Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/179

 

2019              06                18                                                2019/ШЦТ/179                                                             

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч Б.Энхболд,

хохирогч Б.Баярзул,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч Ч.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-д холбогдох 1934002620199 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ч. Ч, Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, архивч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 14-137 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ч.Ч нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигтийн 1-6 тоотод 2019 оны 03 дугаар сарын 31-ний шөнө иргэн Б.Баярзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “  Угаасаа анхнаасаа би манай нөхөр Эрдэнэсайхан, Баярзул хоёрыг явдаг гэдгийг мэдэж байсан. Өмнөх өдөр нь би такситай Жаргалант сум орсон. Машин нь гэрийнх нь гадаа байж байгаад үүрийн 5 цаг болж байхад гэрээс нь гараад явж байсан. Би за яршиг гэж бодоод байсан. Зургийг аваад буцаад яваад өгсөн. Маргааш нь тэмцээнд орчихоод шөнө Баярзулынд очсон. Гэр лүү нь ороод арай үгүй байлгүй дээ гээд зургийг нь үзүүлсэн. Танай нөхөр манайд машинаа тавьсан гэж хэлсэн. Утсыг нь үзэхэд намайг очихоос 10 минутын өмнө дугаар луу нь залгаад  6, 7 минут ярьсан байсан. Тэгээд ийм зүйл болсон. Цохиж зодсон нь миний буруу. Тэр явдлаас болоод хоёр хүүхэд маань аавгүй. Би нөхөргүй болсон” гэв.

Хохирогч Б.Баярзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ .. Шөнө унтаж байхад хаалга нүдээд Ч ороод ирсэн. Өмнөх өдөр нь такси бариад ирсэн гэдэг нь худлаа найзуудтайгаа архи уугаад манайд согтуу ирсэн. Найзууд нь зургийг нь авч явуулсан. Бид хэд гэр бүлийн найзууд байсан. Тэгээд наагуур цаагуур цуг явахаар хүмүүс явлаа барилаа гэж ойлгосон байх. Би учрыг нь ойлгооч ээ гэж хэлэхийн зуургүй толгой тархи руу цохиод хутга шөвөг гаргаж ирсэн. Би гадаа гарч зугтаасан. Хүүхэд үсдэж аваагүй гэж байна. Хүүхдийг маань үсдэж авсан. Үнэнгээ хэл хэлэхгүй бол газар савж ална. Хүзүүг мушгина базна гэж хэлсэн. Цагдаа орж ирж байж хүүхдээ салгаж авсан. Өөр хүний нэр барьж орж ирсэн” гэв.

 

            Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/, хохирогч Б.Баярзулын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-06 тал/, хохирогч Б.Баярзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-08-09 тал/, гэрч Э.Эрдэнэсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10 тал/, Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №215 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-15-16 тал/, “эй жэй жэй эм” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-20-25 тал/, Ч.Чгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-42 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-46  тал/, /, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-47 тал/, хохирлын баримтууд /хх-48-49 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-50-53 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-54 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн тогтоол /хх-55 тал/, шүүгдэгч Ч.Чгийн хувийн байдлыг тогтоосон зэрэг баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.Ч нь Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигтийн 1-6 тоотод 2019 ны 03 дугаар сарын 31-ний шөнө иргэн Б.Баярзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Баярзулын: “ ... 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн орой шөнийн 1 цагийн орчимд би гэртээ өөрийн бага насны хүүхэдтэйгээ унтаж байх үед хаалга хүн нүдээд байхаар нь тайлж өгсөн чинь Ч байсан Ч манай гэрт орж ирээд нөхөртэйгээ хардаад ямар нэгэн тайлбар байхгүй миний үснээс зулгаагаад миний нүүр толгой руу олон удаа гараараа цохиод манай гэрт байсан хутгыг аваад тэр хутгаа далайгаад миний зүүн хөлний гуяны ар хэсэг рүү нэг удаа хатгаад миний хөл гэдэс рүү хэд хэд хөлөөрөө өшиглөөд миний гар утсыг булааж аваад тэр утсаараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиж зодоод хутга багадаад байна уу гээд гэрт байсан заазуурыг аваад заазуурны араар миний толгой руу цохисон. Тэгээд нөхөртэйгээ утсаар яриад тэгээд би гэрээсээ гараад зугатаасан. Ч араас гарч ирээд гадаа газар шороон дээр миний дээр гарч суучихаад миний толгойгоор газар хавсаргаж цохьсон нөхөр нь манай гэрт ирсэн тэгээд нөхөр нь салгасан. Ч гэрийнх нь бүх эд зүйлийг нь эвдэнэ машины шилийг хагална гээд цохисон боловч машины шил хагараагүй гэрийн гал тогооны тумбочкны шилийг гарын тохойгоор цохиж хагалсан тэгээд Ч миний тухайн үедээ 1 нас 9 сартай Хүслэн гэх охиныг өвөр дээрээ авч суугаад үснээс нь татаад энийг чинь би алчихна шүү, газар савчихна шүү гэж айлгасан. Чгийн нөхөр цагдаа дуудсан тэгээд цагдаа ирээд Чг авч явсан” гэх мэдүүлэг /хх-09 тал/,

Гэрч Э.Эрдэнэсайханы: “Би 2019 оны 03 дугаар сарын 30-ны орой гэртээ унтаж байсан тэгсэн шөнө 1 цагийн үед манай эхнэр Баярзулын утаснаас залгаад цаана нь эхнэрээ аваач гээд Баярзул орилоод байсан. Тэгээд би машинтайгаа Талбулаг дээр Баярзулын гэрт очиход хашаанд нь гэрийн үүдэнд Баярзулын дээр манай эхнэр дарсан байсан. Тэгээд би эхнэрээ татаад бариад зогсож байсан тэгээд манай эхнэр надаас салаад дахин Баярзул дээр очоод хэрүүл хийсэн тэгээд байж байтал цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №215 дугаартай шинжээчийн “Б.Баярзулын биед тархи доргилт, зүүн гуяанд шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт хх-15-16 тал/, шүүгдэгчийн мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

 Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг 3 дугаар багийн Хөшигтийн 1-6 тоотод 2019 ны 03 дугаар сарын 31-ний шөнө Ч.Ч нь иргэн Б.Баярзулыг зодож биед тархи доргилт, зүүн гуяанд шарх, хоёр нүдний зовхи, зүүн мөр, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун зүүн гуя, баруун зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг

Шүүгдэгч Ч.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Ч.Чгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Баярзул нь 375000 төгрөг нэхэмжилсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч нь шүүхийн шатанд хохирогчид 82000 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан 247000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул нотлох баримтын шаардлага хангасан 247000 төгрөгөөс шүүгдэгчийн төлж барагдуулсан 82000 төгрөгийг хасаж шүүгдэгч Ч.Чгоос 165000 төгрөг гаргуулан хохирогч Б.Баярзулд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

             Харин хохирогч нь толгойн томографикийн зураг 100000 төгрөгөөр авахуулсан гэх боловч хэрэгт тэр талаарх баримт авагдаагүй байх тул хохирогч Б.Баярзулын уг 100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 28000 төгрөгийг ямар зориулалтаар зарцуулсан нь тодорхойгүй байх тул 28000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Ч.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-г  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан хугацаанд төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч-гоос 165000 төгрөг гаргуулан хохирогч Б.Баярзулд олгож, 28000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Баярзул нь 100000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ