцэд хийхгүйгээр хэргийн шийдвэрлэсэн

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 6 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Гомдолд дурдаагүй үндэслэл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхээр хангаагүй учир шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна гэж тайлбарласан. Үүнд анхан шатны шүүх хуралдааныг 3 удаа зарласан бөгөөд шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдсэн боловч оролцоогүй. Шүүх хуралдааныг 2-3 удаа хойшлуулсан бөгөөд сүүлийн шүүх хуралдаанд хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хэргийн оролцогчийн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй учраас энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

8.2. Давж заалдах гомдолд ******* болон *******гийн хооронд гэрээ байгуулагдсан, ******* нэхэмжлэл гаргах эрхгүй гэх агуулгыг дурдсан нь үндэслэлгүй. Учир нь компани энэ асуудалд оролцоогүй ба *******, түүний нөхөр ******* болон хариуцагч ******* нар уулзаад хувь хүмүүс хоорондоо худаг барих ажлын талаар ярилцсан. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тодорхой асуулт асууж ярилцаад энэ харилцаа зохигчийн хооронд үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул энэ талаар гомдол үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас харахад хариуцагчийн хүсэл зориг тодорхойгүй буюу одоогийн нөхцөл байдлыг үгүйсгэсэн шинжтэй байна. Хариуцагч тухайн сөрөг шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалздаг боловч албан ёсоор татгалзсан талаар бичиг өгөөгүй тул анхан шатны шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд ажиллагаанд идэвхигүй оролцож байсан.

8.3. Худаг ухахдаа худаг гаргах эрх бүхий субъект зөвшөөрөл авсан газар барих ёстой байхад хувь хүмүүс хоорондоо ярилцаж тохиролцсон нь Усны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ хэргийг өмнө давж заалдах шатны шүүхээс буцаахдаа энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай гэж үзсэн. Энэ үүднээс анхан шатны шүүх уг асуудлын талаар дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, ******* нь хувь хүн учраас тусгай зөвшөөрөл байхгүй, хууль зөрчсөн хэлцэл болсон гэдэг агуулгаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд өгсөн авснаа буцаах буюу 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн ******* гэх хүний дүгнэлтийг гаргаж өгөөд нэхэмжлэгч өөрөө тухайн газрыг ухуулсан тул бидэнд буруу байхгүй гэх байдлаар хариуцагч тайлбарладаг. Гэвч энэ талаар хэргийн үйл баримтын тухайд нэхэмжлэгчийн зүгээс бид танаар худаг ухуулъя, худаг ухуулахад мэргэжлийн байгууллага нь хайгуулын дүгнэлт хийгээд тухайн дүгнэлтийг бичгээр гаргаж Төв аймгийн холбогдох байгууллагад өгөөд худаг ухах юм байна гэж хариуцагчид хэлсэн. Гэтэл хариуцагч тухайн газарт худаг ухаарай гэж хэлсэн мэтээр мушгиж, мөнгө өгөхгүй байх зорилгоор ийнхүү тайлбарласан. Энэ нөхцөл байдал өөр шалтгаантай байсан талаар хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Гэрээнд зааснаар захиалагч талын зөвшөөрлөөр авах байсан, хариуцагч буруугүй, бүх баримт бичгийг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх байсан гэж тайлбарладаг боловч анхан шатны шүүх хуралдаанд болон өмнө нь энэ талаар яригдаагүй. Давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлээс харахад хариуцагч анхан шатны шүүхэд энэ татгалзлын талаар тайлбарлаагүй. Үүнээс үзэхэд хариуцагч тал хэрэг маргааныг шийдвэрлүүлэхгүйгээр удаах зорилготой байна. Давж заалдах шатны шүүхээс буцаасан үндэслэлүүдээр ажиллагаа хийгдээгүй учраас хүчингүй болгох үндэслэлтэй гэж гомдолд дурдсан. Уг хэргийг өмнө давж заалдах шатны шүүхээс буцаахдаа тодорхой хэд хэдэн зүйлийг дурдсан. Анхан шатны шүүх эдгээр ажиллагааг тодорхой хийсэн гэж үзэж байна. Нөгөө талаасаа давж заалдах шатны шүүх энэ үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч өөрийн татгалзлаа идэвхтэй нотлох ёстой. Гомдолд дурдсанаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар нэг удаа хүсэлт гаргасан гэж тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлт гаргуулахаас гадна нотлох ажиллагаа хийх бүрэн боломжтой байсан. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон атлаа энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хийсэн ажлын төлөгдөөгүй хөлс 5,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар *******ыг тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Төв аймгийн сумын Засаг даргын тоот захирамжаар *******т тус аймгийн сумын 2-р баг Галзуу хар гэх газарт 4996 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олгосон нь түүний тайлбар болон хэргийн 1 дүгээр хавтасны 241 дүгээр тал дахь иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдож байна.

 

4.2. Мөн Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн Төв аймгийн сумын 2-р баг Галзуу хар гэх газарт нэг гүний худаг гаргах зөвшөөрлийг олгожээ.

 

4.3. Нэхэмжлэгч ******* нь ХААН банк дахь өөрийн ******* тоот данснаас 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус ХААН банк дахь хариуцагч *******ын ******* тоот дансанд худгийн урьдчилгаа гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. /1-р хх-ийн 27, 91/

 

5. Нэхэмжлэгч нь ...9,000,000 төгрөгөөр худаг гаргуулахаар урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг шилжүүлсэн боловч худаг ухаж ус гарахгүй байхаар нь ажлаа орхиж явсан гэж, хариуцагч ******* нь ...газрыг 100 метр гүн ухсан боловч ус гараагүй гэж, хариуцагч ******* нь ...******* нь нэхэмжлэгчийн тогтоож өгсөн газарт усны хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн... гэж тус тус тайлбарлан маргасан.

 

5.1. Хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн бичгийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд Төв аймгийн сумын нутагт гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээнд гүйцэтгэгч тал болох *******-ийг төлөөлж ******* гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан, харин захиалагч талаас гарын үсэг зураагүй, нэр бичигдээгүй боловч энэ гэрээг нэхэмжлэгч талаас шүүхэд баримтаар гаргасан. /1-р хх-ийн 5-6/

5.2. Дээрх баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гүний худаг гаргуулахаар гэрээ байгуулсан, гэрээгээр *******ийн эзэмшлийн Төв аймгийн сумын *******гэх газарт гидрогеологийн цооног өрөмдөж, тоноглох ажлыг хийж гүйцэтгүүлэх, уг ажлын төсөвт өртөг 9,000,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөгийг шилжүүлэхээр талууд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.3. Иймд анхан шатны шүүх ******* болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, харин ******* болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар залруулж, ******* болон ******* хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэнэ.

 

5.4. Учир нь гэрээний талуудын ажлын хөлс тохиролцсон байдал, гүйцэтгэсэн ажлын байршил, хэмжээ, гэрээ байгуулсан талаарх *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр хариуцагч *******-ийг ******* төлөөлөх эрхтэй этгээд гэх ойлголтыг нэхэмжлэгчид хариуцагч нар нь төрүүлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс ******* болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээг тус компанийг төлөөлж ******* байгуулсан гэж дүгнэх нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасантай нийцнэ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч ******* болон ******* нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэхээ нотлоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл учраас *******, ******* нарын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд нэхэмжлэгч нь хэлцлийн дагуу шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

6.1. Хэрэгт авагдсан *******-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар хариуцагч компани нь гүний худаг гаргах, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг залруулж энэ гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн болно.

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр *******ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Төв аймаг, сумын ******* худаг гэх газарт ухсан худаг гаргах нүхний нийт 58 уртааш метр байна. Эхний 14 уртааш метрийг цохилтод өрөмдлөгөөр өрөмдсөн тул тууш метрийн үнэ 180,000 төгрөг, харин хийн даралтат өрөмдлөгөөр өрөмдсөн хэсгийн уртааш метрийн үнэ 170,000 төгрөг болохыг тодорхойлсон. Хариуцагчийн гэрээний дагуу хийсэн ажлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзнэ. /хх-ийн 55-67/

 

6.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарыг гүний худаг гаргах ажлыг хийж гүйцэтгэхдээ хайгуулын дүгнэлт гаргах байсан боловч хайгуулын дүгнэлт хийгээгүй өрөмдсөн гэж, харин хариуцагч ******* нь *******ийн нөхөр Баясгалан уулзахдаа хашаандаа О.Ганбаяраар хийлгэсэн геофизикийн хайгуулын дүгнэлтийг харуулсан, уг хайгуул хийсэн гэх цэгт арматурын төмрөөр гадас суулгаж тэмдэглэсэн байсан, тэр цэгт өрөмдлөг хийхэд ус гараагүй гэж зөрүүтэй тайлбар гаргаж маргасан.

 

6.4. Хэрэгт О.Ганбаярын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Төв аймгийн сум, 2 дугаар баг, ******* гэх газарт гүний өрөмдөх худгийн цэгийг тогтоож худгийн хийц загвар, индрогеологийн зүсэлтийг харуулсан зургийг зохиосон товч илтгэх хуудас гэх баримт авагдсан. /хх-ийн 122-125/

 

6.5. Хэргийн баримтаас үзвэл, талууд гэрээгээр гүний худгийн цооног өрөмдөхөд хайгуулын ажлын дүгнэлтийг хариуцагч хийхээр тохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн хийлгэсэн гүний худгийн хайгуулын дүгнэлтээр тогтоосон цэгт хариуцагч цооног өрөмдсөн боловч ус гаргаагүйд түүнийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсныг зөвтгөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

6.6. Төв аймаг, сум, 2 дугаар баг, ******* гэх газарт байрлах, 4996 м.кв талбайтай газрын эзэмшигчээр ******* бүртгэгдсэн байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх-ийн 241/

 

7.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...манай компани гидрогеологийн цооног өрөмдөх ажлын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зураагүй, улмаар манай компанийн гидрогеологич *******оор ахлуулсан баг гэрээгээр тохирсон газарт очиж цооног өрөмдөх ажлыг эхлүүлэн ажлаа хийж гүйцэтгэх явцад ус гарахгүй, том чулуу таарсан тул ажлын явцыг өөрсдийн байж болох бүхий л нөөц бололцоог гаргаж том өрөмөөр цооногийг өрөмдсөн. Уг хийсэн ажлыг үнэлж шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр цооногийг нийт 58 метр гүн ухсан гэж тодорхойлсон. Энэ тооцооллоор бодоход хариуцагчаас 10,000,000 төгрөгийн ажил хийсэн тул зөрүү 5,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй... гэжээ.

 

7.2. Анхан шатны шүүх ...шинжээчийн дүгнэлтээр худаг гаргах өрөмдлөгийн ажил хийгдэж, худгийн нүхийг уртааш 58 метр ухсан болох нь тогтоогдсон ч тус худгийн ажлыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой эсэх, тухайн газарт худаг гаргах тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй. Гэхдээ анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс залруулж ******* болон ******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй учир ******* нь хариуцагч биш гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******т холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/06071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******оос 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******ээс 5,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ