Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/01955

 

 ******* ХХК, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, О.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06891 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч О.Одгэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 02850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 00473 дугаар тогтоолын дагуу *******т гүйцэтгэгдэж байгаа төлбөр төлөгч ******* ХХК, *******, ******* ХХК нарт холбогдох 6,116,111,369.16 төгрөг гаргуулж төлбөр авагч ******* ХХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж, ******* дүгээр байр, ******* дүгээр давхар болон ******* дүгээр давхарт байршилтай үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа гүйцэтгэгдэж байгаа болно.

1.2.Улмаар барьцаа хөрөнгийг ******* ХХК-аар үнэлүүлсэн байх бөгөөд нийт 14,174,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулж, мэдэгдсэн. ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.3.*******аас шинжээчийг томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргуулсан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх журмыг зохицуулсан байх бөгөөд энэхүү журмыг баримтлалгүй дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж гаргасан дүгнэлт болсон байна. Мөн шинжээч томилох тухай тогтоолыг төлбөр төлөгчид танилцуулаагүй, шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т зааснаар шинжээч нь урьд нь шинжээчээр оролцож байсан ч татгалзаагүй. Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйл заасан журмыг огт баримтлаагүй дүгнэлт гаргасан байна.

1.4.Дээрх үл хөдлөх хөрөнгө нь бизнесийн хамгийн ашигтай байршилтай, орон сууцнуудын төвд байрладаг, үйлчилгээ, оффисын зориулалттай, ******* давхар барилгын ******* дүгээр давхар буюу хамгийн гол давхарт байрладаг, ойр орчимд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төв, барилга байхгүй болон улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан зэрэг давуу талуудтай байтал эдгээр нөхцөл байдлуудыг хөрөнгийг үнэлэхдээ тооцож үзээгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зориулалтаар үнэлэгдэж байгаа нь хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилготой бөгөөд үнэлгээг бодитоор тогтоох нь өмчлөгчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Шинжээч 1 м.кв-ийн үнэлгээг 12,593,497 гэж тооцон үнэлсэн нь жишиг хөрөнгүүдтэй харьцуулсан харьцуулалт үндэслэл муутай болсон байна. Үнэлж байгаа үл хөдлөх хөрөнгийг шинэ хөрөнгө байтал 2015, 2017 оны хөрөнгүүдтэй харьцуулан үнэлсэн нь буруу болсон.

1.5.Хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргахдаа ******* дугаартай, 1284.59 мкв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ 1125.49 мкв талбайтай гэж талбайн хувийг багасгаж үнэлсэн байна. Тухайн үйлчилгээ оффисын зориулалттай талбайд нийтдээ 17 аж ахуйн нэгж байгаа бөгөөд 12 аж ахуйн нэгжийн төлбөрийг бүрэн барагдуулсан. Одоогоор 5 аж ахуйн нэгжийн талбай үлдсэн байгаа. 12 аж ахуйн нэгжийн талбай нийт 372.6 мкв талбай бүрэн чөлөөлөгдсөн. Тухайн үл хөдлөх хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй байх үед банкнаас зээл авсан. Одоо ашиглалтад орсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ 70 хувийн гүйцэтгэлээр байгаа. Үлдсэн хувь нь ******* ХХК-ийн барьцаанд байгаа учраас улсын бүртгэлийн гэрчилгээ 100 хувийн гүйцэтгэлтэй гараагүй. 12 газар төлбөрөө төлсөн учраас чөлөөлөгдөөд улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Үлдсэн 5 газар болох 110, 111, 112, 114, 116 төлбөрөө төлөөгүй байгаа.

1.6.Гэрчээс үл хөдлөх хөрөнгийн м.кв-ийн зөрүүтэй асуудал хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөх эсэх талаар асуухад үл хөдлөх хөрөнгийн м.кв үнэлгээнд нөлөөлнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэрчийн мэдүүлснээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй уулзаж ярилцсан талаар хэлж байгаа боловч уулзаж хөрөнгийн талаар ярилцаагүй. Нэхэмжлэгч талаас 159.1 мкв талбай хасаж үнэлэх талаар хүссэн байдлаар тайлбарлаж байгаа нь буруу, тийм зүйл болоогүй. Хөрөнгийн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрчилгээг хавсаргаагүй. Мөн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээний зөрүүтэй байдлын талаар учир шалтгааныг тодруулж асуугаагүй бөгөөд нотлоогүй. Үүнтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Үнэлгээний тайлангийн дүгнэлт санал зөвлөмж хэсгийн 7.2-д үнэлгээ хийх явцад хөрөнгийн өмчлөгчийн талаарх хянан үзэх хэсэг дээр ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнтэй холбоотой баримт байхгүй.

Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1....Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ******* дугаар тогтоолоор үүсгэн, төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгөхөд төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд төлбөр төлөгч "*******" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хүннү гудамжны ******* байрны ******* дүгээр давхарт байрлах 1125.49 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолоор хураасан.

2.2.Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/260 дугаар тогтоолоор шинжээч томилж 14,174,000,000 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус газарт ирүүлсэн.

2.3.Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4-186/20921, 4-186/20922 тоот албан бичгээр мэдэгдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 9,921,800,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаа 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагчид 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан тоотоор мэдэгдсэн.

2.4.1284.59 мкв хэмжээтэй талбайгаас 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу 159.1 мкв талбайг чөлөөлсөн учраас үлдсэн 1125.49 м.кв талбайд үнэлгээг хийсэн. Хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн байдлаар гарсан гэж үзэж байна. 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

3.1үүхийн шийдвэрээр ******* ХХК, ******* ХХК, ******* нарт холбогдох хэрэгт хариуцагч нараас 6,116,111,369 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, хүннү гудамж, /*******/, *******, ******* дүгээр давхарт байрлах 1284.59 мкв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, мөн тус хаягт 14 давхарт байрлах 1259.56 м.кв талбайтай үйлчилгээ оффисын зориулалттай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн.

3.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилж хурааж, тухайн хөрөнгийг 14,174,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон бусад холбогдох хуулиудад зааснаар ажиллагаа явагдсан гэж үзэж байна. ******* ХХК-иас 1284.59 мкв 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. ******* ХХК, ******* нарын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон үнэлгээ зэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 1125.49 м.кв болох талаар тусгагдсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /*******/, ******* байрны ******* дүгээр давхарт байрлах үйлчилгээ, офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Ш-9/3 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 сарын 22-ны өдрийн 101/ШЗ2024/26413 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүх "...Төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн биелүүлэх явцад үл хөдлөх эд хөрөнгийн онцлогт тохируулан хэсэгчлэн чөлөөлөх ажиллагаа хийсэн нь төлбөр төлөгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрх ашигт нийцсэн ажиллагаа ба ийнхүү өөр этгээдийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг нийт үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс хасаж бодит байдалд байгаа хэмжээгээр үнэлүүлэхээр шинжээч томилсон тогтоол болон бусад баримт бичигт тусгаж ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэлгүй байна..." гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 1,284.59 м.кв болохоос үнэлгээ хийгдсэн 1,125.49 м.кв биш юм. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тухайн талбайн хэмжээ дахин багассан байгаа талаар гуравдагч этгээд, нэхэмжлэгч нараас тайлбар гаргадаг бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх үед багассан талбайн хэмжээнд маргаагүй. Шинжээч хөрөнгийн үнэлгээ гаргаж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн дугаар бүхий хөрөнгийг үнэлж байгаа тул яг тэр бүртгэгдсэн мэдээллээр хөрөнгийг үнэлж үнэлгээ гаргах ёстой болохоос бүртгэгдээгүй мэдээллээр хөрөнгийг үнэлсэн нь буруу төдийгүй анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

5.2.Мөн шинжээчээс талбайг газар дээр нь хэмжээгүй, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийг аваагүй, хөрөнгийн шинж байдлыг нарийн тогтоолгүйгээр таамаглалд үндэслэн дүгнэлт гаргасан нь холбогдох хууль тогтоомжид заасныг ноцтой зөрчиж дүгнэлт гаргасан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг болон бусад бүхий л баримтаар нотлогдон тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалсан. Шүүх хуралдаанд ******* ХХК-ийн үнэлгээчинг оролцуулж үнэлгээ хийсэн талаар нь сонссон. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

7.Нэхэмжлэгч нарын болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах гомдолд тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК, ******* нар нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хэт бага болохыг баримтаар нотлоогүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. Гуравдагч этгээд болох төлбөр авагч ******* ХХК-ийн зүгээс хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/02850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2127 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 001/ХТ2022/00473 дугаар тогтоолоор: ******* ХХК-иас 6,116,111,369.16 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа болох *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /*******/ гудамж, ******* байрны ******* дүгээр давхарт байрлах, 1,284.59 м.кв талбайтай, үйлчилгээ оффиссын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /*******/ гудамж, ******* байрны ******* дүгээр давхарт байрлах, 1,259.56 м.кв талбайтай, үйлчилгээ офиссын зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэсэн байна. /1хх 75-100/

3.2.Дээрх шийдвэрийг албадан биелүүлэхээр хариуцагч байгууллага 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, барьцаа хөрөнгийн нэг болох маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, Хүннү гудамж /*******/, ******* байрны ******* дүгээр давхарт байрлах, 1,284.59 м.кв талбайтай, үйлчилгээ офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* тогтоолоор хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн, тухайн ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасантай нийцжээ. /1хх 101-108, 119-122/

3.3.Төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаа явуулах үеийн үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан, үнийн талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 9/260 дугаартай тогтоолоор шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д нийцжээ. /1хх 123-129/

3.4.Томилогдсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нэг мкв талбайн нэгж үнийг 12,593,497 төгрөгөөр, нийт 14,174,000,000 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээний тайланг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4-186/20921, 4-186/20922 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлджээ. Эдгээр ажиллагаанууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3-т заасныг зөрчөөгүй байна. /1хх 132-169/

4.Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу явагдсан, хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

5.Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланд шинжээч нь үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалтай 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр биет үзлэг хийж танилцсан талаар тусгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг тайланд хавсаргаснаас гадна шинжээч томилсон тогтоолд 1125,49 мкв талбайд үнэлгээ хийх талаар тусгасан байна. Мөн тайланд хөрөнгийн зориулалт, ашиглалтад орсон хугацаа, байршил, засвар, дэд бүтэц зэргийг үндэслэн зах зээл дээр худалдан борлуулахаар санал болгосон үл хөдлөх эд хөрөнгүүдийг жишиг хөрөнгөөр сонгож, хөрөнгүүдийн ижил болон ялгаатай байдалд зохих тохируулгыг хийж, зах зээлийн хандлагын аргад ач холбогдол өгч үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос шинжээч хөрөнгийг хэмжээгүй, бүртгэлийн мэдээллийг аваагүй, хөрөнгийн шинж байдлыг нарийн тогтоолгүй таамаглалд үндэслэсэн гэх хэсгийг хангахгүй.

6.Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 1,284.59 м.кв гэж тусгагдсан, хариуцагч байгууллага энэ хэмжээгээр хөрөнгийг анх битүүмжлэх ажиллагааг гүйцэтгэснээс хойш хугацаанд төлбөр төлөгч, өмчлөгч нараас төлбөр авагчтай харилцан тохиролцсон, төлбөр төлөгдсөн хэмжээгээр тухайн хөрөнгөнөөс 159.1 м.кв талбайг хэсэгчлэн чөлөөлүүлэх тухай хүсэлтийг 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч байгууллагад гаргажээ. Улмаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тухайн хэмжээгээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх тул хариуцагч байгууллагаас хэсэгчлэн чөлөөлөхөөр тохиролцсон дээрх хэмжээг нийт талбайн хэмжээнээс хасч тооцон үлдэх 1125.49 м.кв талбайд хураах, үнэлгээ тогтоох зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн нь үндэслэлтэй, дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна. /1хх 56, 111,112/

7.Шинжээч үнэлгээг тогтоосноос хойш хугацаанд төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар тохиролцож дээрх ******* дугаарт бүртгэлтэй 1,284.59 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс тодорхой хэсгийг дахин нэмж чөлөөлсөн явдал ******* ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Шинжээч үнэлгээний тайландаа тухайн хөрөнгийн нэгж талбайн үнийг тодорхой тусгасан байх тул нэмж чөлөөлсөн талбайн хэсгийг хасах замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх боломжтой тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/06891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

О.ОДГЭРЭЛ