Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/181

 

 

   2019              06              19                                                     2019/ШЦТ/181                                                             

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-т холбогдох 1934004210237 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А.О, Монгол улсын иргэн, 1956 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Төв аймаг Сэргэлэн суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо Замчин а-1-7 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч А.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ерөө тур” амралтын газарт хохирогч В.Пүрэвийн толгойн тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төв аймгийн Прокурорын газраас А.О-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01 тал/, хохирогч В.Пүрэвээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18 тал/, гэрч Н.Алтанзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19-20 тал/, гэрч Ц.Оюунчимэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21-22 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №374 дугаар дүгнэлт /хх-24-25 тал/, А.О-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай А.О-ын гаргасан хүсэлт /хх-39 тал/, шүүгдэгч А.О-ын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг болно.

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.О-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Шүүгдэгч А.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ерөө тур” амралтын газарт хохирогч В.Пүрэвийн толгойн тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч А.Пүрэвийн гэрчээр өгсөн “...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөө тур гэх газар 7 хоногийн хугацаатай амарсан. Улаанбаатар хотоос О бид хоёр хамт яваад нэг өрөөнд орсон. 5 сарын 25-ны орой нэг амрагчийн төрсөн өдөр болсон. Тэнд О бид хоёр уригдаж орсон. Тэнд 5 хүн байсан. 2 шил цагаан архи 1 шил жимсний архи уугаад өрөөндөө орсон. О бид хоёр орондоо ороод хоорондоо маргалдаад босоод барилцаад авсан. Бид хоёр бие биенээ нэг нэг удаа цохисон чинь О миний толгой руу шилэн аягаар цохиод цус гаргасан. Тэрнээс болоод цагдаа дуудсан.  ...миний толгойд шилэн аягаар цохиод толгой хагарсан. Тийм гэмтэл авахаар хагараагүй” гэх мэдүүлэг /хх-03 тал/,

Гэрч Н.Алтанзулын: “...Манайд О, Пүрэв гэдэг хоёр настай хүн амарсан. Тэр орой шөнө 1 цаг өнгөрч байхад хүмүүс орилоод байхаар нь хоёр байрны 8 тоотод орсон чинь Пүрэв гэдэг хүн толгойноос нь цус гарсан нүцгэн байсан. О гэдэг хүн нь хажуу талын орон дээр сууж байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Гэрч Ц.Оюунчимэгийн: “ ... 05 дугаар сарын 26-ны орой 02 цагийн үед Ерөө тур амралтанд зодолдсон гэсэн дуудлаганд цагдаа Цогтоогийн хамт очсон. Ерөө тур амралтанд очиход 8 тоот өрөөнд Пүрэв гэдэг хүн толгойноос нь их хэмжээний цус гарсан бие, ор дэр, нил цус болсон байсан. Тэнд Пүрэвийн толгойны орой урд хэсгээр хөндлөн хагарсан байхад нь 4 оёдол тавиад Эрдэнэ сум руу эмнэлэг авч явсан” гэх мэдүүлэг /хх-21 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №374 дугаар дүгнэлтэд 1.В.Пүрэвийн биед толгойд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.6. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-25 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.О-ын В.Пүрэвийн толгойн тус газар гараараа шилэн аягаар цохиж улмаар эрүүл мэндэд нь толгойд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч А.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан 460000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

            Шүүгдэгч  А.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.О-т сануулав.

 

           Шүүгдэгч А.О-т холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б. овогт А.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ыг 460/дөрвөн зуун жаран мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460000 /дөрвөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.О-т оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд, хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.О нь урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ